Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0156/З |
Дугаар | 221/МА2023/0520 |
Огноо | 2023-08-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2023/0520
Г.Ж, Л.Ө, Г.Ө,
Г.Б, Б.Б, Л.Б нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, О.Х
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 368дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Ж, Л.Ө, Г.Ө, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2022/0156/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ж, Л.Ө, Г.Ө, Г.Б, Б.Б, Л.Б нараас “нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ж, Л.Ө, Г.Ө, Г.Б, Б.Б, Л.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Б, Л.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. нийслэлийн засаг даргын 2018 оны 08 сарын 23 ны өдрийн А/754 дүгээр захирамжаар Олимп хотхоны баруун талд улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургуулийн барилга барих зориулалтаар 7500 м.кв газрыг нийслэлийн Боловсролын газарт олгосон байх бөгөөд тухайн захиргааны акт нь иргэн Л.Б болон Б.Б нарын өмчлөлийн 16 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцаж олгогдсоныг шинжээчийн дүгнэлтээр батлагдсан тул нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг нь ноцтой зөрчөөд зогсохгүй, газар ашиглах эрхийг нь ч зөрчөөд байгаа болно.
3.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д “нийслэлийн Засаг дарга нь газрын хэвлийн ашиглалтад хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь тухайн газрын хэвлийн ашиглалтыг шалгаж байж давхцалгүйгээр олгох ёстой байсан. Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д заасан захиргааны актын аль нэг хэсэг нь илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байх хуулийн зүйл заалт байхад шүүх энэхүү хуулийн заалтыг огтоос анхааралгүйгээр ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэх буюу боловсролын үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан байх тул уг захирамж нийтийн эрх ашигт нийцсэн буюу зорилгодоо нийцсэн байна гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хуульд үндэслэгдээгүй зөвхөн нийтийн эрх ашиг гэдэгт чиглэж шийдсэн болох нь харагдаж байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэл гаргасан автозогсоол өмчлөгч нараас гадна тухайн газарт 300 гаран автозогсоол эзэмшигч нар байгаа бөгөөд энэ утгаараа эдгээр өмчлөгч нарын эрх ашиг мөн адил нийтийн эрх ашигт хамаарахыг дурдах нь зүйтэй.
3.3. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Л.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13312 Хүннүгийн гудамж 424 дүгээр байр зоорийн давхрын 44 тоот хаягт байршилтай 16м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалт бүхий улсын бүртгэлийн Ү-220410**** дугаартай хөрөнгийн хувийн хэргийг бүхэлд нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр Улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах хүсэлт гарган хэлэлцүүлэхэд шүүгч захирамжаа хүсэлтийг хангасан гэж тайлбарласан /хавтаст хэрэгт тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй тус хүсэлт хавсаргагдсан байгаа/. Гэвч энэ ажиллагааны дагуу нотлох баримтууд ирэхгүй байсан учир шүүхээс асуухад туслахууд солигдож мэдэхгүй гэх болсон.
Мөн уг ажиллагааг хийлгэе гэхэд шүүх хуралдаанд яриарай гэсэн. Ингээд 2023 оны 04 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх асуудлыг ярьж ажиллагаагаа явуулж өгнө үү гэхэд хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Өмнө нь хангаж шийдвэрлэсэн асуудлаар нотлох баримтаа шаардахад дараагийн шүүх хуралдаанд түүнийг дахин хэлэлцэх болох болон тухайн нотлох баримтууд нь ач холбогдлоо алдсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд заавал биелэгдэх ёстой.
3.4. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн 3-д “П х” ХХК-ийн барьсан авто гарааш, байгууламж нь Газрын тухай хуулийн дагуу олгосон эзэмшил, ашиглалт газраасаа хэтрүүлэн барьсан байна гэж дүгнэсэн тул “П х” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг мөн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр гаргасныг шүүх хүлээн авч хурлаар хэлэлцүүлнэ гэж явсаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд шүүхийн зүгээс “П х” ХХК өөрсдөө хүсэлт гаргаагүй гэдэг байдлаар тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний алдаа болсон.
3.5. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Л.Б, Б.Б нарын авто машины зогсоол маргаан бүхий газарт байрласан ч шинжээч “Г а” ХХК нь дүгнэлтээ гаргахдаа дээрх 2 иргэний газарт хэмжилт хийгээгүй тул Л.Б, Б.Б нарын нотлох баримт цуглуулах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдэж тус газарт нэмэлт шинжээч томилох ажиллагаа хийгдэн хэмжилт хийсний үр дүнд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээ нэмэгдэн өөрчлөгдөх нь ойлгомжтой. Түүгээр зогсохгүй давхцалын хэмжээ нэмэгдэн өөрчлөгдөж, нийтийн эрх ашиг хэр хэмжээнд хөндөгдөх нь зөвхөн дээрх хоёр нэхэмжлэгчээр зогсохгүй байсан. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэлд маргаан бүхий захирамж нь “нийтийн эрх ашигт нийцсэн буюу зорилгодоо нийцсэн байна гэж шүүх үзлээ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 мөн хуулийн 4.2.1 4.2.5, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн байхад хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтох ажиллагааг хийгээгүй хэргийн болон бусад оролцогчдын эрхийг хангалгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Дээрх хүсэлтүүдийг бүгдийг нь хангахаас татгалзсан захирамжийг даргалагч шүүгч танилцуулахдаа тус захирамжид гомдол гаргах эрхгүй хэмээн шүүх хуралдаанаар үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан анхан шатны шүүх зөвхөн хэргийн оролцогч буюу гуравдагч этгээдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд захирамжид гомдол гаргах эрхгүй байж болох хэдий ч өмнө шийдвэрлэсэн нотлох баримтаа шаардах хүсэлтийг давхар шийдэж хангахаас татгалзахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 болон 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг зөрчиж нэгэнт шүүхээр шийдсэн хүсэлтийг дахин шийдэх болон нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдэхдээ гомдол гаргах эрхгүй хэмээн алдаатай захирамж гаргасан ба шүүхийн шийдвэрийг гардаж авах үед тус захирамж болон хуралдааны тэмдэглэл гаргаагүй байсныг дурдаж байна
Мөн түүнчлэн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т зааснаар “...хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч /гуравдагч этгээд/ эрх үүргээ хэрэгжүүлэх мэтгэлцэх зарчмыг хангуулах” үүргээ зөрчсөн байна. Нэхэмжлэгчдийн давж заалдах гомдол гаргасны дагуу тус хэрэг давж заалдах шатны шүүхэд хүргэгдсэний дараа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гомдол гаргах хугацаа дууссан гэж хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргэгдэн ирсэн тул нэхэмжлэгчдийн буруутай биш шалтгаантай тул анхан шатны шүүх 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 5884 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг 7 хоногоор сэргээсэн болно.
Иймд анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.Ж, Л.Ө, Г.Ө, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан илт, илэрхий алдаатай захиргааны актыг ойлгоно гэж дүгнэсэн байна. Захирамжид газрын байршлыг Олимп хотхоны баруун талд гэж заасан боловч бодит байдалд уг маргаан бүхий газар Олимп хотхоны гол төв хэсэгт байрлаж байгаа нь актыг илт хууль бусад тооцох хэмжээний үндэслэл болохгүй гэсэн болно. Гэтэл “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно гэж Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ы өдрийн 37 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт албан ёсоор тайлбарласан байдаг.
нийслэлийн Засаг даргын энэхүү угийн алдаатай гарсан маргаан бүхий захирамж нь үр дагаврын хувьд нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, газрын хэвлийг ашиглах эрхийг ноцтой зөрчсөн болно. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д зааснаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсгийг Улсын дээд шүүхийн дээрх албан ёсны тайлбараас буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
4.2. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгч нарын газар доорх автозогсоолтой 724,845 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь “Г а” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог тул маргаан бүхий А/754 дүгээр захирамж илт хууль бус гэсэн агуулгаар маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэсэн нь шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий газрыг зөвхөн урд хэсгээрээ 724,845 м.кв давхцаад зогсохгүй, орон сууцны газар дээрх автогражтай 831,943 м.кв, зүүн баруун талаараа мөн адил давхцалтай гэж дүгнэсэн. Шүүхээс маргаан бүхий газрыг бусдын өмчлөлийн талбайтай болон орон сууцны газар дээрх талбайтай нийт хэдий хэмжээгээр давхцаад байгааг тогтоогоогүй. Нийт давхцалын хэмжээг тогтоосноор захиргааны акт бодит нөхцл байдал дээр биелэгдэх боломжтой эсэх нь тогтоогдох байсан юм. Энэ утгаараа анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т зааснаар “...хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч /гуравдагч этгээд/ эрх үүргээ хэрэгжүүлэх мэтгэлцэх зарчмыг хангуулах” үүргээ зөрчсөн гэж үзэж байна.
4.3. Шинжээч маргаан бүхий газар нь “П х” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцалтай гэж дүгнэсэн байдаг. Ийнхүү” П х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байхад шүүх өөрийн санаачилгаар гуравдагч этгээдээр татаагүй, гуравдагч этгээдээр татах тухай хүсэлт гаргасан байхад хангаагүй, мөн өмнө гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа ажиллагаагаа хийгээгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно.
4.4. Захиргааны байгууллага, албан тушаалтын үйл ажиллагаандаа юуны түрүүнд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, 4.2.1 дэх хэсгийн хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлах ёстой. Гэтэл хариуцагч тал энэхүү үндсэн болон тусгай зарчмыг зөрчиж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчөөд, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байхад захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нийтийн эрх ашигт нийцсэн гэж үзээд байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатанд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч Г.Ж, Л.Ө, Г.Ө, Г.Б, Б.Б, Л.Б нараас “нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/919 дүгээр захирамжаар Баянзүрх дүүрэг 26 хорооны нутаг дэвсгэрт 14513 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар “И” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 154 дүгээр тогтоолоор батлагдсан “Олимп хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу “И” ХХК-ийн эзэмшлийн газраас нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан 7500 м.кв газрыг маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар Нийслэлийн Боловсролын газарт 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
2.3. Нэхэмжлэгч нараас “маргаан бүхий захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны баруун талд Нийслэлийн Боловсролын газарт газар эзэмших эрх олгосон, гэтэл бодит байдал дээр Олимп хотхоны гол төв хэсэгт сургууль барих зорилгоор газар эзэмших эрх олгосон, мөн нэхэмжлэгч нарын газрын дор байрлах үл хөдлөх эд хөрөнгөтэй давхацсан, өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн, газар ашиглах эрхийг тус тус зөрчсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүхээс хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
2.4. Учир нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “...шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий газрыг зөвхөн урд хэсгээрээ 724,845 м.кв давхцаад зогсохгүй, орон сууцны газар дээрх авто гарааштай 831,943 м.кв, зүүн баруун талаараа мөн адил давхцалтай гэж дүгнэсэн. Шүүхээс маргаан бүхий газрыг бусдын өмчлөлийн талбайтай болон орон сууцны газар дээрх талбайтай нийт хэдий хэмжээгээр давхцаж байгааг тогтоогоогүй” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд зөвхөн Олимп хотхоны 424 дүгээр байрны газар доорх гарааштай давхцалтай эсэхийг тодруулаад зогсохгүй өөр бусад байдлаар газрын давхцалтай эсэхийг шалгаж тодруулах нь хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
2.5. Тодруулбал, маргаан бүхий газрын баруун, зүүн талуудад 424 дүгээр байраас гадна 422, 423, 426, 430 дугаар байрууд байрлаж байгаа нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлүүдээр тогтоогдож байхад шүүхээс зөвхөн 424 дүгээр байрны газар доорх гарааш болон Нийслэлийн Боловсролын газрын эзэмшил газар өөр хоорондоо давхцалтай эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байгаа нь учир дутагдалтай болжээ.
2.6. Нөгөөтээгүүр хавтаст хэрэгт 424 дүгээр байрны зоорийн давхрын гүйцэтгэлийн зураг авагдсан байх боловч нэхэмжлэгч нарын өмчлөлийн 44, 58, 72, 77, 82 дугаар автозогсоолууд аль аль хэсэгт байрладаг, мөн Нийслэлийн Боловсролын газартай аль хэсгээрээ ямар хэмжээгээр давхцалтай болох нь тодорхойгүй байна.
2.7. Мөн хариуцагч талаас “тухайн үед архитектур төлөвлөлтийн даалгавар болон бусад баримт бичгүүдийг зөрчиж, төлөвлөгдсөн газраасаа илүү гарган гарааш, ил зогсоол баригдсан” талаар тайлбарлан маргасан байхад энэ талаарх нөхцөл байдлыг тодруулаагүй, аль хэсгээрээ, ямар хэмжээтэйгээр илүү гарган барьсан болох талаар баримт цуглуулаагүй байна.
2.8. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН