Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/354

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б холбогдох эрүүгийн 201101454 0451 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, , 1987 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 2, нөхрийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчин 9-64 тоотод оршин суух, урьд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 1,500,000 төгрөгний торгуулийн ял биелүүлж, 1.650.000 төгрөгний торгуулийн ялыг биелүүлээгүй, регистрийн дугаар НЩ87111461.

 

Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 43-936 тоотын гаднаас Ц.Цэндсүрэнгийн эзэмшлийн Тоёота приус маркийн 38-97 УНҮ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн ,нэмж мэдүүлэх зүйлгүй, гэв.

 

Шүүгдэгч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Бусдын автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүй жолоодсон асуудлаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /хх-93-95/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-31-33/ “..2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед өөрийн эзэмшлийн тоёота приус маркийн 38-97 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Энхбаярын зам дагуу явж байхад эмэгтэй хүн гар өргөөд такси авна гэсэн, хаашаа явах талаар асуухад Хайлааст руу явна гэсэн ба уг эмэгтэй нилээн согтуу ганцаараа явж байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 43-936 тоот хашааны гадаа ирсэн. Нөгөө эмэгтэй 6000 төгрөг болсон байна гэхэд манай гэр лүү дагаж ороод авчих гээд уг эмэгтэйн хамтаар гэр лүү нь дагаж ороход гэрт байсан нөхөр нь архи уусан согтуу байсан. Намайг хараад уурлаж босч ирээд намайг заамдаж аваад миний нүүрэн тус газарт цохиод чи манай эхнэрийг дагуулж янхандаж явчхаад надаас мөнгө авна гэнээ гээд дайраад байхаар нь би тэр эрэгтэйд би таксины мөнгөө авахаа болилоо гээд гэрээс нь гараад өөрийн автомашинд суугаад асаагаад явах гэтэл нөгөө эрэгтэй араас гарч ирээд миний машиныг явуулахгүй урд талд хааж зогсоод миний урд талын цонхыг гараараа цохиод цонхны шил цуулсан, тэгээд миний хажууд ирээд намайг эхнэртэйгээ хардаж дайраад миний нүүр лүү гараараа цохихоор нь би автомашинаасаа буугаад тэр хүнээс зугтаагаад гудамж уруудаад төв зам тийшээ гүйсэн. Тэр залуу араас хөөж байгаад буцсан. Би гар утсаараа 102-т намайг хүн зодоод байна гээд дуудлага өгөөд зам дагуу зогсож байхад миний тоёота приус маркийн 38-97 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл төв замаар доош уруудаад яваад өгсөн. Тэгэхээр нь гайхаад нөгөө залууг унаад явчихлаа гэж бодоод дахин 102-т автомашин алга болчихлоо гэсэн дуудлага өгчхөөд буцаад нөгөө айл руу очиж эхнэртэй нь уулзах гээд явж байхад машин буцаад хүрээд ирэхээр нь замд нь зогсоогоод жолоочийн хаалгыг онгойлгоход такси барьсан эмэгтэй буюу Буяннэмэх жолоочийн суудлаас бууж ирсэн. Чи яагаад миний машиныг зөвшөөрөлгүй унаж байгаа юм бэ гэж хэлээд машинаа унтраагаад түлхүүрээ аваад байж байхад цагдаагийн байгууллагынхан болон тэр эмэгтэй миний машиныг унаж байгаад зам тээврийн осол гаргасан гээд мөргүүлсэн 2 машин хүрээд ирсэн. Тэр эмэгтэй жолооч биш байсан. Нөхөр нь намайг цохих гээд эхнэрээ хардаад дайраад байхаар нь би машинаа хөдөлгөж явж чадахгүй асаалттай, түлхүүрийг нь дотор нь үлдээгээд зугтаасан юм. Намайг гэрээс нь гарахад Буяннэмэх гэртээ үлдсэн. Хохирлыг нотариатаар гэрээ байгуулан тодорхой хугацаанд төлж барагдуулахаар Буяннэмэхтэй тохирсон боловч төлөөгүй байгаа..”, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “..Буяннэмэх миний машинд учруулсан хохирол болох 1.046.000 төгрөгийг төлж барагдуулсан. Буяннэмэх нь миний машиныг зөвшөөрөлгүй авч явчхаад өөр машинтай мөргөлдөж машины буруу талын карло болон 2 хаалганд сэв суулгасан байсан болохоор уг үнэлгээний үнээр хохирлоо барагдуулж авсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:/хх-39/ “..22 цаг өнгөрч байхад Буяннэмэх гаднаас согтуу орж ирээд таксины мөнгө нэхээд байсан. Би таксины мөнгө байхгүй, сална гэж явчхаад юун эрэгтэй дагуулж ирээд хүн доромжлоод байгаа юм бэ гээд маргалдсан чинь таксины жолооч надаас мөнгө нэхээд байсан ба тэр жолооч гарч яваад машин дээрээ очихоор нь би араас нь очоод машины жолоочийг явуулахгүй гээд машины цонхыг цохиход гараад ирсэн. Бид 2 хашааны гадаа барьцалдаж аваад байж байхад Буяннэмэх автомашиныг жолоодоод яваад өгсөн. Цэндсүрэн Буяннэмэхийг өөрийн машиныг жолоодохыг зөвшөөрөөгүй. Тэр үед машин асаалттай байсан. Би Буяннэмэхийг эрэн сурвалжилж байгаа талаар 2021 оны 01 дүгээр сард мэдсэн. Тэгээд Буяннэмэхэд хэлэхэд хохирлоо төлчхөөд очно гээд очихгүй байсан. Буяннэмэх 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Цагаан хад гэх газарт байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод баривчлуулсан. Буяннэмэх одоо жирэмсэн биш..” гэсэн мэдүүлэг,

 

 Б.Бийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлд: /хх-45-47/ “..яллагдагч Б.Б нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 43 дугаар гудамж 936 б тоотын гаднаас Янмал ХХК-ийн хажуу тал хүртэл нийт 500 орчим метр газарт тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй жолоодож зам тээврийн осол гаргасан болохыг заалгав.. гэсэн тэмдэглэл, Зам тээврийн осол гаргасан талаарх холбогдох материал /хх-14-25/, шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 43-936 тоотын гаднаас Ц.Цэндсүрэнгийн эзэмшлийн Тоёота приус маркийн 38-97 УНҮ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бийн үйлдэл хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээрх оногдуулсан ялаас шүүгдэгч Б.Б нь 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийг торгуулийг төлж барагдуулсан байх бөгөөд түүний төлөөгүй үлдсэн 1650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 төгрөгийн торгуулийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2150 нэгжтэй 2.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бэд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч учирсан хохирлыг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын эдлээгүй үлдсэн 1650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 төгрөгөөр торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.150.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 2150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.150.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд төлөхийг даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

6. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР