Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Аривжихын 1-9 тоотод оршин суух Булга овгийн Өвгөний Тунгалагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017  оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ө.Тунгалаг

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ө.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 54 нас хүрч байна. Улсад 19 жил 2 сар ажилласан юм. Үүнээс 1981 оны 9 сарын 7-ноос 1991 оны 12 сарын 2-ныг хүртэл Дундговь аймгийн “Улаан туг” сонины үйлдвэрт үсэг өрөгчөөр, 2001 оны 2 сараас 2003 оны 5 сар хүртэл Дундговь аймгийн “Ган үсэг” компанид үсэг өрөгчөөр ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байна. Иймд хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон бусад баримтуудыг үндэслэн 1981 оны 9 сарын 7-ноос 1991 оны 12 сарын 2-ныг хүртэл Дундговь аймгийн “Улаан туг” сонины үйлдвэрт үсэг өрөгчөөр, 2001 оны 2 сараас 2003 оны 5 сар хүртэл Дундговь аймгийн “Ган үсэг” компанид үсэг өрөгчөөр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ө.Тунгалаг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Ө.Тунгалагийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд орсон гарсан тушаал нь олдохгүй байгаа, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 2  сарын 9-ний өдрийн 58 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Д.Чанцалдуламын:“...Ө.Тунгалаг нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Улаан туг” сонины газарт үсэг өрөгчөөр ажиллаж байсан. Уг газарт 1981 оноос 1991 он хүртэл ажилласан. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Улаан туг” сонины газарт 1967 оноос хойш тасралтгүй ажилласан хүн байгаа юм....” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Пүрэвсүрэнгийн: “...Би 1994 оноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Ган үсэг” хэвлэлийн хоршооны даргаар ажиллаж эхэлсэн. Явцын дунд “Хадаг” хоршоо болон өөрчлөгдсөн. Ө.Тунгалаг тэр үед буюу 1994 онд намайг ороход гараар үсэг өрөх ажлыг хийж байсан. 2-3 хүүхнүүд ажилладаг байсан, Ө.Тунгалаг нь үсэг өрж, Бадамцэрэн нь хэвлэгчээр ажиллаж байсан юм. Түүнээс хойш 2003 оноос Ө.Тунгалаг нь хөдөө гарсан....” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Бадамцэрэнгийн: “...Би 1986 оноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Ган үсэг” сонины үйдвэрт ороход Ө.Тунгалаг нь үсэг өрөгчөөр ажиллаж байсан. Түүнээс хойш 1991 он хүртэл ажилласан....” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 сарын 9-ний өдрийн 58 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн “Ган үсэг” хоршоонд /улаан туг сонины газар/ 2001 оны 2 сараас 2003 оны 5 сарын 1-нийг хүртэл үсэг өрөгчөөр ажилласан тухай холбогдох баримт ирээгүй учир Өвгөн овогтой Тунгалагт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно.…” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 57 дугаартай албан бичгээр олгосон Ө.Тунгалагийн 1985-1986, 1988-1991 онуудын Дундговь аймгийн “Улаан туг” сонины үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,

4.Нэхэмжлэгчид Дундговь аймгийн “Улаан туг” сонины хэвлэх үйлдвэрээс 1986 оны 3 сарын 16-нд олгосон, 153667 дугаартай “Улаан туг” сонины үйлдвэрийн эрхлэгчийн 1981 оны 9 сарын 7-ны өдрийн 81-р шийдвэрээр 1981 оны 9 сарын 7-ноос дагалдангаар авч ажиллуулав”, “Дундговь аймгийн Хэвлэх үйлдвэрийн даргын 1991 оны 12 сарын 10-ны өдрийн 43-р тушаалаар 1991 оны 12 сарын 2-ны өдрөөс ажлаас чөлөөлөв” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр,

5.Нэхэмжлэгч Ө.Тунгалагийн 099565, 106314 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэл, 3720 дугаартай “гараар өрөгч”-ийн үнэмлэх, 18 дугаартай “Социалист хөдөлмөрийн гавшгайч”-ийн үнэмлэх,

6.Нэхэмлэгч Ө.Тунгалагт 1986 оны 5 сарын 20-нд олгосон “Дурсгалын диплом”, “Улаан туг” сонины хэвлэх үйлдвэрийн захиргаанаас 1981, 1983, 1985, 1987, 1988, 1989, 1990 онуудад олгосон “Баярын бичиг” баримтууд болно.

 

Дээрх бичгийн баримтуудаар Ө.Тунгалагийн 1981 оны 9 сарын 7-ноос 1991 оны 12 сарын 2-ныг хүртэл Дундговь аймгийн “Улаан туг” сонины үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 2001 оны 2 сараас 2003 оны 5 сар хүртэл ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, энэ хугацаа нь нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоонд шилжсэн байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Булга овгийн Өвгөний Тунгалаг /ЗЮ63100363/ нь 1981 оны 9 сарын 7-ноос 1991 оны 12 сарын 2-ныг хүртэл Дундговь аймгийн “Улаан туг” сонины үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2001 оны 2 сараас 2003 оны 5 сар хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ