Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/415

 

 

 

 

 

 

                 

   2021             6        22                                           2021/ШЦТ/415                                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч А.Ц , түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А-ийн  Ц-д холбогдох эрүүгийн 2105007130652 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......оны ....... дугаар сарын .......-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... нарын хамт Баянзүрх дүүргийн ........ хороо, ............. тоотод оршин суух, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Ц  нь өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ял биелүүлээгүйгээс 15,000 төгрөг тутам 1 хоногоор дүйцүүлж 53 хоног хорих ялаар тооцон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сар хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдэлбэл зохих хорих ялын нийт хэмжээг 1 жил 5 сар 23 хоногоор тооцож хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ................. дугаарын регистртэй, Ш овогт А-ийн  Ц

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Ц  нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Г-ийн жолоодож явсан 71-49 УНУ улсын дугаартай “Тоёота Хайсе” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг санаатай цохиж хагалсны улмаас түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгө, устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц мэдүүлэхдээ:  

“...Би хэргээ хүлээсэн болохоор шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй. Хохирол 280.000 төгрөг төлсөн...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Ц ийн өгсөн:

“...Би тогтоолтой танилцлаа. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /хх-н 36 /, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Г-ийн өгсөн:

“...Би 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн тоёота загварын 71-49 УНУ улсын дугаартай хар өнгөтэй автомашиныг жолоодон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хорооллоос модны 2-ын замаар 14 цагийн орчимд уруудаж байтал миний машин эвгүй дуугараад байхаар нь машинаа шалгаж үзэх зорилгоор автомашиныг зам дээр зогсоосон. Машины урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу зогсож байсан. Ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд гүйж ирээд газраас дөрвөлжин тоосго шиг зүйл гартаа барьж байгаад миний машины урд салхины шилийг нэг удаа цохиж хагалчихаад зугтах гээд байхаар нь би зууралдаж байгаад цагдаад дуудлага өгсөн. ...Би ажилтай учир шууд засварын газарт очиж засвар хийлгэсэн бөгөөд нийтдээ 280.000 төгрөгийн зардал гарсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 14/, 

 

Ашид Билгүүн ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1007 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 400.000 төгрөг...” гэх тайлан /хх-н 25/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 70-30 тоотод оршин суух хаягтай Х.Гүнбилэгээс гаргасан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуу хүн миний машины салхины шилийг хагалчихлаа гэх...” тэмдэглэл /хх-н 3 тал/,

 

Эд зүйл тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрх бүхий албан тушаалтын илтгэх хуудас /хх-н 6-8, 10/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- Гэрч А.Цацралын “...А.Ц  нь айлын бага, ..зан байдлын хувьд нийтэч боловч түргэн ууртай, хамт олон дунд хөгжилтэй хүний үгээр л байдаг...” гэх мэдүүлэг /хх-н 22/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтаар хохирогч Х.Г-ийн эд хөрөнгөд бага хэмжээ буюу 300.000 төгрөгнөөс давсан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь шүүгдэгч М.Цэнд-Аюушын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Тодруулбал, шүүгдэгч А.Ц  нь хохирогч Х.Г-ийн эзэмшлийн 71-49 УНУ улсын дугаартай “Тоёота Хайсе” маркийн тээврийн урд салхины шилийг санаатай цохиж хагалсны улмаас түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн тэмдэглэл, эд зүйл тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрх бүхий албан тушаалтын илтгэх хуудсаар  тус тус тогтоогдсон.

Хэргийн 25 дахь талд авагдсан Ашид Билгүүн ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1007 дугаартай тайлангаар хохирогч Х.Гүнбилэгт 400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинж хангагдсан, шүүгдэгч хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд эд хөрөнгийг устгаж, гэмтээж буй үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч А.Ц ыг “Эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Х.Г-ийн эд хөрөнгөд 400.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

  - хохирогч Х.Гүнбилэг нь хавтас хэрэгт “...Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-н 14, 87/ мэдүүлэг, хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Ц ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ц ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирол төлбөрөө төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч А.Ц  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 12 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно. Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу түүний цагдан хоригдсон 12 хоногийн хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8  цагаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 96 цагийг эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 204 цагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно....” гэж заасан тул шүүгдэгч А.Ц ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Ц  нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ял биелүүлээгүйгээс 15000 төгрөг тутам 1 хоногоор дүйцүүлж 53 хоног хорих ялаар тооцон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сар хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялыг 1 жил 5 сар 23 хоногоор хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал болоод Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ. 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш овогт А-ийн  Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ш овогт А-ийн  Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц ийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 96 /ерэн зургаа/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 204 /хоёр зуун дөрвөн/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Ц ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 204 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Ц  нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ял биелүүлээгүйгээс 15000 төгрөг тутам 1 хоногоор дүйцүүлж 53 хоног хорих ялаар тооцон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сар хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялыг 1 жил 5 сар 23 хоногоор тогтоосон хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.  .

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Ц ид мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ц ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ц ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ