Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 40

 

 

 

 

Э.Ламжавт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дуламжав, шүүгдэгч Э.Ламжав түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал,  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолтой Э.Ламжавт холбогдох эрүүгийн 1736000000058 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1999 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Хэт тамгат овогт Энхтайваны Ламжав нь  Ховд аймгийн Жаргалант сумын наран багийн нутаг дэвсгэрт байрлах  Буянтын боргио нийтийн байрны 04 тоот буюу хүн байнга амьдрах орон байран 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэвтэрч иргэн Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн зөөврийн компьютер, хэтэвч 80000 төгрөг зэргийг хулгайлж 218000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Хэт тамгат овогт Энхтайваны Ламжавыг хүн байнга амьдрах орон.байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зуйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хэт тамгат овогт Энхтайваны Ламжавыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ламжавт оногдуулсан 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ламжавын 10 эр хонь, 5 эм хонь битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/61 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ламжавт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

                Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Э.Ламжав нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт байрлах Буянтын боргио нийтийн байрны 04 тоотын буюу хүн байнга амьдрах орон байранд 2018 оны 04 сарын 10-ны өдөр нэвтэрч иргэн Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн зөөврийн компьютер 80 000 төгрөг зэргийг хулгайлж 218 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогдсон. Эд зүйл үнэлсэн тухай тайлан зөөврийн компьютөр 120 000 төгрөг, мөнгөний хэтэвч 18 000 төгрөг /хэтэвчинд 80 000/ нийт 218 000 /хоёр зуун арван найман мянган/ төгрөгийн хохирол учруулсан. Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй хохирол хор уршиг учирсан байна. Мөн Хөгжил Политехник коллежийн 2-р курсэд суралцах, оюутан, урьд өмнө гэмт хэрэгт болон захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Шүүгдэгч Э.Ламжав нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад бага хэмжээний хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялыг 2 дахин багасгаж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийн 2018 оны 07 сарын 05 ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн дагуу Э.Ламжавыг нийгэмд нь засарч хүмүүжүүлэх арга хэмжээ авч ял эдлүүлэхгүйгээр ашигтай байдлаар хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт 18 насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан, үндэслэл журмаар ял оногдуулж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэсэн заалт нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал хохирол нөхөн төлөгдсөн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ  мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр   хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

             Ховд аймгийн прокуророос шүүгдэгч    Э.Ламжавыг Жаргалагт сумын Наран багийн нутагт байрлах Буянтын боргиогийн нийтийн байрны 04 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд 2018 оны 04 дүгээр сарын 1-ны өдөр нэвтэрч иргэн Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн зөөврийн компьютер, хэтэвч, 80.000 төгрөг зэргийг хулгайлж 218.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг   үйлдсэнд   холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ламжавд холбогдох хэргийг хянан хэлэлцээд,  Э.Ламжавыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Ламжавыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Э.Ламжавын 10 эр хонь, 5 эм хонь битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/61 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож,түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Ламжав нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах Буянтын боргио нийтийн байрны 04 тоот байрны цонхоор нэвтрэн орж, Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн зөөврийн компьютер, хэтэвч зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ”... нөхөр бид хоёр 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цаг 10 минутын орчимд гэрээсээ гараад зах орчихоод буцаж гэртээ ирэхэд цонх бага зэрэг онгорхой, цонх дарж тавьсан жижиг бор хайрцаг хажуу тал руу болсон, цонхны тавцан дээр ширээн дээр байсан цүнхний цахилгаан онгорхой, хажууд нь байсан жижиг зөөврийн компьютер, түүний цэнэглэгч, цонхны тавцан дээр, саарал цүнхэн дотор байсан хэтэвч алга байсан, Хэтэвчин дотор миний цахим үнэмлэх, виза карт, 80.00 төгрөг зэрэг эд зүйлс байсан... хэргийн материалтай танилцлаа санал хүсэлт алга, надад учирсан хохирол барагдуулсан... ”/хх-ийн 23, 74 дүгээр тал /,

            Гэрч Ц.Бямбабаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... эхнэр бид хоёр 20 цагийн орчим гэрээс гараад зах дээр очиж биллъярдаа хаачихаад 21 цагийн орчим гэртээ  ирэхэд манай эхнэрийн цүнхний цахилгаан нээлттэй байсан.Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд явсны дараа зөөврийн компьютер залгууртайгаа алга болсныг мэдээд араас нь утсаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн  10-11 дүгээр тал/

            Гэрч Д.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би 1 тоотод орох гэтэл коридорт Э.Ламжав зогсож байсан.Тэр 2 тоотод байх Энх-Амгалангаас уучлалт гуйхаар ирсэн чинь хаалгаа тайлахгүй байна гэсэн. Тухайн үед 4 тоот өрөөнд хүн байгаагүй бусад өрөө нь хүнтэй байсан.Удалгүй 4 тоотын залуу ирээд манайд хулгай ороод зөөврийн компьютер, хэтэвч авсан байна гэхээр нь Э.Ламжав коридорт зогсож байсан, өөр гадны хүн байгаагүй гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

            Гэрч Т.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн орчим гэртээ унтаж байсан. Э.Ламжав ирээд хаалга цохихоор нь тайлаагүй, согтуу болохоор нь ядаргаатай санагдаад цонхоороо гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

            Гэрч П.Элбэгдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...дуудлагаар нийтийн байранд очоод зөөврийн компьютер, хэтэвч алга болсон гэхээр нь тэр орчимд биечилсэн сурвалжлага явуулаад тухайн өдөр явж байсан, байнга ирдэг гэх залууг сэжиглэж түүний гэрт очиход гэртээ байсан ба дуудаж гаргаж ирээд зөөврийн компьютер авсан эсэхийг асуухад “үгүй тийшээ очоогүй” гэсэн. Тэгэхээр нь тэр залууг машиндаа аваад явж байтал тэр залуу “ ах аа та хоёр намайг битгий цагдаа руу авч яваач, би тэр юмыг нь авчихсан юм. Нөөтбүүк нь манай гэрт байгаа гэхээр нь дагуулаад очиход гэр лүүгээ ороод зөөврийн компьютер, хэтэвч хоёрыг аваад гараад ирсэн. Тэр залуу өөрийгөө Ламжав гэдэг, 80 айлд байр түрээсэлж суудаг гэж хэлсэн гэх мэдүүлэг / хх-ийн 30 дугаар тал/

            Хэрэгт авагдсан  хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4,5,16,37-39 дүгээр тал/, илтгэх хуудас /хх-ийн 9 дүгээр тал/ эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14.15 дугаар тал/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

            Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч  Э.Ламжавын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.  Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад бага хэмжээний хохирол учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар  ял шийтгэл оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн дагуу Э.Ламжавыг нийгэмд нь засарч хүмүүжүүлэх арга хэмжээ авч ял эдлүүлэхгүйгээр ашигтай байдлаар шийдвэрлэж өгөх”-ийг хүсчээ.

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Шүүгдэгч Э.Ламжавд холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан “Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Хүнд” гэснийг “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 5 жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон” гэж, 8.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн “хөнгөн” гэснийг “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагүй” гэж, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хөнгөн” гэснийг “Энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй” гэж Эрүүгийн хуульд тус тус өөрчлөлт  оруулж, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэжээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Ламжавт ял оногдуулахыг тэнсэж, нэг  жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй  суллаж,  шийтгэх тогтоолд   өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Э.Ламжав нь 48 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хэт тамгат овогт Энхтайваны Ламжавыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  шүүгдэгч шүүгдэгч Э.Ламжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг  оногдуулахгүйгээр тэнсэж, нэг  жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын 3,6 дахь заалтыг хүчингүй болгож,  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч Э.Ламжав нь энэ хэргийн улмаас 48 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,  түүнд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Э.Ламжавыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар  давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ДАМБА

 

                                      ШҮҮГЧИД                                      М.НЯМБАЯР

          

                                                                                            Н.ТУЯА