Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1360

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00541 дүгээр шийдвэртэй, Н.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч В.Нандинцэцэгт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 57 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн В.Нандинцэцэгтэй барьцаат зээлийн гэрээ байгуулж 26 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. Нотариатаар орж зээлийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаад, мөнгийг хүлээлгэн өгсөн. Хариуцагч В.Нандинцэцэг нь гэрээний үүргээ биелүүлэхгүй ямар ч төлбөр тооцоо хийгээгүй.

Иймд В.Нандинцэцэгээс үндсэн зээл 26 000 000 төгрөг, зээлийн хүү 12 480 000 төгрөг, алданги 19 240 000 төгрөг, нийт 57 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлээ төлж чадахгүй бол барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөөр үүргийн хангуулахаар шийдвэртээ тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Н.Түмэнжаргалаас 26 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй авсан ба нэг ч төгрөгийн хүү төлж чадаагүй нь үнэн. Би хүүхэд төрүүлээд удаагүй байсан. Хүү маань өвдөөд олсон хэдэн төгрөгөө хүүхдийнхээ эм тарианд хэрэглээд таардаг байсан. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 26 000 000 төгрөг, түүний хүүгийн төлбөрт 12 480 000 төгрөг, алданги 19 240 000 төгрөг, нийт 57 720 000 төгрөг нэхэмжилсэн байна.

Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 26 000 000 төгрөг байхад өндөр хүү, алданги тооцохоор заасан дээрх гэрээний дагуу миний бие 2 дахин илүү мөнгийг төлүүлэхөөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед би аргагүй нөхцөл байдлын улмаас гэрээ байгуулсан. Уг гэрээ нь банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний хүүнээс хэд дахин өндөр хүүтэй байгаа юм. Энэхүү зээлийн гэрээний сарын хүү 8 хувь бөгөөд зөвхөн хүүд гэхэд л 12 840 000 төгрөг төлөхөөр тооцон нэхэмжилж байгааг шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг харгалзан шийдвэрлэнэ үү.

Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүнээс анз тооцохгүй гэж заасан байхад анз буюу алдангийг хэрхэн тооцож 19 240 000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй хуульд нийцээгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй анзын хэмжээ мөн л үндсэн зээлийн талаас илүү хувьд хүрэх мөнгөн дүн байх тул үүнийг шүүх шударгаар тогтоон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Нандинцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 57 720 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгох,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201027631 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 01 дүгээр хороолол, /18030/ Залуусын гудамж, 10 дугаар байр 59 тоот хаягт байрлах, 57.86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Нандинцэцэгээс 446 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар хамтран гаргасан гомдолдоо:

2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан тус өдөр зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материалтай танилцах боломжоор хангах талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулсан. Хэргийн материалтай танилцах явцад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 232.2 дахь хэсэгт зааснаар хүү, алданги багасгах боломжтой гэж үзэж холбогдох нотлох баримтыг гаргуулахаар 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар дээрх нотлох баримтыг шаардлагатай гэж үзэж 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Энэ нөхцөл байдал нь шүүхийн ажиллагаанд саад учруулсан байдал биш юм.

Эрүүл мэндийн байдлаас болж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул холбогдох баримтын хамт хойшлуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн өмгөөлүүлэх болон зохигч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж үзнэ.

Хариуцагч нь ээлийн хүүгийн талаар харилцан зөвшилцөлгүйгээр өмнө нь мөнгө зээлсэн н.Оюунтуяагийн дарамт шахалтанд орж гэрээ байгуулсан учир Н.Түмэнжаргалтай байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэлгүйгээр, нэхэмжлэгчид танилцуулахгүй хэрэгт хамааралгүй гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгагдаагүй нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт хүүгээс анз тооцохгүй гэж заасан байхад нэхэмжлэгчий үндсэн зээл 26 000 000 төгрөг, 6 сарын хүү 12 480 000 төгрөг, нийт 38 480 000 төгрөгийн 50 хувиар тооцож 19 240 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Үндсэн зээл 26 000 000 төгрөгөөс алданги тооцох ёстой байтал 38 480 000 төгрөгөөс алданги тооцож нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарч байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал нь хариуцагч В.Нандинцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 720 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Н.Түмэнжаргалаас хариуцагч нь 26 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлж, буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохирч, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол 10 дугаар байр 59 тоот 57.86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч В.Нандинцэцэгийн Төрийн банк дахь дансаар гэрээний зүйл болох 26 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт баримтаар авагдсан, зохигчид энэ талаар маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ. /хх 2, 3, 5/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндсэн зээл 26 000 000 төгрөг, хүү 12 480 000 төгрөг, алданги 19 240 000 төгрөг, нийт 57 720 000 төгрөгийг төлөх үүргээ зээлдэгч зөрчсөн гэж тайлбарласан. Харин хариуцагч В.Нандинцэцэгийн хувьд зээлийн хүү хэт өндөр байсан төдийгүй хүүгээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дах заалтыг зөрчсөн гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл хариуцагч В.Нандинцэцэг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөрийг  төлөөгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаанд холбогдох хүү, алдангийн талаарх шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлах байжээ. Мөн алдангид тооцсон 19 240 000 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан хариуцагчийн төлбөр төлөх чадварын байдалтай холбоотой нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, дүгнээгүйг буруу гэж үзнэ. Тухайлбал, хариуцагч В.Нандинцэцэг хоёр хүүхдийн хамт, өрх толгойлон амьдардаг талаарх Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт, гэрлэлтийн  бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхэд тус бүрийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. /хх 27-30/

 

Эдгээрийг хариуцагчийн тайлбар, хэргийн нөхцөл байдалтай харьцуулан дүгнэвэл зээлийн гэрээг байгуулахаас 6 хоногийн өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүү Г.Хан-Эрхэстийг төрүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ нь тухайн үед хариуцагч бизнес эрхлэх, ажил хөдөлмөр хийж орлого олох боломжгүй болж, улмаар мөнгөн төлбөрийн үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Иймээс үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн чадвар болон хүүгийн хэмжээ сар бүр 8 хувь байсан зэрэгтэй уялдуулан анзын хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасанд нийцүүлэн нэхэмжлэгчийн тооцсон 19 240 000 төгрөгийн алдангийг  50 хувиар бууруулан 9 620 000 төгрөг гаргуулах боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах талаарх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 3 дах заалтад зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00541 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Нандинцэцэгээс үндсэн зээл 26 000 000 төгрөг, хүү 12 480 000 төгрөг, алданги 9 620 000 төгрөг, нийт 48 100 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгосугай” гэж,

3 дахь заалтын “446 550 төгрөг” гэснийг “397 969 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШЗ2017/03765 дугаар захирамжаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА