Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/382

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Ц.Х /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шинэ овогт Цэнхэржавын Хасбаатарт холбогдох эрүүгийн 2111000710271 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 12-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, “Чойр минералс”, “Өртөөтхайрхан” ХХК-ний захирал, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1 дүгээр 40 мянгат гудамжны 53а байрны 23 тоотод оршин суух, урьд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1, 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УО69071211.

 

Шүүгдэгч Ц.Х нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Дундговь аймагт хайгуулын лиценз авч, жоншны уурхайд хамтран ажиллая гэж О.Гийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 30-наас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны хооронд нийт 17.611.000 төгрөгийг Ч.Болор-Эрдэнэ гэх хүний дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

 

Шүүгдэгч Ц.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  /хх-24 / “..Би анх Гансүх гэх хүнтэй 2019 оны өвөл танилцаж байсан юм. Түүнээс хойш байнгын холбоотой байж байгаад 2020 оны 1 дүгээр сард би түүнд Дундговь аймагт түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз буюу цагаан чулууны лиценз авч хамтран ажиллаж санал тавьсан. Уг саналыг Гансүх зөвшөөрөөд хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гаргуулахаар түүнээс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 11.000.000 төгрөгийг Ч.Болор-Эрдэний гэх өөрийн бэр охины дансаар авсан. Дараа нь лицензын эхний жилийн төлбөр төлнө гэж хэлээд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бэр охин болох Ч.Болор-Эрдэний Хаан банкны 5163300376 дугаарын дансаар 4.611.000 төгрөг, дараа нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2.500.000 төгрөгийг зээлээч гэж хэлээд зээлсэн юм. Би Гансүхээс уучлалт гуймаар байна. Хийсэн зүйлээсээ ичиж байна. .” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч О.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-9-10/ “..Анх Хасбаатар гэх хүнтэй 2019 онд хүргэн ахын найзаар дамжуулж танилцсан юм. Тухайн үед Хасбаатар өөрийгөө жоншны худалдаа, уурхай эрхэлдэг гэж байсан юм. Мөн анх намайг Говьсүмбэр аймагт байдаг жоншны уурхай үзүүлээд уг уурхайгаа өөрөө ажиллуулдаг жоншны уурхай ашигтай гэж надад уг уурхайн талаараа дэлгэрэнгүй ярьж байсан юм. Түүнээс хойш Хасбаатартай байнгын холбоотой болж Жоншны уурхай хамтран ажиллуулах талаар ярилцаж байсан ба 2019 оны 10 дугаар сард би Хасбаатартай хамт БНХАУ руу явж миний танилуудад Жоншны уурхайн чиглэлээр танилцуулж хамтран ажиллах түнш олохоор явж байсан юм. Үүнээс хойш 1 сар орчмын дараа буюу 2019 оны 11 дүгээр сард миний танил БНХАУ-ын иргэд Жоншны уурхайтай танилцахаар 8 хүний бүрэлдэхүүнтэй ирэхэд Хасбаатар уг иргэдийг дагуулан Говьсүмбэр болон Дундговь аймгаар дагуулан явж миний эзэмшлийн газар гэж хэлэн бид нарт үзүүлээд БНХАУ-ын иргэдийг буцаан явуулсан юм. Түүнээс хойш Хасбаатар, БНХАУ-н иргэд бид нар хоорондоо байнгын холбоотой байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сард Хасбаатар дээрх БНХАУ-ын иргэдэд эхний ээлжинд БНХАУ руу жонш худалдах санал тавьж байсан юм. Уг яриа болсоноос хойш Ковид-19 дэлгэрээд бид нар үйл ажиллагаа явуулж чадаагүй байсан ба 2020 оны 01 дүгээр сард БНХАУ-н иргэд Ковид-19 өвчинтэй холбогдуулан удаад байгаа учраас хоёулаа хамтарч ажил хийе гэсэн санал тавьсаны дагуу Дундговь аймгийн шинэ талбайд цагаан чулууны хайгуул хийж шинэ ордтой болохоор тохиролцоод хайгуулын ажлын санхүүг хувааж гаргахаар болж би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Берлин зоогийн газар үйлчлүүлж байхдаа өөрийн Хаан банкны 5720350926 дугаарын данснаас интернет банк ашиглан 11.000.000 төгрөгийг надад өгсөн Чойжилсүрэнгийн Болор-Эрдэнэ гэх хүний Хаан банкны 5163300376 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Үүнээс хойш надад хайгуулын ажил төлөвлөсний дагуу явагдаж байна гэж хэлж байсан ба би тухайн үед нь очиж үзэж амжаагүй юм. Түүнээс хойш 2020 оны 3 дугаар сард Хасбаатарын гэрийн ойролцоо бид 2 уулзахад надад 3,4 ширхэг цагаан чулууны дээж үзүүлж 1 ширхгийг нь надад өгөөд 2 ширхгийг нь “Геологийн төв лабораторид шинжилгээнд өгнө” гэж хэлээд аваад явсан юм. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр над руу залгаад хайгуулын лиценз гарсан лицензний эхний жилийн төлбөрийг нь чи төлчих гээд надад дээрх Ч.Болор-Эрдэнэ гэх хүний дансыг өгөхөөр нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өөрийн 5561313010 дугаарын Хаан банкны данснаас 4.611.000 төгрөгийг лицензний эхний жилийн төлбөр болгож шилжүүлсэн Үүнээс хойш надад лиценцээ үзүүлэхгүй гарчихсан байгаа гэж байсан ба 2020 оны 4 дүгээр сард би түүнд Дундговь аймагт байрлах цагаан чулууны газрыг үзэх санал тавьсан боловч завгүй байна дараа үзүүлье гэсэн тайлбар хэлж хойшлуулсаар байгаад 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би Чойр дээр жонш ачуулаад байна чи надад 2.500.000 төгрөг зээлээч гэхээр нь мөн дээрх Ч.Болор- Эрдэнэ гэх хүний данс руу өөрийн данснаас 2.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн кофе шопод байхдаа интернетээр шилжүүлж байсан. Үүнээс хойш би түүнээс зээлсэн 2.500.000 төгрөгийг асуутал би одоогоор мөнгөгүй байна гэх зэргээр хойшлуулж байгаад 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хасбаатар миний танил болох БНХАУ-ын иргэн Янд жонш худалдахаар болж жоншны урьдчилгаа төлбөр болгож өөрийн “Монгол жонш ХХК”-ний Худалдаа хөгжлийн банкны 417041242 дугаарын дансанд 40.000 юань буюу монгол мөнгөөр тухайн үеийн ханшаар 15.800.000 орчим төгрөгийг авсан ба урьдчилгаа мөнгө орж ирэхээр 1 вагон жоншийг БНХАУ руу явуулахаар болсон боловч явуулалгүй өдийг хүрсэн юм. Тухайн үед би байнга жонш юм уу мөнгөө эргүүлж авахаар Хасбаатараас нэхэж байсан боловч надад 2020 оны 8 дугаар сард 500.000 төгрөгийг надад өгөөд түүнээс хойш одоог хүртэл утсаа салгаад алга болчихсон байгаа юм.” Гэсэн мэдүүлэг,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-16/ “..Хаан банкны 51632000376 дугаартай дансыг Ц.Х намайг данс нээгээд өгөөч гэхээр нь 2019 оны зун нээж өгч байсан санагдаж байна. Нээлгэсэн өдрөөс хойш дансыг Ц.Х эзэмшиж байгаад 2020 оны намар нөхөрөөсөө салснаас хойш би Ц.Хт хэлээд уг дансыг хаалгуулж байсан юм.,.2020 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын 01-ний хооронд дээрх дансыг Ц.Х ашиглаж байсан юм..” гэсэн мэдүүлэг, Ч.Болор-Эрдэнийн Хаан банкны 5163300376 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-26-38/, шүүгдэгч Ц.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-101/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-96/, оршин суугаа хаягийн тодорхойлол /хх-106/, хохирол төлсөн талаар шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт зэрэг бусад нотлох баримтууд болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Х нь Дундговь аймагт хайгуулын лиценз авч, жоншны уурхайд хамтран ажиллая гэж О.Гээс 2020 оны 01 дүгээр сарын 30-наас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны хооронд нийт 17.611.000 төгрөгийг Ч.Болор-Эрдэнэ гэх хүний дансаар шилжүүлэн авсан байна.

 

Шүүгдэгч Ц.Хын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч Ц.Х нь холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд улсын яллагчийн зүгээс яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэмт үйлдлийн арга, санаа зорилго, бусдад учруулсан хохирол түүнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр зэргийг хүлээн зөвшөөрч гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргаагүй бөгөөд хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Хаас улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугаа маргаагүй бөгөөд шүүхээс түүнийг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан нийт 17.611.000 төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 500.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 17.111.00 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч О.Гэд төлөх төлбөртэй болохыг шүүх тогтоосны дараа шүүгдэгч Ц.Хаас хохирогчид хохирол төлөх санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан болно.

 

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Ц.Хаас хохирогч О.Гэд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд төлөөгүй үлдсэн 14.111.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч олгуулах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Мөн түүнчлэн шүүгдэгч Ц.Хт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Хыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хаас 14.111.000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 101-17 тоотод оршин суух /РД:ЙЮ85111811/ олгосугай.

 

6. Шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР