Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0506

 

   “Т-У к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Б.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.А нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 549 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0466/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т-У к” ХХК-иас Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.А нарт тус тус холбогдуулан “Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.А нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 549 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, 47 дугаар зүйлийн 47.18, 47.19, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэг, 81.1.3, 81.1.4 дэх заалт, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т-У к” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.А нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр Татварын улсын байцаагч С.Д, Ё.Э-О нар “Т-У к” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 20260028 дугаартай дүгнэлт үйлдэж, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн. Улмаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 705 дугаар прокурорын тогтоол нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарсан байх боловч тус тогтоолыг Баянгол дүүргийн татварын хэлтэс 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/1406 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хүргүүлснээр 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан.

            Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу татвар төлөгч татварын асуудлаар хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зохицуулалттай.

            Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 оны/-ийн 209 дүгээр зүйлийн 209.4 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө” гэж, 209.5 дахь хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно” гэж тус тус заасан. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг мэдэгдэх, гомдол гаргах журмыг тайлбарлах үүрэгтэйг хуулиар зохицуулсан байна. Тус үүргээ прокурор хэрэгжүүлээгүй тохиолдолд сэжигтэн, яллагдагч, хохирогчдын гомдол гаргах эрхийг хязгаарлах эрх зүйн сөрөг үр дагавар үүснэ.

            Өөрөөр хэлбэл, прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг татварын алба зохих журмын дагуу мэдээгүй бөгөөд албан бичгээр хандаж байж гардан авч танилцсан буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/3500 албан бичгээр татварын алба хүлээн авч, мэдсэн үед эцсийн шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй юм.

            Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэл болгосон хэм хэмжээг хэргийн бодит нөхцөл байдал, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид үндэслэлгүй хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байна. Зүй нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйл “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно” гэж заасан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хэм хэмжээг баримталсан хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 25-д “Шүүхээс нэгэнт хариуцагч нарын гаргасан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг Татварын ерөнхий хуулийн 15.1, 15.4 дэх хэсгийг зөрчиж гарсан гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан бусад үндэслэл болох 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчээс өмнө төлсөн нөхөн татварыг давхардуулсан ногдуулсан гэх үндэслэлд тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй” гэжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдах ёстой. Шүүх талуудын маргаж буй асуудалд бүрэн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгч талын нэг шаардлагыг хангаснаар хэргийг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэж, нөгөө шаардлагыг дүгнэлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

            Нэхэмжлэгчийн үндсэн хоёр шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Шүүх хуралдааны явцад ч нэхэмжлэлийн шаардлагын эсрэг хууль ёсны байр сууриа илэрхийлсэн.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

            2.1. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Т-У к” ХХК-ийн 2010-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийг анхан шатны баримт, санхүүгийн тайлан, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 260028 дугаар дүгнэлтээр 625 635.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаантай худалдан авалтыг санхүүгийн тайлан тэнцэл, нэмэгдэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг санаатайгаар буруулан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэж байжээ.

            2.2. Хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 705 дугаартай прокурорын тогтоолоор 201201000074 дугаартай эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг Баянгол дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн гэх үйл баримт огт тогтоогдохгүй байна.

            2.3. Тодруулбал, Баянгол дүүргийн татварын хэлтсээс албан бичиг хүргүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/3506 дугаар албан бичгээр прокурорын тогтоолыг хуулбарлан хүргүүлжээ. Мөн Татварын ерөнхий газраас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/2272 дугаар албан бичгээр “... 45 дүгнэлтэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарсан байна, ... Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байх хугацаандаа хохирлоо төлж, өршөөлийн хуульд хамрагдсан татвар төлөгчийн төлөлтийг шалгаж, төлөлт бүртгэгдсэн тохиолдолд Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг үндэслэн ногдол үүсгэх замаар илүү төлөлтийг хааж шийдвэрлэх...” чиглэлийг Том татвар, төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст хүргүүлжээ.

            2.4. Дээрх ажил сайжруулах чиглэлд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга мөрдөж эхэлснээс хойших хугацаанд гардаж авсан прокурорын тогтоолтой дүгнэлтийг захиргааны акт болгохдоо Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно” гэж заасныг баримтлан Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасныг үндэслэн татварын улсын байцаагчийн бичиж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн өдрөөс эхлэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарч, түүнийг гардан авсан өдрийг хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж тоолно” гэсэн бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 705 дугаар тогтоолыг гардан авсан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

            2.5. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч компаниас нэмэгдсэн өртгийн албаны татварын хуурамч падаантай худалдан авалтыг санхүүгийн тайланд тусгаж, татвар ногдох орлогоо буруу тодорхойлсонтойгоо маргаагүй төдийгүй энэ нөхцөл байдал нь прокурорын тогтоолоор нэгэнт тогтоогдсон байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тогтоол гаргасан болохоо мэдэгдээгүй, 2020 онд татварын байгууллага өөрөө албан бичиг явуулан, хариуг хүлээн авснаар уг тогтоол гарсныг мэдэж, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаар нөхөн ногдуулалтын актаар 29 372 745.5 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 5.1.1-д “зайлшгүй байх;”, 5.1.3-д “шударга байх;” зарчимд нийцжээ.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хууль /2019 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т-У к” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.А нарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.А нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН