Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч З.Одбаяр,

Улсын яллагч Ж.Отгонбаяр,

Хохирогч Т.Батжаргал,

Шүүгдэгч Ч.Буянбат, түүний өмгөөлөгч Г.Буян /үнэмлэх 0-066/, Б.Отгонбаатар /үнэмлэх 0-420/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

           

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Чойжилсүрэнгийн Буянбатад холбогдох эрүүгийн 201601000016 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймаг Цагаанхайрхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “Хас” банкны Мэдээлэлийн сан систем хөгжүүлэлтийн хэлтсийн программ хөгжүүлэгчээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүү, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Батмөнхийн гудамж 42а байрны 62 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Тайжууд овогт Чойжилсүрэнгийн Буянбат, /РД:ОС90012133/,     

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Буянбат нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны Мэдээллийн сан систем хөгжүүлэлтийн хэлтсийн программ хөгжүүлэгчээр ажиллаж байхдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн эрхлэх мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн /Хадгалуулагч, хадгалагчийн эрх үүрэг/ 7.2.2 дахь заалт буюу “Хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрлөөр буюу даалгавараар гүйлгээ хийх”, банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн /Банкинд тавих шаардлага/ 16.1.4 дэх заалт буюу “Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж “Хас” банкны харилцагч нарын хувийн данснаас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Энхзаяагийн данснаас 25.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Д.Баттулгын данснаас 4.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Д.Наранцэцэгийн данснаас 1.600.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр С.Рэнцэнгийн данснаас 5.600.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ш.Энхбатын данснаас 1.300.000 төгрөг болон “Хас” банкны үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данснаас 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Т.Молсойгийн 2.739.409 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б.Баттөрийн 2.024.600 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ж.Бурмаагийн 1.258.953 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д.Баярхүүгийн 1.481.396 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.Баттөмөрийн 1.258.953 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ш.Мөнхжаргалын 1.335.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-ний өдөр Л.Түмэнжаргалын 1.204.740 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр С.Цогсүрэнгийн 1.135.552 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Амаржаргалын 1.219.824 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Г.Алтанхуягийн 1.526.987 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А.Махсатын 1.193.460 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Авдикерим Муптигийн 3.509.493 төгрөг, нийт 57.888.367 төгрөгийг байгууллагын ашигладаг тусгай программ ашиглан нэвтрэн орж ашиг олох шунахайн сэдэлтээр мөнгө авч “Хас” банканд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Буянбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “

Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Ч.Буянбат нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2010 оны 06 дугаар сард "Хас" банкны төв албанд веб хөгжүүлэгчээр ажилд орж байсан. Тухайн үед миний хариуцсан ажил нь бизнес нэгжүүдийн шаардлага хэрэгцээнд тохируулж шинэ программ хангамж хөгжүүлэх /зохиох/, эсвэл одоо ашиглагдаж байгаа программ хангамжийг нь сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж байсан. Шинэ программ хангамжийг хөгжүүлэх гэдэгт "Хас" банк нь интернэт банкны үйлчилгээ байхгүй байсан тохиолдолд банкны удирдлагаас интернэт банктай болъё гэж шийдсэн тохиолдолд бид нар интернэт банкны үйлчилгээний программыг шинээр хийж зохиодог гэсэн үг юм. 2015 оны 05-р сард "Хас" банканд бүтцийн өөрчлөлт хийгдэж би программ хөгжүүлэгчээр ажиллах болсон юм. Тэгээд тухайн үед Бямбадоржоос удахгүй мөнгөө авна гэж бодоод "Хас" банкны дотооддоо ашигладаг үндсэн системтэй холбогдон ажилладаг "Мидлвэйр сервис" программ руу гүйлгээний мессэж зохиож шидэх замаар эхний удаа буюу 2015 оны 7-р сарын 06-ны өдөр өөрийн "Хас" банкны 5000618280 данснаас өөрийн 5000666666 дугаартай данс руу 2,875,390 төгрөгийг шилжүүлж үзэхэд болж байсан учраас мөнгө шилжүүлэх боломжтой юм байна гэж үзэн тус өдрөө буюу 2015 оны 7-р сарын 06-ны өдөр "Мидлвэйр сервис" программ ашиглан Т.Молсой ТЯ48010112 регистрийн дугаарыг ашиглаж 2,739,409 төгрөгийг өөрийн 5000666666 тоот данс руу шилжүүлж авсан. Мөнгөтэй болохоороо буцаагаад хийнэ гэж хөнгөмсгөөр найдаад үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данснаас дараах регистрийн дугаар ашиглаж өөрийн "Хас" банкны 5000666666 дугаартаай дансанд мөнгө шилжүүлж хийх болсон. Үүнд:

  1. 2015.07.10-ны өдөр Б.Баттөр Ш375020238 гэсэн утгаар 2.024.600 төгрөг,
  2. 2015.07.24-ний өдөр Ж.Бурмаа Х353031500 гэсэн утгаар 1.258.953 төгрөг,
  3. 2015.08.20-ны өдөр Д.Баярхүү 4372110518 гэсэн утгаар 1.481.396 төгрөг,
  4. 2015.08.21-ний өдөр Б.Баттөмөр ЧС57012519 гэсэн утгаар 1.258.953 төгрөг,
  5. 2015.08.25-ны өдөр Ш.Мөнхжаргал ЕЙ66111961  гэсэн утгаар 1.335.000 төгрөг,
  6. 2015.08.27-ны өдөр Л.Түмэнжаргал ХЖ71120717 гэсэн утгаар 1.204.740 төгрөг,
  7. 2015.09.07-ны өдөр С.Цогсүрэн ЧК51031819 гэсэн утгаар 1,135,552 төгрөг,
  8. 2015.09.11-ний өдөр Ц.Амаржаргал ЦД70120563 гэсэн утгаар 1.219.824 төгрөг,

9.    2015.09.25-ны өдөр Г.Алтанхуяг Х380121776 гэсэн утгаар 1.526.987 төгрөг,
10.2015.09.28-ны өдөр А.Махсат ТЯ69100310 гэсэн утгаар 1.193.460 төгрөг,
11.2015.10.22-ны өдөр Авдикерим Мулти КА25801187М гэсэн утгаар 3.509.493

төгрөг нийт 12 ширхэг регистрийн дугаар ашиглаж өөрийн 5000666666 тоот данс руу 19,888,367 төгрөгийг шилжүүлж авсан.

 

Мөн дээрх программыг ашиглан "Хас" банкны хугацаа дуусаж идэвхигүй болсон доорх таван харилцагчийн данснаас банк хоорондын интернет гүйлгээг ашиглан мөнгө шилжүүлсэн. Үүнд:

            1. 2015.11.18-ны өдөр Цэндсүрэнгийн Энхзаяа гэх хүний 5000612323 дугаарын данснаас 25.000.000 төгрөг Хаан банкны харилцагч Отгонбаатар гэх хүний 5024364216 данс руу,

            2. 2015.11.23-ны өдөр Дамдинсүрэнгийн Баттулга гэх хүний 5000022468 дугаарын данснаас 4.500.000 төгрөг Хаан банкны харилцагч Чулуунхүү гэх хүний 5076097510 данс руу,

            3. 2015.12.08-ны өдөр Дагвадоржийн Наранцэцэгийн 5000642192 дугаарын данснаас 1.600.000 төгрөг Хаан банкны харилцагч Чулуунхүү гэх хүний 5076097510 данс руу,

            4. 2015.12.16-ны өдөр Сундуйжавын Рэнцэнгийн 5000119280 дугаарын данснаас 5.600.000 төгрөг Хаан банкны харилцагч Төрбадрах гэх хүний 5011350741 данс руу,

            5. 2016.01.06-ны өдөр Шилэгийн Энхбатын 5000685367 дугаарын данснаас
1.300.000 төгрөг Хаан банкны харилцагч Отгондаваа гэх хүний 5818013867 данс
руу тус тус мөнгийг нь шилжүүлсэн. Тухайн таван данснууд нь 2013 оноос хойш
ямар нэгэн гүйлгээ хийгээгүй байсан юм.

Тэгээд тухайн үед тэр хүмүүсийн данс руу шилжүүлсэн мөнгөө өөрийн данс руу буцааж шилжүүлж авах болон бэлнээр очиж авч байсан. Тэгсэн 2016 оны 01-р сарын 11-ний өдөр сүүлийн 1.300.000 төгрөгийн гүйлгээ хийсэн дансны эзэмшигч манай банканд гомдол гаргасан. Тэр талаар нь би эхэндээ мэдээгүй байж байгаад сүүлд нь хүмүүсээс сонссон юм. Тэгээд би тухайн үед нэгэнт баригдахаа мэдээд манай хэлтсийн захирал Жаргалсүрэнд өөрийн хийсэн бүх гүйлгээний талаар хэлж мэдэгдсэн. Би тухайн 57.888.367 төгрөгний зөрчлийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх мөнгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан. Эхний ээлжинд байрны урьдчилгаа үлдэгдэл төлбөр болох 5.000.000 төгрөгийг төлж дуусгасан, гэртээ зурагтын тавиур, өөртөө унадаг дугуй, хүүхдийн ор, “Тоёота Лексус RX400H”  маркын хар өнгийн автомашиныг хувь хүнээс 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн машиндаа дөрвөн өвлийн дугуй 1.300.000 төгрөгөөр, тос масло зэргийг нь солиулахад 200.000 гаруй мянган төгрөг болсон. 2016 оны 01-р сарын 06-ны өдөр нагац эгч Отгондаваа надад хандаж "эгч нь бараанд явах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна, хавар ноолуурын үеэр өгчихье" гэж хэлэхээр нь би 1.300.000 төгрөгийг "Хас" банкны харилцагч Ш.Энхбат гэх хүний данснаас шилжүүлчихсэн юм. Би 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Шилэгийн Энхбат гэх хүний данснаас авсан 1.300.000 төгрөгийг өөрөө төлж барагдуулж гомдолгүй болгосон. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг, 2016 оны 02-р сарын 18-ны өдөр 6.000.000 төгрөгийг "Хас" банкны хохирол төлөх 5001636478 тоот данс руу шилжүүлсэн. Шүүх хурлаас өмнө би бүх хохиролоо барагдуулж дуусгах болно...” гэсэн мэдүүлгээр /1 дүгээр хх 127-130, 133-138 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ч.Буянбат нь нэр бүхий 5 харилцагчийн данснаас нийт 38.000.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан. Бусад 12 гүйлгээг банкны дотоод данснаас буюу банкинд данс байхгүй брокер дилерийн компаниар дамжуулаад өөрийнхөө үнэт цаасыг зарах захиалга өгсөн хүмүүсийн мөнгийг авсан байдаг. Брокер дилерийн компаниуд өөрсдөө мөнгө хадгалах боломжгүй учраас арилжааны банк руу мөнгийг нь бөөнөөр нь шилжүүлчихдэг. Тухайлбал Баттөр гэдэг хүний хувьцаа ингэж зарагдсан ийм хэмжээний мөнгө орлоо гэдэг. Дараа нь Баттөр гэдэг хүн ирвэл манай байгууллагаас ирсэн бичгийг үндэслээд мөнгийг нь гаргаж өгдөг. Банк энэ мөнгийг нь өөрийнхөө хөрөнгөөр бүртгэж авдаггүй. Харин бусдад дамжуулж өгөх ёстой буюу өглөгийн данс нээгээд бөөнөөр нь хадгалдаг. Баттөр гэдэг хүн ирээд мөнгөө авъя гэхээр нь өглөгийн дансанд орж ирсэн орлогын гүйлгээнүүд дотроос Баттөр гэдэг хүний нэр дээр орж ирсэн орлогын гүйлгээг регистрийн дугаараар нь шалгаад мөнгийг нь гаргаж өгдөг. Банкны хувьд өглөгийн дансанд байгаа мөнгийг нөхөөд буцаагаад хийчихсэн. Банк санхүүгийн байгууллага учраас энэ хүмүүсийг ирэхээр нь “таны мөнгийг Ч.Буянбат гэдэг хүн авчихсан, та Ч.Буянбат гэдэг хүнээс аваарай” гэж хэлэх боломж байхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4  дэх заалтуудад заасны дагуу банкинд хадгалагдаж байгаа харилцагчийн мөнгийг бүрэн бүтэн хадгалах, энэ үүргийг харилцагчийн өмнө хүлээх үүрэгтэй байдаг. Тэгэхээр харилцагчийнхаа өмнө үүргээ бүрэн хүлээж байгаа. Нийт 57.888.367 төгрөгний хохирол учирсан. Үүнээс Ч.Буянбат 1.300.000 төгрөгийг төлсөн байсан. 56.588.367 төгрөгний хохирол үлдсэн. Ч.Буянбат нь банкинд 70.000.000 гаруй төгрөгний үлдэгдэлтэй орон сууцны зээлтэй байсан. Банкны ажиллагсдын хямд үнээр буюу 8 хувийн зээлээр авсан байраа Ч.Буянбат нь “би ажилгүй байгаа учраас зээлээ төлж чадахгүй нь тиймээс банкинд учруулсан 56.588.367 төгрөгний хохиролдоо тооцож өгье” гэсэн хүсэлтээ тавихаар нь банкны зүгээс уг байрыг нь шилжүүлж авахаар зөвшөөрч эхлээд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дараа нь зээлийг нь барагдуулсан. Гэхдээ тодорхой хэмжээний зөрүү үлдэж байгаа. Энэ нь Ч.Буянбат болон банк хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой үр дагавар учраас ярихгүй. Банкны хувьд Ч.Буянбатаас авах авлагууд байгаа. Тухайлбал 6.000.000 төгрөгний хэрэглээний зээл, орон сууцны зээлээс 6.000.000-7.000.000 төгрөгний зээл үлдсэн байгаа. Энэ зээлүүдээ барагдуулах боломжоор нь хангах үүднээс Ч.Буянбатын автомашиныг өөрийнх нь өмчлөлд үлдээж өгөхийг хүсч байна. Гэхдээ энэ нь эрүүгийн хэрэгт хамааралгүй. Бидний зүгээс эрүүгийн хэрэгтээ холбоотой хохирлоо барагдуулж авсан гэсэн мэдүүлгээр,

              Хохирогч Т.Батжаргал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Ч.Буянбат нь 2010 оны 6 дугаар сард "Хас" банканд системийн шинжээчээр анх ажилд орж байсан. Тэгээд түүнээс хойш Ч.Буянбат нь манай банканд программ хангамжийн чиглэлээр ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тэгээд 2013 оны 9 дүгээр сард буцаад "Хас" банканд программ хангамжийн чанарын инженер мэргэжилээр ажилд орсон. Тэгээд энэ албан тушаалд нэг жил ажиллаж байгаад 2014 оны 3 дугаар сараас эхлэн программ хангамжийн ахлах чанарын инженер, 2014 оны 9 дүгээр сард программын ахлах хөгжүүлэгч албан тушаалтай ажилласан. Тэгээд 2015 онд "Хас" банканд бүтцийн өөрчлөлт хийгдсэн, энэ үеэс эхлэн Ч.Буянбат нь одоогийн ажиллаж байсан мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтэст программ хөгжүүлэгчээр ажиллах болсон юм. Тэгсэн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Түшиг Их дэлгүүрийн "Хас" банкны салбарт Ш.Энхбат гэдэг харилцагч "миний данснаас 2016 оны 1 дүгээр  сарын 6-ны өдөр 1.300.000 төгрөгний зарлагын гүйлгээ гарсан байна, би зарлага хийгээгүй байтал данснаас мөнгө гарсан учраас шалгаж өгнө үү" гэж гомдол гаргасан. Үүний дагуу "Хас" банкны Аудитын газар, Аюулгүй байдлын удирдлагын хэлтэс гомдлыг шалгахад харилцагч Ш.Энхбатын 5000685367 дугаартай данснаас 1.300.000 төгрөгийг Ч.Буянбатын программын эрхээр 2016 оны 1 дүгээр 6-ны өдөр "Хаан" банкны Отгондаваа гэсэн харилцагч руу шилжүүлсэн байсан. Энэ талаар Ч.Буянбатаас асуухад "би программын бодит орчин болон тестийн орчиноо андуурч гүйлгээ хийсэн байна, өөрөөр хэлбэл шалгалт явуулж байгаад энэ хүний данснаас санаандгүй өөр хүний данс руу мөнгө шилжүүлчихсэн байна" гэж хэлсэн. 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б.Баттөр гэдэг харилцагчаас "Хас" банканд хандаж брокер теллерийн компаниас зарлага гаргах баримт өгөөгүй боловч өөрийнх нь нэрийн өмнөөс зарлага гаргасан тухай гомдол гаргасан юм. Үүний дагуу тус гомдлыг "Хас" банкны Аудитын газар, Бүртгэлийн хэлтэс, Аюулгүй байдлын удирдлагын хэлтсийн ажилчид хамтран шалгалтын ажиллагаа явуулахад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цэндсүрэнгийн Энхзаяа гэх хүний 5000612323 дугаарын данснаас 25.000.000 төгрөг Хаан банкны Отгонбаатар гэх хүний данс руу, 2015 оны 11 дүгээр 23-ны өдөр Дамдинсүрэнгийн Баттулга гэх хүний 5000022468 дугаарын данснаас 4.500.000 төгрөг Хаан банкны Чулуунхүү гэх хүний данс руу, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дагвадоржийн Наранцэцэгийн 5000642192 дугаарын данснаас 1.600.000 төгрөг Хаан банкны Чулуунхүү гэх хүний данс руу, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сундуйжавын Рэнцэнгийн 5000119280 дугаарын данснаас 5.600.000 төгрөг Хаан банкны Төрбадрах гэх хүний данс руу, 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Шилэгийн Энхбатын 5000685367 дугаарын данснаас 1.300.000 төгрөг Хаан банкны Отгондаваа гэх хүний данс руу ажилтан Ч.Буянбатын программын эрхээр гүйлгээ хийж нийт 38.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Мөн "Хас" банкны үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн 5000747992 дугаартай данснаас банкны дотооддоо ашигладаг 26050200 данс руу 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Т.Молсой ТЯ48010112 гэсэн утгаар 2.739.409 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б.Баттөр Ш375020238 гэсэн утгаар 2.024.600 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ж.Бурмаа Х353031500 гэсэн утгаар 1.258.953 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д.Баярхүү 4372110518 гэсэн утгаар 1.481.396 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б.Баттөмөр ЧС57012519 гэсэн утгаар 1.258.953 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ш.Мөнхжаргал ЕЙ66111961 гэсэн утгаар 1.335.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Л.Түмэнжаргал ХЖ71120717 гэсэн утгаар 1.204.740 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр С.Цогсүрэн ЧК51031819 гэсэн утгаар 1.135.552 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Амаржаргал ЦД70120563 гэсэн утгаар 1.219.824 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Г.Алтанхуяг Х380121776 гэсэн утгаар 1.526.987 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр А.Махсат ТЯ69100310 гэсэн утгаар 1.193.460 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Авдикерим Мупти КА25801187М гэсэн утгаар 3.509.493 төгрөг нийт 19.888.367 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, энэ данснаас Ч.Буянбат өөрийн 5000666666 дугаартай данс руу тухай бүр нь шилжүүлж авсан байгаа юм. Банкны мөнгөн хөрөнгө болох 57.888.367 төгрөгийг 17 удаагийн үйлдлээр хувьдаа авсан нь харилцагчийн дансны хуулга, Ч.Буянбатын дансны хуулга, гүйлгээний лог бүртгэл, айпи хандалт зэргээр нотлогдож, тогтоогдож байгаа юм. Ч.Буянбаттай ижил албан тушаалд ажилладаг бусад ажилтнууд яг ийм байдлаар гүйлгээ хийх боломжтой банкны үндсэн системийн хөгжүүлэх зорилгоор зайлшгүй хийгддэг тест туршилтыг хийлгэхийн тулд тестийн программд олгогдсон боломжийг урвуулан ашигласан. Харин ажил үүргийн хувьд ийм гүйлгээ хийх ёсгүй, ер нь ямар ч гүйлгээ, бүртгэл тооцоонд оролцох ёсгүй. Зөвхөн программ хангамжийг боловсронгүй болгох хөгжүүлэх ажил хийдэг хүн...” гэсэн мэдүүлгээр/ 1хх-33-37 дугаар хуудас/

 

Гэрч Ю.Нэргүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..."Хас" банкны Мэдээллийн сан, программ хөгжүүлэлтийн хэлтсийн программ хөгжүүлэгч Ч.Буянбатын үйл ажиллагаатай холбоотой асуудлын талаар Дотоод аудитын газрын аудитор Золзаяа, мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтсийн программ хөгжүүлэгч Анхбаяр, Аюулгүй байдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Наранбаатар нар оролцож ажлын хэсгийн ахлахаар миний бие ажилласан. Тухайн үед манай "Хас" банкны харилцагч Ш.Энхбат, брокер теллерийн компаний харилцагч Баттөр нарын гаргасан гомдлын дагуу Ч.Буянбатын үйл ажиллагаанд шалгалт оруулсан юм. Тэгээд шалгалтын явцад Ч.Буянбаттай холбоотой дараах зүйлс илэрсэн. Үүнд:

1. Хас банкны харилцагч Ц.Энхзаяагийн данснаас 25.000.000 төгрөг, Д.Баттулгын данснаас 4.500.000 төгрөг, Д.Наранцэцэгийн данснаас 1.600.000 төгрөг, С.Рэнцэнгийн данснаас 5.600.000 төгрөг, Ш.Энхбатын данснаас 1.300.000 төгрөг нийт 38.000.000 төгрөгийг Хаан банкны харилцагчийн Отгонбаатар, Чулуунхүү, Төрбадрах, Отгондаваа гэх дөрвөн хүний данс руу интернет банкаар дамжуулж шилжүүлсэн байсан. Ч.Буянбат нь энэ таван гүйлгээг хийхдээ банкны үндсэн системтэй холбогдож ажилладаг программ руу интернет банкнаас ирсэн мэтээр харагдах хуурамч гүйлгээний мессежийг илгээж ашиглан харилцагчийн данснаас мөнгийг нь шилжүүлж ашигласан байсан. Тухайн программ нь өөр рүү нь ямар хэрэглэгч хандсан ямар үйлдэл хийснийг өөртөө хадгалж бүртгэж байдаг. Энэ программд хандсан хандалтыг "Мидл сервис" программын бааз руу нь нэвтэрч шүүж үзэхэд дээрх таван гүйлгээ нь ажилтан Ч.Буянбатын айпи хаягаар хандалт хийж гүйлгээг хийсэн болох нь батлагдаж байсан. Өөрөөр хэлбэл дээрх таван гүйлгээ нь интернет банкны харилцагчийн даалгавараар хийгдсэн бол интернет банкны баазад бүртгэгдсэн байх ёстой бөгөөд мөн манай "Хас" банкны үндсэн системийн базад давхар он, сар, өдөр, цаг, минут, секунтээрээ тус хоёр бааз нь таарч байх ёстой юм. Интернет банкны бааз, Үндсэн системийн бааз хоёрын дунд "Мидл сервис"  программ нь ажиллаж интернет банкнаас ирсэн даалгаварыг өөртөө аван цааш үндсэн систем рүү дамжуулах үүрэгтэй байдаг бөгөөд дамжуулснаар мөнгө шилжээд буцаагаад "Мидл сервис" программ руу мөнгө шилжсэн тухай мэдээллийг шилжүүлж тус программ нь цааш интернет банкны систем рүү гүйлгээ хийгдсэн талаарх мэдээллийг илгээдэг юм. Тэгсэн дээрх таван гүйлгээний мэдээлэл интернет банк дээр байгаагүй, зөвхөн "Мидл сервис" программаар дамжуулж үндсэн систем рүү шилжүүлсэн гүйлгээ байсан. Гомдол гаргасан брокер теллерийн компаний харилцагч Б.Баттөрийн гаргасан гомдлыг шалгах явцад Б.Баттөрөөс гадна брокер теллерийн 11 харилцагчийн мэдээллийг ашиглан Ч.Буянбат нь мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлсэн үйлдэл илэрсэн. Ч.Буянбат нь брокер теллерийн харилцагч Т.Молсойгоос 2.739.409 төгрөг, Б.Баттөрөөс 2.024.600 төгрөг, Ж.Бурмаагаас 1.258.953 төгрөг, Д.Баярхүүгээс 1.481.396 төгрөг, Б.Баттөмөрөөс 1.258.953 төгрөг, Ш.Мөнхжаргалаас 1.335.000 төгрөг, Л.Түмэнжаргалаас 1.204.740 төгрөг, С.Цогсүрэнгээс 1.135.552 төгрөг, Ц.Амаржаргалаас 1.219.824 төгрөг, Г.Алтанхуягаас 1.526.987 төгрөг, А.Махсатаас 1.193.460 төгрөг, Авдикерим Мултигаас 3.509.493 төгрөг өгөх ёстой байсан манай "Хас" банкны үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн 5000747992 тоот данснаас нийт 19.888.367 төгрөгийг өөрийнхөө 5000666666 тоот данс руу шилжүүлэн авч ашигласан байсан. Уг гүйлгээнүүдийг хийхдээ үнэт цаасны төлбөр тооцоо гүйлгээ хийх зориулалттай программыг ашиглан "Мидл сервис" программ руу гүйлгээний хуурамч мессеж илгээн үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн 5000747992 тоот данснаас банк хоорондын дамжуулалтын түр данс руу буюу 26050200 тоот данс руу шилжүүлэн түүний дараа энэ данснаас өөрийн 5000666666 тоот данс руу шилжүүлж авсан байгаа юм. Дээрх гүйлгээнүүд нь мөн адил "Мидл сервис" программын баз дээр Ч.Буянбатын айпи хаягаар хандалт хийсэн нь тогтоогдож байгаа юм. Мөн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дээрх аргаар Ч.Буянбат нь өөрийнхөө 5000618280 тоот данснаас өөрийнхөө 5000666666 тоот данс руу 2.875.390 төгрөгийг шилжүүлэх гүйлгээг хийсэн байх бөгөөд тус гүйлгээ нь амжилттай болсон байсан. Энэ гүйлгээ нь Ч.Буянбатын хамгийн анхны удаа хийж үзсэн гүйлгээ байгаа юм. Дотоод аудитын газраас хийсэн шалгалтаар Ч.Буянбат нь ажиллах хугацаандаа буюу 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 06-ны хооронд 17 удаагийн үйлдлээр нийт 57.888.367 төгрөгний хуурамч гүйлгээ хийж авсан байсныг тогтоосон...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх 59-60 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Чулуунхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Миний ажиллуулдаг "Дельфин" автомашины угаалгын газар нь "Хас" банкны Пос терминал машин ашигладаг юм. Тэгсэн тухайн машин нь хаяа гацаад ажиллахгүй, Пос машины сүлжээ унаад болохгүй болхоор нь тэр талаар асуух гээд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гар утас руу нь залгаж Ч.Буянбатаас асуусан санагдаж байна. Тэгсэн Ч.Буянбат тухайн үед надаас "чи Хаан банкны данстай юу, хүн над руу мөнгө шилжүүлэх гэсэн чинь Хаан банкны данс асуугаад байна, надад Хаан банкны данс байдаггүй, чи данстай бол дугаараа өгчих, би чиний данс руу мөнгийг нь шилжүүлээд авчихъя" гэж хэлэхээр нь би зөвшөөрч Ч.Буянбатад өөрийн ашигладаг 5076097510 дугаартай Хаан банкны дансаа явуулсан. Тэр үед Ч.Буянбат надад 4.500.000 төгрөг данс руу чинь хийнэ шүү гэж хэлсэн санагдаж байна. Тэгээд би хэсэг хугацааны дараа дансаа шалгатал 4.500.000 төгрөг орсон байхаар нь Ч.Буянбатаас дансыг нь асууж байгаад данс руу нь өөрийнхөө гар утасны интернэт банкаар шилжүүлсэн. Тэгсэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай найз Ч.Буянбат миний гар утас руу дахин залгаад "чиний данс руу дахиад мөнгө шилжүүлж авмаар байна, боломжтой юу" гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд тэр өдрөө 1.600.000 төгрөг миний Хаан банкны данс руу орхоор нь мөн л адил Ч.Буянбатын данс руу гар утасныхаа интернэт банкаар шилжүүлж буцааж өгсөн. Энэ хоёр тохиолдлоос өөр миний данс руу мөнгө шилжүүлж би буцааж Ч.Буянбатын данс руу шилжүүлсэн удаа байхгүй. Би тэр мөнгөний талаар Ч.Буянбатаас огт асуугаагүй. Би тэр мөнгөнөөс өөртөө авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 39 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Буянбат миний гар утас руу залгаад "би хөдөөний хүнд мөнгө зээлчихсэн юм аа, тэгсэн хөдөөнөөс мөнгө шилжүүлэх гэсэн чинь Хаан банкны данс хэрэгтэй болчихлоо, чи надад Хаан банкны дансаа өгчих, би чиний данс руу мөнгө хийлгэчихье, чи буцаагаад миний данс руу мөнгөө шилжүүлчих, би харин машин авах гэж байгаа юмаа, чиний данс руу 25.000.000 төгрөг шилжүүлэх байх шүү" гэж хэлэхээр нь би Ч.Буянбатад өөрийн "Хаан" банкны 5024364216 дугаартай дансаа өгсөн. Тэгээд би 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил ихтэй байсан учраас "Хаан" банкны дансаа шалгаж амжихгүй, маргааш өдөр нь Хаан банк руу очиж дансаа шалгахад 25.000.000 төгрөг орсон байсныг бүгдийг нь Ч.Буянбатын Худалдаа хөгжлийн банкны 413012867 дугаартай данс руу банк хоорондын гүйлгээгээр шилжүүлсэн. Би тэр талаар асуусан, Ч.Буянбат надад хэлэхдээ "би машин авах гэж байгаа юмаа, тэгээд надаас хүн 25.000.000 төгрөг зээлчихээд тэр мөнгөө хөдөөнөөс шилжүүлэх гэсэн, Хаан банкны данс хэрэгтэй болчихсон юм" гэж хэлсэн. Би тэр 25.000.000 төгрөгнөөс нэг ч төгрөг өөртөө аваагүй, шууд Ч.Буянбатын Худалдаа хөгжлийн банк руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 43-44 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын дундуур манай найз Чулуунбаатар миний гар утас руу залгаад "хөгшөөн чиний тавиулсан Тоуота лексус RX400H маркийн автомашиныг хүн сонирхож байна, ямар үнээр зарах бэ" гэж асуухаар нь би Чулуунбаатарт "31.000.000 төгрөгөөр яриад өгнө гээд хэлчих" гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө миний гар утас руу Ч.Буянбат гэдэг хүн залгаад "би Тоуота лексус RX400H маркийн автомашиныг чинь сонирхож байгаа юм, өнөөдөр уулзаад машиныг чинь унаж үзмээр байна, тэгээд үнэ хөлсөн дээрээ тохиролцож чадвал машиныг чинь авъя" гэж хэлээд бид хоёр утсаар ярьж байгаад "Ард" кино театрын "Хаан" банкны хажууд уулзсан, тухайн үед би " Тоуота лексус RX400H" маркийн автомашинаа унаж найз Чулуунбаатарын хамт очсон. Тэгээд Ч.Буянбат гэж залуу миний машиныг унаж үзээд авахаар болсон бөгөөд 30.000.000 төгрөг гэж тохиролцсон. Тэгсэн Буянбат надад хэлэхдээ "одоо надад бэлэн 28.000.000 төгрөг байна, үлдэгдэл 2.000.000 төгрөгөө сарын дотор өгье" гэж хэлэхээр нь би зөвшөөрч "үлдэгдэл 2.000.000 төгрөгөө өгснийхөө дараа машинаа нэр дээрээ болгож аваарай, одоо машиныг чинь би найз Чулуунбаатарын нэр дээр бичиг баримтыг нь авна шүү" гэж хэлэхэд Ч.Буянбат зөвшөөрсөн. Тэгээд 50 мянгатын Худалдаа хөгжлийн банк руу Буянбат миний дансны дугаарыг авч ороод 28.000.000 төгрөг шилжүүлчихлээ гэж хэлээд гараад ирсэн. Тэгсэн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ч.Буянбат миний гар утас руу залгаад "би 2.000.000 төгрөгөө олчихлоо, мөнгөө өгөөд машинаа нэр дээрээ шилжүүлж авмаар байна" гэж хэлээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ч.Буянбатын нэр дээр нь шилжүүлж өгсөн. Түүнээс хойш Ч.Буянбаттай ямар нэгэн байдлаар уулзаж холбогдоогүй....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 47-48 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Төрбадрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай найз Ч.Буянбат миний гар утас руу залгаад "чамд Хаан банкны данс байгаа юу, хэрэв байгаа бол данс руу чинь хүнээр мөнгө хийлгүүлээд буцаагаад авчихъя" гэж хэлэхээр нь би Буянбатад "тэг тэг" гэж хэлээд өөрийнхөө дансны дугаарыг өгсөн. Тухайн үед би Ч.Буянбатаас ямар учиртай мөнгө болох талаар огт асуугаагүй. Учир нь надад хамаагүй гэж бодсон юм. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 10 цаг 16 минутанд Сундуйжав овогтой Рэнцэн гэх хүнээс миний "Хаан" банкны данс руу 5.600.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд орой нь манай найз Ч.Буянбат миний ажил дээр ирээд бид хоёр "Ард" кино театрын урд талын "Хаан" банкны АТМ орж бэлнээр 3.000.000 төгрөг авсан, үлдэгдэл мөнгийг нь авах гэсэн боловч АМТ-аас гарах боломжгүй байсан учраас "Хаан" банк руу орж теллерээс 2.600.000 төгрөгийг авч Ч.Буянбатад өгсөн. Ч.Буянбатаас тухайн 5.600.000 төгрөгийг ямар учиртай мөнгө болох талаар асуугаагүй, учир нь надад сонин биш байсан. Би тэр 5.600.000 төгрөгнөөс нэг ч төгрөг өөртөө аваагүй / 1 дүгээр хх 55 дугаар хуудас/,

 

               Гэрч Т.Отгондаваа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Миний нөхөр 2015 оны 5 дугаар сараас эхлэн бие нь муудаж хэвтэрт орсон. Миний нөхөр элэгний цероз гэсэн оноштой бөгөөд Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгээд байнгын хэвтэрт байгаа тэгээд надад мөнгөний хэрэг гарсан болохоор би өөрийн садан төрлийн бүх хүмүүсээс боломжоороо мөнгө төгрөг зээлээч гэж хэлсэн. Тэгээд би эгчийн маань хүү Ч.Буянбатыг Улаанбаатар хотод ажилладаг болохоор мөнгө төгрөгний бололцоотой байгаа болов уу гэж найдсандаа залгаж чи эгчдээ 2016 оны хавар ямааны ноолуур гартал боломжоороо хэдэн төгрөг зээлээч нөхрийн эм тариаг авах гэсэн юмаа гэж хэлсэн тэгтэл за би боломж гарвал таньд тусална гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгвэл эгчийнхээ энэ данс руу явуулчих гэж хэлээд би өөрийнхөө Хаан банкны 5818013867 гэсэн дансны дугаарыг өгчихөөд байж байтал 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр надруу залгаад би таны данс руу мөнгө хийчихлээ гэхээр нь би Ч.Буянбат над руу ярьсаны маргааш нь Хаан банкны салбар руу орж дансаа шалгахад миний Хаан банкны харилцах дансанд 1.300.000 төгрөг орсон байсан тэгээд би бүгдийг бэлнээр авсан. ...Би ямар учиртай мөнгө болох талаар асуугаагүй, Ч.Буянбат нь Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлдэг болохоор цалин мөнгөнөөсөө илүү гаргаж өгсөн байх л гэж бодсон /1 дүгээр хх 112-115 дугаар хуудас/,

 

               Гэрч Ш.Энхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14 цаг 40 минутын орчим миний 99082565 дугаартай гар утсанд "Хас" банкны 5000685367 дугаартай данснаас 1.300.000 төгрөгний зарлага гарсан тухай мэдээлэл мессэжээр ирсэн юм. Тэгэхлээр нь би тухайн үед ямар учраас миний "Хас" банкны харилцагчийн данснаас мөнгө гарсан талаар гэрийнхээ ойролцоо байдаг Хас банкны салбар дээр очиж асуутал Хас банкны ажилтан нь надад хэлэхдээ "таны данснаас 1.300.000 төгрөг интернэт банкаар дамжиж Хаан банкны харилцагч Отгондаваа гэх хүний данс руу шилжсэн байна, та Хаан банкинд очиж энэ талаараа асуусан нь дээр" гэж хэлсний дагуу би Сүхбаатар дүүргийн хүүхдийн зуугийн хажууд байдаг "Хаан" банкны төв дээр очиж тухайн гүйлгээний талаар тодруулж асуутал "Хаан" банкны ажилтан надад хэлэхдээ "тухайн гүйлгээг Хас банкнаас хийсэн тул та Хас банк руу очиж асуусан нь дээр" гэж хэлсэн. Тэгээд би Хаан банкнаас гарч хажуу талд нь байсан Хас банк орж тухайн гүйлгээний талаар ажилтанд нь хэлтэл тухайн ажилтан надад хандаж "та манай Хас банкинд албан ёсоор хүсэлт бичээд өгчих" гэж хэлэхээр нь би болсон асуудлын талаар тодорхой дэлгэрэнгүй цаасан дээр бичиж өгсөн. Тэгсэн хэд хоногийн дараа над руу "Хас" банкнаас залгаад "таны данснаас гарсан интернет гүйлгээ нь Хас банкны банк хоорондын программын туршилт хийх явцад алдаа гарч, Хаан банкны харилцагч руу шилжсэн байна, таны данснаас мөнгө гаргасан гүйлгээний ажилтанг олсон, тэр ажилтнаар таны данснаас гарсан мөнгийг 100 хувь төлүүлэхээр болсон" гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр "залруулга" гэсэн утгатайгаар миний "Хас" банкны 5000685367 тоот дансанд 1.300.000 төгрөг орсон. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /1 дүгээр хх 67-68 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Баттөмөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би одоогийн байдлаар "Жаргалант Төв" ХХК-ийн 21 ширхэг хувьцаа, "Монгол Эд Импекс" ХХК-ийн 208 ширхэг хувьцаа, "Эрдэнэс Таван Толгой" ХХК-ийн 1.072 ширхэг хувьцаануудыг эзэмшиж байна. Өөр ямар нэгэн эзэмшиж байгаа хувьцаа алга байна. Би 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр "Адуунчулуун" ХХК-ийн 50 ширхэг хувьцаа, "Багануур" ХХК-ийн 150 ширхэг хувьцаа, "Өндөрхаан" ХХК-ийн 72 ширхэг хувьцаануудыг "Чандмань Баян" брокер дилерийн компаниар дамжуулж 1.258.953 төгрөгөөр худалдсан. Тухайн мөнгө нь "Хас" банкны өглөгийн түр дансанд тухайн өдрөө шилжиж орсон байсан. "Хас" банкны үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данснаас хувьцаа зарсан мөнгөө 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш очиж авсан зүйл огт байхгүй, өнөөдрийг хүртэл тус хувьцаа зарсан мөнгөө ямар нэгэн байдлаар аваагүй. "Адуунчулуун" ХХК-ийн 50 ширхэг хувьцаа, "Багануур" ХХК-ийн 150 ширхэг хувьцаа, "Өндөрхаан" ХХК-ийн 72 ширхэг хувьцаа зарж олсон 1.258.953 төгрөгийг "Хас" банкны үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данс руу хийсэн байсныг 2015 оны 08-р сарын 21-ний өдөр тухайн мөнгө хувь хүний 5000666666 дугаартай дансанд орсон талаар мэдээгүй байсан юм, харин өнөөдөр "Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК болон "Хас" банкан дээр очиж миний хувьцаа зарж олсон 1.258.953 төгрөг "Хас" банкны үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данс руу орсон байсныг өөр хувь хүн дансандаа шилжүүлж авсныг мэдлээ. Тэгэхдээ "Хас" банк нь тухайн 1.258.953 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр буцааж өглөгийн данс руу шилжүүлж хийсэн албан бичгийг надад өгсөн. Тэгэхлээр надад учирсан хохирол байхгүй гэсэн үг юм /1 дүгээр хх 63 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Амаржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2011-2013 оны хооронд "Таван толгой" ХХК-ийн 100 ширхэг хувьцааг зарж олсон мөнгөөрөө "Баянтээг" ХХК-ийн 48 ширхэг хувьцаа худалдаж авч байсан. Мөн "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан. Тэгээд 2013 оны 02 дугаар сард "Баянтээг" ХХК-ийн 48 ширхэг хувьцааг "Тулгат Чандмань Баян" ХХК-ийн брокер, диллерийн компаниар дамжуулж худалдан борлуулсан. Хувьцаа худалдаж олсон 1.238.400 төгрөгийг "Хас" банкны өглөгийн түр дансанд шилжүүлснийг би сүүлд мэдсэн. Одоо надад "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн 1072 ширхэг хувьцаа л байгаа, өөр ямар нэгэн хувьцаа байхгүй. Би "Хас" банкан дээр миний хувьцаа зарсан мөнгө шилжиж орсныг тухайн үед мэдээгүй, өнөөдрийг хүртэл тус хувьцаа зарсан мөнгөө ямар нэгэн байдлаар аваагүй. Миний "Баянтээг" ХХК-ийн 48 ширхэг хувьцааг зарж олсон 1.229.235 төгрөгийг "Хас" банкны үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данс руу хийсэн 1.219.824 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус мөнгийг 5000666666 дугаартай дансанд орсон талаар мэдээгүй байсан юм, харин өнөөдөр "Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК болон "Хас" банкан дээр очиж миний хувьцаа зарж олсон мөнгөнөөс 1.219.824 төгрөг "Хас" банкны үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данс руу орсон байсныг өөр хувь хүн дансандаа шилжүүлж авсныг мэдлээ. Тэгэхдээ "Хас" банк нь тухайн 1.219.824 төгрөгийг буцаагаад өглөгийн дансандаа хийж шилжүүлсэн байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирол байхгүй /1 дүгээр хх 71 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Бурмаагийн мэдүүлэг /1 дүгээр хх 75 дугаар хуудас/

Гэрч Г.Базарын мэдүүлэг /1 дүгээр хх 79-80 дугаар хуудас/

Гэрч Ш.Мөнхжаргалын мэдүүлэг /1 дүгээр хх 82-83 дугаар хуудас/

Гэрч Д.Баярхүүгийн мэдүүлэг/1 дүгээр хх 87-89 дүгээр хуудас/

Гэрч Ц.Цогтообаярын мэдүүлэг /1 дүгээр хх 93-94 дүгээр хуудас/

Гэрч Л.Түмэнжаргалын мэдүүлэг /1 дүгээр хх 97-98 дугаар хуудас/ 

Гэрч Т.Энхтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хх 101-102 дугаар хуудас/

Гэрч Д.Цэндсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хх 106-107 дугаар хуудас/

 

Хас банкны өргөдөл /1 дүгээр хх 4 дүгээр хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 5-6 дугаар хуудас/, бичиг баримт эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх 7 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх 8 дугаар хуудас/, компьютерийн процессорт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 9-10 дугаар хуудас/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 11-12 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-13-19 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хх 21 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хх 25-27 хуудас/, шүүгдэгч Ч.Буянбатын хувийн зан байдлыг тодорхойлох баримтууд, гэрч Ч.Буяндэлгэр, Б.Нямтуяа, Т.Уранчимэг нарын мэдүүлэг /1 дүгээр хх 50-54, 158-162 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1дүгээр хх 141 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх 142 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /1 дүгээр хх 155 дугаар хуудас/, Хас банкны Дотоод Аудитын Газрын тайлан /1 дүгээр хх 119-121 дүгээр хуудас/, автомашины, техникийн үнэлгээ /1 дүгээр хх 210-211 дүгээр хуудас/, банкны харилцагч нарын дансны дэлгэрэнгүй хуулга, гүйлгээ хийсэн баримтууд /1 дүгээр хх 41, 45, 49, 57, 65, 70, 74, 117, 178-193, 196 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр шүүгдэгчийн хувийн зан байдлыг тодорхойлох баримт болох 3 хуудас материал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Буянбат нь шунахайн болон хувийн ашиг сонирхлын үүднээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хас" банкны Мэдээллийн сан систем хөгжүүлэлтийн хэлтсийн программ хөгжүүлэгчээр ажиллаж байхдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн эрхлэх мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн /Хадгалуулагч, хадгалагчийн эрх үүрэг/ 7.2.2 дахь заалт буюу "Хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрлөөр буюу даалгавараар гүйлгээ хийх", банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн /Банкинд тавих шаардлага/ 16.1.4 дэх заалт буюу "Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчиж байгууллагын ашигладаг тусгай программ ашиглан холбогдох дансанд нэвтэрч улмаар "Хас" банкны харилцагч нарын хувийн данснаас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Энхзаяагийн данснаас 25.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Д.Баттулгын данснаас 4.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Д.Наранцэцэгийн данснаас 1.600.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр С.Рэнцэнгийн данснаас 5.600.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ш.Энхбатын данснаас 1.300.000 төгрөг болон "Хас" банкны үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данснаас 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Т.Молсойгийн 2.739.409 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б.Баттөрийн 2.024.600 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ж.Бурмаагийн 1.258.953 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д.Баярхүүгийн 1.481.396 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б.Баттөмөрийн 1.258.953 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ш.Мөнхжаргалын 1.335.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Л.Түмэнжаргалын 1.204.740 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр С.Цогсүрэнгийн 1.135.552 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Амаржаргалын 1.219.824 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Г.Алтанхуягийн 1.526.987 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр А.Махсатын 1.193.460 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Авдикерим Мултигийн 3.509.493 төгрөг, нийт 57.888.367 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч "Хас" банкинд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Батжаргалын мэдүүлэг, гэрч Ю.Нэргүй, Б.Чулуунхүү, М.Отгонбаатар, Э.Төрбадрах, Т.Отгондаваа, Ш.Энхбат, Б.Баттөмөр, Ц.Амаржаргал, Ж.Бурмаа, Г.Базар, Ш.Мөнхжаргал, Д.Баярхүү, Ц.Цогтообаяр, Л.Түмэнжаргал, Т.Энхтуяа, Д.Цэндсүрэн нарын мэдүүлэг, Хас банкны Дотоод Аудитын Газрын тайлан, банкны харилцагч нарын дансны дэлгэрэнгүй хуулга, гүйлгээ хийсэн баримтууд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Буянбатыг шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банк, эрх бүхий хуулийн этгээдийн эрхлэх мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Буянбатаас хохирогчид учирсан гэм хорын хохиролд 57.888.367 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, хохирогч Т.Батжаргалд төлсөн талаар баримт хэрэгт авагдсан /хх 2-180/ ба хохирогч Т.Батжаргал нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Буянбатад ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлж, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгчид хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 /нэг зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоов.

 

Шүүх хэрэгт битүүмжлэгдсэн 06-87 УБУ улсын дугаартай “Toyota Lexus RX400H” /Тоёота лексус Ар экс 400эйч/ маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, Ч.Буянбатад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Буянбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                    

    ТОГТООХ нь:      

 

            1. Шүүгдэгч Тайжууд овогт Чойжилсүрэнгийн Буянбатыг банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Буянбатад 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 48.192.000 /дөчин найман сая нэг зуун ерэн хоёр мянган/ төгрөгөөр /192.000х251/ торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ч.Буянбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Буянбат нь торгох ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг дурдсугай.     

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Ч.Буянбатын эзэмшлийн 06-87 УБУ улсын дугаартай “Toyota Lexus RX400H” /Тоёота лексус Ар экс 400эйч/ маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, Ч.Буянбат /РД:ОС90012133/-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Буянбатад урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ДУЛАМСҮРЭН

 

 ШҮҮГЧИД                                                С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ