Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 88

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн  Дэлгэрцогт сумын 3 дугаар багт оршин суух Мужаан овгийн  Рагчаагийн Оюунбилэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч, 2017  оны 02 дугаар сарын                     22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Р.Оюунбилэг

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. Улсад 32 жил ажилласан. Үүнээс 1982 оны 10 сарын 01-нээс  1984 оны 9 сарын 30-ныг дуустал  Дэлгэрцогт сумын 8 жилийн сургуульд жижүүрээр ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, цалингийн тодорхойлолт, үйлдвэрчний эвлэлийн батлах зэргийг үндэслэн 1982 оны 10 сарын 01-нээс  1984 оны 9 сарын 30-ныг дуустал  Дэлгэрцогт сумын 8 жилийн сургуульд сурагчдын дотуур байрны жижүүрээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Оюунбилэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Р.Оюунбилэгийн  хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 2  сарын 15-ны өдрийн 66 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Н.Майхүүгийн: “...Р.Оюунбилэг нь 1982 оны 10 сараас 1984 оны 9 сар хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 8 жилийн сургуулийн дотуур байранд үйлчлэгч, галчаар ажиллаж байсан. 1984 оны 9 сард нөхөр нь сургуульд орж Улаанбаатар хот руу шилжиж байсан. Би байрны багшаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч П.Доржхандын: “...Р.Оюунбилэг нь 1981 онд Дэлгэрцогт суманд шилжиж ирж байсан. Тэгээд 1982 оны 10 сараас 1984 оны 9 сар хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 8 жилийн сургуулийн дотуур байранд үйлчлэгч, угаагчаар ажиллаж байсан. 1984 оны 9 сараас Улаанбаатар хот руу шилжиж байсан юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Норсүрэнгийн: “...Р.Оюунбилэг бид хоёр 1982 оны 10 сараас 1984 оны 9 сар хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 8 жилийн сургуулийн дотуур байранд хамт ажиллаж байсан юм. Бид угаагч, цэвэрлэгч, галч зэрэг ажлуудыг хийж байсан...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 сарын 15-ны өдрийн 66 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын сургуульд 1982 оны 10 сараас 1984 оны 9 сарын 31-нийг дуустал жижүүрээр ажиллаж байсан тухай холбогдох баримт байхгүй тул Рагчаа овогтой Оюунбилэгт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно ” гэх тодорхойлолт,

3.1981 онд Р.Оюунбилэгт олгосон, №450450 дугаартай 1982-1985 оны цалингийн бичилт хийгдсэн  “Монголын Үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх”-ийн хуулбар,

4.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ЗДТГазар /дарга Ю.Дашдаваа, архивын ажилтан Б.Баярмаа нарын гарын үсэгтэй/-аас олгосон  нэхэмжлэгч Р.Оюунбилэгийн 1982 оны 10-12 сар, 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-12 сарын хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт,

5.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 8 жилийн сургуулиас нэхэмжлэгч Р.Оюунбилэгт цалин олгосон 1982 оны 10, 11 сарын “Ажлын цагийн баланс”, 1982 оны 12 сар, 1984 оны 5 сар, 1984 оны 6, 7, 8 сарын “Цалингийн тооцооны хүснэгт” баримтууд болно.                                                                                         

Дээрх бичгийн баримтуудаар  Р.Оюунбилэг нь 1982 оны 10 сарын                           1-нээс  1984 оны 9 сарын 30-ныг  дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 8 жилийн сургуульд сурагчдын дотуур байрны  жижүүрээр ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч  Мужаан овгийн Рагчаагийн Оюунбилэг / ЗЮ62051029/ нь 1982 оны 10 сарын   1-нээс  1984 оны 9 сарын 30-ныг  дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 8 жилийн сургуульд сурагчдын дотуур байрны  жижүүрээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ