Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 132

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1991 оны 09 сарын 10-нд төрсөн, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч, хэл шинжлэгч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13-р хороо, 4-34 тоотод  оршин суух, Модчин овогт Наранжавын Билгүүний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1963 оны 12 сарын 25-нд төрсөн, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 150-р байр 01 тоотод оршин суух, Амар овогт Норжмаагийн Мөнхчимэгт холбогдох,

Гэм хорын хохирол 600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 22-ны өдөр  139/2017/00098/И индекстэй иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Билгүүн, хариуцагч Н.Мөнхчимэг, иргэдийн төлөөлөгч Д.Алтантуяа, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 сарын 26-ны өдөр манай аав Наранжав нь миний хууль ёсны өмчлөлийн 81-10 УБӨ улсын дугаартай PRIUS 20 маркийн автомашиныг унаж яваад Номгон худалдааны төвийн гадаа зогсож байхад нь иргэн Н.Мөнхчимэг нь 59-85 УБЛ улсын дугаартай PRIUS 20 маркийн автомашинаар ухрах үйлдэл хийхдээ машины буферийг маань хагалсан. Тухайн осол гарах өдөр хариуцагч машинаа өөрөө барьж явсан боловч замын цагдаа ирэхээс өмнө манай аавд даатгал нь миний нэр дээр биш хүүгийн нэр дээр байдаг, хүүг маань барьж явсан гээд хэлээд өгөөч гэж гуйж, хохирлыг барагдуулна гэж хэлсэн байдаг. Тэгээд цагдаа ирэхэд аав хүү нь барьж байсан гэж хэлсэн боловч хариуцагч сүүлд нь хохирлыг чинь барагдуулж өгөхгүй, үнэлгээ 120000 төгрөг гарсан учраас хангалттай, намайг илүү мөнгө нэхээд байна гэсэн учраас шүүхэд хандсан. Би машинаа 2016 онд худалдаж авсан. Хариуцагчийн хэлж байгаагаар жижигхэн цуурсан байхад 120000 төгрөг болно гэж хэлээд байна. Би зүгээр байсан юмаа анхны байсан байдалд нь байлгах хүсэлтэй байна. Хариуцагч миний машиныг мөргөчихөөд тэр өдрөө хохирлыг маань бүрэн барагдуулна гэж манай аавд хэлсэн. Маргааш нь би үнэлгээний газар очиход үнэлгээний үнийн дүнг харж байж хоёулаа зохицож болно гэж хэлсэн. Хэрвээ үнэлгээний дүн нь буфер солихоор гарсан бол би шүүхэд хандахгүй байсан. Үнэлгээ гаргадаг хүмүүс өөрсдөө ирж үнэлгээгээ гаргаагүй. Тиймээс үнэлгээний төвийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би илүү мөнгө нэхээгүй. Осол гарснаас хойш гарсан зардлыг би нэхэмжлээгүй. Зөвхөн орж ирсэн буферийн үнэ мөн засварын үнийг л нэхэмжилсэн. Би өөрөө машинаа зарах гэж байсан. Хагарчихсан буферийг засаж янзлах, бүтэн буфер тавих хоёр хоорондоо ялгаатай. Хагарсан буферийг янзлаад тавихад дараа нь жаахан юм болоход эвдрээд байдаг тул орж ирсэн буфер тавих гээд байгаа юм. Шинэ буфер нь их үнэтэй байдаг. Орж ирсэн буфер нь 400000-450000 төгрөгийн үнэтэй байдаг. Орж ирсэн саарал өнгийн буфер авсан ч гэсэн тэр хоёр саарал өнгө нь хоорондоо өөр байдаг учраас будуулдаг. Тиймээс буферийн үнэ 450000, засварын зардал 150000 төгрөг, нийт 600000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Н.Мөнхчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Номгон худалдааны төв дээр машинтайгаа ухрах үйлдэл хийж байгаад нэхэмжлэгчийн машиныг гэмтээсэн нь үнэн. Тухайн үед би хүүтэйгээ хамт явж байсан. Нэхэмжлэгчийн аавд нь би хохирлыг 100 хувь барагдуулж өгнө гэж хэлээгүй. Би өөрөө даатгалгүй болохоор хүүг маань машин барьж явсан гээд хэлчих гэж хэлсэн нь үнэн. Тэгээд даатгалаас мөнгийг нь өгнө гэж л хэлсэн. Даатгал, цагдаа хоёрыг зэрэг дуудаад цагдаа ирээд даатгалаараа тохиролцоно биз дээ гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд даатгал дээр очоод материалаа бүрдүүлж өгөөд үнэлгээ хийлгэх гээд Жаргалант төв дээр очиход нэг нь хот руу сургалттай гээд явчихсан, нөгөө нь байхгүй байсан учраас маргааш нь үнэлгээгээ хийлгэсэн. Нэхэмжлэгчийн машины түгжээ нь тавигдсан байсан болохоор зурган дээр ангархай харагдаж байгаа. Түгжээндээ орчих юм бол жаахан цуурсан байсан. Бага зэрэг замаска хийгээд болно. Гаргуулсан дүгнэлт нь одоогийн ханшаар 120000 төгрөгөөр засварлагдана гэж үнэлэгдсэн. Тус мөнгө нь нэхэмжлэгчийн дансанд орсон байгаа. Үнэлгээний компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, хараат бус байдлаар даатгалын хохирлын үнэлгээг хийх эрхтэй компани. Тиймээс тус үнэлгээ хийгдсэн. Нэхэмжлэгч уг ослын талаар цагдаад өргөдөл гаргаад цагдаагаас намайг буруутай гээд зохих хариуцлагыг оногдуулсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 54 дүгээр зүйлийн 54.2 дахь заалтыг үндэслээд намайг 60000 төгрөгөөр торгож, энэ хэргийг хаасан байгаа. Үнэлгээний компаниас хохирлыг үнэлээд 120000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд хийчихсэн болохоор энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээний газар нь бодит хохирлыг тогтоож өгдөг. Миний ойлгосноор үнэлгээний компаниуд хохирлыг дарга ч байсан, малчин хүн ч байсан, хэн ч байсан үнэлгээг яг л байгаа байдалд үнэлж өгдөг гэж бодож байна. Үнэлгээ зөв гарсан гэж бодож байгаа. Албан ёсны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаад байх юм бол үнэлгээний газар гэж байх шаардлагагүй байх гэж бодож байна. Би үнэлгээнийхээ дүнг барина. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”  гэж заасан байгаа учраас хохирлыг барагдуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

            Иргэдийн төлөөлөгч Д.Алтантуяа дүгнэлтдээ: Наранжав гэдэг хүний PRIUS 20 маркийн автомашиныг Номгон супер маркетийн зогсоолд зогсож байхад Н.Мөнхчимэг ухрах үйлдэл хийхдээ мөргөж уг машины буферийг хагалж гэмтээсэн нь буруутай. Н.Мөнхчимэг нь даатгалын компаниар албан ёсны үнэлгээ гаргуулж төлсөн. Н.Мөнхчимэгээс 600000 төгрөг гаргуулах нь зөв гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Н.Билгүүн нь Н.Мөнхчимэгт холбогдуулан автомашинд учирсан гэм хорын хохирол 600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Зам тээврийн осол болсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд, харин хариуцагч Н.Мөнхчимэг нь 81-10 УБӨ улсын дугаартай PRIUS машинд үнэлгээ хийлгэхэд албан ёсны үнэлгээгээр 120000 төгрөгийн хохирол гарсан. Уг мөнгийг Практикал даатгалаас 2017.02.23-ны өдөр Н.Билгүүний дансанд шилжүүлсэн учир нэхэмжилсэн 600000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хариуцагч Н.Мөнхчимэг нь 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Номгон худалдааны төвийн урд автомашины зогсоол дээр 59-85 УБЛ улсын дугаартай TOYOTA PRIUS-20 маркийн автомашиныг жолоодож яваад ухрах үйлдэл хийх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “... бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч Н.Билгүүний өмчлөлийн 81-10 УБӨ улсын дугаартай TOYOTA PRIUS-20 маркийн автомашиныг мөргөж уг машины зүүн хойд талын буфер цуурч хагарсан болох нь Замын цагдаагийн газрын 2017 оны 02 сарын 10-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн схем, зураглал /хэргийн 5-7-р тал/, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, гэрэл зургийн хуулбар, гэрэл зураг /хэргийн 8-11-р тал/, Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Нэмэхбаярын Н.Мөнхчимэгт захиргааны арга хэмжээ авсан материалын хуулбар /хэргийн 30-51-р тал/, Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хэргийн 20-21-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлүүдэд зааснаар Н.Билгүүн нь дээрх зам тээврийн ослын улмаас автомашинд учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч Н.Мөнхчимэгээс нэхэмжлэх эрхтэй байна.

            Нэхэмжлэгч Н.Билгүүн нь өөрийн автомашинд хуучин, бүтэн буфер /орж ирсэн/ авч тавих үнэ зах зээлийн ханшаар 450000 төгрөг, вьетнам засварын замаска, будагны зардал нийт 150000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд эдгээр зардлыг нотлохоор шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд болох нэхэмжлэх /байгууллагын нэр “Нисдэг машин”,  приус хойд гупер 450000  төгрөг/ гэсэн боловч нэхэмжлэгч уг нэхэмжлэлд бичигдсэн 450000 төгрөгийг төлж машиныхаа хойд буферийг шинээр худалдаж аваагүй гэх тайлбар гаргаж байгаа, мөн хөрөнгийн үнэлгээний Вендо компаний хөрөнгийн үнийн тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч “...TOYOTA PRIUS-20 маркийн автомашины хойд гупер 350000 төгрөг болно гээд энэхүү үнийн тодорхойлолт нь үнэлгээний тайланг орлохгүй...” гэж тодорхойлсон, мөн машиндаа 150000 төгрөгөөр замаска, будаг хийлгэнэ гэж засварын зардлыг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, дээрх шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжилсэн 600000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн нөхөн төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч Н.Билгүүний өмчлөлийн 81-10 УБӨ улсын дугаартай TOYOTA PRIUS-20 маркийн автомашины зүүн хойд талын буферийг сэргээн засварлахад шаардлагатай зардлыг тусгасан Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шүүх үндэслэл болголоо. Хариуцагч Н.Мөнхчимэг нь нэхэмжлэгчийн машиныг жолоодож явсан Наранжавын хамт Практикал даатгалд материал бүрдүүлж өгч Ашид билгүүн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанид машиныг үзүүлэн зургийг авахуулж үнэлгээ хийлгэсэн ба уг даатгалын компаниас машинд үүссэн гэмтлийг засварлах зардлыг вьетнам засварын газрын зах зээлийн ханшаар үнэлж уг үнэлгээгээр тогтоогдсон 120000 төгрөгийн засварын зардал буюу даатгалын нөхөн төлбөрийг 2017 оны 02 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Н.Билгүүний төрийн банкны 0000346000882686 тоот дансанд Практикал даатгал компаниас шилжүүлсэн байна. /хэргийн 24-р тал/

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Билгүүний нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Билгүүний хариуцагч Н.Мөнхчимэгт холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Билгүүний нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.УРАНЧИМЭГ

 

                                        ШҮҮГЧИД                           Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                                                    Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ