Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогч С.Эрдэнэбилэг,

Шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/, түүний өмгөөлөгч Л.Нинжбат /үнэмлэх 2127/

Орчуулагч Р.Болорнаран нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:    

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/-д холбогдох эрүүгийн 201525022322 дугаартай 105/2016/0590/Э дугаартай индекстэй/ хэргийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 24ий өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Америкийн нэгдсэн улсын иргэн, 1938 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Техас мужид төрсөн, 78 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн инженер мэргэжилтэй, “Их тохойрол” ХХК-д захирал ажилтай, Монгол улсад ам бүл 1, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 26 байр 04 тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/, /ГПД:422016030, түр оршин суух үнэмлэх: 0174397/,     

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 04 тоотод Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байхдаа Тахарын ерөнхий газрын ахлах ажилтан С.Эрдэнэбилэгийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байхад нь хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, хохирогч С.Эрдэнэбилэгийн баруун хөлийг хаалгаар хавчиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна гэсэн мэдүүлгээр,

 

Шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 04-ний орой би гэртээ зурагт үзээд хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад хаалганы хонх дуугарсан. Би очоод хаалгаа тайлтал нэг энгийн хувцастай залуу гар утсаа барьчихаад өөдөөс нэг юм хэлээд байсан. Би юу хэлсэнийг нь ойлгоогүй. Тэр залуу зүүн гартаа нэг үнэмлэх шиг зүйл барьчихсан байсан. Би тухайн үед юуны үнэмлэх гэдгийг нь ойлгоогүй. Намайг хаалгаа хаах гэтэл тэр залуу хаалганд гараа хавчуулчихаар нь би гараа хавчуулчихлаа гэж бодоод хаалгаа үл ялиг нээтэл тэр залуу хөлөө хаалганд хавчуулсан ба аль хөлөө хаалганд хавчуулсаныг нь мэдэхгүй. Тэгээд би тэр залууг гар хөлөө хаалганд хавчуулсан болохоор нь хаалгаа том онгойлгоод цаашаа болхоор нь хаалгаа хаасан. Гэтэл тэр залуу манай хаалгыг өшиглөөд байсан. Би хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд хамт ажилладаг Нарангэрэл рүү вайбер мэссэжээр хүмүүс ирээд хаалга нүдээд гэрт орох гэж оролдсон гэж бичиж үлдээсэн. Харин Нарангэрэл өөрийн найз Болорнаранд намайг авч яваад эгчийнд хүргэж өгөөд хоол идүүлчих гэж хэлсэн байсан. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Болорнарантай уулзах гээд гэрээсээ гархад гэрийн үүдэнд нэг эрэгтэй хүн байсан. Би хажуугаар нь өнгөрөөд лифтэнд суутал тухайн залуу цуг суусан. Тэгээд лифтнээс буугаад Болорнарангийн машинд суусан. Гэтэл надтай лифтэнд хамт суусан залуу Болорнарантай уулзсан. Тэгээд Болорнаран надад Тахарын албанаас шүүхийн нэхэмжлэлийн дагуу хүмүүс явж байна гэж хэлсэн. Тэгээд би Болорнарантай Тахарын алба руу дагаж явсан. Тахарын албанд байцаалт өгчихөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэр залуу өөрийнхөө бичиг баримт гэсэн зүйл үзүүлээгүй. Дүрэмт хувцас өмсөөгүй байсан....” гэсэн мэдүүлэг. /хх 7, 22-23, 35-36, 95-96 дугаар хуудас/,

Хохирогч С.Эрдэнэбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн өдрийн 16 цагийн орчимд энэ хэрэг болсон. Би 11 дүгээр сарын 03-ны өдөр энэ хүнийг эрэн сурвалжилж албаны орчуулагчтайгаа цуг явж байсан. Тэр өдөр энэ хүнийг олж чадаагүй ажлын цаг дууссан учир би ажлаасаа буусан. Харин 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэн нэгэн өмгөөлөгч надад утсаар “нөгөө хүний байгаа газрын хаягыг олчихлоо, та нар очоод баталгаажуулаад өгөөч” гэхээр нь би яваад очтол өмгөөлөгч уг байрны гадаа зогсож байсан. Би тэгээд орчуулагч руугаа яриад “энд ирэх боломж байна уу” гэхэд “би очиж чадахгүй учир надтай тэр хүнээ утсаар холбоод өгчих, тэгэхээр нь би орчуулаад өгье” гэхээр нь би өмгөөлөгчийг гадаа үлдээгээд өөрөө уг байр руу орсон. Хаалгынх нь хонхыг нь дарахад Майкл гарч ирэхээр нь би түүнтэй англиар мэндлээд өөрийн албаны үнэмлэхээ үзүүлсэн. Би англи хэл мэдэхгүй учир утсаа гаргаж ирээд орчуулагчаа түүнтэй яриулах гэтэл Майкл өөдөөс түлхээд хаалгаа хаах гэж оролдсон. Би энэ хүнийг олон удаа эрэн сурвалжилж байсан учир орчуулагчтайгаа утсаар яриулах гэж оролдсон. Би түүний гэр рүү нь нэвтэрч ороогүй байхад тэр хаалгаа хаах гээд байсан. Би хаалгыг нь хаалгахгүй гээд гараа хийтэл миний гарыг хавчихаар нь би гараа татаад хөлөө хаалганы завсараар хийсэн. Хөлийг маань 4-5 удаа хаалгаараа хавчаад мөн хөлөөрөө дэвссэн. Тэр барьж байсан зурагтныхаа удирдлагаа шидээд хаалгаа хаасан. Тэгээд дахиж онгойлгоогүй. Миний баруун далан дээр цус хуралт, баруун хөлний шагайнд хөхрөлт гэмтэл учирсан. Эмчилгээний зардалд бодитоор 100.000 төгрөгийн хохирол учирсан. Гэвч энэ нь баримтгүй. Энэ хүний гаргаж байгаа үйлдлийг би албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн албан хаагчийг доромжилж байна гэж үзэж гомдолтой байна. Албан ёсоор надаас уучлалт гуйгаагүй юм. Би 100.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

Хохирогч С.Эрдэнэбилэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5514 дугаартай шийдвэр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5199 дугаартай шийдвэрээр тус тус эрэн сурвалжлагдаж байсан иргэний хэргийн хариуцагч шийдвэрээр тус тус эрэн сурвалжлагдаж байсан иргэний хэргийн хариуцагч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/-ийг олж тогтоох зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо тээвэрчдийн гудамж 26 дугаар байр 04 тоотод оршин сууж байгааг мэдэж 16 цагийн үед гэрт нь очоод хаалгыг нь тогшиход өөрөө хаалгаа тайлж өгсөн. Би англиар мэндлээд албаны үнэмлэхээ үзүүлэхэд өөдөөс толгой дохиод хаалгаа хаах гэхэд нь би гараа хавчуулсан. Тэгээд Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ миний гарыг цохиж түлхээд байхаар нь гараа сугалаж хаалгыг нь түгжүүлэхгүйн тулд баруун хөлөө хаалганд хавчуулахад миний хөлийг 4-5 удаа хаалгаараа хавчиж, зүүн хөлрүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд над руу гартаа барьж байсан удирдлагаа шидээд миний анхаарлыг сарниулаад хөл рүү дахин өшиглөөд хаалгаа хаачихсан… Түргэн шуурхай шийдэж өгнө үү гэсэн мэдүүлгээр /хх 14-15, 33, 94 дүгээр хуудас/

Гэрч Н.Буянжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...”ААТА” ХХК болон Дэлгэрцоо гэдэг хүмүүс манай нөхөрлөлийн үйлчлүүлэгч. Тэгээд үйлчлүүлэгч нар Мэйс-ээс цалин болон гэрээний үүргээ нэхэмжлэхээр иргэний хэргийн шүүхэд 2013 оноос хойш удаа дараа нэхэмжлэх гаргасан ба хариуцагч хаяган дээрээ байдаггүй. Тэгээд нэхэмжлэлийг байнга буцаадаг байсан. Бид нар Мэйс-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. С.Эрдэнэбилэг надтай цуг ажилладаг Г.Сундуйтай хамт явж байсан. Би тухайн үед байгаагүй учраас сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 105 дугаар хуудас/,

Гэрч Г.Сундуй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би хотын төвд ажилтай явж байхад Н.Буянжаргал намайг дуудаад Америк иргэн хайж байна энэ хавьд байдаг гэсэн хоёулаа машинд суугаад харж байя гэсэн. Тэгээд нэг хүнтэй утсаар яриад нөгөө Америк улсын иргэн сая орлоо гэж ярьсан. Тэгээд нэг Тахарын албаны залуу ирсэн. Буянжаргал хүүхдээ авах гээд явсан. Тахарын албаны залуутай Буянжаргалын зааж өгсөн газар руу орсон. Тахарын залуу надад энэ гадаадын хүн учраас та жоохон зайтай байж байгаарай гэсэн. Тэгээд би шат руу гараад шатны давцан дээр зогсож байсан. Тахарын албаны залуу хаалгыг нь тогших чимээ гарсан. Тэгтэл пид пад гэх чимээ гарсан. Тэгээд намайг шатан дээрээс нөгөө хаалга руу шагайн хартал Тахарын албаны залуу хаалганы дэргэд зогсож байсан. Хаалга нь хаалттай байсан. Тэгээд тэр залуу над руу ирэхэд баруун хөл нь доголож байсан. Миний нүүр рүү удирдлага шидээд хаалгаа хаачихлаа...” гэсэн мэдүүлэг /хх 8,104 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹15918:

  1. С.Эрдэнэбилэгийн биед баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 17 дугаар хуудас/,

Хохирогч С.Эрдэнэбилэгийн өргөдөл /хх 5 дугаар хуудас/, Иргэний шүүхийн шийдвэрүүд /хх 9-12, 39 дүгээр хуудас/, Тахарын ерөнхий газрын тоот /хх 25 дугаар хуудас/, Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбар /хх 28 дугаар хуудас/, Тахарын албан хаагчийн үнэмлэхний хуулбар /хх 26 дугаар хуудас/, Тахарын албан хаагчийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хх 42-43 дугаар хуудас/, Тахарын албаны гүйцэтгэх чиг үүрэг, журмын талаар /хх 44-45, 48-81 дүгээр хуудас/ гадаад паспортын хуулбар /хх 29 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт Тахарын Ерөнхий газрын даргын тушаал, Тахарын албаны албан хаагчдын дүрэмт хувцас хэрэглэх журам бүхий 7 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 04 тоотод Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байхдаа Тахарын ерөнхий газрын ахлах ажилтан С.Эрдэнэбилэгийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байхад нь хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, хохирогч С.Эрдэнэбилэгийн баруун хөлийг хаалгаар хавчиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ нь хууль хяналтын байгууллагаас өөрийг нь эрэн сурвалжилж байгааг мэдээгүйгээс гадна түүний оршин суудаг газрын хаалгыг тогшсоны дагуу хаалгаа онгойлгоход хохирогч С.Эрдэнэбилэг нь Тахарын ерөнхий газрын ахлах ажилтаны хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ энгийн хувцастай, гадаад хэлээр хоорондоо ойлголцох боломжгүй нөхцөл байдалд шүүгдэгчид хууль ёсны шаардлагыг зохих ёсоор тавьж чадаагүйгээс шүүгдэгч таньж мэдэхгүй этгээдийг гэртээ оруулахгүйн тулд хаалгаа хаах явцад хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч С.Эрдэнэбилэгийн зүгээс төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны үүргээ хэрэгжүүлэхдээ дүрэмт хувцас хэрэглээгүй, гадаад хэл мэдэхгүй атлаа шүүгдэгчтэй /Америкийн нэгдсэн улсын иргэн/ ойлголцох нөхцлийг хангаагүй улмаар иргэний орон байранд хүч хэрэглэн нэвтрэхийг оролдсон зэрэг зүй бус үйлдэл гаргажээ.

Харин шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 26 дугаар байрны 04 тоот гэрийнх нь хаалгыг тогшсоны дагуу нээхэд үл таних хохирогч С.Эрдэнэбилэг нь ойлгомжгүй үйлдэл гарган улмаар “гэрт нь нэвтэрч орох оролдлого хийх гэж байна, амгалан тайван байдал алдагдууллаа” гэж хохирогчийн гар хөлийг түлхэх, хаалгыг хүчтэй татах зэрэг үйлдлүүдийг хийсний улмаас хохирогч С.Эрдэнэбилэгийн баруун хөлийг хаалгаар удаа дараа хавчиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/-ийн “...Намайг хаалгаа хаах гэтэл тэр залуу хаалганд гараа хавчуулчихаар нь би гараа хавчуулчихлаа гэж бодоод хаалгаа үл ялиг нээтэл тэр залуу хөлөө хаалганд хавчуулсан...” гэсэн мэдүүлгээр,

хохирогч С.Эрдэнэбилэгийн “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо тээвэрчдийн гудамж 26 дугаар байр 04 тоотод оршин сууж байгааг мэдэж 16 цагийн үед гэрт нь очоод хаалгыг нь тогшиход өөрөө хаалгаа тайлж өгсөн. Би англиар мэндлээд албаны үнэмлэхээ үзүүлэхэд өөдөөс толгой дохиод хаалгаа хаах гэхэд нь би гараа хавчуулсан. Тэгээд Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ миний гарыг цохиж түлхээд байхаар нь гараа сугалаж хаалгыг нь түгжүүлэхгүйн тулд баруун хөлөө хаалганд хавчуулахад миний хөлийг 4-5 удаа хаалгаараа хавчиж, зүүн хөлрүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд над руу гартаа барьж байсан удирдлагаа шидээд миний анхаарлыг сарниулаад хөл рүү дахин өшиглөөд хаалгаа хаачихсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Г.Сундуйн “...би шат руу гараад шатны давцан дээр зогсож байсан. Тахарын албаны залуу хаалгыг нь тогших чимээ гарсан. Тэгтэл пид пад гэх чимээ гарсан. Тэгээд намайг шатан дээрээс нөгөө хаалга руу шагайн хартал Тахарын албаны залуу хаалганы дэргэд зогсож байсан. Хаалга нь хаалттай байсан. Тэгээд тэр залуу над руу ирэхэд баруун хөл нь доголож байсан. Миний нүүр рүү удирдлага шидээд хаалгаа хаачихлаа...” гэсэн мэдүүлгээр,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹15918: “...1. С.Эрдэнэбилэгийн биед баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хохирогчийн баруун хөлийг нь удаа дараа хаалгаар хавчсан байх ба тийнхүү хавчсаны улмаас түүний бие махбодид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж зориуд хүсч үйлдсэн байх тул  “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ нь аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэсэн санал, онолын тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь шүүгдэгчийн зүгээс хаалгаа хаах үйлдэл хийснээс түүнийг болиулж, шаардлага тавих гэсэн хохирогчийн үйлдлийг аргагүй хамгаалалтын үндсэн шинж болох халдагч этгээдээс шүүгдэгчийн амьд явах болон бусад эрхэд халдсан болон халдах боломж бүхий нийгэмд аюултай халдлага нь үгүйсгэгдэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Эрдэнэбилэг нь “эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 100.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн боловч үүнийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь: 

 

1. Прокуророос шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/-т холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч С.Эрдэнэбилэгийн нэхэмжилсэн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг хангахгүй орхиж, энэ талаарх гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/авсан эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан /шүүгдэгч/, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН