Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0505

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/817 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 506 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0328/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас “нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/817 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан “А” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/817 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Шүүхээс нийслэлийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/817 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “А” ХХК-д мэдэгдэж байсан талаар нотлох баримтуудыг шүүхээс үнэлэлгүй удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд төлөөгүй гэх боловч энэхүү зөрчил бодитоор гарсан эсэхийг шалгаж тогтоогоогүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэж үзсэн байна.

            Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл хугацаанд нийт 5 удаагийн мэдэгдэл хүргүүлснээс 2 удаагийн мэдэгдлийг “А” ХХК-ийн төлөөлөл эх хувиар хүлээж авсан нь нотлох баримтаар тогтоогдсон, заасан хугацаанд төлөлт хийгээгүй нь нотлогдож байхад үндэслэлгүйд тооцсон.

            3.2. Хавтаст хэрэгт “А” ХХК-ийн мэдэгдлийн дагуу төлөлт хийгдээгүй талаарх баримт, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй талаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, нэхэмжлэгч, гэрчийн гаргасан тайлбарт тодорхой байхад тухайн зөрчлийг гаргасан эсэхийг хариуцагч тогтоогоогүй гэж үзсэн.

            3.3. Шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаант хугацааг тодорхойлохдоо нотлох баримтад тулгуурлалгүй Засгийн газраас тогтоосон 9 удаагийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн” буюу хөл хорио тогтоож гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй хугацаанд хариуцагч байгууллагаас шинээр хугацаа тодорхойлсон гэж үзсэн байна.

            Гэвч Засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоос эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолын үйлчлэлийн хугацаагаар буюу 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үйлчилж байсныг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/252 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

            Шүүхээс шинээр тоологдсон зөрчил арилгах хугацаанд нэхэмжлэгч талын үйл ажиллагаа явуулах боломжгүй хугацаа байсан гэж үзсэн боловч 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03-09/5106 дугаартай “А” ХХК-д хүргүүлсэн зөрчил арилгуулах талаарх мэдэгдэл нь тухайн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хамаарахгүй байгаа ба “А” ХХК-д төлбөрийг төлөх боломжит хугацааг өгсөн нь баримтаар нотлогдож байна.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 506 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Анх нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээ, конторын зориулалттай 1200 м.кв газрыг “А” ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/817 дугаар захирамжаар “... газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” гэх үндэслэлээр газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.2. Нэхэмжлэгч компанийн хувьд дуудлага худалдааны анхны үнэ болох     158 400 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 128 400 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар              1 251 600 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.3. Гэсэн хэдий ч нэхэмжлэгчээс ийнхүү дуудлага худалдааны анхны үнийн тодорхой хэсэг болон газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй шалтгаанаа “Ковид-19 халдварт өвчний дэгдэлт эрчимжиж улсын хил, гааль хаагдаж, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тасалдаж, зогсонги байдалд орсонтой холбогдуулан дуудлага худалдааны анхны үнийг мэдэгдэлд заасан хугацаанд төлөх боломжгүйд хүрсэн” гэж тайлбарлан маргасан.

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “А” ХХК-д төлбөр төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар мэдэгдэл хүргүүлснийг “А” ХХК-ийн төлөөлөл хүлээж авсан, мэдэгдэлд заасан хугацаанд төлөлт хийгээгүй гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03-09/5106 дугаар мэдэгдлээр хариуцагчаас дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийн үлдэгдэл 128 400 000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгджээ. Гэтэл нэхэмжлэгч компани нь гадаад худалдаа, зочид буудал, хүнсний дэлгүүр, баар, зоогийн газар, барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх төдийгүй маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болох нь Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/252 дугаар сертификатаар тогтоогдсон байна.

2.5. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоос эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолын үйлчлэлийн хугацаагаар буюу 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үйлчилж байсан. “А” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03-09/5106 дугаартай зөрчил арилгуулах талаарх мэдэгдэл тухайн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хамаарахгүй” гэж тайлбарлах боловч дээрх цаг хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай холбоотойгоор зөвхөн хатуу хөл хорионоос гадна нэг дор хүмүүсийн бөөгнөрөл үүсгэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаанууд хязгаарлагдсан байдалтай байсан бөгөөд уг хязгаарлалтад зөвхөн аж ахуйн нэгжүүд төдийгүй хүн нэг бүр хамрагдаж байсан. Тодруулбал, зочид буудал, баар, рестораны үйл ажиллагаанууд хязгаарлагдаж байсан нь нэхэмжлэгч компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц нөхцөл байдалд хамаарахгүй гэж дүгнэх боломжгүй.

2.6. Түүнчлэн дээр дурдсан хатуу хөл хорио болон аж ахуйн үйл ажиллагааг хязгаарласан шийдвэрүүдийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос гаргаж, уг шийдвэрүүдийн биелэлтийг нийслэлийн Засаг дарга өөрөө хангуулан ажиллаж байсан нь нийтэд илэрхий үйл баримт юм.

2.7. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, төрөөс нэхэмжлэгч компани болон бусад хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг хязгаарласан шийдвэрүүд гарч, тэдгээрийг хариуцагч Засаг дарга өөрөө гардан хэрэгжүүлж байсан атлаа уг цаг хугацаанд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй байна.

2.8. Мөн нэхэмжлэгч компаниас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй”, 13.2.1-д “эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах” 13.2.6-д “энэ хуулийн 7.1.1-д заасан журамд хориглосон хэлбэрээр олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахгүй байх”, 13.2.10-д “энэ хуулийн 7.1.1, 8.1.8-д заасан ажиллагааны хүрээнд хийгдэх үйл ажиллагаанд Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан заавар, зөвлөмжийг баримтлах” гэж тус тус үүргээ хэрэгжүүлж үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байсан энэ тохиолдолд заасан хугацаанд төлөлт хийгээгүй гэж нэхэмжлэгч компанийг буруутгаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй.

2.9. Нөгөөтээгүүр, хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг ийнхүү 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүчингүй болгож маргаан бүхий захиргааны актыг гаргасан атлаа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасан мэдэгдэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, энэ талаарх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН