Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00545

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 597 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Э.Б, Ө.Х нарт холбогдох,

Гэм хорын хохирол 8.801.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ө.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрт явж байхад Э.Б, Ө.Х нар согтуугаар зодож дээд 1 шүд, доод 4 шүдийг гэмтээсэн. Уг 5 шүдийг засуулах, шинээр имплант шүд хийлгэх нийт зардал 9.000.000 төгрөг болох бөгөөд 1 шүд бүрийг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн. Дээд үүдэн шүд болон доод үүдэн шүдний бэхэлгээ хийлгэхэд 2.650.000 төгрөгийн зардал гарсан. Дээд үүдэн шүдэнд имплант шүд хийлгэж байгаа бөгөөд Э.Б 1.000.000 төгрөгийг төлсөн. Харин Ө.Х огт төлбөр төлөөгүй. Доод 4 шүдэнд бэхэлгээ хийсний төлбөр 700.000 төгрөг, замын зардал 121.000 төгрөг нийт 8.821.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Э.Б, Ө.Х нараас гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед хохирогч Б.Б-эд эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр Ө.Хтэй хуваан төлж барагдуулна. Хохирогч Б.Б-э нь 8.800.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэсэн нотлох баримт одоогоор байхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ө.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Эмчилгээний зардалд 1.703.300 төгрөг нэхэмжилснээс би 1.024.300 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүх хуралдаанд хохирогч өөр эмчилгээний төлбөр байхгүй, төлбөрийн талаар маргаагүй талаар тайлбар гаргаж байсан. Нэхэмжилж байгаа нэхэмжлэл нь баримтын хувьд нотлогдохгүй байна. 4 шүдний эмчилгээний төлбөр 700.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, эмчилгээ хийлгэсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 597 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Х, Э.Б нараас 2.751.000 /хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.050.000 /зургаан сая тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч нараас 58.966 /тавин найман мянга есөн зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгох шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр магадлалаар: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 597 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ө.Хгээс 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, Э.Баас 4.731.000 /дөрвөн сая долоон зуун гучин нэгэн мянга/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Б-эд олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагч нараас 5.8966 /тавин найман мянга есөн зуун жаран зургаан/ төгрөгийг гэснийг хариуцагч О.Хэрлэнгээс 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч Э.Баас 90.646 /ерэн мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөг тус тус гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлын төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...баримтаар нотлогдоогүй гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан ...үлдэгдэл 6.050.000 төгрөгийг гүйцэд шийдвэрлээгүй... гэх гомдлыг хүлээн авч, Хариуцагч Ө.Хгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 58.966 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ө.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.19 ны өдрийн 597 тоот шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018,12.25 ны өдрийн 24 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргах нь:

Нэхэмжлэгч Б.Б-э нь 8821000 төгрөгийг нэхэмжилсэн ба гэмтсэн гэх 5 шүдэнд имплант шүд хийлгэнэ гэж нэхэмжилсэн. Гэтэл эрүүгийн хэрэгт 4 шүд буюу дээд шүд 11, доод шүд 31,41,42 шүд гэмтээсэн болох нь 2017.05.30 ны өдрийн 157-р шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон баримт хэрэгт авагдсаныг анхаарч үзээгүй. /хавтаст хэрэгт 2017.08.02 ны өдрийн 93 тоот шийтгэх тогтоолын хуулбар/ Дээрх гэмтсэн гэх 4 шүдний дээд шүд хугарсан ба доод 3 шүдэнд сулрал тогтоогдсон ба өнөөдрийг хүртэл доод 3 шүд унаагүй байгаа билээ. Гэтэл доод гурван шүдэнд имплант хийнэ гэх нотлогдоогүй үндэслэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ИХШХШ тухай хуулийн 40 р зүйлийн 40.1 заалтыг зөрчсөн. Учир нь 2018.06.08 ны өдрийн 06/02 тоот тодорхойлолт бодитой биш болохыг гэрчээр оролцсон “Энхийг цацруулагч” эмнэлгийн захирал Н.Мөнхчулуун гэрчилсэн ба нэхэмжлэгч нарыг гуйгаад байхаар нь дээрх баримтыг бичиж өгсөн болохоо шүүх хуралдаан дээр гэрчилж мэдүүлэг өгсөн баримтын эх бичлэгийг шүүх хуралдаан дээр судлуулсан баримтыг анхаарч судлаагүй байна. Дээд шүдний имплант хийлгэх 1024300 төгрөгийг Ө.Х төлсөн ба уг төлбөрийг төлсний дагуу 1 имплант шүд хийгдэж байгаа гэх бөгөөд цэрэгт явсан гэх шалтгаанаар шүдээ бүрэн гүйцэд хийлгээгүй талаар шүүхэд нэхэмжлэгч тайлбар гаргаж байсан ба хэрэгт хэд хэдэн төлбөрийн баримт ирүүлсэн ба аль баримтыг үндэслэн төлбөрийг гаргуулах нь тодорхойгүй байхад үндэслэлгүй нэхэмжлэлийг хангасан байна. Хэрэгт нэг шүд 1800000 төгрөг болсон талаарх баримт уг эмнэлгээс өгсөн атлаа гэрч Н.Мөнхчулуунаас асуухад 2650000 төгрөг болсон мэт мэдүүлэг өгсөн ба аль баримт нь үнэн зөв болохыг давж заалдах шатны шүүх анхаарч шийдвэрлээгүй. Урьдчилсан эмчилгээний төлбөрийн баримт гэх Энхийг цацруулагч эмнэлгийн 2018.06.08 ны өдрийн 06/02 тоот тодорхойлолт баримтыг зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд доод 3 шүд унаагүй байхад авахуулах юм шиг, авахуулаад имплант шүд зайлшгүй хийх шаардлагатай байгаа мэт нотлох баримтыг үнэлж Иргэний хуулийн 228 р зүйлийн 228.4 заалтыг буруу тайлбарлан хэрэглэж төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй байх тул Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.19 ны өдрийн 597 тоот шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.25 ны өдрийн 24 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.  

Нэхэмжлэгч Б.Б-э нь хариуцагч Э.Б, Ө.Х нараас 8.801.000  төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлжээ.

Булган аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Э.Б, Ө.Х нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Быг 3, Ө.Хг 2 жилийн хорих ялаар шийтгэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хэргийг шийдвэрлэх үед эмчилгээний зардалд 1.720.000 төгрөг төлсөн ба  хохирогч цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх  эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн, энэ талаар маргаагүй байна.  

Хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн дээд үүдэн баруун 1 дүгээр шүдэнд булгарал, доод үүдэн 31, 41, 42 дугаар шүднүүд суларсан гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх гэмтлийн улмаас нэхэмжлэгч дээд шүдэнд имплант суулгасан, улмаар доод шүднүүд хөдөлгөөнд орж, хиймэл шүд хийлгэх шаардлагатай болсон, 1 шүдийг хийх зардал 1.800.000 төгрөг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, эдгээр баримтыг хариуцагч нар үгүйсгэж чадаагүй байна /хэргийн 55-61 дүгээр тал/.

Харин  эмчилгээний зардалд нэхэмжилсэн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч Э.Б “...тухайн үед эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн, эмчилгээ хийлгэсэн гэх баримт байхгүй”  гэсэн бол хариуцагч Ө.Х “...дээд шүдэнд хийсэн эмчилгээний зардлын үлдэх хэсгийг Э.Бтай хувааж төлнө, харин доод 3 шүдийг эмчлүүлсэн нь тодорхойгүй, баримтгүй” гэх тайлбар гаргаж, маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардал нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсоноос гадна нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг талаар дүгнэлт өгч, хариуцагч нарын гэм буруугийн байдлыг харгалзан Ө.Хгээс 3.500.000 төгрөг, Э.Баас 4.731.000 төгрөг  гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч нарын үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн доод 4 шүднүүд суларч хөдөлгөөнд орсон нь тогтоогдсон, улмаар хиймэл шүд хийлгэх шаардлагатай тул энэхүү зардлыг шаардсан нь хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг зөрчөөгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ө.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ