Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1384

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Нандин-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01225 дугаар шийдвэртэй, “Нандин-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Атарсайханд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 340 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билигсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь Авто ломбардын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ц.Атарсайхан гэгч үйлчлүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Тоёота марк 2 загварын авто машиныг барьцаалж 1 500 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, машиныг  унаж явах нөхцөлтэй зээлийн гэрээ хийж зээл олгосон. Зээлдэгч Ц. Атарсайхан санхүүгийн боломж муу байна, зөвхөн зээлийн хүүгээ хийе гэж гуйсны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 09 хүртэл зөвхөн зээлийн хүүг дутуу хийж, түүнээс хойш төлбөр хийгээгүй.

Анх зээл авахдаа Ц. Атарсайхан машинаа манай компаний нэр дээр шилжүүлсэн бөгөөд энэ хугацаанд замын хөдөлгөөнд оролцож, компанийн нэр дээр хэд хэдэн удаа торгуульж байсан, машин хаана байгаа нь одоо болтол мэдэгдэхгүй байгаа.

Иймд үндсэн зээл 1 500 000 төгрөг, зээлийн хүү 90 000 төгрөг, алданги 750 000 төгрөг, нийт 2 340 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр найз Б.Ариунбаяр Тоёота марк 2 загварын машиныг иргэн н.Намхайдорж гэдэг хүнд зарсан. Гэтэл мөнгө нь хүрэхгүй байсан тул “Нандин-Уул” ХХК-д барьцаанд тавиад үлдэгдэл 1 500 000 төгрөгийг Б.Ариунбаярт өгөхөөр болсон. н.Намхайдорж нь хөдөөний хаягтай байсан тул миний нэр дээр уг зээлийг авсан, төлж дуусгаад машинаа шилжүүлж авна гэж тохирсон. Гэвч н.Намхайдорж зээлээ төлөхгүй байсан тул миний бие “Нандин-Уул” ХХК-ийн ажилтантай хамт Дорнод аймгийн Дашбалбар суманд очиж түүнтэй уулзаж машинаа авах гэтэл өгөөгүй, харин төлбөрийг хурдан төлж барагдуулахаар тохирсон. Уг машиныг миний бие эзэмшиж ашигладаггүй тул надад хамааралгүй юм.

Иймд барьцаанд тавьсан машиныг хураан авч өр төлбөрийг барагдуулахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг би хүү төлөөгүй. н.Намхайдорж төлсөн байх, зээл авахдаа мөнгийг би орж авсан боловч хэрэглээгүй тул зээлийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Атарсайханаас 2 340 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Нандин-Уул” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Нандин уул” ХХК-иас 1 500 000 төгрөг зээлэх зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээг би батлан даалт гэж ойлгосон. Миний нэр дээр бус тээврийн хэрэгслийг би барьцаалах боломжгүй, намайг хотын хаягтай болохоор батлан даагч болж байна гэж ойлгож гэрээг байгуулсан. Тус тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч н.Намхайдорж, зээл авах үед тээврийн хэрэгслийг худалдан авахад дутагдсан 1 500 000 төгрөгийг ломбардаас машинаа барьцаанд тавиад, мөнгөө хийж дуусгаад өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон. Гэвч н.Намхайдорж одоог болтол төлөөгүй байсныг би шүүх дээр мэдсэн. Гэрээг би ноцтой төөрөгдөж хийсэн тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч тухайн маргаанд хамаарах нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас шийдвэрт зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Нандин-Уул” ХХК нь хариуцагч Ц.Атарсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүү 90 000 төгрөг, алданги 750 000 төгрөг, нийт 2 340 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэснийг учир дутагдалтай гэж үзнэ.

 

Хэргийн баримтаас үзвэл “Нандин-Уул” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 24 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч Ц.Амарсайханд 1 500 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх5-6/

 

Хариуцагч Ц.Амарсайхан энэхүү гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд хүлээн авсныг түүний гарын үсэг бүхий “мөнгө хүлээн авсан акт”-аар, нэхэмжлэгч  “Нандин-Уул” ХХК барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй хуулийн этгээд болохыг Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлон тогтоожээ. /хх 6-7/

 

Зохигчдын тайлбар болон гэрээний гурав дахь хэсэгт зааснаар зээлдэгч Ц.Амарсайхан мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх баталгаа болгон Тоёото марк-2 загварын тээврийн хэрэгслийг барьцаалж, зээлийн хүүг тохиролцсон зэрэг нь талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн анзын гэрээг бичгээр хийх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй зээлдэгчээс төлбөрийг шаардах эрхтэй. Харин энэхүү шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлэх учиртай.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараар үндсэн зээлийн 1 500 000 төгрөг төлөгдөөгүй нь тогтоогдсон, харин хүүгийн талаарх тооцоог нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний хүүд шаардсан 90 000 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч тодорхой хугацаанд гэрээгээр тохирсон хэмжээний хүүг төлж байсан талаар нэхэмжлэгч тайлбарласан атлаа, дээрх 90 000 төгрөгийг гэрээний аль хугацааны хүү болох нь  тодорхойгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарсан болно.

 

Алдангийн хувьд гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон тул үндсэн төлбөрөөс тооцож 750 000 төгрөг шаардсан, шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Хариуцагч Ц.Атарсайханы хувьд зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгийг захиран зарцуулаагүй гэх боловч энэ нь гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлт оруулж, гэрээнд гарын үсэг зурахдаа батлан даагч гэж ойлгосон тул ноцтой төөрөгдсөн гэх үндэслэлээр хариуцагч Ц.Атарсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Атарсайханаас 2 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нандин-Уул” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “хариуцагчаас 52 400” гэснийг “хариуцагчаас 50 950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                                                                                    

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА