Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1036

 

 

 

 

 

 

2021         10          12                                      2021/ШЦТ/1036

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Х.Еркебулан,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Ганбаяр /ҮД:2467/,

Шүүгдэгч Г.Л түүний өмгөөлөгч М.Энхгэрэл /ҮД:1701/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Лд холбогдох 2110 01180 1598 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Монос фарм трейд” ХХК-д гүйцэтгэх захирлын туслах ажилтай байсан, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 4 дүгээр байрны 29 тоотод оршин суух, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Гийн Л /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Л нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд “Монос фарм трейд” ХХК-н захирлын туслах ажилтнаар ажиллаж байхдаа нийт 137 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр байрны 29 тоотод байрлах өөрийн орон байранд тус компанийн захирлын итгэмжлэн хариуцуулан өгсөн арилжааны банкны зарлагын гүйлгээ хийх зориулалт бүхий харилцагчийн нэр, нэвтрэх нууц үг зэргийг ашиглан, 106.250 ам доллар буюу 300.998.780 төгрөгийг данснаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч, иргэн Л.Эрдэнэчимэгт их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Лн өгсөн: “Анх таньдаг хүмүүс тоглоод мөнгө олоод байхаар нь болдог юм байна гэж буруу ойлголт аваад тоглож эхэлсэн. Тодорхой хэмжээний доллар алдаад тэрийгээ олох гэж араас нь зууралдаж явсаар байгаад эцсийн байдал ийм буруу зүйл хийсэн. Надад ийм зүйл хийе гэсэн муу санаа байгаагүй. Нэг мэдэхэд донтчихсон. Үүндээ ороогдоод буруу зүйл хийсэн. Би өөрийн биеэр захирал Эрдэнэчимэг дээр очиж би тоглосон намайг уучлаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Эрдэнэчимэгийн өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Монос” ХХК-н захирлын туслах ажилтнаар Г.Лг ажилд авсан. Үүрэгт ажилтай холбоотойгоор би гадагшаа явахдаа өөрийн онгоцны билет болон тухайн улсын зочид буудлын төлбөр тооцоог миний гадаад буюу олон улсын картаас хийдэг байсан. Энэ ажлыг Г.Л 4 жил хийж байгаа юм. Миний Худалдаа хөгжлийн банкны картын бүх мэдээллийн зургийг Г.Л гар утсан дээрээ авсан байдаг. Тэгээд гадагшаа явах бОдоо онлайнаар Г.Л захиалга өгдөг байсан. Сүүлийн 2 жил би гадагшаа буюу гадаад улс орон руу ямар нэгэн албан болон хувийн ажлаар яваагүй. Би тэр үед анзаараагүй. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монголдоо ашигладаг карт маань мөнгө байхгүй болохоор нь би Худалдаа хөгжлийн олон улсын картаар гүйлгээ хийх гээд дансны үлдэгдлээ шалгасан чинь миний данснаас мөнгө гарсан байгаад байсан. Тэгээд би шалгаад үзсэн чинь маш их хэмжээний мөнгө гарсан байсан. Тэгээд би санхүүгийн албаар дамжуулан Худалдаа хөгжлийн банк руу хүсэлт гаргаад сүүлийн 4 жилийн дансны хуулга авсан чинь кредит карт учраас сар бүр 12,000 ам доллар автоматаар компанийн данснаас мөнгө хийдэг. Шилжсэн дансыг шалгуулахад гадаад данс байсан бөгөөд тэгээд казино гэсэн данс байсан. Тэгээд би эзнээ олж чадаагүй, хакердуулсан байна гэж бодоод ажлынхаа хүмүүст би “Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгнө, та нараас мэдүүлэг авах байх шүү” гэж хэлсний маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэл Тогоот” хотхоны гадаа Г.Л ирээд “би таны Худалдаа хөгжлийн банкны данснаас мөнгө аваад, би мөрийтэй тоглоом тоглосон юм, намайг уучлаарай” гэж хэлэхээр нь би “энэ бол эрүүгийн гэмт хэрэг учраас чи эрүүгийн хариуцлага хүлээх ёстой шүү” гэж хэлээд би ажил дээрээ очоод хуулийн зөвлөхдөө “Г.Л миний мөнгөөр тоглосон байсан байна. Өөрөө хэлж байна, ажлаас халах тушаал гарга, хуулийн заалтуудыг олж Г.Лд танилцуулаарай” гэж хэлээд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халах тушаалаар Г.Лг ажлаас халсан. Би Худалдаа хөгжлийн банканд гомдол гаргаж өгсөн байгаа. Энэ гомдол нь болохоор тодорхойгүйгээр казино гэсэн данс руу 3 жил гаран хугацаанд харилцагчдаа хяналт тавиагүй гэх шалтгаанаар гомдол гаргаж өгсөн байгаа. 2018 онд Г.Л сайн ажиллаад миний итгэл найдварыг олсон учраас би итгээд өөрийн ажлын байр болох Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос фарм трэйд” ХХК-н ажлын байран дээр байхдаа Г.Лд банкны картын мэдээллийг өгдөг байсан...” /хх.10-12,151-152/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Уламбаярын өгсөн: “... Захирал маань хөдөө орон нутгаар ажилтай явж байгаад 2021 оны 06 дугаар сарын 17-ны орой Архангай аймгаас ирээд гэртээ байж байхдаа ковидын шинжилгээ өгсөн чинь эерэг гарсан гээд гэрийн тусгаарлалтад байгаа. Манай компанийн гүйцэтгэх захирал албан тушаалтай Эрдэнэчимэг нь өөрийн туслахаар ажиллаж байсан Г.Лд өөрийн Худалдаа хөгжлийн банкны платинум олон улсын картыг 2019 онд өгч, онгоцны билет болон зочид буудал захиалахаар картаа өгдөг байсан гэсэн. Тэгтэл 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр захирал өөрийн дансаа шалгасан чинь “stars douglas gb” гэсэн танихгүй данс руу маш их хэмжээний мөнгийг 2019 оны 06 дугаар сараас хойш шилжүүлсэн байсан гэж надад тэр өдөр хэлэхээр нь би “цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд шалгуулъя” гэсэн. Тэгтэл 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр захирлын туслахаар ажиллаж байсан Л нь “би таны картын нууц дугаар болон картын дугаарыг мэдэж байсан. Би таны мөнгөөр тоглоом тоглосон” гэж хэлсэн” гээд надад хэлж байсан... би Лгээс асуутал “уучлаарай ахаа би тоглоомд донтоод мөнгийг нь алдчихлаа... ямар ч байсан хохиролгүй болгож өгнө” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.30-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Лн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 06 дугаар сард найз Ононхүү гээд найз маань олон улсын Рокеrstars нэртэй сайтыг үзүүлээд “энэ тоглоом тоглоод би мөнгө хождог” гэж хэлэхээр нь би “яаж тоглодог юм” гээд асуусан чинь надаа зааж өгөөд тайлбарласан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр найз Ононхүүгийн хамтаар РокеrStars нэртэй сайтыг цахим тоглоомын газарт компьютер дээр татаад тоглосон. Тэр үед Ононхүү надад олон улсын виза картаар холбож тоглоод би өөрт байсан 200 доллароор тоглоод би мөнгө алдсан. Тэр үед надаа захирал Л.Эрдэнэчимэгийн олон улсын Худалдаа хөгжлийн банкны кредит картын мэдээлэл нь миний утсан дээр байхаар нь би Pokerstars нэртэй сайтад холбож тоглосон. Би захирлын картаас эхлээд 20 доллар татсан чинь тоглож болж байсан. Ингээд би үргэлжлүүлэн таталт хийж тоглосоор байгаад 10.000 доллар алдсан. Би тоглоомоос гарч чадахгүй болоод тоглоомдоо донтоод алдсан мөнгө буцааж олох зорилгоор дахиж тоглосоор байгаад 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 106.250 ам.долларыг алдсан байсан. Тэгтэл захирал Л.Эрдэнэчимэг өдөр дансаа шалгаад над руу дансны хуулга явуулаад энэ юун мөнгө гараад явсан юм бэ” гэж энэ асуудлыг “Монос Фарм трейд” ХХК-н санхүүгийн нягтлан бодогч Мягмардорж дээр очоод асуугаад хамт банкин дээр очоорой гэж хэлэхээр нь би за гэж хэлсэн. Тэгтэл 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Мягмардорж ганцаараа Худалдаа хөгжлийн банк дээр очиж мэдээллийг нь шалгаад захирал Л.Эрдэнэчимэгт танилцуулсан чинь захирал ажлын хэсэг гаргалаа гэж ярьж хэлэхээр нь би маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр захирал Л.Эрдэнэчимэгийн гэр болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэл Тогоот” хотхоны гадаа очоод би таны худалдаа хөгжлийн банкны картаар мөрийтэй тоглоом тоглоод мөнгийг чинь алдсан гэж хэлсэн чинь намайг ажил дээр араас хүрээд ир гэхээр нь би за гээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос Фарм Трейд” ХХК-н оффис дээр очоод захирал Л.Эрдэнэчимэгийн өрөөнд нь ороод “намайг уучлаарай миний буруу таны картаар би мөрийтэй тоглоом тоглоод мөнгө алдаад буцааж олох гэж тоглосоор байгаад 106.250 ам доллар алдсан” гэж хэлсэн чинь захирал гайхаад “чи үнэхээр миний мөнгөөр тоглосон юм уу?” гэж асуухаар нь “би тиймээ, намайг уучлаарай, би таны бүх мөнгийг барагдуулж өгнө” гэж хэлсэн чинь “чамайг цагдаагийн байгууллагад өгнө” гэж хэлэхээр нь би “за” гэж хэлсэн. 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаах газрын залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст би болсон үйл явдлыг цаасан дээр бичээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

“... би Хан-Уул дүүрэгт тоглож байгаагүй... өөрийн амьдардаг Баянзүрх дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар хороолол, 4 дүгээр байр 29 тоотод байхдаа тоглодог байсан” гэх мэдүүлэг /хх.129-130/,

“... 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Монос фарм трейд” ХХК-н гүйцэтгэх захирал Л.Эрдэнэчимэгийн туслахаар ажилд орсон. 2017 оны 04, 05 дугаар сарын орчим Л.Эрдэнэчимэг нь надаар өөрийн Худалдаа хөгжлийн банкны картаар захиалга хийлгэхээр надад картын зургийг файл хэлбэрээр өгсөн. Тухайн үед надад өөрийн нууц дугаарыг хэлж байсан. 2019 оны 07 дугаар сард анх найз Ононхүү РС газар Рокеr star нэртэй тоглоомыг тоглож байхаар нь би сонирхоод уг тоглоомыг тоглож байсан. Тэгээд өөртөө байсан 400.000 гаран доллар буюу монгол мөнгөөр 1.200.000 төгрөгөө алдсан. Явцын дунд уг тоглоомд карт холбож тоглодог мэдээд захирал Л.Эрдэнэчимэгийн картыг ашиглан тоглож эхэлсэн. Цаашид алдсан мөнгө буцаж олохын тулд дахин дахин тоглосоор байгаад нэг мэдсэн 106 мянган доллар буюу Монгол мөнгөөр 300.998.780 төгрөгийн хохирол учирсан байсан...”/хх.145-146/,

Шүүгдэгч Г.Лн хувийн байдлын талаарх баримтууд /хх.30-49,155-156/,

Хохирогч Л.Эрдэнэчимэгийн Худалдаа хөгжлийн банк дахь картын дансны хуулга /хх.48-105/,

Хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтууд /шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Л нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд “Монос фарм трейд” ХХК-н захирлын туслах ажилтнаар ажиллаж байхдаа нийт 137 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр байрны 29 тоотод байрлах өөрийн орон байранд тус компанийн захирлын итгэмжлэн хариуцуулан өгсөн арилжааны банкны зарлагын гүйлгээ хийх зориулалт бүхий харилцагчийн нэр, нэвтрэх нууц үг зэргийг ашиглан, 106,250 ам доллар буюу 300.998.780 төгрөгийг данснаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч, иргэн Л.Эрдэнэчимэгт их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Эрдэнэчимэгийн өгсөн: “... Г.Л ирээд “би таны Худалдаа хөгжлийн банкны данснаас мөнгө аваад, би мөрийтэй тоглоом тоглосон юм, намайг уучлаарай” гэж хэлэхээр нь ... Г.Лд банкны картын мэдээллийг өгдөг байсан...” /хх.10-12,151-152/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Уламбаярын өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр захирлын туслахаар ажиллаж байсан Л нь “би таны картын нууц дугаар болон картын дугаарыг мэдэж байсан. Би таны мөнгөөр тоглоом тоглосон” гэж хэлсэн” гээд надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Лн яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 04, 05 дугаар сарын орчим Л.Эрдэнэчимэг нь надаар өөрийн Худалдаа хөгжлийн банкны картаар захиалга хийлгэхээр надад картын зургийг файл хэлбэрээр өгсөн. Тухайн үед надад өөрийн нууц дугаарыг хэлж байсан. 2019 оны 07 дугаар сард анх найз Ононхүү РС газар Рокеr star нэртэй тоглоомыг тоглож байхаар нь би сонирхоод уг тоглоомыг тоглож байсан. Тэгээд өөртөө байсан 400.000 гаран доллар буюу монгол мөнгөөр 1.200.000 төгрөгөө алдсан. Явцын дунд уг тоглоомд карт холбож тоглодгийг мэдээд захирал Л.Эрдэнэчимэгийн картыг ашиглан тоглож эхэлсэн. Цаашид алдсан мөнгө буцаж олохын тулд дахин дахин тоглосоор байгаад нэг мэдсэн 106 мянган доллар буюу Монгол мөнгөөр 300.998.780 төгрөгийн хохирол учирсан байсан....” гэх мэдүүлэг /хх.145-146/,

Хохирогч Л.Эрдэнэчимэгийн Худалдаа хөгжлийн банк дахь картын дансны хуулга /хх.48-105/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Лн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Г.Лн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Г.Лг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг завших” гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулсан” хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Л.Эрдэнэчимэгт учирсан хохирлын 300.998.780 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Л нөхөн төлсөн, үлдэх 296.998.780 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж заасан байх боловч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтад “... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж заажээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Иймд Г.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Лн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Г.Лд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учир шүүгдэгч Г.Лд оногдуулах ялыг хөнгөрүүлэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэж байх боловч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодит боломжтой гэж үзэхээргүй, түүнчлэн шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Г.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Гийн Лг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Лд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Лд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Шүүгдэгч Г.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Л урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 4.000.000 төгрөг нөхөн төлсөн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Лгээс 296.998.780 төгрөг гаргуулж хохирогч Л.Эрдэнэчимэгт олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                      С.ӨСӨХБАЯР