Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1361

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Вагнер Ази Автомотив” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00747 дугаар шийдвэртэй, “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Отгонбаярт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 365 634 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжав, Ц.Цэцэнбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Вагнер Ази автомотив” ХХК нь иргэн Э.Отгонбаяртай 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1523 тоот автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүний дагуу урьдчилгаа төлбөр 79 920 000 төгрөгийг хүлээн авч, Рэнж ровер загварын автомашиныг худалдан авагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 243 756 000 төгрөгийг гурав хувааж, 2015 оны 11, 12, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус төлөхөөр тохиролцож хуваарь гаргасан. Гэтэл хуваарийн дагуу огт төлөлт хийгээгүй. Гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг худалдагч төлөхөөр тохирсон. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, уншиж танилцаж хийсэн гэрээ учраас 243 756 000 төгрөг, алданги 121 878 000 төгрөг, нийт 365 634 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Э.Отгонбаяр би 2015 оны 10 дугаар сарын 13-нд “Вагнер Ази автомотив” ХХК-иас Рэнж ровер загварын автомашиныг урьдчилгаа 79 920 000 төгрөгийг төлснөөр хүлээн авсан. Гэрээний үлдэгдэл төлбөрийг 3 сарын хугацаанд цувуулан төлөхөөр тохиролцсон байсан ч бизнесийн төлөвлөгөөт хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар саатсан учир төлбөрийг төлж чадаагүйг тус компанитай удаа дараа ярилцаж, хөрөнгө оруулалт ирмэгц үлдэгдэл 243 756 000 төгрөгийг саадгүй төлөхийг мэдэгдсэн. Түүнчлэн 2013-2016 оны хооронд хувьдаа болон компанидаа нийт 2 тэрбум гаруй төгрөгийн автомашиныг худалдан авч “Вагнер Ази автомотив” ХХК-ийн бизнест найдвартай түнш нь байж ирсэн учраас уг асуудлыг хуулийн бус, эвийн журмаар зохицуулахаа мэдэгдэж ирсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Отгонбаяраас 365 634 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Вагнер Ази автомотив” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 986 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 986 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-д үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг худалдагч талд төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ бол талуудын аль аль нь хүсэл зоригоо илэрхийлж, уншиж танилцсан” гэжээ.

Шүүх шийдвэр гаргахдаа “гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгээс өдрийн 0.3 хувийн алдангийг”, “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, төлбөр барагдуулах гэрээний 2.2-т заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож төлбөр авагч талд төлөхөөр тохирсон тохиролцооны дагуу хэтрүүлсэн хугацааны хоног тутамд алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн” гэж тус тус заажээ.

Талуудын байгуулсан гэрээнд “өдрийн 0.3 хувийн алданги” гэж заасан, гэтэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т “хоног тутамд” гэж маш тодорхой заасан. Энэ гэрээ анхнаасаа төөрөлдүүлсэн, хуулийн хязгаарлалтыг давсан хүчин төгөлдөр бус гэрээ байна. Хуулинд хоног тутамд гэж заасан. Өөрөөр хэлбэл, хоногт 24 цаг байдаг. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу тооцвол хоногт 0.6 хувь болж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 121 878 000 төгрөгийг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Вагнер Ази Автомотив” ХХК нь хариуцагч Э.Отгонбаярт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 365 634 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай №WF-1523 тоот гэрээг байгуулж, үүгээр Э.Отгонбаяр нь “Вагнер Ази Автомотив” ХХК-иас Ренж Ровер загварын автомашиныг 365 634 000 төгрөгөөр худалдан авч, төлбөр хийх хугацааг харилцан тохиролцсон байна. /хх 7-11/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж эрх зүйн харилцааг зөв дүгнэжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь тухайн гэрээний шинжийг агуулаагүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт болон автомашин хүлээлцэх хуудас зэрэг нотлох баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл худалдан авагч нь төлбөрийн үлдэгдэл 243 756 000 төгрөгийг худалдагчид 3 сарын хугацаанд, хүүгүй төлөх үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлсон шүүхийн дүгнэлт оновчтой, зөв болсон гэж үзнэ.

Гэрээний 2.1.2-т заасан дээрх төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгээс өдрийн 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон талуудын хүсэл зориг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож, 121 878 000 төгрөгийн хэмжээнд алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх алдангийг гэрээнд заасан өдрийн 0.3 хувийн алданги төлөх гэснийг хоног тутамд тооцож буруу шийдвэр гаргасан гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 767 340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА