Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 41

 

 

 

Ч.Мөнхзулд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэгбаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 132 дугаар шүүгчийн захирамжтай, Ч.Мөнхзулд холбогдох эрүүгийн 173600110046 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрэгтэй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Чулуунбаатарын Мөнхзул нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1-14 тоот хашаанд 2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө иргэн Х.Эрдэнэбаяртай маргалдаж түүнийг цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн нэг дэх хэсэгт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэпд “...нас бараад 4-6 цагийн орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой...” гэсэн нь шинжээчээс өгсөн ойлголт уу, мөрдөгчөөс гаргасан анагаахын ойлголтын аль болох нь эргэлзээтэй. Хэргийн газрын үзлэг шинжээч эмч оролцсон эсэх, Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж талийгаачийн нас барсан шалтгаанд урьдчилан дүгнэлт хийсэн нь мөн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй эсэхийг тодруулах, хэргийн газрын үзлэгт хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шинжээч Энхбаяр, эрүүгийн төлөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулсан боловч оролцогч нарт уншуулж танилцуулан гарын үсэг зуруулав гэсэн атлаа энэ талаар тэмдэглэлд тусгаагүй байна... гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн яг ямар заалтыг зөрчсөн нь ойлгомжгүй, мөрдөгчийн зүгээс талийгаачийн нас барсан шалтгааныг хэргийн газрын үзлэгт дурьдсан зүйл байхгүй байхад шүүгчийн захирамжинд нас бараад 4-6 цаг орчим болсон гэж хугацааны асуудлыг шууд үхлийн шалтгаантай холбож нас барсан шалтгаан болгон дурьдаж буруу дүгнэлтэнд хийсэн гэж үзэхээр байна. Анх яллагдагч нарын зүгээс нас барсан хүнийг үзүүлэхээр аймгийн эмнэлгийн түргэн тусламжийн утсанд дуудлага өгч эмч О.Түвдэнням ирж талийгаачийг үзээд нас барсан талаар хэлж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Дуудлагын дагуу мөрдөгч ирж эмч О.Түвдэннямтай уулзаж нас барсан цагийн талаар сонссон зүйлээ хэргийн газрын үзлэгт дурьдсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ талаар эмч О.Түвдэнням мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт тодорхой дурьдсан байдаг.

            Харин хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд шинжээч эмч оролцсон талаар дурьдаагүй байх тул шинжээчээс өгсөн дүгнэлт гэж шууд ойлгох боломжгүй юм.

            Мөн хэргийн газрын үзлэгт прокурор, шинжээч, эрүүгийн мөрдөгч нар нь оролцсон боловч энэ талаар гарын үсэг зуруулаагүй нь мөрдөгчийн бичиг техникийн шинжтэй алдааны асуудал болохоос биш хэргийн газрын үзлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн ойлголт биш. Прокурор, шинжээч," эрүүгийн мөрдөгч нь хэргийн газрын үзлэгт заавал оролцох субьект биш учраас гарын үсэг зураагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой биш гэж үзэж байна.

            Мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Бямбасүрэн нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэн тэмдэглэл үйлдсэн бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.10-д заасны дагуу хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэн гэрэл зураг авч хавтаст хэрэгт хавсаргасан нь хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа юм. Түүнчлэн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааснаар дээрх гарын үсэгнүүдийг хэргийн газрын үзлэгт нөхөн зуруулах боломжтой эсэх, хэргийн газрын үзлэгт гарын үсгүүдийг нөхөн зуруулсан нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нэг үндэслэл болгосон байна

            Мөн захирамжид ...гэрч О.Түвдэнням мэдүүлэгтээ ...ягаан өнгийн хөнжлөөр хүзүүнээс доош бүтээсэн хүн байсан...З-4 цагийн өмнө нас барсан байх боломжтой Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэжээ. Гэтэл ягаан өнгийн хөнжлийн талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ямар нэгэн байдлаар тусгаагүй орхигдуулсан байна... гэсэн нь мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй байх ба мөрдөгч хэргийн газрын үзлэгийг хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.10-д заасны дагуу хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэн гэрэл зураг авсан байх ба гэрэл зурагт талийгаачийг хучсан гэх ягаан өнгийн хөнжлийг гэрэл зургийг авч бэхжүүлсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно

            Мөн ягаан өнгийн хөнжилийг ямар учраас хохирогчийн дээрээс хучсан болохыг яллагдагч Ч.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн болно.

            Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шинжээч томилж шинжилгээ хийлгэх атал шинжээч томилсон тогтоолгүйгээр шинжээч томилж хохирогчийн татгалзан гаргах эрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.11/, 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн мөн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд мөрдөгч нь талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоолгох зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж уг тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүү 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 62 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтийн шинжилгээнд авсан материал гэсний 2-т Шүүх химийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн139 тоот дүгнэлтэнд цусанд 2.8 промилли этилийн спирт илэрсэн. Шүүх биологийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 103 тоот дүгнэлтэнд: А/П/ бүлгийн цустай гэж дүгнэлтэнд тусгасан байх бөгөөд шинжилгээг хийх явцад цогцосноос цус авч цуснаас гарч болох химийн болон биологийн дүгнэлтүүдийг гаргаж, тогтоолд дурьдсан асуултанд тусгагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг тогтоох гэсэн заалтын дагуу дээрх дүгнэлтүүдийг гаргасан байна.

            Эдгээр дүгнэлтүүдийг гаргаснаар оролцогч нарын эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба үхлийн шалтгаан тогтоох шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол болон шүүхийн шинжээч эмч Б.Цэндхүүгийн 62 дугаартай дүгнэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч, бусад оролцогч нарт танилцуулан санал хүсэлтийг авч шийдвэрлэсэн байна.

            Мөн хохирогчийн хууль бсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс удаа дараа гаргасан хүсэлтүүдийн дагуу хэрэгт дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргаж Х.Эрдэнэбаярын үхлийн шалтгааныг тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч болон хохирогч нарын хооронд болсон үйл явц, хоорондын харилцаа холбоо зэргийг шалгаж яллагдагч Ч.Мөнхзулын үйлдлийн улмаас хохирогч Х.Эрдэнэбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл авсан болох нь нотлогдсон байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар буцаасан нь үндэслэлгүй юм

            Захирамжийн 4 дэх заалтад гэрчийн биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах журмыг зөрчсөн гэсэн нь ойлгомжгүй хэрэгт гэрч Г.Батхүүгийн цус авсан, шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ажиллагаа нь яг ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн. Хэрэгт ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй байдлаар захирамжийн заалт болгож бичсэн гэж үзэхээр байна.

            Учир нь гэрч Г.Батхүү нь яллагдагч Ч.Мөнхзул болон хохирогч X.Эрдэнэбаяр нартай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бааранд хамт орсон, хэсэг хугацаанд хамт явсан.        Яллагдагч, хохирогч нарын хооронд ямар харилцаа бий болсон яллагдагч, хохирогч нар нь хэр хэмжээтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдэж байгаа гэрч болохоос биш хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд эргэлзээ төрүүлэхүйц байдЛыг бий болгож байгаа гэрч биш, хэргийг прокурорт буцааснаар гэрчийн биенээс дахин цус авч шинжилгээнд өгөх боломжгүй хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэхээр байна.

            Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд. бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасан байдаг. Дээрх захирамжид дурьдсан асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй байна.

            Мөн захирамжид гэрч Э.Отгонбилэг. X.Оюунсувд нарын мэдүүлэгүүд хоорондоо зөрүүтэй. Яллагдагч Ч.Мөнхзулийн “...би тасарсан байсан болохоор мэдэхгүй байна. Эхнэрээсээ болсон зүйлийн талаар асуусан болохоор сонссон зүйлээ мэдүүлсэн..." гэснийг анхаарч мэдүүлгүүдийн зөрүүг арилгах гэсэн нь мөн үндэслэлгүй байна гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Г.Нандин-Эрдэнийн “...Гэрийн хаалгаа цоожлоогүй онгорхой байсан. Гэрийн хаалга нь дутуу хаагдсан заагтай байсан. Би хаалгаар нь шагайгаад хэлчихээд явсан..." гэх мэдүүлэг, гэрч Х.Оюунсувдын гэх мэдүүлэг, гэрч Э.Оюунбилэг, Ч.Мөнхзулын яллагдагчаар өгсөн, гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэрэгт хэргийн болсон явц, яллагдагч Ч.Мөнхзул, хохрогч Х.Эрдэнэбаяр нарыг хоорондоо зодолдсон, зодолдож байхад нь салгаж гэрт оруулсан, хохирогч Х.Эрдэнэбаяр өөрөө гэрээс гарч осгож нас барсан талаар гэрч нар нь өөр өөрийнхөө ойлгомжтой байдлаар мэдүүлсэн байхад мэдүүлгүүд зөрүүтэй гэсэн нь үндэслэлгүй байх ба анхан шатны шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулан мэдүүлэг авах боломжтой, улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт гэрч оролцуулах хүсэлтийг гаргасан байгаа ба гэрч нарын мэдүүлгийг сонсох ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэж болохгүй ажиллагаа биш гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй танилцаад гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй хууль зүйн үндэслэлтэй гарсан.

            Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдаг.

            Хохирогч Х.Эрдэнэбаяр нь энгийн нүдээр харахад биедээ гэмтэлтэй, гадны нөлөөтэй байдалтай нас барсан байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа осгож нас барсан гэдэг үндэслэлээр хандаж мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан. Хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн, хохирогч хэдийд ямар шалтгаанаар нас барсныг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, хохирогчийн цогцос ямар байдалтай байсан нь эргэлзээтэй. Мөн шинжээч томилох, шинжилгээ хийх журмыг зөрчсөн.

            Х.Эрдэнэбаярын цогцос олдох үед хамар амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай байсан ба гэмтэл авах үедээ цус алдсаны улмаас амь насаа алдсан байх нөхцөл байдал тогтоогддог. Шинжээч эмчийн хохирогчийн цогцсонд задлан шинжилгээ хийгээд гаргасан дүгнэлт, шинжээчээр байцаах үед өгсөн хариултццд нь хоорондоо эрс зөрүүтэй, хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоогоогүй байх тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж, хохирогчийн үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох шаардлагатай байна.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ойлгомжгүй бичигдсэн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэлээр явагдсан тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.                                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

            Ховд аймгийн прокурорын газраас яллагдагч Ч.Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан   гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүх яллагдагч Ч.Мөнхзулд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Ч.Мөнхзулд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

             Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон шүүгдэгч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна.

            Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр заасан эхний заалтад заасан ажиллагаа болон гэрч нараас мэдүүлэг авах ажиллагааг шаардлагатай бол шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой.

            Түүнчлэн “ Хэргийн газрын үзлэгт хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шинжээч Х.Энхбаяр, эрүүгийн төлөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулсан боловч оролцогч нарт уншуулж танилцуулан гарын үсэг зуруулав гэсэн атлаа энэ талаар тэмдэглэлд тусгаагүй”,  “...ягаан хөнжлийн талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ямар нэгэн байдлаар тусгаагүй орхигдуулсан”   гэх  шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хохирол, хор уршигт хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй гэж үзнэ. 

            Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “хүний биенээс шинжилгээнд зориулж биологийн дээж авах журмыг зөрчсөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шинжээч томилж хохирогчийн шинжилгээ хийлгэх атал шинжээч томилсон тогтоолгүйгээр шинжээч томилж  хохирогчийн татгалзан гаргах эрхийг зөрсөн гэх  үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  2018/ШЗ/132 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Ч.Мөнхзулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ДАМБА

 

                                      ШҮҮГЧИД                                      М.НЯМБАЯР

          

                                                                                            Н.ТУЯА