| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0279/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/284 |
| Огноо | 2021-10-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/284
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д....Г
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ...Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д....Гээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ...Г-т холбогдох эрүүгийн 2121000000321 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ...ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Дорнод аймгийн ...оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ...Г/РД: .../
Шүүгдэгч ...Г нь 2020 оны 07 дугаар сарын 04-нөөс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг тоотод оршин суух төрсөн ээж ...Б-ийн Хаан банкны ... данснаас интернэт банк ашиглан хууль бусаар нэвтэрч, уг данснаас 13 удаагийн гүйлгээгээр нийт 1.719.500 /нэг сая долоон зуун арван есөн мянга таван зуун/ төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ...Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би ээж болон дүү нарынхаа хамтран эзэмшдэг Хаан банкны данснаас мөнгө авч өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн нь үнэн....гэв.
Хохирогч ...Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай охин ...А хүүхдийн мөнгө авдаг юм. Ингээд хий дэмий мөнгийг нь байлгаад яах юм гэж бодоод хүүхдийн мөнгийг нь нэг жилийн хугацаатай 13 хувийн хүүтэй хадгаламж 2020 оны 06 сарын 01-ний өдөр нээхээр болж өөрийн том охин ...Г-ийн хамт Хаан банкинд очиж данс нээлгэхээр болсон. Би ямар данс нээсэн талаар сайн мэдэхгүй байна, би ойлгохдоо 13 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай данс нээлгэхээр болсон. Ингээд манай охин ...Г ээжээ, дүүгийн хүүхдийн мөнгө хэрхэн яаж орж байгаа талаар хянаж байхад хялбар гээд интернет банк нээж өгье гээд интернет банк нээх хэрэгтэй гэж хэлсэн учир надад тухайн үед нээж өгсөн. Би үүнийг нь яаж ашигладаг талаар мэдэхгүй учир нээж өгсөн цагаас нь хойш нэг ч удаа ороогүй. ...миний бага охин ...А бид хоёрын хамтран эзэмшдэг данс бөгөөд энэ дансны эд хөрөнгөнөөс манай том охин ...Г нь хамтран эзэмших захиран зарцуулах эрх гэж байхгүй. Миний данснаас нийт 1.719.600 төгрөгийг ... гэх дансаар авсан байсан...” гэжээ. /хх-ийн 12 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/
- ...Г-ийн .... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7-9, 32-73 тал/
- ...Г-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17, 25-26/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ...Г нь 2020 оны 07 дугаар сарын 04-нөөс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ...тоотод оршин суух төрсөн ээж ...Б-ийн Хаан банкны ... данснаас интернэт банк ашиглан хууль бусаар нэвтэрч, уг данснаас 13 удаагийн гүйлгээгээр нийт 1.719.500 /нэг сая долоон зуун арван есөн мянга таван зуун/ төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч ...Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ХААН банкны Депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ...Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д....Гээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ...Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч ...Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ...Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч ...Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ...Г-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч ...Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ...Б-ийн өмчлөх эрхэд 1719.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1719.500 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1719.500 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Г-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт...Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ...Г-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1719.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Г-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ