Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 52

 

Л.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

                                                        Ц.Амаржаргал                                

Прокурор                                        Н.Дуламсүрэн

Хохирогч байгууллагын төлөөлөгч З.Луубаатар

Шүүгдэгч                                        Л.Д-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ө.Өлзиймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 162 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л-гийн Д-д холбогдох эрүүгийн 1818001440125 тоот, 166/2018/0139/Э индекстэй 1 хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х- овогт Л-гийн Д-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Л.Д- нь сэтгэл санааны гүнзгий хямралтай /хүүхдийн эцэг хаяж явсан, хүсээгүй жирэмслэлт, эцэггүй хүүхэд төрүүлэх гэж байгаадаа төрөл төрөгсдөөсөө айсан, хөрөнгө мөнгөний хүндрэлтэй байдал/ байх үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 06.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, *-р баг, **********-ын **-** тоотод өөрийн гэртээ төрөх явцдаа нярайн амьдрах нөхцөлийг зориуд санаатай муутгаж, агаар амьсгалах боломжийг хааж, трикон дотроо төрж, эм хүйсийн 2240 грамм жинтэй нярайг амьсгалын хурц дутагдалд оруулж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 162 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Х- овогт Л-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар сэтгэл санааны гүнзгий хямралтай байхдаа нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Л.Д- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Д-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх       тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор....” тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгч Ө.Өлзиймаа би, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар сарын 23-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Л.Д-гийн хүсэлтээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Л.Д- нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 06.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 7-р баг, Найрамдлын 3-35 тоотод өөрийн гэртээ төрөх явцдаа нярайн амьдрах нөхцлийг зориуд санаатайгаар муутгаж, агаар амьсгалах боломжийг хааж, трикон дотроо төрж, эм хүйсийн 2240 грамм жинтэй нярайг амьсгалын хурц дутагдалд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д-гийн өгсөн мэдүүлэгт “...би тэр үед төрөх гээд сонин болоод байхдаа эмээдээ нэг хэлж эмнэлэг дуудах гэсэн боловч айгаад хэлж чадаагүй, хэрэв хэлбэл манай эмээ ухаан алдаад уначих байх гэж бодоод хэлэхгүй байж байгаад төрчихсөн. Тэр үед би өвдөөд босоод суугаад байсан, тэгэхэд миний толгой эргээд уначих гээд байхаар нь буцаад хэвтсэн, тэгэхдээ трикогоо тайлсан гэж бодож байсан” гэх,

Гэрч Д.Ариунболдын мэдүүлэгт...эхийн биеийн байдлыг үзэхэд эхийн даралт 60х40 болж унасан, яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлагатай байсан. Тэгээд яаралтайгаар тээвэрлэж эмнэлэгт хүргэсэн. / хх 14-15 /

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.

Шүүгдэгч Л.Д- хэдийгээр жирэмсэлсэн, ураг тээж явах хугацаандаа эмнэлгийн хяналтад ороогүй байсан хэдий ч яг төрөх явцдаа өвдөлт өгсөн, даралт 60х40 болж унасан, толгой нь эргэсэн, босох, суух үйлдэл хийх чадваргүй, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт хийх боломжгүй, трикогоо тайлсан гэж бодож байсан гэх зэргээс үзэхэд эхийн эрүүл мэндийн байдал хэвийн бус байсан, яаралтай эмнэлгийн тусламж авахаас аргагүй байдалд байсан байна.

Шүүгдэгч Л.Д- хүүхэд эндсэнийг өөрийн буруугаас болсон гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, төрөх явцад биеийн байдлын улмаас яаралтай эмнэлгийн тусламж авагдсан, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байна.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Д-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Д-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх Л.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэй байна гэж дүгнэснийг өмгөөлөгчийн зүгээс маргахгүй, харин ял, эрүүгийн хариуцлага болон бусад асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Л.Д-д ял шийтгэл оногдуулахдаа “хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй байтал анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзээгүй. Л.Д- нь нярай хүүхдийн эрхийг зөрчсөн ч гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйл нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Л.Д- нь жирэмсэн байхдаа эмнэлгийн хяналтанд байгаагүй, сүүлд суусан залуу нь хаяж явсны улмаас Л.Д- нь сэтгэл санааны хямралтай байсан бөгөөд төрөх хүртлээ өглөөнөөс 06.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл цайны газарт ажиллаж байсан, Л.Д- нь 40-60 хэмийн даралттай байсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдааны шатанд улсын яллагч Л.Д-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулах санал гаргасан. Л.Д- нь төрснөөс хойш гам барих ёстой, мөн эмэгтэй хүний физиологийн байдал зэргээс түүний зүрхний үйл ажиллагаа алдагдаж ухаан алдсан, өнөө өглөө бас ухаан алдсан. Л.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Л.Д-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Л.Д- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би буруу зүйл хийсэн, миний гар зүгээр байж байснаа хөхөрч, би татаж, ухаан алддаг, тэгээд түргэн тусламж дуудаж гайгүй болж байснаа дахиж татдаг гэв.

Прокурор Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Д- нь 20 настай, Л.Д-гийн хувьд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан учраас анхан шатны шүүхийн шатанд улсын яллагчийн зүгээс “Л.Д-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” санал гаргасан бөгөөд дээрх саналаа дэмжиж байна. Миний бие Улсын баярын өдөр хариуцлагатай жижүүрээр ажиллаж байхдаа хоригдож буй хүмүүстэй нэг бүрчлэн уулзахад 2 хүн яаралтай түргэн тусламж авсан бөгөөд нэг нь Л.Д- байсан гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Л.Д- нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 06.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багийн Найрамдлын 3-35 тоотод өөрийн гэртээ төрөх явцдаа нярайн амьдрах нөхцөлийг зориуд санаатай муутгаж, агаар амьсгалах боломжийг хааж, трикон дотроо төрж, эм хүйсийн 2240 грамм жинтэй нярай нь амьсгалын хурц дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

Л.Д-гийн дээрх үйлдлийг Цагдаагийн газраас гэмт хэргийн шинжтэй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Д-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Д- нь сэтгэл санааны гүнзгий хямралтай буюу хүүхдийн эцэг нь хаяж явсан, эцэггүй хүүхэд төрүүлэх гэж байгаадаа төрөл төрөгсдөөсөө айсан, хөрөнгө мөнгөний хүрэлцээгүй байх үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 06.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багийн Найрамдлын 3-35 тоотод өөрийн гэртээ төрөх явцдаа нярайн амьдрах нөхцлийг зориуд санаатай муутгаж, агаар амьсгалах боломжийг хааж, өмсөж байсан трикогоо доош нь тайлахгүйгээр трикон дотроо төрж, эм хүйсийн 2240 грамм жинтэй нярай нь амьсгалын хурц дутагдалд орж нас барсан үйл баримт нь шүүгдэгч Л.Д-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө үүрээр миний бие тавгүйрхээд байхаар нь “яг төрөх нь дээ” гэж бодсон. Тэгээд удаагүй төрчихсөн. Би тэр үед “төрөх гэж байна” гэдгээ мэдсэн. Унтахдаа өмсөж байсан трикогоо тайлаагүй байсан, тэр чигээрээ тэр трикон дотроо төрсөн. Тэгтэл эгч Цогзолмаа гаднаас орж ирээд хөнжил сөхөж үзээд буцаад тавьчихсан. Эмч ирээд миний триког тайлж “нярайг амьгүй байна” гэж байсан. Би төрөх гээд сонин болж байх үед эмээдээ хэлэх гэснээ айгаад хэлээгүй. Би Бат-Эрдэнэд жирэмсэн болсноо хэлээд “энэ хүүхдийг гаргах уу, авахуулах уу” гэхэд юу ч дуугараагүй байж байгаад гэнэт хувцас хунараа аваад, утасны дугаараа солиод яваад өгсөн. Би буцаад ирэх байх гэж бодоод хүүхдээ авахуулаагүй байсан. Бага байхад нь авахуулъя гэж бодож байсан ч ямар ч мөнгөгүй болчихоод авахуулж чадаагүй, томруулчихсан. Би буруу зүйл хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний гар зүгээр байж байснаа хөхөрч, би татаж, ухаан алдаж унадаг, тэгээд түргэн тусламж дуудаж гайгүй болж байснаа дахиж татаж унадаг, ялыг минь хөнгөлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Сүрэнгийн өгсөн “...2018 оны 02 дугаар 17-ны өглөө Д- унтаж байгаад уртаар санаа алдаад байсан. Тэгээд би гэрлээ асаагаад “чи зүгээр үү” гэхэд “зүгээр, наад гэрлээ унтраа” гэхээр нь гэрлээ унтраасан. Дахин удаагүй амьсгаа алдаад дуугараад байхаар нь гэрлээ асаагаад харахад Д- ус алдчихсан байсан. Тэгээд би утсаар 2 охиноо дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цогзолмаагийн өгсөн “...2017 оны 11 сарын сүүлээр би дүү Д-гаас “чиний гэдэс томроод байна, чи жирэмсэн юм биш үү” гэхэд “би жирэмсэн биш, миний биений юм 12 сард ирнэ” гээд байхаар нь цайны газарт ажиллаад гэдэс нь томроод байна гэж бодоод дахин асуугаагүй. Үүрээр 06.00 цагийн орчим ээж намайг дуудаад “Д- өвдөөд ёолоод байна”, “яаж байна” гэхээр “зүгээр гээд байна” гэж хэлэхээр нь гэрээсээ гарч очоод хөнжлийг нь сөхөж үзэхэд цус алдсан байсан. Удалгүй 103 ирээд анхны тусламж үзүүлсэн боловч нярай нас барсан байсан..” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ариунболдын өгсөн “...намайг жижүүртэй байхад 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 06.45 цагт дуудлага ирсний дагуу очоод “төрөх эмэгтэй хаана байна” гэхэд эгч нь “бидэнд жирэмсэн гэдгээ хэлээгүй, жирэмсэн юм шиг байна, доошоо цус алдсан байна” гэхээр нь эмэгтэйд үзлэг хийхээр хөнжлийг сөхөхөд дэвсгэр даавуу нэлэхүйдээ цус болчихсон байсан. Тэр үед тухайн эмэгтэйн трико дотоож нь гүйцэд татагдсан байдалтай байсан тул трико дотоожийг тайлж үзэхэд аль хэдийн төрөх үйл ажиллагаа явагдаад дуусчихсан байсан. Энэ нь ихэс бүрэн ховхорч гадагшилсан, ураг шахагдаж ил атирсан байдалтай байсан тул төрөлт дууссан гэж үзсэн. Ургийг хажуу талд нь аваад амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг шалгахад амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа байхгүй, бие нь хөхөрсөн, ус нь бага зэрэг үнэртэй, цааш ихэсийг үзэхэд ихсэд ямар нэг үлдсэн зүйл байхгүй, ихэс бүрэн бүтэн байсан болохоор би нярайн эхээс “хэзээ өвдсөн, хэзээ төрсөн” гэж асуухад надад ямар нэгэн хариулт хэлэхгүй байсан. Тэгээд эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг, Дархан–Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 21-ний өдрийн №18 дугаартай шинжээчийн... “Шинжилгээнд авагдсан цогцос нь эм хүйсийн, эх дотроо гүйцэд бойжсон, төрөх хугацаандаа төрсөн нярай болно. Нярай нь төрөх явцад ураг орчмын шингэнээр амьсгалын зам бөглөрснөөс амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Нярай нь төрөх явцад амьсгал бүтэж нас барсан болох нь амьсгалын замын эрхтэн, уушигны макро болон эд эсийн шинжилгээгээр батлагдсан болно. Нярайд эхээс төрснөөс хойш ямар нэгэн асаргаа сувилгаа хийгдээгүй байна. Нярай нь зохих нөхцөлд эмчийн хяналтанд төрсөн бол амьдрах боломжтой байжээ” гэсэн дүгнэлт, цогцосны гадна хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Л.Д- нь жирэмсэн болж, төрөх гэж байгаагаа мэдэж байсан, урьд нь хүүхэд төрүүлж байсан тул эмэгтэй хүн яаж төрдөг, төрөх  үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар мэдлэгтэй байсан, төрөх үедээ бусдаас тусламж авах, төрөх гэж байгаа болон төрж байгаагаа хажуудаа байсан төрөл төрөгсөддөө хэлэх, өмссөн трико, дотоожоо доош нь тайлж хүүхэд амьсгалах нөхцлийг бүрдүүлж нярай хүүхдээ эсэн мэнд төрүүлэх боломжтой байхад төрөх гэж байгаагаа болон төрснөө бусдаас нууж, хүүхдийнхээ чөлөөтэй амьсгалах нөхцлийг бүрдүүлэхгүйгээр амьсгалыг нь боогдуулж, амьсгалын хурц дутагдалд оруулсан үйлдлийг өөрөө хүсч үйлдсэн, улмаар нярайг эндэж нас барах хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Д-гийн үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байхад ийм байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Гэсэн хэдий ч шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл нь хүнддээгүй, уг ял нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 162 дугаартай шүүгдэгч Л.Д-д холбогдох шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                             Б.МАНЛАЙБААТАР