Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 92

 

                       

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Дундговь аймгийн Адаацаг сумын 5-р баг оршин суух Шинэ шавь овогт Жүгдэрийн Бадамханд /ЗК80102604/-ын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг, Тавины 1-1 тоотод оршин суух Наран овгийн Ишцогийн Содномцог /ЗА77032811/-т холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар  сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017  оны 2 дугаар  сарын 08 өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие И.Содномцогтой 1998 онд  танилцаж, 1999 оноос хамт амьдарсан. 1999 оны 2 сарын 6-нд хүү С.Далхсүрэн, 2001 оны 8 сарын 18-нд охин С.Бумнанжид нарыг төрүүлсэн. 2005 онд бид таарч тохирохгүйн улмаас салж тусдаа амьдарч байна. Одоо тусдаа амьдраад 12 жил болж байна. Хүү С.Далхсүрэн 18 настай, охин С.Бумнанжид 10-р ангид сурдаг. Бид уг нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Гэтэл бидний гэрлэлтийг бүртгэсэн лавлагаа гарч ирсэн.  Би 2011 онд шүүхэд хандаж 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгосон. Тэр үед гэрлэлтээ бүртгүүлээгүй гэж ойлгож байсан учраас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаагүй юм. Хэрэв би тэр үед гэрлэлтээ бүртгүүлснээ мэдэж байсан бол хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлчих боломжтой байсан байна. Би 2012 оноос өөр хүнтэй амьдрал холбож, 2016 онд хүүхэд төрүүлсэн. Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 170 дугаар шийдвэрээр И.Содномцогоос 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч өдийг хүртэл би энэ хүнээс 2 хүүхдийн тэтгэлэг аваагүй. 2 хүүхдээ тэжээн тэтгэх тал дээр ямар ч санаачлага гаргаж байгаагүй. Одоо 2 хүүхэд минь насанд хүрч байна. 1, 2 жилийн дараа хоёулаа оюутан болно. Тэр үед бас эцгийн хувьд харж хандах боловуу л гэж бодож байна. Заавал эвлэрүүлэн зуучлагчид хандана гэсний дагуу эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган шийдвэрлүүлсэн бөгөөд бид эвлэрээгүй, эвлэрэх боломжгүй болно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, цаашид хамтран амьдрах боломж байхгүй, тус тусдаа гэр бүлтэй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.         

Хариуцагч И.Содномцог шүүх гаргасан тайлбартаа: Ж.Бадамхандын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Бид тусдаа амьдраад 10 гаруй жил болж байгаа. Тус тусдаа амьдралтай тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзал зүйлгүй, бидний гэрлэлтийг хурдан хугацаанд цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Бадамханд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний гаргасан нэхэмжлэлд  И.Содномцогийн гаргасан тайлбартай танилцлаа. Гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрсөн байна. Хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй тул гэрлэлтийг яаралтай хугацаанд цуцалсан шийдвэр гаргаж өгнө үү. Мөн миний бие саяхан төрсөн нялх хүүхэдтэй, Адаацаг сумаас баруун хойш 80 гаруй км-т нутаглаж байгаа, цаг агаарын нөхцөл байдал зэргээс шалтгаалан олон дахин ирэх боломжгүй нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч И.Содномцог шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Адаацаг суманд үндсэн харъяалалтай боловч Улаанбаатар хот болон Төв аймагт  очиж ажил хийдэг. Би олон дахин аймагт ирээд байх боломж, бололцоогүй. Миний зүгээс гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл алга. Иймээс гэрлэлт цуцлах хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Мөн миний бие шүүх хуралдаанд ирэх боломжгүй тул шүүх хуралдааныг миний эзгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Бадамханд нь хариуцагч И.Содномцогоос гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар тэдний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Зохигч нь 1999 онд гэр бүл болж, 2005 оны 08 сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн  бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Бадамханд нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан бөгөөд эхний уулзалтаар талууд эвлэрэхгүй гэсэн байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулна гэснийг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргасан, зохигч хэн аль нь гэр бүлтэй болсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар  Шинэшавь овгийн  Жүгдэрийн Бадамханд /ЗК80102604/, Наран овгийн Ишцогийн Содномцог /ЗА77032811/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Бадамхандаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/  төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Содномцогоос 70200 /далан мянга хоёр зуун/  төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Ж.Бадамхандад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

     ДАРГАЛАГЧ                          Д.УРАНЧИМЭГ