Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 17

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокурор: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М

Хариуцагч: Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч С.С

Гуравдагч этгээд: Ц.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Ц.Д-д шийтгэл оногдуулсан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №0169278 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М, хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч С.С нь хяналт шалгалтын явцад илрүүлсэн “хугацаа дууссан 3 нэр төрлийн 149 ширхэг 41200 төгрөгийн үнэ бүхий эм худалдан борлуулж байсан” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0169278 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчил гаргагч Ц.Д-д Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1-т заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр 100.000 /зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн материалтай танилцахад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй эмийн сан нь хугацаа дуусан 3 нэр төрлийн 149 ширхэг эм худалдан борлуулж байсан үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Гэвч Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт уг зөрчилд хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байтал тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч С.С нь “А” нэртэй эмийн сан нь хуулийн этгээд мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, мөн зөрчлийн улмаас учирсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан зөрчлийн холбогдогч Ц.Д-д 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0169278 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1-т заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсны зэрэгцээ хохирол төлбөрийг гаргуулах албадлагын арга хэмжээ авалгүй орхисон нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч С.С-н зөрчлийн холбогдогч Ц.Д-д шийтгэл оногдуулсан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0169278 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч С.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч С.С би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн хүрээнд Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байгаа “А” эмийн санд урьдчилан сэргийлэх хяналт хийх явцад хугацаа дууссан 3 нэр төрлийн 149 ширхэг 41200 төгрөгийн үнэ бүхий эмийг акт үйлдэн хураан авч хялбаршуулсан журмаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх заалтыг үндэслэн эм зүйч Ц.Д-д торгуулийн арга хэмжээ авсан нь тус эмийн санд хугацаа дууссан 1 тосон түрхлэг, 2 эм нь хугацаа дууссанаас хойш тухайн эмийн сан нь худалдан борлуулаагүй байсан тул зөрчлийн улмаас учирсан хохирол гаргах боломжгүй, эмийн сангийн эм зүйчийн ажлын байрны тодорхойлолтод эмийн санд зарагдаж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа чанар аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах тухай заагдсан учир тухайн эм зүйчид торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд Ц.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Д надад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №0169278 дугаар шийтгэлийн хуудсаар 100.000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан бөгөөд уг төлбөрийг төлж барагдуулсан болно. Тус шүүхэд гаргасан дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Түүнчлэн уг хэргийг хянан шийдвэрлэхэд гуравдагч этгээд миний бие оролцохгүй байх хүсэлтэй тул цаашид хэргийг шийдвэрлэх ажиллагаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-с Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч С.С-д холбогдуулан “иргэн Ц.Д-д шийтгэл оногдуулсан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №0169278 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр гаргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11, 5.12 дугаар зүйл, 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг , 5.15, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, ...” , 2.1 дүгээр зүйлийн 2. “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.10 ... заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан акттай холбоотой гомдол, прокурорын дүгнэлтийг хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан байх тул шүүх дээрх прокурорын дүгнэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Тодруулбал, хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч С.С 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0169278 дугаар шийтгэлийн хуудсаар “А” эмийн сангийн эм зүйч Ц.Д-г “хугацаа дууссан 3 нэр төрлийн 149 ширхэг 41200 төгрөгийн үнэ бүхий эм худалдан борлуулж байсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1-т зааснаар 100.000 /зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйл. “Торгох шийтгэл”, 3. “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.”, 6.6 дугаар зүйл. “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих”, 4.-т “Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эм хангамжийн байгууллага”, 4.1.-д “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл чанарын баталгаажуулалтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилсэн”, 4.2.-т “ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эмчийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан иргэн Ц.Д-н гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. 

Учир нь, маргаан бүхий шийтгэлийн хуудсанд дурдсан зөрчлийг “А” эмийн сан /хуулийн этгээд/ эсхүл уг эмийн сангийн эм зүйч Ц.Д-н аль нь гаргасан болохийг тогтоогоогүй, зөрчлийн улмаас учирсан хохирол тодорхойгүй, Ц.Д нь “А” эмийн санг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна. 

Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл. “Шийтгэл оногдуулах шийдвэр”, 8. “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” гэж заасны дагуу Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-н бичсэн дүгнэлтийг үндэслэн Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч С.С-н иргэн Ц.Д-д шийтгэл оногдуулсан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №0169278 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. 

Түүнчлэн хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсыг өөрөө хүчингүй болгох эрх зүйн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулаагүй байх тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1., 106.3.12., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч С.С-н иргэн Ц.Д-д шийтгэл оногдуулсан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №0169278 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ