Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/348

 

 

 

 

 

 

   2021            5        28                                            2021/ШЦТ/348                                 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг, 

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г   овогт Н-ийн  М холбогдох эрүүгийн 2105006000601 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны .......дүгээр сарын ..........ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа гаалийн менежмент мэргэжилтэй, Нью Ложистик ХХК-нд гаалийн мэргэжилтэн ажилтай, ам бүл ............. эхийн хамт Хан-Уул дүүргийн ....... дугаар хороо ............ тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, .............. дугаарын регистртэй, Г   овогт Н-ийн  М  .

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис караокед хохирогч Э.У-ын   толгойн тус газар руу пивоны шил шидэж, эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.М  ын өгсөн:

“...Баянмөнх манай найз охиныг доромжлоод бид хоёр муудалцсан. Тэгээд бид хоёр зууралдаад Хангай голоор орж ирээд салгасан. Тэгээд би уурандаа пивоны шил ширээ рүү шидэхэд ширээний цаана сууж байсан Ууганбаяр руу шилний хагархай үсэрч духыг нь зүссэн. ...Тухайн үед Ууганбаяр хэд хоногийн дараа эмчилгээний мөнгө 300.000 төгрөг болсон, 300.000 төгрөгийг өгчих гэж хэлсэн. Би хохирогч Э.Ууганбаяртай сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.У-ын   өгсөн:

“...Би 2021 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цаг өнгөрөөд өөрийн найз Баянмөнх, Хангай, Ганхуяг, М   нарын хамтаар Модны 2-н зам дагуу байдаг Парис караокед орж дуулж сууцгаасан. Тэндээ 1 шил 1 литрийн виски, хүний нэг нэг пиво захиалж ууцгаасан. Тэгээд дуулж сууж байгаад М   Баянмөнх нар хоорондоо юм ярьж сууж байгаад тэр хоёр муудалцаад М   Б-ийн   нүүр рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь би очиж дундуур нь салгаад М  ын цаана суулгаад би өөрөө Б-ийн   хажууд очоод суусан. Тэгээд гэнэт пивоны шил орж ирээд миний толгой руу оноод цус гарсан. Тэгээд би хэсэг манараад толгой эргээд хэсэг буйдан дээр хэвтэж байгаад ариун цэврийн өрөө орж цусаа угаагаад бүгдээрээ Гэмтлийн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Тэрнээс хойш маргааш нь М  тай холбогдож уулзахад уучлалт гуйгаад миний эмчилгээний хохирлыг барагдуулна гэж хэлсэн. ...Тухайн үед эхлээд М   Баянмөнхийг нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон. Дараа зодооныг салгаад хоёр талд суулгаад намайг Баянмөнх рүү хараад юм ярьж байхад гэнэт пивоны шил орж ирээд миний толгойг хагалсан. Сүүлд надаас уучлалт гуйхад М  ын Баянмөнх рүү шидсэн пивоны шил намайг оносон гэж хэлсэн. ...М   надаас уучлалт гуйж эмчилгээний 300.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2482 тоот: 

  1. Э.У-ын   биед духанд эдгэрсэн шархтай гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 29-30/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 48/,

-төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 49/,

-үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 51/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47, 52/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис караокед хохирогч Э.У-ын   толгойн тус газар руу пивоны шил шидэж, эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.М  ын “...би уурандаа пивоны шил ширээ рүү шидэхэд ширээний цаана сууж байсан Ууганбаяр руу шилний хагархай үсэрч духыг нь зүссэн...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Э.У-ын   “...Баянмөнх рүү хараад юм ярьж байхад гэнэт пивоны шил орж ирээд миний толгойг хагалсан...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2482 тоот дүгнэлт,   хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.М холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.М  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.У-ын   эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

 Шүүгдэгч Н.М нь хохирогч Э.У-ын   нэхэмжилсэн эмчилгээний зардал 300.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл гэснийг тэмдэглэе.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй нь хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгч Н.М  ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.   

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин нь Н.М 1.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналыг прокурорын санал дээр бичсэн хэдий ч Н.М  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхийн хэлэлцүүлэг болон прокурорын саналд гаргасан болохыг тэмдэглэе.

Шүүхээс шүүгдэгч Э.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г   овогт Н-ийн  М  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М  ыг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М  ын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ