Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 51

 

Э.Ү-, О.Э-, Б.Г-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал           

Прокурор                                        Д.Энхтуяа

Шүүгдэгч                                         Э.Ү-

                                                        О.Э-

Өсвөр насны шүүгдэгч                  Б.Г-

Шүүгдэгч Э.Ү-, О.Э-

нарын өмгөөлөгч                            Л.Оюунсувд

Өсвөр насны шүүгдэгч

Б.Г-ын өмгөөлөгч                           И.Атарбямба

Өсвөр насны шүүгдэгчийн

Хууль ёсны төлөөлөгч                   Д.Дугармаа             

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 143 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба, Л.Оюунсувд нарын давж заалдах гомдол, улсын яллагч Д.Энхтуяагийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ийн Ү-, О-ын Э-, өсвөр насны шүүгдэгч Б-ы Г- нарт холбогдох эрүүгийн 1818001050103 тоот, 1 хавтастай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн Т- овогт Э-ийн Ү-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  /********** регистрийн дугаартай/

2.Монгол Улсын иргэн Б- овогт О-ын Э-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /********** регистрийн дугаартай/

3.Монгол Улсын иргэн Б- овогт Б-ы Г-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /********** регистрийн дугаартай/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.Ү-, О.Э-, өсвөр насны шүүгдэгч Б.Г- нар нь урьдчилан үгсэн тохиролцож хамтран 2018 оны 01 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 017 дугаар хэсгийн 03 дугаар гудамжны 09 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Отгонтэнгэр” хүнсний дэлгүүрт нэвтэрч биет 1.090.000 төгрөг, бичиг баримт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээр холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 143 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Т- овогт Э-ийн Ү-, Б- овогт О-ын Э-, өсвөр насны шүүгдэгч Б- овогт Б-ы Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч,  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Э-, Э.Ү- нарыг тус бүр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Г-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэхээр, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ү-, О.Э-, өсвөр насны шүүгдэгч Б.Г- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарын өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн үед үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдаг. Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй.

Анхан шатны шүүх ялыг хуульд заасан хэмжээгээр багасгаж тэдэнд оногдуулсан хэдий ч өсвөр насны хүүхдэд ял шийтгэл оногдуулж байгаагаа анхааран үзсэнгүй. Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны хэрэг ч өсвөр насны хүүхдүүдийн хувьд хүлээлгэх хариуцлага нь тэдний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, мөн тухайн хүүхдийн хувийн байдалд тохирсон байх, өсвөр насны хүүхдийг нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэсэн байх ёстой гэж үзэж байгаа болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1.11-д хүүхдийн эрх ашгийг төр хамгаална гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийн 8.1-5-д “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д “Өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна” гэж тус тус заасан байна.

Э.Ү-, О.Э- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ бага насны буюу өсвөр насны хүн байсан, үйлдсэн хэргийнхээ учир холбогдол, үр дагаварыг бүрэн ойлгож чадаагүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон, цаашид засарч хүмүүжиж, эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр хийгээд явах бүрэн боломжтой юм.

Өсвөр насны шүүгдэгч нар нь тус бүр 363.000 төгрөгийн хохирлоо шүүхийн шатнаас өмнө урьдчилан төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, үнэн зөв мэдүүлгийг өгч байсан нь гэм буруугаа ухамсарлан ойлгосон байдлыг харуулж байгаа болно.

Иймд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, хөдөлмөрлөх зөв арга барилд сургах зорилгоор дээрх хуулийн заалтуудыг удирдлага болгон оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Б.Г- 16 настай учир эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг хэрэглэх ёстой. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтыг хэрэглэсэнгүй.

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4-т хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэхгүй харин ял оногдуулчихаад хэрэглэж болохоор ойлголт байгаа. Хүнд хэрэгт ял оногдуулаад хүмүүжлийн чанартай арга хэмжээг хэрэглэхгүй байсан бол энэ хуулийн (Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх) заалт байх шаардлагагүй юм.

Иймд Б.Г-ын ялыг өөрчлөн, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1-д өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг тодорхой заасныг хэрэглэж өгнө үү.

Хохирлын тооцоог илүү бодож хохирогчийг завшууллаа. Насанд хүрээгүй хүүхэд болон өсвөр насны хүмүүс эхнээсээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлж ирсэн нь хохирол болох мөнгөний  дүнг (320.000-340.000 төгрөг) худал хэлэх шаардлагагүй байгааг үнэлж үзсэнгүй.

Нөгөө талаар дэлгүүрийн орлогын тооцоо нь татварын баримтаар тодорхойлогдсон 3 сард 30.000 төгрөгийн татвар төлсөн нь 1 сард 100.000 төгрөгийн орлоготой гэж үзэхээр байдаг. 600.000 төгрөг тэр жижиг хайрцагт багтах боломжгүйн зэрэгцээ урьд нь мөнгө алдагдаад байсан газраа нүүрсний мөнгөө тэнд дахин хадгална гэдэг ойлгомжгүй байгаа бодит нөхцлийг анхаарсангүй. Иймд хохирогчид илүү олгосон мөнгийг шүүгдэгч нарт буцаан олгоно уу” гэжээ.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2.1-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарт тус бүр 1 жил, өсвөр насны шүүгдэгч Б.Г-од 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 143 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-д заасан шаардлагыг хангаагүй байх тул хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Э.Ү-, О.Э-, өсвөр насны шүүгдэгч Б.Г- нар нь хохирогч М.Наранцэцэгийн ажиллуулдаг “Отгонтэнгэр” хүнсний дэлгүүрт 2018 оны 01 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нэвтэрч бэлэн мөнгө, бичиг баримтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна. Энэ байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хангаж байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсэгт шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж...” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй буюу шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсэгт ...өмгөөллийн хөлс 400.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүйгээс гадна байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв... гэж 2017 оны шинэчлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдаагүй “байцаан шийтгэх ажиллагааны зардал” гэх нэр томъёог ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдэх шаардлагыг хангаагүй байна...” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1-т зааснаар давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахаар бол өсвөр насны хүнд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж өгнө үү” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Э.Ү- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм хэрэг үйлдэхгүй, би эндээс гарч ээждээ туслана” гэв.

Шүүгдэгч О.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Хулгай хийсэндээ их гэмшиж байна, дахиж хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Манай ээж, аав хоёр хоёулаа группт байдаг, дахиж ийм хэрэг үйлдэхгүй учраас ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Г-ын хууль ёсны төлөөлөгч Д.Дугармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тайлбар байхгүй” гэв.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад ялыг 2 янзаар оногдуулсан мэтээр харагдаж байна, улсын яллагчийн зүгээс 3 дахь заалтыг хэрэглэхгүйгээр 4 дэх заалтыг хэрэглэх үндэслэл байна гэж үзэж байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ү-, О.Э-, өсвөр насны шүүгдэгч Б.Г- нарыг урьдчилан үгсэн тохиролцож хамтран 2018 оны 01 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 017 дугаар хэсгийн 03 дугаар гудамжны 09 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Отгонтэнгэр” хүнсний дэлгүүрт нэвтэрч биет 1.090.000 төгрөг, бичиг баримт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Э-, Э.Ү- нарыг тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Г-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэхээр, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ү-, О.Э-, өсвөр насны шүүгдэгч Б.Г- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба, Л.Оюунсувд нарын давж заалдах гомдол, улсын яллагч Д.Энхтуяагийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.Ү-, О.Э-, өсвөр насны шүүгдэгч Б.Г- нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянахад шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байхад анхан шатны шүүх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, ял хөнгөрүүлэн оногдуулсан, улмаар шүүгдэгч Э.Ү-, О.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлах болсон үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхойлоогүй, гэрч гэх Ц.Балдорж нь аавынхаа машинаар Э.Ү-, О.Э-, Б.Г- нарыг “Отгонтэнгэр” хүнсний дэлгүүрийн гадна хүргэж өгөхдөө хулгай хийх гэж байгааг, түүнчлэн тухайн үед болон урд нь энэ дэлгүүрээс хэрхэн хулгай хийснийг мэдсэн, улмаар хулгайлсан мөнгөнөөсөө шүүгдэгч нар өгөхөд мөнгийг авч машиндаа бензин хийсэн зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй, энэ тухай Ц.Балдорж болон шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлснийг огт шалгаагүйг анхан шатны шүүх анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ү-, О.Э-, Б.Г- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба, Л.Оюунсувд нарын давж заалдах гомдлуудын үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ү-, О.Э-, өсвөр насны шүүгдэгч Б.Г- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Шүүгдэгч Э.Ү-, О.Э-, Б.Г- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ