Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р багт оршин суух Товог овгийн  Дуламзавын Алтанцогийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын  сарын 27-ны  өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын                     27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Алтанцог

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Д.Алтанцог  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн. 1982 оноос 1990 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд  малчинаар ажиллаж байсан. Тэр үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир дээрх хугацаанд ажилласан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иймд хамт ажилласан байсан хүмүүсийн мэдүүлэг, бусад баримтуудыг үндэслэн 1982 оны 5 сарын 10-наас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд  малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Алтанцог нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Д.Алтанцогийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01  сарын 30-ны өдрийн 40 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 29 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Б.Мажигсүрэнгийн: “...Д.Алтанцогийг 1982 оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин байсныг мэднэ. Би мөн Хөгжил нэгдэлд 1977 оноос нэгдэл хувьчлагдах хүртэл мал малласан юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Адъяасүрэнгийн:“..Би Д.Алтанцогийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад 1982 оноос 1990 он хүртэл  малчин байсныг мэднэ. Би Хөгжил нэгдэлд 1980 оноос 1990 он хүртэл мал маллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ....” гэх мэдүүлэг,

- Гэрч Г.Пүрэвдоржийн: “... Д.Алтанцог нь 1982 оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад малчин, ногоочиноор ажиллаж байсан.  Би Хөгжил нэгдлийн Цавчир бригадад 1982 оноос 1992 он хүртэл мал малласан юм...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 40 дугаартай “ Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад 1982 оны 05 сараас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажилласан тухай Жамбал овогтой Алтанцогт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно” гэх тодорхойлолт,

3. Дундговь аймгийн  Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 08/74 дугаартай “ Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдэл нь 1991 оны 3 дугаар сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 дугаар сарын 19-нд “Хөгжил” хувьцаат компани, 1996 оны 4 дүгээр сарын 18-нд “Далайн хөгжил” хоршоо болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт,

4. Д.Алтанцогийн 1989 оны 9-11 сар, 1990 оны 1-12 сарын цалингийн хүснэгт,

5.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадын 1990 оны /Өрхийн нэр: Алтанцог гэх/ үйлдвэрлэлийн даалгавар бодсон жагсаалт баримтууд болно.                                                                                     

Дээрх бичгийн баримтуудаар  Д.Алтанцог нь 1982 оны 05 сарын 10-наас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд    малчинаар  ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч  Товог овгийн Дуламзавын Алтанцог  / ЗП63042408/ нь  1982 оны 05 сарын 10-наас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ