Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0514

 

Г.П-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Н.Б

Гомдлын шаардлага: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048590 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Г.П, өмгөөлөгч Ө.А

Хариуцагч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 123/2022/0058/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Г.П-оос “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048590 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Лүн сум дахь байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0048590 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12 дахь “Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийлнэ гэж заасан байдаг.

Иргэн Г.П нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумаас Улаанбаатар чиглэлд Төв аймгийн Лүн сум дахь авто замын шалган нэвтрүүлэх постоор Ланд крузер прадо 78 маркийн **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Д.Д, Ж.Э нарын хамт нийт 180 ширхэг хөлдөөсөн тарвага тээвэрлэсэн зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгох шийтгэл оногдуулсан.

Иргэн Г.П нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ Д.Д, Ж.Э, бид гурав мөнгөө нийлүүлээд нийт 180 ширхэг тарвагыг Цахим сумаас худалда авсан. Экологи-эдийн засгийн үнэлгээ танилцуулан нийт 62 700 000 төгрөг болж байна гэж асуухад Г.П нь бид нар 3 тэнцүү хувааж төлнө, зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар өгсөн.

Миний бие эрх бүхий албан тушаалтны хувьд Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн нийт 180 толгой тарваганы тулам худалдан авсан зөрчилд нь нийт 62 700 000 төгрөгийн нөхөн төлбөрийг 3 иргэнд хувааж, 20 900 000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан.

Амьтны тухай хуулийн 12.1-д “Энэ хуулийн 25.3 /Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид “тодорхойлолт” гэх олгоно/ заасан тодорхойлолт аваагүй, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно”, 37 дугаар зүйлийн 37.3-д “Энэ хуулийн 25.2-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байдаг.

Мөн энэ хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлбөр үүрэгтэй”, 3 дахь хэсэг “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг тул иргэн Г.П-д оногдуулсан шийтгэврийн хуудсыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор амьтны аймагт учруулсан хохирол, нөхөн төлбөр төлөгдөхгүй нөхцөл үүсч байна.

Иймд Г.П-д гарал үүслийн бичиг, түүнтэй адилтгах тодорхойлолтгүй хөлдөөсөн тарваганы тулам худалдан авч, тээвэрлэсэн зөрчилд оногдуулсан шийтгэл, нөхөн төлбөрийг нь хуулийн үндэслэлтэй байх тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, 0048590 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

            2.1. Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048590 дугаартай шийтгэлийн хуудсаар Г.П-ийн “хууль бус аргаар хориглосон хугацаанд 180 ширхэг Монгол тарвага тээвэрлэсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-д зааснаар 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 20 900 000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаалаар “Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатайгаар хориглосон бөгөөд гомдол гаргагч Г.П-оос улсын байцаагчийн дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ “...би 180 ширхэг монгол тарвага амьдаар нь тээвэрлэж яваагүй, харин 180 ширхэг агнагдчихсан тарваганы бүгдийнх нь гэдэс, дотрыг, дийлэнхийнх нь толгойг нь тус тус авчихсан, тарваганы мах, яс, арьс бүхий “тулам” тээвэрлэсэн, амьтны гаралтай түүхий эд тээвэрлэсэн, тарваган тахал, голомттой газраас тээвэрлээгүй,... мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаал захиргааны хэм хэмжээг тогтоосон актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

            2.3. Хэдийгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаал захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх боловч өмнө нь тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглож байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаал хэм хэмжээний актын нэгтгэн бүртгэлд бүртгэлтэй байна.

            2.4. Нөгөөтээгүүр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, 25 дугаар зүйлийн 1-д “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэд туслалцаа үзүүлэх, гаргасан хууль ёсны шийдвэр, шуурхай даалгаврыг нь биелүүлэх үүрэгтэй” гэж, Амьтны тухай хууль /Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан/-ийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 5.3.1-д “амьтныг хамгаалах, нутагшуулах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага зохицуулалт, арга зүйн зөвлөгөөгөөр хангах”, 5.3.4-д “сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох” гэж тус тус зааснаас үзэхэд Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай шийдвэр гаргах эрх хэмжээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хуулиар олгогджээ.

            2.5. Мөн түүнчлэн Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.3-д “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус заасан.

            2.6. Тодруулбал, гомдол гаргагч Г.П нь нэгэнт хориглогдсон цаг хугацаанд агнагдсан 180 ширхэг монгол тарвагыг худалдан авч, тээвэрлэсэн, уг зөрчилтэйгөө маргаагүй байгаа энэ тохиолдолд гомдол гаргагч Г.П-д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-д “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй.

            2.7. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаал хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх боловч энэ нь Г.П-ийн хориглосон цаг хугацаанд 180 ширхэг тарвага тээвэрлэсэн зөрчлийг үгүйсгэх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд ийнхүү эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж тус тус заасантай нийцжээ.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Амьтны тухай /Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.4, хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 37 дугаар зүйлийн 37.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Г.П-оос Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-т холбогдуулан гаргасан “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048590 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БААТАРХҮҮ

 

 

              ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН 

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН