Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/316

 

 

   2021            5        20                                            2021/ШЦТ/316                                

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: С.Цэрэндорж,

            Шүүгдэгч: Л.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д  овогт Л-ийн А  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905006200547 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны .........дүгээр сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,.......... настай, эмэгтэй, халах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл ......... хамт Баянгол дүүргийн ........ дугаар хороо, ......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ........дугаар хороо, ............. тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, .......... тоот регистртэй, Д  овогт Л-ийн А .

Шүүгдэгч Л.А нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын 5 дугаар танхимд кино үзэж байсан хохирогч Б.Э гар цүнх буюу цүнхэн дотор байсан айфоне 6 эс загварын гар утас, айфоне 7 загварын гар утасны чихэвч, бэлнээр 70.000 төгрөг, цэнэглэгчийн адаптер, уруулын будаг, айфоне 5 загварын гар утасны ялтас, толь зэрэг 531.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, бэлнээр 70.000 төгрөг буюу нийт 601.000 төгрөгийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.А шүүх хуралдаанд: “...2019 онд 2 ач зээ хүүхдийн хамт Тэнгис кино театрт кино үзсэн. Бага хүүхэд сандлын хажуугаар унасан зүйлээр тоглоод байхаар нь хартал жижиг цүнх байсан. Би цүнхийг аваад кино театраас гарсан” гэв.

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 21 цаг 30 минутын “Акуа мэн” киног Өргөө-1 кино театрын 5 дугаар танхимд найз залуу Эрдэнэбаганы амт үзсэн. Тэгээд кино үзэж дуусаад гарах үедээ би өөрийнхөө ягаан өнгийн жижиг гар цүнхийг хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Тухайн үед миний хажууд нэг жаахан охин эмээгийнхээ хамт сууж байсан ба тухайн эмээ киног дуусаагүй байхад яг дунд хэсэгт нь гараад явсан байгаа. Тэр хүний царай зүсийг би сайн санахгүй байна. Миний цүнхийг тухайн эмээ хулгайлаад аваад гарсан гэж бодож байгаа. Учир нь гэвэл тухайн эмээ миний хажууд сууж байгаад кино дуусаагүй байхад гарч явсан. Би тухайн үедээ киногоо үзээд сууж байсан учир цүнхээ мартчихсан байсан юм. Хамгийн урд эгнээд сууж кино үзэж байсан учир дээшээ өлийсөн байдалтай кино үзээд хажуудахаа анзаараагүй юм. Алдагдсан цүнхэн дотор айфоне 6 эс маркийн гар утас, айфоне 7 маркийн гар утасны чихэвч, 70.000 гаруй төгрөг, цэнэглэгчийн ардаптер, уруулын будаг, айфоне 5 маркийн гар утасны ялтас, толь зэргийг цүнхтэй минь хулгайлж авсан байгаа. Л.А миний хохирол болох 601.600 төгрөгийн хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр манай Хархорин худалдааны төвийн хойд хэсгээр жижиг зүйл зарж зогсдог зүс таних нэг эгч хүрч ирээд айфоне 6 эс загварын гар утас үзүүлээд гар утсыг авах уу гэсэн, тэгэхээр нь би “та кодыг нь мэдэх юм уу” гэтэл тэр эгч “энэ гар утсанд ID код байхгүй гэсэн. Тэгэхээр нь би кодыг арилгаад өөрөө барь гэж хэлэхэд эгч яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойш 2 хоногийн дараа тэр эгч дахиж над дээр хүрч ирээд эгчийн дүү надад мөнгөний хэрэг болчихлоо. 20.000 төгрөгөөр авчих, эгчид нь мөнгөний хэрэг байна гэсэн. Тэгэхээр нь би тэр гар утсыг нь 20.000 төгрөгөөр авчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 39/,

Яллагдагчаар Л.А ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...кино үзэж байхад оч охин Тунгалаг сандал доор нэг юмаар тоглож байхаар хартал цүнхтэй зүйл байсан. Тэгээд би тухайн цүнхийг өөрийн барьж явсан гар цүнхэндээ хийж кино дуусаагүй байхад гарч явсан. Гадаа автобусны буудлын ойролцоо очиж тухайн цүнхтэй зүйлийг үзэхэд дотор нь 70.000 төгрөг, гар утас, уруулын будаг гэх эд зүйл байсан. Би гар утсыг маргааш нь 20.000 төгрөгөөр зарсан. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа дахин ийм хэрэг үйлдэхгүй миний буруу” гэсэн мэдүүлэг /хх-н 73-74/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 20/, хохирогчийн өргөдөл /хх-н 21/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 23/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 49-50/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 79-81, 84-90/, шүүгдэгчийн хүсэлт /хх-н 68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Л.А нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын 5 дугаар танхимд кино үзэж байсан хохирогч Б.Э гар цүнхэн дотор байсан айфоне 6 эс загварын гар утас, айфоне 7 загварын гар утасны чихэвч, бэлнээр 70.000 төгрөг, цэнэглэгчийн ардаптер, уруулын будаг, айфоне 5 загварын гар утасны ялтас, толь зэрэг 531.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, бэлнээр 70.000 төгрөг буюу нийт 601.000 төгрөгийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Энхцэцэгийн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...кино үзэж дуусаад гарах үедээ би өөрийнхөө ягаан өнгийн жижиг гар цүнхийг хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Тухайн үед миний хажууд нэг жаахан охин эмээгийнхээ хамт сууж байсан ба тухайн эмээ киног дуусаагүй байхад яг дунд хэсэгт нь гараад явсан байгаа. Тэр хүний царай зүсийг би сайн санахгүй байна. Миний цүнхий тухайн эмээ хулгайлаад аваад гарсан гэж бодож байгаа. Учир нь гэвэл тухайн эмээ миний хажууд сууж байгаад кино дуусаагүй байхад гарч явсан. ... Алдагдсан цүнхэн дотор айфоне 6 эс маркийн гар утас, айфоне 7 маркийн гар утасны чихэвч, 70.000 гаруй төгрөг, цэнэглэгчийн ардаптер, уруулын будаг, айфоне 5 маркийн гар утасны ялтас, толь зэргийг цүнхтэй минь хулгайлж авсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/, гэрч Ж.Батнасангийн: “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр манай Хархорин худалдааны төвийн хойд хэсгээр жижиг зүйл зарж зогсдог зүс таних нэг эгч хүрч ирээд айфоне 6 эс загварын гар утас үзүүлээд гар утсыг авах уу гэсэн, тэгэхээр нь би “та кодыг нь мэдэх юм уу” гэтэл тэр эгч “энэ гар утсанд ID код байхгүй гэсэн. Тэгэхээр нь би кодыг арилгаад өөрөө барь гэж хэлэхэд эгч яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойш 2 хоногийн дараа тэр эгч дахиж над дээр хүрч ирээд эгчийн дүү надад мөнгөний хэрэг болчихлоо. 20.000 төгрөгөөр авчих, эгчид нь мөнгөний хэрэг байна гэсэн. Тэгэхээр нь би тэр гар утсыг нь 20.000 төгрөгөөр авчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 39/, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.А ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч А.А  нь Өргөө кино театрт кино үзэж байхдаа хохирогч Б.Э цүнхийг нь хулгайлж, 601.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Л.А ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д  овогт Л-ийн А ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А ыг хорих ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.А  оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.МӨНХ-ЭРДЭНЭ