Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/414

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,    

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч  овогт Ц С-д  холбогдох эрүүгийн 2105000000757 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ........... дугаар сарын ...........ны өдөр Төв аймгийн .......... суманд төрсөн......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл ............ хамт амьдардаг. Хувиараа хайгуулын ажил хийдэг. Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ..............тоотод оршин суух хаягтай, урьд 2012 оны 06 дугаар сарын 05-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99.2 дугаар зүйлийн 99.2 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ................. дугаарын регистртэй, Ч  овогт Ц С.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч  ургийн овогтой Ц С /РД: НЮ87072571/, нь “2021 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороо 44е-5 тоотод өөрийн бага насны хүүхэд болох С.Э гараараа түлхсэний улмаас унах үедээ толгойгоо хананд цохисны улмаас биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан ’’Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн “Баянгол дүүргийн 17 дугаар хороо 44е-5 тоотод эхнэр О.У маргалдан, улмаар түүнийг түлхэн унагаж, үсдэн чирч биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл, зүүн тохой, баруун өвдөгт гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Сийн өгсөн:

“...Тухайн өдөр би гэртээ эхнэр, хүүхэд болон өөрийн аав ээжийн хамт гэртээ байж байсан. Тэгээд байж байтал миний утсанд найзаас фэйсбүүкээр дуудлага ирсэн. Тэгээд би найзтайгаа видео дуудлага хийж байтал манай хүү Элбэгзаяа ирээд утас булаацалдаад байсан. Тэгэхээр нь утастай гараараа цааш нь түлхсэн чинь унахдаа орны хажууд байсан хувцасны шкафны ирмэгийг ар дагзаараа мөргөсөн. Тэгсэн чинь хажууд хэвтэж байсан эхнэр над руу дэмий тэнэж ирчихээд хүүхэд яагаад зодоод байгаа юм гээд над руу уурлаж, цохиж маажиж эхэлсэн. ...Тэгэхээр нь би эхнэрийг үсдээд жижиг өрөөнд оруулаад хаалгыг хаасан. Тэгээд би гэрээс гараад явсан. Тэгсэн чинь манай ээж рүү танай хүүхдийг цагдаад өгнө гэж хэлээд эхнэр гэрээс гараад явсан байсан. ...Танай хүү утсаар хүнтэй яриулахгүй байхаар нь түлхсэн чинь унахдаа шүүгээний булан мөргөчихсөн. Тэгээд тэрнээс болж эхнэртэй маргалдаад би эхнэрийн 2 гарыг нь барьж байгаад ор луу түлхсэн чинь орон дээр унасан. Мөн үсдэж жижиг өрөө лүү оруулсан. ...Би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 52-54/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.У-ийн өгсөн:

“...2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ нөхөр хүү, мөн манай хадам ээж, аав 2 гэрт байсан. ...манай хүү Элбэгзаяа нөхөр дээр очоод урдуур хойгуур нь яваад байсан чинь нөхөр 2,3 удаа аав нь хунтэй утсаар ярьж байна, цаашаа бай гэсэн. Тэгсэн хүү аав дээрээ очихоо болихгүй байсан чинь нөхөр хүүг гараараа түлхчихсэн. Тэгсэн хүү арагшаа унахдаа хананд толгойгоо цохьчихсон. Тэгээд би босч ирээд нөхөр лүү уурлаад хуүхдийн толгой хананд цохьчихлоо гэсэн чинь нөхөр би эцэг нь юм чинь юм хэлж болдоггүй юм уу гэсэн. Тэгэхээр нь өөр газарт цохиж болдоггүй юм уу, толгой тархиараа хана мөргөчихлөө ш дээ гэж би нөхөрт хэлсэн. ...Тэгээд маргалдаж байхдаа би чи хүүхэд түлхлээ, чамайг ч гэсэн ингээд цохиод байхаар ямар байна, жоохон хүүхэдтэй ингэж харьцаад байхдаа яадаг юм гээд нөхрийнхөө цээж , нуруу хэсэг дээр маажсан. Тэгээд би дахиж ингэж хүүхдэд гар хүрэх юм бол цагдаад өгнө шүү гэсэн чинь чи намайг цагдаагаар айлгаж байна уу гээд намайг ор луу түлхэж унагаагаад, тэгснээ үсдээд намайг орноос чирээд үүд рүү аваад явсан. Тэгсэн чинь хадам ээж боль гээд салгаад тэгэхээр нь би хүүхдээ аваад гадаа гараад цагдаад дуудлага өгсөн. ...Намайг ор луу түлхэж унагаад тэгээд үснээс зулгааж чирээд үүд рүү чирсэн. ...Миний өвдөг хөхрөөд, хүзүү улайж зулгарсан байна. ...Өмнө нь миний болон хүүхдийн биед халдаж байсан асуудал байхгүй. ...Миний болон хүүгийн биед учирсан гэмтлийг манай нөхөр учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-24/, 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй /бага насны/ хохирогч С.Э-ийн өгсөн “...Би тухайн өдөр аав, ээж 2-тойгоо байсан. Тэгээд аав хүнтэй утсаар ярьж байхад нь би очсон аав намайг түлхээд унагаачихсан. Тэгээд би унахдаа хана мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-н 15-17/

 

2021 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3721 тоот дүгнэлт

1. Уранбилэгийн биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт, зүүн тохой, баруун өвдөгт сорив гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт, хүзүүний цус хуралт мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт, хүзүүний цус хуралт шинэ байна.

6. Зүүн тохой, баруун өвдөгт сорви гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын

2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хугацааг болон үйлчлэлийг нарийвчлан тогтоох боломжгүй байна /хх-н 27-28/

           

2021 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3743 дугаартай дүгнэлт:

  1. С.Э-ийн биед тархи, доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна /хх-н 29-30/,

 

  - хохирогч О.У “...сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол санал, хохирол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 80/,

  - насанд хүрээгүй хохирогч С.Э “...Санал хүсэлт байхгүй...” гэх хүсэлт /хх-н 70/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 57/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч  ургийн овогтой Ц С /РД: НЮ87072571/, нь “2021 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороо 44е-5 тоотод өөрийн бага насны хүүхэд болох С.Э гараараа түлхсэний улмаас унах үедээ толгойгоо хананд цохисны улмаас биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан ’’Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн “Баянгол дүүргийн 17 дугаар хороо 44е-5 тоотод эхнэр О.У маргалдан, улмаар түүнийг түлхэн унагаж, үсдэн чирч биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл, зүүн тохой, баруун өвдөгт гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.С “...би найзтайгаа видео дуудлага хийж байтал манай хүү Элбэгзаяа ирээд утас булаацалдаад байсан. Тэгэхээр нь утастай гараараа цааш нь түлхсэн чинь унахдаа орны хажууд байсан хувцасны шкафны ирмэгийг ар дагзаараа мөргөсөн. ...би эхнэрийн 2 гарыг нь барьж байгаад ор луу түлхсэн чинь орон дээр унасан. Мөн үсдэж жижиг өрөө лүү оруулсан. ...Би учруулсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч О.У “...нөхөр хүүг гараараа түлхчихсэн. Тэгсэн хүү арагшаа унахдаа хананд толгойгоо цохьчихсон. ....намайг ор луу түлхэж унагаад тэгээд үснээс зулгааж чирээд үүд рүү чирсэн. ...Миний өвдөг хөхрөөд, хүзүү улайж зулгарсан байна...” гэх мэдүүлэг,

 

   насанд хүрээгүй хохирогч С.Э “...Тэгээд аав хүнтэй утсаар ярьж байхад нь би очсон аав намайг түлхээд унагаачихсан. Тэгээд би унахдаа хана мөргөчихсөн...” гэх мэдүүлэг 2021 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3721 тоот дүгнэлт, 2021 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3743 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.С-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч О.У ,   насанд хүрээгүй хохирогч С.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч О.У хавтаст хэргийн 79, 80 дугаар талд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн,

насанд хүрээгүй хохирогч С.Э “...Санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.С-д  холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ц.Сийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Сийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Ч  овогт Ц Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.С-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ