Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 аймгийн  сумын -р баг, шин суух Б овгийн Аийн П //-ийн нэхэмжлэлтэй,

аймгийн н сумын д холбогдох Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 34 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1985254 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар  сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.П

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О

Хариуцагчийн төлөөлөгч Г.А

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д

Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.П шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 1 сарын 14-нд анх  сумын д жолоочоор ажилд орсон. Би ажилд орсоноос хойш  өдийг хүртэл ноцтой алдаа гаргаж, ажлын хариуцлага алдаж байгаагүй. Гэтэл Д.Д эмч намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Өмнө эмч нартай ойлголцож ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан. Өмнөх эмч нар надад илүү цаг өгөх боломжгүй учраас биеэр амраадаг байсан. Энэ ажилд орсноос хойш цаг бүртгээд сууж байгаа хүн би хараагүй. Миний унаж байгаа машин одоо болтол актанд гараагүй байхад намайг элдвээр хэлж, гүтгэж ийм ийм байдалд оруулж байна. Би аль болох хэмнэж, бага зардлаар машинаа явуулахыг боддог байсан. Аймаг ороход 300 километр байдаг. 300 километрт 60 литр бензин өгдөг. Энэ нь заримдаа хүрдэггүй. Би өөрөө бензин авч хийдэг. Цас зудтай үед хуучин машин цас ухахаар бензин очих газраа хүрдэггүй. Өвчтөнтэй явж байх үед машины талаас ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Харин өгсөн бензин нь хүрэхгүй бензингүй сууж байсан тохиолдлууд байгаа. Дуудлагын журнал дээр байхгүй дуудлага бичиж өөрөө надад өгдөг байсан. Тэгээд бичгээ замын хуудсан дээр оруулж бич гэж надад хэлэхээр нь би дуудлагын журнал дээр байхгүй байгаа дуудлагыг оруулж болохгүй. Сүүлд нь асуудал гарвал би буруутай болно гэж хэлсэн. Тэгсэн хоёулаа “тохиролцох уу” гэхээр нь би үгүй гэсэн. 2 колонкийн түгээгч гэсэн надад хэлэхдээ маш олон хүн чиний нэр дээр бензин авч байна шүү гэж хэлсэн. Тэгээд үүнийг би өөрт нь хэлсний төлөө намайг ажлаас халсан гэж үзэж байгаа. Би ард түмний бензинийг ард түмэнд нь зарцуулаач гэж хэлснийхээ төлөө ажлаасаа халагдсан. Мөн намын үзэл суртал гэж байдаг юм шиг байна лээ. Удаан хугацаагаар намайг элвдээр хэлж, доромжилж байгаа. Тэр болгонд нь би дуугүй байдаг. Үнэнийг шүүх тогтоож өгнө, үнэн хэзээд ялна гэж би боддог болохоор дуугүй байсаар ирсэн. Би ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байхад яагаад ингээд байдгийг нь ойлгохгүй байна. Сагс, волейболын тэмцээн мөн урлагийн наадам болоход би л байж байдаг. Хог цэвэрлэхэд би л байж байдаг. Модны хүн ухсан ч би л очиж ухдаг. Тийм байхад яагаад надад муу нэр зүүгээд байгаа юм. Албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүс болохоор ингэж байгаа байх гэж бодож байна. Миний бие нэхэмжлэлийн бүх шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  аймгийн  сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 34 дугаартай тушаал нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас тус тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Пийг ажлаас чөлөөлсөн  аймгийн  сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 12 сарын 9-ний өдрийн 34 тоот тушаалыг хууль бус гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалтыг тухайн тушаалд үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан учраас тус хуулийн зүйл заалтыг авч хэрэглэсэн гэж тайлбарласан. Гэтэл хөдөлмөрийн гэрээг авч үзэхэд ноцтой зөрчлийнх нь талаар хөдөлмөрийн гэрээний 17 дугаар зүйлд тусгайлан заасан. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл ажлын цагаараа ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн эдгээр нөхцөлүүдийг ноцтой зөрчилд тооцно гэсэн хөдөлмөрийн гэрээг талууд байгуулсан байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг хэрэглэх хууль зүйн ямарч үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас хуулийг буруу тайлбарлан хэрэглэж уг тушаалаа гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4-т заасан хуулийн заалтыг үндэслэсэн. Энэ нь байгуулсан ямар контракт гэрээ байхгүй гэж хариуцагч талаас хариу тайлбартаа болон нотлох баримтаар байхгүй байгаа. Контракт гэдэг нь иргэний гоц ховор авъяас болон өндөр ур чадварыг нь хөлслөн авч ашиглах зорилгоор байгуулдаг чухал онцгой гэрээ байдаг. Нэхэмжлэгчтэй контрактын гэрээ байгуулаагүй учраас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг баримталсан. Нэхэмжлэгчийг зөрчил давтан гаргасан гэж хариуцагч талаас үзэхгүй байгаа учраас энэ шаардлагагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь заалтыг баримталсан. Яг ямар эд хөрөнгийг хэзээ яаж үрэгдүүлсэн болон ямар комиссын дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэгчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгээд байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.  Байгуулах гэж байгаа гэрээгээ үндэслээд тухайн тушаалыг гаргачихсан байгаа нь өөрөө хууль зүйн алдаатай тушаал гэдэг нь тогтоогдож байна. Иймээс миний үйлчлүүлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын гаргаж өгсөн нотлох баримт тайлбараас харахад А.П гэдэг хүн Хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэдэг нь тодорхой харагдаж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Маргаан бүхий тушаалын хувьд ажил олгогчийн зүгээс 2016 оны 12 сарны 9-ний өдрийн 34 дугаартай ажлаас халах тухай тушаал гаргасан. Тус тушаал дээр холбогдох хууль болон дүрэм, журамтай холбоотой хэд хэдэн зүйл, заалтыг үндэслэсэн байдаг. Эдгээр нь нэг зөрчил дээр олон зүйл заалтуудыг давхардуулан хэрэглэсэн байдал харагддаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт мөн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн гэрээ гэсэн заалтууд дээрээ давхардаж орсон учраас үүнийг тайлбарлах шаардлагагүй. А.Пийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, мөн ажлын цагийг баримтлаагүй, удаан хугацаагаар ажил тасалсан гэх мэт зөрчлүүдийг дурдаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2 гэсэн заалтууд нь хөдөлмөрийн харилцааг зогсоохоор ажил олгогчийн зүгээс хэрэглэх боломжтой өөрийнх нь эрхийг олгож өгсөн хуулийн заалт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байна. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан зөрчил байхгүй гэдэг талаар тайлбар хийж байна. Ажилтан  11 сараас 12 сарын 9-ний өдрийг хүртэл нийт 10 өдрийн 80 цагийн ажлыг тасалсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Үүнийг ажилтан юу гэж үгүйсгэдэг вэ гэхээр “би тухайн үед ажил дээрээ байнга очдог. Гарааш болон үүдэнд байдаг” гэдэг. Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан, ажлын цагийг 80 цаг тасалсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээрээ гаргаад байгаа зүйлүүд нь нотлогдохгүй байна гэж үзэж байгаа учраас ажилтны ажлаас чөлөөлсөн 2016 оны 12 сарын 9-ний өдрийн тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.П нь  аймгийн сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 34 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1985254 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч аймгийн сумын Эрүүл мэндийн төв /эрхлэгч Д.Д/ нь нэхэмжлэгч А.Пийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4, 43 дугаар зүйлийн 43.2, 131 дүгээр зүйлийн 131.1, 132 дугаар зүйлийн 132.1, 136 дугаар зүйлийн 136.2, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар заалтын 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.3.3, 6.10.2, 6.10.3, 6.10.4, 6.10.5, 6.10.6, 6.11.3, 6.14.2, 6.14.4, 6.14.5, 6.14.6, 6.14.7 дахь заалт, ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар заалт, гүйцэтгэх үүргийн 9 дүгээр заалт, Ёс зүйн дүрмийн харилцааны хэм хэмжээний хориглох зүйлийн 12 дугаар заалт, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 13, 14, 17 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 2 дахь заалт, Эрүүл мэндийн ажилтнуудтай байгуулах ёс зүйн хариуцлагын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 2.2.4, 2.2.7, 2.2.9, 2.2.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажлаас халах тухай 34 дугаартай тушаалаар 2016 оны 12 сарын 9-ний өдөр ажлаас халжээ.

Ажилтныг ажлаас халсан тушаалд баримтлах ёсгүй хуулийн заалтыг баримталсан /Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 37 дугаар зүйлийн 37.1.8, 132 дугаар зүйлийн 132.1, 136 дугаар зүйлийн 136.2/, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа контрактыг цуцлахтай холбоотой хуулийн заалтыг баримталсан /Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4/, хуулийн нарийвчилсан заалтыг баримтлаагүй /Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1/ байна. Мөн бусад дүрэм журмын, ажлаас халах үндэслэл болсон зөрчилтэй холбоогүй олон заалт баримталсан байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримт болон хариуцагч талын шүүхэд гаргаж буй тайлбараар нэхэмжлэгч А.П нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл А.П нь хөдөлмөрийн сахилгын ямар зөрчлийг хэзээ, давтан буюу 2 ба түүнээс дээш удаа гаргасан болох нь тогтоогдохгүй байна.  аймгийн  сумын Эрүүл мэндийн төвийн А.Птой байгуулсан “аймгийн  сумын төрийн үйлчилгээний ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ”-ний /хх-ийн 29-31-рт/ 14 дүгээр заалтад “Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл: ажлын цагаар архи уусан тохиолдолд, ажлын сахилга батыг 2 ба түүнээс дээш алдсан тохиолдолд, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд, Засгийн газрын 13-р албан даалгавар, сумын Засаг даргын 2008 оны 77-р захирамжийг зөрчсөн тохиолдолд” гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заажээ. Гэтэл хэрэгт цугларсан баримтаар ажилтан нь дээрхи зөрчлүүдээс аль зөрчлийг гаргаж ажлаас халагдах болсон нь тодорхойгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг “олон хоногоор ажил тасалсан, байгууллагын эд хөрөнгөнд хохирол учруулсан” зөрчил гаргасан гэж тайлбарлаж байх боловч 11 сарын 28-аас 30-ны өдрүүдэд ажил тасалсан ажилтны нэргүй баримтыг үндэслэл болгож байгаа /хх-ийн 57-рт/, мөн ажилтны 2016 оны 11 сарын цалинг бүтэн олгосон /хх-ийн 7-рт/ байгаа нь ажилтныг 2016 оны 11 сарын 28-аас 2016 оны 12 сарын 9-ний өдрийг хүртэл олон хоногоор ажил тасалсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.  Үүнээс гадна байгууллагын эд хөрөнгө болох автомашины 2 дугуйг жолоочийн буруугаас бөөрийг нь цоолсон гэж байх боловч энэхүү зөрчил нь 2015 оны 9 сарын 1-нд гарсан /хх-ийн 92-рт/ гэж байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул дээрхи зөрчлийг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгож болохгүй.

Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Пийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халсан байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн ажлаас буруу халсан тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан тул аймгийн  сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 сарын 9-ний өдрийн 34 дүгээр тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь буюу  сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сард бүрэн авсан цалингийн дунджаас тооцоход /хх-ийн 7-рт/  1 сарын дундаж цалин 511373 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 23602 төгрөг болж байх ба нэхэмжлэгч нь 2016 оны 12 сарын 9-нөөс хойш шүүх хуралдаан болтол ажлын 76 хоногийн хугацаанд ажилгүй байсан байна. Эндээс тооцож үзэхэд ажилгүй байсан хугацааны олговор 1793752 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны олговорт 1985254 төгрөг нэхэмжилсэн нь илүү тооцон нэхэмжилсэн байх тул олговол зохих хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчид олгох олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр шийдвэрлэлээ.  

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагад 70200 төгрөг, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1793752 төгрөг гаргуулах тухай шаардлагад 43650 төгрөг, нийт 184050 төгрөг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар  аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 сарын 9-ний өдрийн 34 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б овгийн Айн П //-ийг  аймгийн  сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар  аймгийн сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны олговор 1793752 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Пд олгосугай.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох олговроос хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, ажил олгогч  нь мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч  аймгийн  сумын Эрүүл мэндийн төвд үүрэг болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч  аймгийн  сумын Эрүүл мэндийн төвөөс 184050 /нэг зуун наян дөрвөн мянга тавин/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ