Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1048

 

 

 

 

 

 

2021         10          14                                      2021/ШЦТ/1048

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Бд холбогдох 2103 00000 0240 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1958 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жастын 53-А байрны 13 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Мын Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Жуковын талбайн урд талын явган хүний гарцтай замд 2021 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 09 цаг 45 минутын орчимд Тоёота Приус маркийн 20-70 УНС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 зүйлд заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Соёл-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4-5/,

Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Соёл-Эрдэнийн өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 09 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг Жуковын урд замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явган хүний гарцаар гарч явах үед миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд, замын 3 дугаар эгнээгээр Приус маркийн машин ирж яваад явган хүний гарцын наана байдаг хурд сааруулагч дээр хурдаа хасаад гарч байсан. Би тэр үед машиныг хараад зогсоод өгөх байх гэж бодоод гарц луу ороод 2-3 алхаж байтал гэнэт миний баруун хөл рүү мөргөөд намайг түрж яваад байсан, би түлхэгдэн том том алхаад явж байсан. Тэр үед би машины урд хамар дээр гараараа цохиод “хөөе хөөе” гэсэн чинь жолооч намайг анзаарч харсан уу яасан, тоормос гишгээд зогсох үед би урагшаа газарт унасан. Тэгээд машин зогсоод жолооч нь бууж ирэхээр нь би “та яаж байна аа” гэсэн чинь “харин тиймээ хажуу талынхаа машиныг хараад чамайг харсангүй” гэж хэлсэн. Намайг газар унах үед миний гарт байсан утас эвдэрчихсэн байсан болохоор би жолоочийн утсаар эхнэр лүү залгаж дуудаад байж байхад тэр хавьд хөдөлгөөн зохицуулж байсан цагдаа ирээд түргэнд дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд жолооч өөрийнхөө дугаараас цагдаа, түргэнд дуудлага өгсөн... гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Утасны хохирол болох 250.000 төгрөг, эмчилгээний 590.000 төгрөг, нэг сарын цалингийн 50 хувь болох 1.000.000 төгрөг, нийт 1.840.000 төгрөг жолоочийн зүгээс барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.13/,

Хохирлын баримтууд /хх.18-22, 81-82/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 656 дугаартай:

“Б.Соёл-Эрдэнийн биед баруун шаант гадна ёрвонгийн дээд хэсгийн ташуу зөрөөгүй хугарал, тахилзуур ясны толгой хэсэгт ясны эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн дунд хэсэг, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацрын төвгөр, зүүн бугуйн үений ар талд, зүүн гарын эрхий, долоовор, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.33-35/,

Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Гарьдын гаргасан:

А.Тоуота Рrius маркийн 20-70 УНС дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу оройтон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Б.Явган зорчигч Б.Соёл-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх магадалгаа /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Бгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд 2 хүн зам хөндлөн гараад өнгөрсөн юм, тэр үед миний гар утас суудлын завсар уначихаар нь гар утсаа авах гэж доошоо тонгойгоод эргэж урагшаа хартал машины урд хамар дээр хүний гар гарч ирээд нөгөө хүн машины зүүн талд газарт унасан. Би тухайн үед. 5 орчим км/цагийн хурдтай маш удаан явж байсан болохоор тэр хүнийг мөргөх үед хүчтэй дуу чимээ гараагүй юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.62-64/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.66-76/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.78/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.87-88/,

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, бусдад учруулсан хохирлыг эмчилгээний зардал төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт /хх.89/,

Хохирогч Б.Соёл-Эрдэнийн эмчилгээний зардал нөхөн төлбөр авсан, шүүгдэгчид гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.90/,

Тээврийн прокурорын газрын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай гаргасан санал /хх.95-96/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Жуковын талбайн урд талын явган хүний гарцтай замд 2021 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 09 цаг 45 минутын орчимд Тоёота Приус маркийн 20-70 УНС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 зүйлд заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Соёл-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4-5/,

Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Соёл-Эрдэнийн өгсөн: “... Би тэр үед машиныг хараад зогсоод өгөх байх гэж бодоод гарц луу ороод 2-3 алхаж байтал гэнэт миний баруун хөл рүү мөргөөд намайг түрж яваад байсан би түлхэгдэн том том алхаад явж байсан. Тэр үед би машины урд хамар дээр гараараа цохиод “хөөе хөөе” гэсэн чинь жолооч намайг анзаарч харсан уу яасан, тоормос гишгээд зогсох үед би урагшаа газарт унасан. Тэгээд машин зогсоод жолооч нь бууж ирэхээр нь би “та яаж байна аа” гэсэн чинь “харин тиймээ хажуу талынхаа машиныг хараад чамайг харсангүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 656 дугаартай:

“Б.Соёл-Эрдэнийн биед баруун шаант гадна ёрвонгийн дээд хэсгийн ташуу зөрөөгүй хугарал, тахилзуур ясны толгой хэсэгт ясны эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн дунд хэсэг, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацрын төвгөр, зүүн бугуйн үений ар талд, зүүн гарын эрхий, долоовор, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх.33-35/,

Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Гарьдын гаргасан:

А.Тоуота Рrius маркийн 20-70 УНС дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу оройтон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Б.Явган зорчигч Б.Соёл-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Ослын талаар надад нэмж ярих зүйл байхгүй ээ. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөв ярьсан байгаа. Эмчилгээний зардалд 1.840.000 төгрөгийн хохирол барагдуулсан байгаа ...” гэх мэдүүлэг /хх.62-64/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

М.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар М.Бг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч М.Бг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Б нь хохиролд 1.840.000 төгрөг нөхөн төлсөн гэх бөгөөд хохирогч Б.Соёл-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч М.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Бд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. М овогт Мын Бг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, М.Бд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бд сануулсугай.

          5. Энэ хэрэгт М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Б.Соёл-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Бгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР