Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн  Гурвансайхан сумын Чулуут багт оршин суух Тайж овгийн  Гүрийн Отгондоржийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Отгондорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1957 онд төрсөн. Улсад 34  жил ажилласан. Үүнээс 1973 оны 6 дугаар сарын 15-наас 1992 оны 3 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд адуу, үхэр, бог мал  маллаж байсан үеийн зарим хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, сумын архив шатсан тул Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1973 оны 6 сарын 15-наас 1992 оны 3 сарын 1-нийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Отгондорж нь 1973 оны 6 сарын 15-наас 1992 оны 3 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан нь үнэн. Холбогдох заримт баримтууд нь шатсан. Иймд Г.Отгондоржийн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Отгондорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Г.Отгондоржийн зарим хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01  сарын 11-ний өдрийн 13 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Ш.Цэрэндуламын:“...Би Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1987 оноос 1994 он хүртэл малчинаар ажилласан. Намайг 1987 онд нэгдэлд ороход Г.Отгондорж нь Давших зам нэгдлийн Чулуут бригадад үхэр маллаж байсан. Г.Отгондорж нь 1987 оноос хойш 1994 оныг дуустал тасралтгүй нэгдэлд малчин байсан. Бид нэг нэгдэлд, нэг бригадад хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ...” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.Наранцэцэгийн: “...Г.Отгондорж нь 1973 оноос 1995 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчин байсан. Би 1972 оноос эхлэн тасралтгүй нэгдэлд малчин байсан. Бид нэг нэгдэлд, нэг бригадад малчин байсан учраас би энэ хүний нэгдэлд ажиллаж байсныг нь сайн мэднэ...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Эхнэрийн: “...Г.Отгондорж нь 1973 оноос 1995 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчин байсан. Би 1960 оноос эхлэн нэгдэлд малчинаар ажилласан хүн байгаа юм. Үхэр голдуу маллаж байсан.  Г.Отгондорж нь 1992 онд нэгдэл тарж компани болоход мөн малчинаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 13 дугаартай “..Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1973 оны 06 сарын 15-наас 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан тухай  баримт байхгүй тул Гүр овогтой Отгондоржид холбогдох лавлагаа боломжгүй болно ” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 08/30 дугаартай “...Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” нэгдэл нь 1991 оны 04 сарын 28-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 1992 оны 03 сарын 23-нд “Давших зам” ХК, 1994 оны 5 сарын 28-нд “Давших зам” ББХКомпани, 1996 оны 04 сарын 30-ны өдөр “Давших зам” хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэх тодорхойлолт,

4.Нэхэмжлэгчид Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1981 онд олгосон 1981-1990 оны ажилласан сар, цалингийн бичилт, “Нэгдлийн даргын 1981 оны 4 сарын 11-ний 17  тоот тушаалаар Давших зам нэгдэлд адуучинаар ажиллуулав” гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мөн нэгдлээс 1992 онд олгосон 1991 оны 1-12 сар, 1992 оны 1-10 сард олгосон урьдчилгаа цалингийн бичилт тус тус хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд,

5.1980 онд авахуулсан гэх “1980 он Энхсүрэгтэн”  гэсэн бичигтэй  гэрийн өмнө авахуулсан гэрэл зураг, 1989 оны 9 сарын 2-ны өдөр Г.Отгондоржид Хэсгийн зөвлөлөөс олгосон “Баярын бичиг”, 1978 оны 3 сарын 29-ний өдөр Аймгийн мал онд оруулалтын асуудал эрхэлсэн комиссоос олгосон “Талархалын бичиг”-ийн хуулбар  баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар Г.Отгондорж нь 1973 оны 6 дугаар сарын                           15-наас 1992 оны 3 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овгийн Гүрийн Отгондорж / ЗГ57051011/ нь 1973 оны 6 сарын 15-наас  1992 оны 3 сарын 1-нийг хүртэл  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ