Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2015/0313/з |
Дугаар | 415 |
Огноо | 2016-11-28 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 415
Ц.Хонгорзулын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0621 дүгээр магадлалтай, Ц.Хонгорзулын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Ц.Хонгорзулын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 6 дугаар зүйлийн 6.4, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 7 дугаар зүйлийн 7.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.4, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.8, 4.1.33, 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг тус тус баримтлан иргэн Ц.Хонгорзул болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Оюу” сууц өмчлөгчдийн холбооны нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн “Эйкон” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0631 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...иргэн Ц.Хонгорзул болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Оюу” сууц өмчлөгчдийн холбооны нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар “Эйкон” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... ” гэснийг “...иргэн Ц.Хонгорзулын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар “Эйкон” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл, гуравдагч этгээд “Оюу” сууц өмчлөгчдийн холбооны Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн “Эйкон” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Хонгорзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0621 дүгээр магадлалтай иргэн Ц.Хонгорзулын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Маргаан бүхий захиргааны актын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/576 дугаар захирамжаар нийт 29 иргэнд шинээр газар эзэмших эрх олгосон байдаг бөгөөд хавсралтын 29-д Ө.Булганд өнөөдрийн маргаж буй газрын эзэмших эрхийг шинээр олгожээ. Улмаар ““Эйкон” ХХК-тай хамтран ажиллахаар болсон” гэх Ө.Булганы хүсэлтээр нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамж гарч маргаан бүхий газрыг Ө.Булганаас “Эйкон” ХХК-д “үйлчилгээ, орон сууц”-ны зориулалттай болгон өөрчилж хүсэлтийг шийдвэрлэсэн нь маргаан бүхий захиргааны акт юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны акт гарах болсон үйл баримт, хууль зүйн үндэслэлтэй холбогдуулж нотлох баримтыг цуглуулан маргаж байгаа билээ. Тиймээс давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэнэ гэх дүгнэлтээр актын үндэслэлийг хянахгүй орхигдуулах нь буруу гэж үзэж байна.
Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь үндэслэлгүй дүгнэлт хийж буй нь “маргаан бүхий газрыг Ө.Булган 2012 оноос эзэмшиж ирсэн байна” гэх дүгнэлт юм. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дугаар захирамжаар Ө.Булган эзэмшиж байсан боловч мөн нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/344 захирамжаар уг захирамжийг хүчингүй болгосноор Ө.Булганы газар эзэмших эрх дуусгавар болсон тул энэхүү үйл баримт маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй юм. Харин 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Ө.Булганд илтэд хууль бусаар газар эзэмших эрх олгосон бөгөөд цаашлаад “Эйкон” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн үйл баримт маргааны актын үндэслэлийн хамт шүүхээр хянагдах ёстой.
2. Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус захиргааны акт болох тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь дараах байдлаар зөрчилтэй байдаг.
Үүнд:
Тус актын хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл нийслэлийн газар зохион байгуулалтын өрөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэсэн заалтыг заасан байдаг. Гэвч уг заалтад заасан нөхцөл бүрдээгүй, журмын дагуу ажиллагаа хийгдээгүй болох нь тогтоогдсон.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний эзэмшүүлэх газарт тусгагдаагүй болно. Түүнчлэн Хан-Уул дүүргийн саналыг аваагүй болох нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/1435 албан тоотоор тогтоогдоно. Өөрөөр хэлбэл захирамжийнхаа удирдлага болгож буй дээрх заалтыг баримтлаагүй байна. Мөн актын нэг хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хулээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэсэн хэсгийг заасан. Газар эзэмших эрхийг шилжүүлэхэд дээрх хуулийн мөн хэсгийн 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна гээд 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэж тусгасан.
Уг газар эзэмших эрх хүчин төгөлдөр байхын тулд хууль зөрчөөгүй байх ёстой. Гэтэл хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хангагдаагүй бөгөөд холбогдох бусад хууль тогтоомжид буюу бүр тодруулбал, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хот байгуулалтын үйл ажиллагаанд хориглосон хэсгийн 24.1.1-д “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох” гэж заасныг зөрчсөн нь НЕТГ-ын 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 11/3500 албан тоот, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11/4342 албан тоот болон Монгол улсын Засгийн газрын 2013 оны 307 дугаар “хурдны зам баригдах талбайн солбилцол батлах тухай” тогтоолоор хангалттай нотлогдоно.
Маргаан бүхий акт гарахаас өмнө “хурдны замын солбилцлын хэсэгт шинээр газар олгохыг хориглосон” хүчин төгөлдөр Засгийн газрын тогтоол, тусгай горим бүхий инженерийн шугам сүлжээ бодитоор оршин байхад эдгээрийг үл хайхран газар олголт хийжээ. Иймээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь хэргийн бодит үйл баримттай нийцэхгүй байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгогдох ёстой байсан боловч энэхүү ажиллагаа мөн хийгдээгүйг дээр дурдсан нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/1435 албан тоотод тодорхой хариулсан. Маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх боломжгүйн дээр хуульд заасны дагуу нийтээр ашиглах газарт хамаарах гудамж, авто машины зам, шугам сүлжээний газар, түүний хамгаалалтын зурваст газар юм. Ийм газрыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийтийн эзэмшихээр зохицуулсан тул хэн нэгэн этгээд өөр зориулалтаар дангаар эзэмших ёсгүй болно.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүулэн захирамж гаргана” гэж заасан байхад нийслэлийн Засаг дарга ийнхүү дээрх байдлаар хууль тогтоомж хийгээд Засгийн газрын тогтоолоор даалгасан үүргээ зөрчиж маргаан бүхий актыг гаргажээ.
З. Хууль бус маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийн тухай:
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох 5 тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд энэхүү тохиолдлын 3 нь маргаан бүхий захиргааны актад илэрч байгаа юм.
1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” бол хэргийн 2 дугаар хавтаст авагдсан байгаа НИТХ-ын 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолын 1, 2-т “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохыг хориглох газрын хил хязгаарыг тогтоож, шинээр газар эзэмшүүлэх эрх олгохыг хориглосон” бөгөөд 3.5-д “нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжүүлэлтийн талбай, орц, гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн эдэлбэр газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний дүрэм зөрчиж олгосон газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзэж хүчингүй болгохоор заасан акт хүчин төгөлдөр байна.
2. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байна гэх хэт ерөнхий дүгнэлтээр асуудалд ханддаг.
Өөрөөр хэлбэл, анх нэхэмжлэлд заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь өөрийн эзэмшил газарлуу орох, гарах зам хаагдахад хүргэж байгаа тухай тайлбарласан ба шүүхийн үзлэгээр ч өөр орц гарц байхгүй нь тогтоогдсон. Харин шүүх энэ тал дээр ямар нэгэн дүгнэлт өгөлгүй орхигдуулдаг болно. Маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд зогсохгүй нийтийн ашиг сонирхол ч хөндөгдөж байгааг шүүх харгалзан үзэх ёстой.
“Эйкон” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосноор бидний орц, гарц хаагдан, гадагш, дотогш нэвтрэхэд ихээхэн хүндрэл учирч өөрсдийн хууль ёсны эрх, ашгаа хэрэгжүүлэх боломжгүйд хүрч байгаа юм. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газар, “Эйкон” ХХК хоорондын 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар газар эзэмшүүлэгч нь газар эзэмшигчид нийтийн эзэмшлийн зам, талбайн орц, гарцыг чөлөөтэй байлгах, бусдын газар эзэмшилтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байхыг шаардах эрхтэй байна.
3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.5-д “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэж заажээ. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дээр давхцуулан бусдын орц, гарцыг хааж, инженерийн шугам сүлжээг ч үл хайхран зөвхөн нэг хуулийн этгээдэд барилгын зориулатаар газар эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан Захиргааны үйл ажиллагааны тусгай журам болох “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлаагүй бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн ардчилсан нийгмийн зан суртахуунд илтэд харшилж байна.
Иймд нэхэмжлэл, давж заалдах гомдол болон энэхүү гомдолд дурдсан хууль тогтоомжийг хэрэглээгүй нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0621 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-3-ын зүүн талд байршуулан 3700 м.кв газрын иргэн Ц.Хонгорзулд, мөн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар уг байршилд 1895 м.кв газрыг иргэн Ө.Булганд эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэснээр Ц.Хонгорзул, Ө.Булган нарт анх газар эзэмших эрх үүссэн, уг газрууд нь хоорондоо давхцалгүй, хил залгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжаар “... дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээгээ шинэчлэх ... шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжийн Ө.Булганд холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн боловч мөн даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжаар “...нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн ... хурлаас гаргасан дүгнэлтийг /үндэслэн/” маргаан бүхий 1895 м.кв газрыг иргэн Ө.Булганд дахин эзэмшүүлсэн, уг шийдвэрээр газрын байршил, хэмжээ өөрчлөгдөөгүй, нийслэлийн Засаг дарын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Ө.Булганы газар эзэмших эрхийг “Эйкон” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, талууд уг үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгчээс “.../миний/ засаж сайжруулсан зам талбайг /оролцуулан/ “Эйкон” ХХК-нд газар эзэмших эрх олгосон нь ... газар эзэмших эрхээ зориулалтын дагуу, хэвийн нөхцлөөр эзэмших боломжийг минь хязгаарласан” гэж, хариуцагч “... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “... /газар эзэмшигч нь/ газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх /эрхтэй/”, 38 дугаар зүйлийн 38.4-т “...эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх тул газар эзэмшигч Ө.Булган нь газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй, түүнд газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг дарга маргаан бүхий 2014 оны А/947 дугаар захирамжаар Ө.Булганы газар эзэмших эрхийг “Эйкон” ХХК-нд шилжүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгч Ц.Хонгорзул болон гуравдагч этгээд “Оюу” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “.../шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх шаардлага хангаагүй/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хангагдаагүй” гэх боловч Ө.Булганд газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2014 оны А/576 дугаар захирамжид холбогдуулж нэхэмжлэгч маргаагүй, “нийслэлийн Засаг дарын 2014 оны А/947 дугаар захирамжийн “Эйкон” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар ... шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцсэн гэж үзнэ.
Иймд, хяналтын шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2014 оны А/576 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхгүй, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.
Түүнчлэн, газар эзэмших эрх шилжүүлэх харилцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр тусгайлан зохицуулсан, уг зохицуулалтаас үзвэл, иргэн хуулийн этгээдэд анх газар эзэмшүүлэх харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлд заасан зохицуулалтууд нь “газар эзэмших эрх шилжүүлэх”-д хамааралгүй байх тул “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчим” баримтлаагүй, “...НИТХ-ын 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолын 1, 2-т “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохыг хориглох газрын хил хязгаарыг тогтоож, шинээр газар эзэмшүүлэх эрх олгохыг хориглосон”...-ыг зөрчсөн” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.
Шүүхийн “нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2014 оны А/947 дугаар захирамжаар Ө.Булганы газар эзэмших эрхийг “Эйкон” ХХК-нд шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй” гэх энэхүү дүгнэлт нь хариуцагч нийслэлийн Засаг даргаас хөрш залгаа газар эзэмшигчдийн хэн алиных нь эрх ашгийг харгалзан үзэж, газар эзэмшигчдийн орц гарцыг оновчтой төлөвлөхөд саад болохгүйн дээр газар эзэмшигч “Эйкон” ХХК нь “хөрш газар эзэмшигчийн орц гарцыг хааж, хохирол учруулсан” гэж үзвэл нэхэмжлэгч иргэний шүүхэд хандаж, шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч Ц.Хонгорзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0621 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА