Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг

Улсын яллагч П.Бямбасүрэн

Шүүгдэгч У.Билгүүн, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /үнэмлэх 0-407/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Тайжууд овогт Уугандарханы Билгүүнд холбогдох эрүүгийн 201625020593 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад яллагдагчийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежмент мэргэжилтэй, хувиараа машины худалдаа эрхэлдэг ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт /Иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ-ийн гудамж 2, 48-46 тоотод оршин суудаг гэх/ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 19 дүгээр гудамжны 203 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй /хх 62/, Үүнд:

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /хх 65-67/

 

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /хх 68-69/, Тайжууд овогт Уугандарханы Билгүүн, РД:УИ90121758,

           

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд

бичсэнээр/                                                   

Шүүгдэгч У.Билгүүний нохой Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 49-р гудамжинд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Мөнхсүрэнг хазаж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Л.Баярмааг хазаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Билгүүн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

Шүүгдэгч У.Билгүүн нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 18-ны өглөө нохойдоо хоол өгчихөөд сул тавьчихаад гараад зогсож байтал хашааны үүд рүү явсан. Нохойныхоо араас гартал нэг эгч газар уначихсан нохойгоо аваарай гээд орилсон. Тэгээд би хоёр нохойгоо оруулчихаад нөгөө эгч дээр очоод яасан таныг хазчихсан уу гээд куртикийг нь тайлаад үзэхэд гарнаас нь цус гарч байсан. Би тэр эгчийг гэртээ дагуулж ороод гарыг нь бинтээр ороогоод хүнсний скочоор гарыг нь ороож хүзүүнээс нь сойж өгсөн. Тэгээд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн. Маргааш нь манай эхнэр хоол хийж аваачиж өгсөн. Эмчилгээнд нь 50.000 төгрөг өгсөн...2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагт манай хашааны завсраар эрэгтэй хүн зураг аваад байхаар нь очоод асуутал танай нохой манай эхнэрийг хазсан гэсэн. Тэгэхээр нь би манай нохой торноосоо гараагүй худлаа яриад бай гэхэд цагдаад хэлнэ гээд явсан….” гэсэн мэдүүлэг. /хх 52-53, 54, 59-60 дугаар хуудас/,

Хохирогч Б.Мөнхсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад 49-р гудамжинд явж байтал саарал төмөр хаалгатай хашаанаас хоёр нохой гарч ирээд над руу дайрч баруун гар хазсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж хагалгаанд орж 7 хоноод гарсан. Нэг нохой нь саарал хар алаг, нөгөө нохой нь цагаан өнгөтэй байсан. Саарал нохой нь цагаанаасаа арай өндөр байсан. Саарал алаг нохой нь гарын шуунд хазсан. Баруун хөлнийхөө гуянаас арьс авч гарандаа нөхүүлсэн. Өдөр болгон өдөр болгон гэмтлийн эмнэлэгт очиж боолт хийлгэж байгаа. 244.365 төгрөгний эмчилгээний баримт байгаа. Би сэтгэл санаагаараа хохирсон. Ажлаа ч хийж чадахгүй байна...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх 11-12 дугаар хуудас/,

Хохирогч Л.Баярмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед худгаас ус аваад гудамж руу ороод явж байтал хоёр том нохой гэнэт гарч ирээд надруу дайрч хар нохой нь миний гуянд хазчихаад гарч ирсэн хашааны хаалгаараа буцаад орсон. Миний хөлнөөс цус их хэмжээгээр гарсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нохойны гурван шүд орсон байна гэсэн...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй….” гэсэн мэдүүлэг. /хх 28-29, 81 дүгээр хуудас/,

Гэрч Д.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...У.Билгүүнийд хар алаг, цагаан хоёр нохой байдаг. Манай гэр У.Билгүүний хашааны урд гудамжаар явж ордог. Энэ айлын нохой хашаанаас гарсан тохиолдолд бид нар айгаад гудамжаар явж чаддаггүй. Энэ оны 2 сард нохой нь хүн урсан гэж сонссон. Ер нь тэр хоёр нохой хашааныхаа гадаа сул явж байгаа харагддаг. Хошуувч зүүгээгүй байдаг.….” гэсэн мэдүүлэг. /хх 77 дугаар хуудас/,

Гэрч Н.Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай хажуу айл хоёр том нохойтой. Нэг нь хар алаг нөгөөх нь цагаан нохой байдаг. Уяатай байдаг. Сүүлийн үед торонд хийдэг болсон байсан. Хааяа сул явж байгаа харагддаг. Хашааны завсраар орж ирдэг. 2016 оны 03 дугаар сарын 09-ний орой ажлаа тараад ирэхэд том хаалганы жижиг хэсэг нь гадагшаа онгойсон байхаар нь тухайн үед би гайхаад хаалгаа түгжээд гэртээ орсон. Маргааш нь нэг эмэгтэй танай хашааны хаалганаас нохой гарч ирээд намайг хазсан танай хаалга онгорхой байсан уу гэхээр нь доогуураа онгорхой байсан гэж хэлсэн.….” гэсэн мэдүүлэг. /хх 44 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Одончимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...манайх дундад ази үүлдрийн цагаан алаг, шаргал хоёр нохой тэжээдэг. Нүүж ирэхдээ нохойгоо авчирсан. үржүүлэгийн зорилгоор тэжээж байгаа. Анхандаа гинжээр уядаг байсан сүүлдээ нохойны тортой болоод торонд нь сул байлгадаг болсон. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр гадаа нохойныхоо хоолыг өгчихөөд хэсэг хугацаанд сул тавьсан байсан чинь хүн хазчихлаа гээд нэг эгчийг дагуулж гэртээ оруулж ирээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн.….” гэсэн мэдүүлэг. /хх 46 дугаар хуудас/,

Гэрч Б.Хажидсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манайх У.Билгүүний арын хашааны айл. Тэднийх хар, цагаан хоёр том нохойтой. Дээрх нохойнууд нь орой орчимдоо аюултай хүн рүү их дайрдаг. Уяатай байдаг. 4 сарын эхээр манай гэрийн гадуур үхэр яваад байх шиг болхоор нь охиноо гараад хөөгөөдөх гээд гаргатал манай охин ээжээ гээд орилохоор нь гараад хартал У.Билгүүний нохой манай хашаанд ороод ирчихсэн охин руу дайрсан. Би олон удаа У.Билгүүнд нохойгоо уяхыг шаардаж байсан. У.Билгүүн нохой торон хашаанд байгаа гэх боловч торон хашаанаасаа гараад ирчихсэн байдаг юм. Дээрх нохойнуудыг устгамаар байна. Одоохондоо хашаандаа харагдахгүй байгаа өөр тийшээ аваачсан байх.….” гэсэн мэдүүлэг. /хх 46 дугаар хуудас/,

Гэрч М.Аюуш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 1995 оноос хойш нохойн зааварлагч мэргэжилээр ажиллаж байгаад группд гарсан. Нохойг дотор нь ангийн албаны гоёл чимэглэлийн гэж ангилдаг. Дээрх хоёр нохой нь дундад ази үүлдрийн ангийн нохой байна. Ангийн зориулалттай нохой учраас өөрийн төрөлх араншин нь тухайн барьсан ангаа амьгүй болгож байж тавьдаг. Нохойг тэжээх гэж байгаа бол маш сайн сургах хэрэгтэй. Нохойг сургаж чадаагүйгээс хүн урах гээд байдаг. Нохойг сургахдаа олон нийтийн газар байнга хошуувчтай явуулахаас гадна шөнийн 00 цагаас хойш сул тавихыг зөвшөөрдөг...” гэсэн мэдүүлэг. /хх 80 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 02-р сарын 29ий өдрийн №2757 тоот шинжээчийн дүгнэлтээр:

1. Б.Мөнхсүрэнгийн биед баруун шуунд эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 18/      

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03-р сарын 14ий өдрийн №3484 тоот шинжээчийн дүгнэлтээр:

1. Баярмаагийн биед зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.   

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй./хх 48/   

Зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлээр: “...4 дугаартай зураг хар алаг дунд ази үүлдрийн нохой /сэжигтэн У.Билгүүний тэжээдэг нохой/, 5 дугаартай зураг цагаан дунд ази үүлдрийн нохой / сэжигтэн У.Билгүүний тэжээдэг нохой/...Зураг таньж ологч Л.Баярмаад 1-6 хүртэлх нохойны зургийг таньж олуулахад эхлээд 4 дугаартай нохой, араас 5 дугаартай нохой гарч ирсэн гэв...” гэжээ. /хх 38-39/                       

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, хохирогч Б.Мөнхсүрэнгийн өргөдөл /хх 4/, хохирогч Л.Баярмаагийн өргөдөл /хх 24/, эд зүйлийн үнэлгээ /хх 34/, шүүгдэгч У.Билгүүн сэжигтнээр 2016.03.16-ны өдөр байцаасан /хх 51-54/, яллагдагчаар 2016.03.28-ны өдөр байцаасан /хх 55-60/ тэмдэглэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаанд шинээр өгсөн нотлох баримт болох хохирогчийн “нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй гэх хүсэлт”, “хохирол барагдуулсан” тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч У.Билгүүн нь орчиндоо аюул учруулж болох дундад ази үүлдрийн хар алаг өнгийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 49 дүгээр гудамжинд хохирогч Б.Мөнхсүрэнгийн баруун шуу орчимд хазаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж гэмтээсэн, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Л.Баярмаагийн зүүн гуя орчимд хазаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнхсүрэн, Л.Баярмаа, гэрч Н.Төгөлдөр, Ж.Одончимэг нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №2757, №3484 дугаартай актууд, зураг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхээс шүүгдэгч У.Билгүүнийг орчиндоо аюул учруулах амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн, хүндэвтэр гэмтээсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.Билгүүн нь урд 2 удаа ял шийтгэгдэж байсан ба сүүлчийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.

Гэвч шүүгдэгч нь хорих ялыг тэнсэн харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүй гэж үзэн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхсүрэн, Л.Баярмаа нар нь шүүгдэгч У.Билгүүнтэй “сайн дураараа эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Тайжууд овогт Уугандарханы Билгүүнийг орчиндоо аюул учруулах амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн, хүндэвтэр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Билгүүнийг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Билгүүнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Билгүүнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН