Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Ө.Мягмардорж,

Шүүгдэгч Ө.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батбаяр /үнэмлэх 0-200/,

нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хүрэнгэлэнгийнхэн овогт Өнөрсайханы Мягмардоржид холбогдох эрүүгийн 201625020912 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад яллагдагчийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай  аймаг, Жаргалан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нагац эгч, хүргэн ах, хоёр хүүхдийнх нь хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 38 дугаар гудамж, 522 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 10 дугаар хороо 23 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хүрэнгэлэнгийнхэн овогт Өнөрсайханы Мягмардорж, РД: ДЖ89081511,

           

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ө.Мягмардорж нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол улсын боловсролын их сургуулийн замын урд талд автобусны буудал дээр “Улаанхуаран-БММЗ” маркийн автобусанд хохирогч Б.Эрхэмбаярын өмдний халааснаас “Айфоне 6 гоулд” загварын шаргал өнгөтэй гар утсыг хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Мягмардорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингисийн талбайн урд талын автобусны буудлаас 13 дугаар хороололын автобусны буудал руу хүнтэй уулзах гээд автобусанд суусан. Тэгээд Багшийн дээдийн автобусны буудал дээр автобус зогсох үед хохирогчийн баруун талын өмдний халаасанд гар утас нь цухуйсан байхаар нь аваад буусан. Тухайн утсыг ашиглаж болохгүй байхаар нь өөртөө байлгаж байсан. Хулгайн үйлдлийн хувьд гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Ө.Мягмардорж нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим Чингисийн талбайн автобусны буудлаас Улаанхуаран-БММЗ чиглэлийн автобусанд суугаад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол улсын боловсролын их сургуулийн замын урд талын буудал дээр автобус зогсох үед үл таних эрэгтэй хүүхдийн өмдний баруун талын халааснаас гар утсыг нь баруун гараараа чихэвчийг нь салгаж аваад өмднийхөө халаасанд хийгээд автобуснаас буусан...” гэсэн мэдүүлэг. /хх 26 дугаар хуудас/,

Хохирогч Б.Эрхэмбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим 19 дүгээр хороололын автобусны буудлаас БММЗ-Улаанхуаран чиглэлийн автобусанд суугаад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол улсын боловсролын их сургуулийн замын урд талын автобусны буудал дээр буух үедээ өмдний баруун халааснаасаа гар утсаа алдсан. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Миний утас гоулд өнгөтэй “Айфоне 6 Эс” маркийн шинэ утас байсан. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...Би ажилтай учир шүүх хуралд суухгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг. /хх 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Ууганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр албан үүргээ гүйцэтгэхдээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол Улсын Багшийн Их сургуулийн замын урд талын автобусны буудал дээр Улаан-хуаран БММЗ чиглэлийн автобусанд иргэн Б.Эрхэмбаяр халааснаасаа гар утсаа алдсан хэрэг дээр биечилсэн сурвалжлага хийж ажиллахдаа Ө.Мягмардоржийг сэжиглэж эрэн сурвалжилан 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр дуудахад өөрөө ирээгүй. Хулгайлж авсан “Айфоне-6 гоулд” маркын гар утсыг Ү.Энхзоригоор авчруулсан байсан. Тэгээд Ө.Мягмардорж нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр манай ажил дээр ирээд гэмт хэрэг үйлдсэн талаараа тайлбар өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх 17 дугаар хуудас/,

Гэрч Ү.Энхзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ө.Мягмардорж ахтай өдөр уулзаад байж байтал Мягаа ах намайг “халаасны төлөөлөгч дуудаад байна, чи Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очоод энэ утсыг аваачаад өгчих” гэж хэлсэн. Би очоод өгсөн чинь намайг хулгайлсан хүн гэж андуураад мэдүүлэг авах гээд байсан. Тэр өдөр надад “Айфоне-6 гоулд” маркийн гар утас өгч явуулсан. Би тухайн үед учрыг нь сайн ойлгоогүй, хулгайн утас гэж бодоогүй...” гэсэн мэдүүлэг. /хх 18 дугаар хуудас/,  

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

 

  • “Айфоне-6 гоулд” загварын гар утас – 950.000 төгрөг” гэжээ. /хх 11 дүгээр хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 31 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 дүгээр хуудас/, шүүгдэгч Ө.Мягмардоржийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх  19, 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ө.Мягмардорж нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн замын урд талд байрлах автобусны буудал дээр “Улаанхуаран-БММЗ” чиглэлийн автобусанд хохирогч Б.Эрхэмбаярын өмдний халааснаас “Айфоне 6 гоулд” загварын шаргал өнгийн гар утсыг хулгайлсны улмаас 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Эрхэмбаяр, гэрч Б.Ууганбат, Ү.Энхзориг нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ө.Мягмардоржийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул хуульд заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Ө.Мягмардоржид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн гар утсыг буцаан өгч гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэн үзлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Ө.Мягмардоржид “Айфоне 6 гоулд” загварын гар утсыг буцаан өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Мягмардорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хүрэнгэлэнгийнхэн овогт Өнөрсайханы Мягмардорж бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мягмардоржийг 200 /хоёр зуун/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Ө.Мягмардорж нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Ө.Мягмардорж хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ө.Мягмардоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН