Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 1

 

 

 

 

 

 

                                   109/ШШ2020/0001

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, ерөнхий шүүгч Б.Одонтуяа, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч О.Д-г оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.О

Хариуцагч: З аймгийн Эрүүл мэндийн газрын дарга

Гуравдагч этгээд: Х.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулж, З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, иргэдийн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Миний бие З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон ажиллаж байсан. Гэтэл З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б/49 дүгээр тушаал гаргаж намайг З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн ажлаас халсан. З аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь ажлаас халах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.1, 1.7 дахь заалтуудыг үндэслэл болгосон. Гэвч З аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь анх тушаал гаргаж намайг З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилохдоо надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Миний бие нь хөдөлмөрийн гэрээгээ байгуулъя гэж удаа дараа шаардсан боловч чи шүүх дээр асуудалтай байгаа гэж хэлсэн. Тухайн үед З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн шүдний сувилагч Д.М нь цусны банкны технологичийн ажлыг хавсруулан гүйцэтгэх талаар, нярайн эмч Д.Ц нь тушаал хэсэгчлэн хүчингүй болгуулах талаар З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан тус сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан бөгөөд би тус эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байгаагийн хувьд хариуцагч байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд энэ үндэслэлээр надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан боловч Эрүүл мэндийн газрын дарга нь 2018 оны 2 дугаар сард Эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын шийдвэрээр 2 сарын цалинг 20 хувиар бууруулах, 2018 оны 5 дугаар сард Хүүхдийн эндэгдлийн хурлын шийдвэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн боловч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудаа надад танилцуулаагүй. Тухайн хурлуудад намайг оролцуулаагүй бөгөөд би ямар үндэслэлээр арга хэмжээ авагдаж байгаагаа ч мэдээгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг танилцуулахаар нь холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд нь гомдлоо гаргана гэж бодож байтал ажлаас халсан. Иймд би өөрийгөө сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэдэг үндэслэлийг зөвшөөрөх боломжгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.7 дугаар заалтад төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох гэсэн байх ба намайг ажлаас халагдах хүртэлх хугацаанд уг тогтоол нь манай эмнэлэгт ирээгүй бөгөөд дотоод журамд дээрх асуудлыг тусгаагүй байсан болно. Засгийн газрын дээрх тогтоолын агуулга нь дотоод журамдаа тусгаад зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэ гэсэн байх бөгөөд Нэгдсэн эмнэлгийн дотоод журамд уг асуудал тусгагдаагүй байхад хариуцлага хүлээлгэж байгаа нь тогтоолын заалттай нийцэхгүй байна гэж үзэж байна. Засгийн газрын тогтоол нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гарсан байх ба уг тогтоол нь манай Нэгдсэн эмнэлэгт ирээгүй, танилцуулагдаагүй, дотоод журамд тусгагдаагүй байхад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр З аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Х.Б нь Т сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ажилтан Л.Ж, Ц.Б гэх хүмүүсийн хамтаар ерөнхий эмчийн өрөөнд орж ирж нэгжлэг хийсэн бөгөөд миний шүүгээнд байсан /тухайн өдрийн 9 цаг өнгөрч байхад үед Өвөрмонгол яваад ирсэн ажилтан Ж тасгийн хамт олондоо өгч байгаа юм, баяр ёслолоор бүгдэд нь амсуулаарай гээд өгсөн виски, архи хоёрыг няравтаа өгч амжаагүй байсан/-ыг олж гаргаж ирсэн юм. Хуульд нэгжлэг хийх үндэслэл, эрх бүхий албан тушаалтныг тодорхойлсон байдаг. Гэтэл ямар нэгэн шалгалтын удирдамж, прокурорын зөвшөөрөл үзүүлэхгүйгээр нэгжлэг хийснийг хувь хүний эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Тэгээд ч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан ба намайг согтууруулах ундаа хадгалсан зөрчил гаргасныг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр илрүүлсэн юм бол 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халах тушаал гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 

Мөн Ц.О надад Эрүүл мэндийн газрын дарга нь 2018 оны 2 дугаар сард Эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын шийдвэрээр 2 сарын цалинг 20 хувиар бууруулах, 2018 оны 5 дугаар сард хүүхдийн эндэгдлийн хурлын шийдвэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн боловч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудаа тухай тухайн үед нь танилцуулаагүй ба би сахилгын шийтгэл хүлээсэн талаараа мэдээгүй байсан. 2018 оны 2 дугаар сард болсон хуралд би өөрийн биеэр суусан боловч хурлаас надад сахилгын шийтгэл хүлээлгэх шийдвэр албан ёсоор гараагүй, 05 дугаар сарын хуралд би өөрийн биеэр суугаагүй. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүссэний дараа Эрүүл мэндийн газрын дарга нотлох баримт гаргаж өгөхдөө дээрх 2 тушаалыг шүүхэд ирүүлснийг хэргийн материалтай танилцах үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр танилцаж мэдсэн. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/207 дугаар тушаалд зааснаар эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын шийдвэр нь эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах үндэслэл болохгүй талаар зохицуулсан зохицуулалттай. Тухайн үед эхийн ноцтой хүндрэл гарах үед би эмчлэх эмчээр оролцоогүй, оролцсон эмчид нь арга хэмжээ авах талаар бичиг тоот ирүүлээгүй хурлын шийдвэрийг ч ирүүлээгүй мөртлөө надад арга хэмжээ авахыг зөвшөөрөхгүй. 2018 оны 5 дугаар сард хүүхдийн эндэгдлийн хурлаар сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч тухайн хурлаар ямар асуудал хэлэлцээд, ямар шийдвэр гараад, яагаад надад дээр сахилгын шийтгэл ногдуулсан талаар би мэдээгүй. 

Иймд З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулж, З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт тодорхой заасны дагуу Б/49, Б/15, Б/28 тушаалууд нь шаардлага хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тодорхой хаяг зааж өгөөгүй зөвхөн Улиастай хот гээд биччихсэн байгаа. Тушаал гаргахдаа бодит нөхцөл байдлыг тодорхой бичиж өгөх ёстой боловч бичээгүй. 

Ажлаас халсан тушаалын тухайд Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт  заасныг баримталсан. Гэтэл эрүүл мэндийн газрын даргын эрх байгаа боловч уг асуудлаар аймгийн Засаг даргатай зөвшилцөх ёстой байсан. Харин ийм нөхцөл байдал хэргийн материалаас харагдахгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримталсан байна. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт 2 үндэслэл байгаа. Сахилгын зөрчлийг юугаар тодорхойлдог вэ гэвэл Хөдөлмөрийн гэрээнд нарийвчлан тодорхой зааж өгсөн байдаг. Эсвэл байгууллагынхаа дотоод журамд зааж, хөдөлмөрийн гэрээнд тусгаж өгдөг. Ийм нөхцөл байдлаас үүдэж сахилгын зөрчил баталгаажиж, шийдвэр гаргах үндэслэл бий болдог. Эрх зүйн баримт бичиг эргэлзээтэй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлахад учир дутагдалтай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг баримталсан, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээтэй байхыг заавал шаарддаг. Харин хөдөлмөрийн гэрээ хийчхээд асуудал үүсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалтыг баримтлах ёстой. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах, эрх зүйн үндэслэлгүй болдог. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж, хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйл заалтыг баримтлах нь маргаан үүсгэж байгаа юм. Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол баримталсан байдаг. Энэ тухайд эрүүл мэндийн байгууллага болон ажил олгогчийн зүгээс ажил үүргийн дагуу албан бичиг хүргүүлэх ёстой. Ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, өрөөнд нь архи байсан нь үнэн. Харин ажлаас халах гэсэн зүйл яригдаагүй зөвхөн хариуцлага тооцох байсан. Маргаан бүхий 3 тушаалтай холбогдуулан захиргааны ерөнхий хуульд зааснаар дагалдах хуудас гаргах ёстой байсан. Харин хэрэгт дагалдах хуудас байхгүй байгаа. Мөн сонсох ажиллагаа явуулаагүй байж, явуулсан гэсэн нотлох баримт өгөөд байна. Гэтэл маргаан бүхий 3 тушаал болгон дээр сонсох ажиллагаа явуулах ёстой. 

Өмгөөлөгчийн зүгээс харахад Б/49 тушаал гадагш чиглэсэн захиргааны шийдвэр, харин Б/15, Б/28 тушаалууд дотогш чиглэсэн захиргааны шийдвэр гэж харж байгаа. Тиймээс нэхэмжлэгч Ц.О-г ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан цалин хөлсийг дунджаар 15784986 төгрөгийг олгож, үндсэн хууль болон хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрлөх эрхийг нь сэргээлгэх саналтай байна гэв.

Хариуцагч З аймгийн Эрүүл мэндийн газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/15 тоот тушаалын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заажээ. Иймд эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 03 өдрийн Б/15 дугаар тушаал гарах шийдвэр нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурал, уг хуралд Ц.О нь өөрийн биеэр сууж хурлын шийдвэртэй танилцсан, хурлын шийдвэрийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/58 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийг Ц.О нь хүлээн авч бүртгэл хийсэн. Уг шийдвэр гаргаж танилцуулснаас хойш 29 хоногийн дараа Б/15 дугаар тушаал гарсан нь сонсох ажиллагааг хангалттай явуулсан гэж үзэж байна. Энэ хугацаанд Ц.О нь тайлбар, саналаа ирүүлээгүй болно. Ц.О нь хууль, журам, дүрэм, стандарт удирдамжийг зохих ёсоор биелүүлээгүй, хүний нөөцийн бодлого, хуваарилалтыг зөв зохистой хийгээгүйн улмаас эхийн ноцтой хүндрэлийн алдаа гаргасан учир зохих хуулийн дагуу сахилгын шийтгэл авсан.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/207 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 4.1.2-т заасан бүрэлдэхүүнтэй хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийж шийдвэр гаргасан билээ. Эрүүл мэндийн сайдын А/207 тушаалын хоёрдугаар хавсралт буюу эхийн ноцтой жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлийг бүртгэх, мэдээлэх, хэлэлцэх журмын хоёрт заасны дагуу хуралдан хэлэлцэж Ц.О-гийн цалинг 20 хувиар 2 сар бууруулах шийдвэр гарган шийдвэр гарган танилцуулсан. Энэ хуралд Ц.О өөрийн биеэр суусан. Энэхүү тушаалыг нь цахим шуудангаар явуулсан. Дараа нь Т сумын нэгдсэн эмнэлгийн сургалтанд ирээд буцсан ажилтнаар нь хүргүүлсэн. Энэ тушаал хүргэгдсэн учраас хүлээн зөвшөөрч 2, 3 дугаар сарын цалингаас шийтгэлийн 20 хувийг хасаж цалин нь олгогдсоныг хүлээн зөвшөөрч төсвийн шууд захирагч Ц.О нь батлан авсан. 

З аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалын тухайд:

2018 оны 4 дүгээр сарын сарын 23-ны өдрийн хүүхдийн эндэгдлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн. Энэ хурлын шийдвэрийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1/288 албан бичгийг эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалын хамт хүргүүлсэн. Энэхүү албан бичгүүдийг Т сумын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Д.Ц-д дайж явуулсан билээ. Энэхүү 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1/288 албан бичгийг эмч нарын шуурхай хурал дээр уншиж танилцуулан холбогдох хүмүүст арга хэмжээг авсан болно. Ц.О нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаал гарган нэр бүхий хэдэн ажилчиддаа тушаал сануулах шийтгэл авсан байна. Уг шийдвэр гаргаж танилцуулснаас хойш 10 хоногийн дараа Б/28 дугаар тушаал гарсан нь сонсох ажиллагааг хангалттай явуулсан гэж үзэж байна. Энэ хугацаанд Ц.О нь тайлбар, саналаа ирүүлээгүй болно.

Ц.О нь хууль, журам, дүрэм, стандарт удирдамжийг зохих ёсоор биелүүлээгүй, хүний нөөцийн бодлого, хуваарилалтыг зөв зохистой хийгээгүйн улмаас хүүхдийн эндэгдэл гаргасан учир зохих хуулийн дагуу сахилгын шийтгэл авсан нь хүний хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй учир сонсох ажиллагаа явуулахгүй байж ч болохоор байна.

Улмаар 2018 оны 5 дугаар сарын 02-ний Б/28 дугаар тушаал гарган сахилгын шийтгэл ногдуулсан. Ц.О нь ажилдаа хайнга хандан хууль, журам, дүрэм, стандарт удирдамжийг зохих ёсоор биелүүлээгүй, хүний нөөцийн бодлого, хуваарилалтыг зөв зохистой хийгээгүйн улмаас хүүхдийн эндэгдэл гаргасан учир зохих хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан.

З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр  тушаалын тухайд:

Т сумын нэгдсэн эмнэлгийн дарга Ц.О олон удаа алдаа зөрчил гаргасан учир үүрэгт ажлаас нь халсан билээ. 

Аймгийн засаг даргын 2018 оны А/407 дугаар захирамжаар 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах ажлын хэсэг дотор, халдвартын эмчээр ажиллуулахаар томилсон боловч Засаг даргын захирамжийг биелүүлээгүй тул аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/470 дугаар захирамжаар хуулийн дагуу сахилгын шийтгэл тооцуулахаар ирүүлсэн. Дээд шатны байгууллагаас тушаал захирамжаар ажилд томилон үүрэг болгосон байхад үүрэгт ажлаа биелүүлээгүй зайлсхийсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22 өдрийн 258 дугаар тогтоол, Аймгийн засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны 07 дугаар албан даалгаврын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг нь аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу нийт 7 байгууллагад хяналт шалгалт хийхэд Т сумын нэгдсэн эмнэлгийн даргын өрөөнд илэрсэн зөрчлийн илтгэх хуудастай хамт Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/1174 дүгээр албан бичгээр хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар ирүүлсэн. Төрийн албан хаагч нь өөрийн ажил үүрэгтэй холбоотой дээд шатны тушаал шийдвэр болон хууль, дүрэм журмыг мэдэх судлах олон нийтэд таниулах хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг. Тухайн тогтоол нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж мөн өдрөөс Монгол улсын хэмжээнд үйлчилж холбогдох арга хэмжээнүүдийг авсан байдаг. Ц.О нь засгийн газрын бодлого шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тогтоол гарснаас хойш 10 хоногийн дараа дотоод журамд тусгаагүй нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаа ажил үүрэгтэй хайнга хандаж байгаагийн илрэл юм. 

Мөн ажилчид, ард иргэдээс аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын даргад удаа дараа өргөдөл гомдол ирдэг гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О эмч нь 2018 оны 2 дугаар сард Эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын шийдвэрээр сахилгын шийтгэл, 2018 оны 5 дугаар сард Хүүхдийн эндэгдлийн хурлын шийдвэрээр сахилгын шийтгэл авсан. Мөн Засгийн газрын 2018 оны 258 дугаартай тогтоолыг зөрчсөн, цэрэг татлагыг зохион байгуулах ажлын хэсэгт дотрын эмчээр ажиллаагүйн улмаас аймгийн засаг даргаас А/470 дугаар захирамжаар хариуцлага тооцохыг мэдэгдсэн, 2018 оны 9 дүгээр сард 0-5 хүртэл насны хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлын шийдвэр зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Өмнө удаа дараа сахилгын шийтгэл давтан гаргасан гэх үндэслэлээр З аймгийн Эрүүл мэндийн даргаас Б/49 дүгээр тушаал гарган ажлаас чөлөөлсөн болно гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны Б/15, Б/28 дугаар тушаалуудыг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл удаа дараа нэхэмжлэгч зөрчил гаргасан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, уг тушаалыг гаргах урьдчилан нөхцөл байдлын талаар хангалттай мэдэгдэн өөрөө хуралд хүртэл суусан. Үүний дагуу нэхэмжлэгч тухайн гаргасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас Б/15, Б/28 гэсэн хоёр тушаал гарсан байдаг. Уг тушаалуудыг цаг тухайн мэдэгдэж, хүргүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, мөн уг тушаалуудад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаас өмнө хүсэлт гаргасан боловч шүүх шийдвэрлэхдээ хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан байдаг. Маргаан бүхий Б/15, Б/28, Б/49 дүгээр тушаалууд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хаяг, нэрийг тодорхой бичсэн байгаа. Маргаан бүхий Б/49 тушаалын тухайд, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримталсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт сахилгын зөрчлийг давтан гаргасан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн Б/49 тушаал гадагш чиглэсэн захиргааны шийдвэр, харин Б/15, Б/28 тушаалууд дотогш чиглэсэн гэж хэлсэнтэй санал нийлж байна. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн ажлаа хийх явцдаа сахилгын шийтгэл 2-оос дээш буюу удаа дараа зөрчил гаргаад давтан болсон. Тодруулбал 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, Хүүхдийн эндэгдлийн хурлын шийдвэр, цэрэг татлагат оролцоогүй, Засгийн газрын 258 дугаар тогтоолыг зөрчсөн зөрчлүүд гаргасан. Сонсох ажиллагаа хийсэн бөгөөд Ц.О-д ажлаас халах тухай мэдэгдлийг хуулийн дагуу хүргүүлсэн. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Х.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “ ... Х.Ц би З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар Т сумын Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажилд томилогдон ажиллаж байна. Ц.О нь удирдан зохион байгуулах ажил үүргээ хангалтгүй биелүүлж, удаа дараа алдаа зөрчил гаргаж байна. 2017 онд эхийн эндэгдэл гаргасан ба эхийн ноцтой хүндрэлийг удаа дараа гаргасан. З аймгийн Эрүүл мэндийн газар нь Ц.О-г ажлаас халах хангалттай үндэслэлтэй нотлох баримтууд байна. Иймд шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн тухай хуульд эмч хүн ямар ч нөхцөлд нэн даруй өвчтөнд мэргэжил харгалзахгүйгээр тусламж үзүүлнэ гэж заасан байдаг. 4 нас 11 сартай хүүхэд бол нэн яаралтай тусламж авахаар эмнэлэгт хүргэгдсэн. Яагаад хүүхэд эндсэн бэ гэвэл цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьчихсан бол энэ хүүхэд эндэхгүй байсан. Эмч хүн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу тусламж үзүүлэх ёстой байсан. 

Мөн нэмж хэлэхэд, Т сумын Нэгдсэн эмнэлгийн даргаар түр ажиллаж байна Х.Ц эмч З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлэгт ямар ч асуудал гаргахгүйгээр үйл ажиллагааг хэвийн явуулж чадаж байгаа. 2019 онд Т суманд эхийн болон нярайн эндэгдэл гаргаагүй ажилласан. Х.Ц эмчийг Авлигатай тэмцэх газраас шалгаад ямар ч зөрчил гаргаагүй гэдгийн шүүх хуралдаан дээр хэлмээр байна гэв.

Иргэдийн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Нэхэмжлэгч Ц.О-гийн шаардлагын дагуу шийдэх нь зөв гэж үзэж байна гэжээ.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ц.О-с З аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/28, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/49 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан З аймгийн Т сумын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны Б/15, Б/28 дугаар тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргаж, З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дүгээр захирамжаар Ц.О нь З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны Б/15, Б/28 дугаар тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчээс гаргасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байна. 

Иймд хариуцагчийн өмгөөлөгчөөс Б/15, Б/28 дугаар тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 2 дугаар  сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/28 дугаар тушаалууд нь дотогш чиглэсэн захиргааны акт гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна. 

Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байх бөгөөд дээрх Б/15, Б/28 дугаар тушаалууд нь иргэн Ц.О-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, түүнд чиглэсэн буюу гадагш чиглэсэн захиргааны акт тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг мөн хүлээн авах боломжгүй.

Нэг. З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 2 дугаар  сарын 06-ны өдрийн Б/15 дугаар тушаалын тухайд:

З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 2 дугаар  сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар тушаалаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/207 дугаар тушаал, Эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Т сумын Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.О-гийн цалинг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2 сар, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Болсон үйл явдал: 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлэгт Т.Ч кесарево мэс заслын үед цус алдаж 2 удаа хагалгаанд орж, эхийн ноцтой хүндрэл гарсан байна. 

Улмаар 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлаар 2018 оны 1 дүгээр сард гарсан З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлэгт төрсөн Т.Ч-ийн ноцтой хүндрэлийг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлон Т сумын Н эмнэлгийн дарга Ц.О-д цалингийн 20 хувийг 2 сараар буруулах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд  Ц.О тус хуралд өөрийн биеэр оролцсон байна. 

Түүнчлэн З аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1/58 дугаар албан бичгээр  хурлын шийдвэрийг хүргүүлж, тус хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахыг мэдэгдсэн байх бөгөөд Ц.О-с ямар нэгэн тайлбар, гомдол гаргаагүй байна. 

З аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оны явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн 59 дугаарт 1/58 дугаартай албан бичиг хүргүүлсэн талаар тэмдэглэж , З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн 2018 оны ирсэн баримт бичгийн бүртгэлийн 21 дугаарт З аймгийн Эрүүл мэндийн газрын 1/58 дугаар албан бичгийг хүлээн авсан талаар бүртгэгдсэн , мөн З аймгийн Эрүүл мэндийн газраас 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр /12:33 цагт/ O.Ts цахим хаягаар тус албан бичгийг хүргүүлжээ.

Мөн түүний албан тушаалын цалинг 2 сар 20 хувиар бууруулсан болохыг мэдэж байсан болох нь цалингийн хүснэгт  болон нягтлан бодогч Б.Б-ын “ ... цалинг суутгасан тушаал гарсан талаар мэдсэн, Ц.О эмч миний цалингаас суутгаарай гэж хэлж байсан ...” гэх мэдүүлгээр  тогтоогдож байна. 

Нэхэмжлэгчээс: “ ... 2018 оны 2 дугаар сард болсон хуралд би өөрийн биеэр суусан боловч хурлаас надад сахилгын шийтгэл хүлээлгэх шийдвэр албан ёсоор гараагүй гэж байгаа боловч гэрч Б.Б-гийн “Уг хуралд Ц.О эмч оролцсон, энэ хурлаар бид хоёрт 2 сарын цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авахаар болсон” гэсэн мэдүүлэг , Д.У-н “Хурлын шийдвэрийн дагуу Ц.О-д сахилгын шийтгэл ногдуулахаар болсон. Энэ үед Ц.О байсан” гэсэн мэдүүлэг , гэрч Д.Б-гийн “Эхийн ноцтой хүндрэл гаргаж, удирдлага төлөвлөлтөөр хангаагүй, эх барихын тусламж үйлчилгээнд мөрдөгддөг заавар, журам, стандартыг мөрдүүлж ажиллаагүй, эмчилгээ, оношилгооны журмыг мөрдөж ажиллаагүй тул эмчлэгч эмч болон тухайн байгууллагын удирдлагад нь хариуцлага тооцож ажилласан. Т сумын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О-д цалингийн 20 хувийг 2 сараар хасах шийтгэл ногдуулах болсон талаар ярьсан” гэсэн мэдүүлэг  болон 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын тэмдэглэлээс үзвэл Ц.О уг шийдвэрийг тухайн үед мэдсэн, мэдсэн боловч гомдол гаргаагүй нь нотлох баримтаар тогтоогдож байна.  

Хоёр. З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалын тухайд:

З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/28 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хүүхдийн эндэгдлийн хурлын шийдвэрийг үндэслэн Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлэгт 2018 оны 1 дүгээр улиралд эрт нярайн эндэгдэл 3, гэрийн эндэгдэл 1 гарсан байна. 

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлаар З аймгийн Т суманд гарсан Л.Ж-ын нярайн эндэгдлийн асуудлыг хэлэлцэж, Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Ч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д, сэхээний эмч Л, хүүхдийн эмч Д.Ц нарт сануулах арга хэмжээ авахыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд албан бичгээр хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Ц.О “ ... 2018 оны 4 дүгээр сард хүүхдийн эндэгдлийн хурлаар сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч тухайн хурлаар ямар асуудал хэлэлцээд, ямар шийдвэр гараад, яагаад надад дээр сахилгын шийтгэл ногдуулсан талаар би мэдээгүй ... тус хуралд би өөрийн биеэр суугаагүй ... шүүх дээр хэргийн материалтай танилцахдаа л энэ тушаалыг харсан болно ...” гэж маргаж байна. 

З аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оны явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн 288 дугаарт 1/288 дугаартай албан бичгийг хүргүүлсэн талаар тэмдэглэж , З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн 2018 оны ирсэн баримт бичгийн бүртгэлийн 93 дугаарт З аймгийн Эрүүл мэндийн газрын 1/288 дугаар албан бичгийг хүлээн авсан талаар бүртгэгдсэн байна. 

З аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1/288 дугаар албан бичгээр “ ... Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх 1 дүгээр улирлын хурлыг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хийж тус хурлын шийдвэрээр танай байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Ч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Л.Д, сэхээний их эмч Д.Л, хүүхдийн их эмч Д.Ц нарыг холбогдох хуулийн дагуу сануулах арга хэмжээ авч 2018 оны 5 дугаар сарын 10-ны дотор Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтэст эргэн мэдээлэхийг Т сумын Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.О-д мэдэгджээ. 

Улмаар З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Ч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Л.Д, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн их эмч Д.Л, нярайн их эмч Д.Ц нарт сануулах арга хэмжээ авсан байна. 

Мөн З аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хүүхдийн эндэгдлийн хурлын шийдвэрийг үндэслэн Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

Иймд дээр дурдсан нярайн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлын шийдвэрийн дагуу сахилгын арга хэмжээ авагдах талаар Ц.О мэдсэн гэж үзлээ.

Гурав. Маргаан бүхий З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/49 дүгээр тушаалын тухайд:

З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/49 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Захиргааны ерөнхий хуулийн  105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.1 , 1.7  дахь заалтуудыг үндэслэн З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О-г 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс ажлаас халжээ. 

Хариуцагчаас дээрх тушаалын үндэслэлээ “ ... Ц.О нь 2018 оны цэрэг татлагын комиссын бүрэлдэхүүнд томилогдсон боловч уг комисст ажиллаагүй ... Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг зөрчиж албан өрөөндөө архи, согтууруулах ундаа хадгалсан ... 2018 оны 9 дүгээр сард хүүхдийн эндэгдэл гаргасан ...” гэж тайлбарлаж байна. 

Нэгдүгээрт, З аймгийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах, хөрөнгө гаргах тухай” А/407 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар Эмч нарын комиссын бүрэлдэхүүнийг баталж, уг хавсралтын 2 дугаарт Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О-г бүрэлдэхүүнд оролцуулахаар томилжээ. 

Хариуцагчаас “ ... аймгийн Засаг даргын 2018 оны А/407 дугаар захирамжаар 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах ажлын хэсэгт дотор, халдвартын эмчээр ажиллуулахаар томилсон боловч Засаг даргын захирамжийг биелүүлээгүй, дээд шатны байгууллагаас тушаал захирамжаар ажилд томилон үүрэг болгосон байхад үүрэгт ажлаа биелүүлээгүй зайлсхийсэн ...” гэж тайлбарласан. 

Улмаар З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О-г эмч нарын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаагүй тул З аймгийн Засаг дарга 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/470 дугаар захирамжийн 2-т аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах тухай А/407 дугаар захирамжийг зөрчсөн Т сумын нэгдсэн эмнэлгийн дотор, халдвартын их эмч Ц.О-д сахилгын шийтгэл тооцож ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад үүрэг болгожээ. 

Тус аймгийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Т сумын Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.О нь  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ээлжийн амралттай байсан болох нь цагийн бүртгэлээр тогтоогдож байна. 

Иймд Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан Ц.О-г удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй, түүний ажлыг орлон гүйцэтгэж байсан хүн уг ажлыг зохион байгуулах байжээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоол, З аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаартай албан даалгаврын хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Т, Их-Уул сумдад хийсэн шалгалтын илтгэх хуудсанд “... нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О-гийн өрөөний шүүгээнээс 2 шил архи /Grants виски 1, хар чингис архи 1 ширхэг/ гарсан ...” гэж тэмдэглэжээ. 

Нэхэмжлэгчээс “ ... Засгийн газрын 258 дугаар тогтоол З аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотоод журамд тусгагдаагүй. Журмын агуулга нь дотоод журамд тусгасны эцэст хариуцлага хүлээлгэх агуулгатай. Засгийн газар тогтоолоо харьяа яамддаа, яам нь харьяа газар хэлтсүүддээ, газар хэлтсүүд нь харьяа алба нэгжүүддээ үүрэг болгосноор тухайн тушаал шийдвэр хэрэгждэг журамтай. Миний шүүгээнд байсан /тухайн өдрийн 9 цаг өнгөрч байх үед Өвөрмонгол яваад ирсэн ажилтан Ж тасгийн хамт олондоо өгч байгаа юм, баяр ёслолоор бүгдэд нь амсуулаарай гээд өгсөн виски, архи хоёрыг няравтаа өгч амжаагүй байсан/-ыг олж гаргаж ирсэн ...” гэж тайлбарлаж байна.

З аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 07 дугаар албан даалгаврын 1.23-т “төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа ... хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох”-оор шийдвэрлэжээ. 

З аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” 4/1174 дүгээр албан бичигт “ ... уг шалгалтаар Т сумын нэгдсэн эмнэлгийн дарга Ц.О нь Засгийн газрын 258 дугаар тогтоолын төлөвлөгөө гаргаагүй, албан өрөөндөө согтууруулах ундааны зүйл 2 ширхгийг хадгалж байсан зөрчил илэрсэн. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор шалгалтын мөрөөр төлөвлөгөө гарган, үр дүнтэй ажил зохион байгуулж хариу ирүүлэхийг даалгасан боловч хариу ирүүлээгүй байна. Иймд Т сумын нэгдсэн эмнэлгийн дарга Ц.О-д хуулийн хариуцлага тооцож, арга хэмжээ авсан тухай хариу  ирүүлэх ...” тухай Эрүүл мэндийн газрын даргад мэдэгджээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд уг тогтоолыг хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосон тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч Ц.О албан өрөөндөө архи, согтууруулах ундаа хадгалсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгээр тогтоогдсон болно.

Гуравдугаарт, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлэгт 4 нас 11 сартай Ө.Т амьсгал бөглөрөх, төвийн хөрөлт, амьсгалын хямралын хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй хүргэгдэн ирээд нас баржээ. 

Улмаар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0-5 хүртэл насны хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлаар 2018 оны 3 дугаар улиралд аймгийн хэмжээнд нийт 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 8 тохиолдлыг хэлэлцэж, Т сумын Нэгдсэн эмнэлэгт Ө.Т /4 нас 11 сартай/ төвөнхийн цочмог нарийсалт үрэвслээр нас барсан, Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч өмнө давхар арга хэмжээ авагдсан гэх үндэслэлээр Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийг ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэжээ.  

Ийнхүү З аймгийн Эрүүл мэндийн газраас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсон талаар мэдэгдэл хүргүүлж,  З аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О-г 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс ажлаас халсан байна. 

Тухайн үед хүүхдийн эмч Д.Ц-г 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тэрээр ажилд орох өргөдлөө 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гаргажээ.  Түүний хүсэлтийг 5 дахь өдөр тог байхгүй учир тушаалаа гаргаж чадаагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Яг энэ цаг үетэй давхцаж 4 настай Ө.Т-г эмчлүүлэхээр 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагт Т сумын Нэгдсэн эмнэлэгт авчиржээ. Ө.Т-г Ц.О эмч эмчилсэн байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлаар түүний эмчилсэн хүүхдийн эндэгдлийн талаар хуралдсан. Уг хурлын тэмдэглэлд Ц.О эмчээс яагаад трахеостоми /цагаан мөгөөрсөн хоолойд амьсгалын гуурс хийх/ тавиагүй вэ гэж асуухад манайд иж бүрдэл байхгүй, би тавьж чадахгүй гэж хариулснаас үзвэл хүүхдийн нарийн мэргэжлийн эмч тухайн эмнэлэгт  шаардлагатай байжээ.

Шүүх бүрэлдэхүүн маргаан бүхий захиргааны актуудын үндэслэлд дурдсан зөрчил тус бүрийг хянан хэлэлцээд, маргаан бүхий Б/15 дугаар тушаалын үндэслэлд дурдсан зөрчил /Эхийн ноцтой хүндрэл гаргасан/, Б/28 дугаар тушаалын үндэслэлд дурдсан зөрчил /Хүүхдийн эндэгдэл гаргасан/, Б/49 дүгээр тушаалын үндэслэлд дурдсан зарим зөрчил /Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг зөрчиж, согтууруулах ундааг ажлын байранд хадгалсан, 0-5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл/ гарахад нэхэмжлэгч Ц.О нь З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн /дарга/ ерөнхий эмчийн хувьд хүүхдийн эмчийг ажиллуулаагүй буруутай байна гэж дүгнэлээ.

Учир нь З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн /дарга/ ерөнхий эмч нь Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд тухайн эмнэлгийг төлөвлөлтийн удирдлагаар хангах, чанарын удирдлагаар хангах, тусламж үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлын удирдлагаар хангах, хүний нөөцийн удирдлагаар хангах, эрсдэлийн болон бүртгэл мэдээллийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй талаар ажлын тодорхойлолтод заасан байна. 

Ерөнхий эмчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд, тухайн эмнэлгийн үйлчилгээний шуурхай, тасралтгүй байдлыг нэгдсэн удирдлагаар хангах, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдүүлж, мэргэжил, арга зүйгээр удирдах чиг үүрэгтэй ажээ.

Хэрэгт авагдсан эмнэлгийн эмч, ажилтны аймгийн Засаг даргад гаргасан өргөдөл, гомдол , эмнэлгийн эмч, сувилагчдад холбогдуулан гаргасан хууль бус шийдвэрүүдийг хянасан шүүхийн шийдвэрүүдээс  үзвэл Ц.О нь хүний нөөцийн тогтвортой байдлыг бүрдүүлж ажиллаагүй байна.

З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлэгт эхийн ноцтой хүндрэл болон хүүхдийн эндэгдэл удаа дараа гарсан нь тус эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан Ц.О-гийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7.2.-т заасан эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй шууд холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд З аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2018 оны 2 дугаар  сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалуудыг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.”, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.2. “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан...”, 131 дүгээр зүйлийн 131.1. “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.”, 131.1.3 “ажлаас халах” хуулийн заалтуудыг зөв хэрэглэжээ.

Түүнчлэн энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч Ц.О-гийн эмчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөөгүй бөгөөд гагцхүү З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн /байгууллагын дарга/ хувьд тухайн эмнэлгийг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлж, мэргэжил аргазүйгээр удирдаж чадаагүй гэж дүгнэсэн болно.

Нөгөөтэйгүүр, Ц.О нь 1998 онд Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийн Хүний их эмч мэргэжлээр, 2004 онд дотрын эмчийн мэргэжлээр тус тус суралцсан, 2008 онд Зүрх судасны эмчийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан, 2012 онд клиникийн профессор цол авсан эрүүл мэндийн салбарын мэргэшсэн ажилтан байх тул цаашид тус эмнэлэгт болон бусад байгууллагад мэргэжлийн эмчээр ажиллахад уг шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7.2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтад заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.О-с З аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан “З аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулж, З аймгийн Т сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,  тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА

ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ