Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 14-р байрны 1-5 тоотод оршин суух Чимэд  овгийн Хишигжаргалын Дэлгэрсуурь /ЗЮ86102811/- ийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Төв номын санд холбогдох, Дундговь аймгийн Төв номын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1518858 төгрөг гаргуулах, нийгмийн даалгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар  сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурь

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Одончимэг

Хариуцагчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

Гуравдагч этгээд Т.Мэндбаяр

Гэрч Ө.Ууганбаяр, Э.Биндэръяа

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Төв номын сангийн 2016 оны 9 сарын 12-ны өдрийн Б/10 тоот тушаалаар жолоочоор томилогдон ажилласан билээ. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргалгүй хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Одончимэг нь хөдөлмөрийн гэрээг шинэчилэн байгуулахдаа тус гэрээний хугацааг 2016 оны 12 сарын 31-ний өдрөөр тогтоож, мөн үндэслэл шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр гардуулан 2016 оны 12 сарын 28-ны өдрийн Б/15 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Намайг жолооч, харуул хамгаалалтын ажилтнаар томилсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй байхад ажлаас чөлөөлсөн. Иймд Дундговь аймгийн Төв номын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1518858 төгрөг гаргуулах, нийгмийн даалгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 9 сарын 12-ны өдрийн Б/10 тоот тушаалаар жолоочоор түр томилогдон ажилласан байдаг. Хөдөлмөрийн гэрээг анх байгуулахдаа жолооч, харуул хамгаалалтын ажилтнаар байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн байдаг. Нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурь нь Дундговь аймгийн Төв номын санд жолооч, харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан болох нь 2 удаагийн байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогддог. Гэрчүүд мөн мэдүүлсэн. Аймгийн номын сангийн байнгын орон тооны ажилтан байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахгүй гэж заасан байдаг. Гэтэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь өөрөө хуульд нийцэхгүй байна. 2016 оны 10 сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд харуул хамгаалалтын ажилтны чиг үүргийг тусгайлан зааж өгсөн байгаа. Үүнээс харахад нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурь харуул хамгаалалтын ажилтан, жолоочийн ажлыг гүйцэтгэж байсан, энэ нь байнгын ажлын байр байсан болох нь тогтоогдож байна. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх үндэслэлийг дурдалгүй ажлаас чөлөөлсөн байдаг. Иймд төв номын сангийн захирлын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн Төв номын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2016 оны 9 сарын 23-ны өдөр томилогдон ажиллаж, ажилчдынхаа хувийн хэргүүдтэй танилцах явцад Х.Дэлгэрсуурь өөрөө орж ирээд би хөдөлмөрийн гэрээгээ 1 сарын хугацаагаар байгуулсан, гэрээний хугацаагаа сунгуулъя гэсэн. Манай байгууллагад жолоочийн орон тоо байхгүй байхад тушаалыг  нь жолоочоор томилж гаргасан байсан. Манайд бол харуул хамгаалалтын ажилтны орон байдаг. Х.Дэлгэрсуурьтай харилцан тохиролцож, өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг 2 сарын хугацаагаар сунгасан. Иймд би хууль зөрчиж энэ хүнийг ажлаас нь чөлөөлөөгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. 2016 оны 9 сарын 12-ны өдөр аймгийн төв номын сангийн албан хаагчид Эрдэнэт хот руу явахаар болоод жолоочгүй байсан учраас арга буюу нэхэмжлэгчийг жолоочийн ажилд тухайн үед Төв номын сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Э.Биндэръяа авсан байдаг. Ажилд авахдаа жолоочийн албан тушаалд түр томилох тухай тушаал гаргаж нэхэмжлэгчийг жолоочоор ажилд авсан. ...Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11 сарын 8-ны өдрийн 415 дугаартай тушаалын 2 дахь хавсралтаар аймгийн Төв номын санд захиргаа аж ахуйн тасаг нь харуул хамгаалалтын ажилтантай байна гээд хавсралтаараа батлчихсан. Жолооч гэдэг орон тоо байхгүй. Хэргийн материалаас харахад нэхэмжлэгч ажилд орохоосоо эхлээд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй хүн орж ирсэн байна. Тушаал нь жолоочоор гарсан байхад хөдөлмөрийн гэрээ нь жолооч, харуул хамгаалалтын ажилтнаар явна гэсэн ойлголт байхгүй. Ажлын шаардлага хангаагүй, харуул хамгаалалтын ажилтны үнэмлэх байхгүй, шаардлага хангаагүй учраас ажлаас чөлөөлсөн байна. Тиймээс миний үйлчлүүлэгч Ц.Одончимэг нь 2016 оны 12 сарын 28-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухайн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан. Жолооч гэсэн байнгын ажлын байр байхгүй учраас нэхэмжлэгчийг байнгын ажлын байранд байна гэх боломжгүй. Хөдөлмөрийн гэрээг 12 сарын 31-нийг дуусталх хугацаагаар байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болмогц ажлаас нь халсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Т.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 сарын 24-ний өдөр би аймгийн Төв номын санд харуул хамгаалалтын ажилтнаар орох талаар ярьсан. Би харуул хамгаалалтын сургалтанд хамрагдсан байсан. Х.Дэлгэрсууриас 2017 оны 1 сард ажлаа хүлээж авсан. Одоо бол би тус газар харуул хамгаалалтын ажилтны орон тоонд ажиллаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурь нь Дундговь аймгийн Төв номын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1518858 төгрөг гаргуулах, нийгмийн даалгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал нь “үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой” гэж, хариуцагч тал нь “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчтэй тохиролцон хөдөлмөрийн гэрээг 2 сарын хугацаагаар сунгасан бөгөөд гэрээний хугацаа дуусахад ажлаас чөлөөлсөн  нь үндэслэлтэй” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон шүүх хуралдаанд оролцсон зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээс дараахь дүгнэлтийг хийлээ.

1.Ажил олгогч Дундговь аймгийн Төв номын сан нь ажилтан Х.Дэлгэрсуурьтай 2016 оны 9 сарын 12-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г жолооч, харуул хамгаалалтын ажилтан /хх-ийн 6-9-рт/ гэх ажлыг эрхлүүлэхээр 1 сарын хугацаатай, 2016 оны 10 сарын 12-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г /хх-ийн 10-13-рт/ 2016 оны 10 сарын 12-оос 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар мөн жолооч, харуул хамгаалалтын ажилтан гэх ажил албан тушаалыг эрхлүүлэхээр байгуулжээ. Тус байгууллага нь харуул хамгаалалтын ажилтны 4 орон тоотойгоор ажилладаг /хх-ийн 45-47-рт/ ба харуул хамгаалалтын ажилтан нь жолоочийн ажил үүргийг хавсран гүйцэтгэдэг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, гэрч Э.Биндэръяа, Ө.Ууганбаяр нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурийг ажлаас чөлөөлж Т.Мэндбаярыг түүний оронд ажилд томилсон болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар болон Т.Мэндбаярыг ажилд томилох тухай тушаал /хх-ийн 72-рт/, “ажил хүлээлцэх акт” /хх-ийн 73-рт/ гэх баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл эндээс Дундговь аймгийн Төв номын сангийн харуул хамгаалалтын ажилтан, жолоочийн албан тушаал нь байнгын ажлын байр болох нь харагдаж байна.

Ажил олгогч нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2. Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна: 23.2.1. байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй: гэж заасныг зөрчсөн байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болох боловч хэрэгт ажил олгогч Дундговь аймгийн Төв номын сан нь ажилтан Х.Дэлгэрсуурьтай хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулахаар харилцан тохиролцсон талаар баримтыг ирүүлээгүй байна. Иймд талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэх боломжгүй байна.

2.Нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурийг ажлаас чөлөөлсөн тушаалд  /хх-ийн 4-рт/ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж заасныг үндэслэн ажлаас чөлөөлжээ. Уг тушаалд байнгын ажлын байранд хууль зөрчиж хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ ямар үндэслэлээр цаашид хугацаа сунгагдахгүй болсон нь тодорхойгүй байна. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаа дууссан үндэслэлээр цааш сунгахгүй болсон тохиолдолд ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон болох нь тодорхой байх шаардлагатай байх ба шалтгаан тодорхойгүйгээр хөдөлмөрийн гэрээг сунгаагүй тохиолдолд ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзнэ. Хариуцагч Дундговь аймгийн Төв номын сан нь нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаа дууссан үндэслэлээр сунгаагүй байх ба ийнхүү сунгахгүй болсон үндэслэл, шалтгааныг нотлох баримтыг ирүүлээгүй байна. Мөн ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа /хх-ийн 10-13-рт/ 2016 оны 12 сарын 31-ний өдөр дуусах байтал гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 12 сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу байна.  

3.Хариуцагч тал нь “ажилтныг анх ажилд авахдаа төрийн албан хаагчийг ажилд авахад шаардагдах материалыг бүрдүүлж, зохих сонгон шалгаруулалтын журмаар ажилд аваагүй, байхгүй ажлын байранд буюу жолоочийн албан тушаалд ажилд авсан, албан тушаалтны зохих шийдвэргүйгээр илүү цалин олгосон” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 2016 оны 9 сард хариуцагч нь “харуул хамгаалалтын ажилтан, жолоочийг ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулсан, нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурь нь сонгон шалгаруулалтад ороогүй, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүн туршилтын хугацаанд ажиллаж байхад түүнийг ажилд томилолгүйгээр Х.Дэлгэрсуурийг ажилд томилсон. Нэхэмжлэгчийн хувийн хэрэгт төрийн албан хаагчийн анкетаас өөр бичиг баримт байхгүй” гэж шүүх хуралдаанд оролцсон гэрч Ө.Ууганбаяр мэдүүлж байна.

Ажил олгогч нь төрийн үйлчилгээний ажил, албан тушаалд ажилтан томилохдоо сонгон шалгаруулалт явуулах эсэх, түүнд ямар үзүүлэлттэй оролцсон этгээдийг ажилд авах нь тухайн ажил олгогчийн өөрийн шийдвэрлэх асуудал бөгөөд ажилд авах үед хэрхэн ямар үндэслэл журмаар ажилтныг ажилд авсан нь түүнийг хожим ажлаас халах үндэслэл болох ёсгүй юм. Мөн ажилтан анх төрийн албанд ороход бүрдүүлэх материалыг шаардаж, хувийн хэргийн бүрдлийг ханган ажиллах нь ажил олгогчийн хийвэл зохих ажиллагаа байх ба ажилтныг ажилд томилсон тушаалыг ажилтан өөрөө гаргахгүй тул ажилтны ажил албан тушаалыг ажилд томилсон тушаалд дутуу эсхүл буруу бичсэн нь ажилтны буруу биш байна. Хариуцагч тал ажилтанд зохих эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр илүү цалин олгосон байгаа гэж тайлбарлаж байх боловч энэ нь мөн ажилтны өөрийн санаачилгаар хийгдэх ажиллагаа биш байна. Иймд дээрхи хариуцагч талын тайлбарыг ажилтныг ажлаас халах үндэслэл гэж үзэх боломжгүй байна.    

Иймээс хариуцагч Дундговь аймгийн Төв номын сан нь нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурийг ажлаас буруу халсан байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь ажлаас халах тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага болгон нэхэмжлэлдээ бичсэн байна. Гэвч энэ нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага биш байх бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байна.  

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д зааснаар нэхэмжлэгчийн сүүлийн 3 сард авсан цалингийн дунджаас тооцоход 1 сарын дундаж цалин 547053 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 26050 төгрөг болж байх ба нэхэмжлэгч нь 2016 оны 12 сарын 28-наас хойш шүүх хуралдаан болтол ажлын 81 хоногийн хугацаанд ажилгүй байсан байна. Эндээс тооцож үзэхэд ажилгүй байсан хугацааны олговор 2110050 төгрөг болж байна. Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин 1518858 төгрөг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчид олгох олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр шийдвэрлэв.  

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна. Төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1518858  төгрөг гаргуулах тухай шаардлагад 39252 төгрөг, нийт 109452 төгрөг болно.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Чимэд  овгийн Хишигжаргалын Дэлгэрсуурь /ЗЮ86102811/-ийг Дундговь аймгийн Төв номын сангийн харуул хамгаалалтын ажилтан, жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар Дундговь аймгийн Төв номын сан /захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Одончимэг/-аас ажилгүй байсан хугацааны олговор 1518858 /нэг сая таван зуун арван найман мянга найман зуун тавин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурьт олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Дэлгэрсуурьт олговол зохих  1518858 /нэг сая таван зуун арван найман мянга найман зуун тавин найман/ төгрөгийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, энэ тухай түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Төв номын санд үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Дундговь аймгийн Төв номын сан /захирлын үүрэн гүйцэтгэгч Ц.Одончимэг/-гаас 109452 /нэг зуун есөн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                            Д.УРАНЧИМЭГ