Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/454

 

 

 

 

 

    2021         07       05                                  2021/ШЦТ/454

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Д.Даваадорж, 

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Х.Б нь хохирогч Д.Ж-с Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Хүүхдийн 100” төвийн ойролцоо байрлах “Хаан” банкны салбар дотроос 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 5.300.000 төгрөг нийт 9.300.000 төгрөгийг “Баянхонгор аймгийн “Рио”-гийн уурхайд оруулж 10 хоногийн хугацаагаар ажиллуулж өгнө” гэж хэлж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эхнэр У.Бүдхандын “Хаан” банкинд эзэмшдэг тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн  1909045961526 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Надад өгсөн 9.300.000 төгрөгийг би нааш, цаашаа явж хүмүүстэй уулзаж байгаад дууссан. Пунсаа, Жамбалсанжид болон бас нэг залуу, нийт 3 хүн уурхайд оруулаад өгөөч гэж хэлээд дээрх мөнгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний бие 2019 оны 02 дугаар сарын дундуур өөрийн найз Ганбаярын хамт Б гэх хүнээр зуучлуулж Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах Риогийн алтны уурхайд алт олборлохоор 10 хоногийн хугацаатай орж ажилласан. Тухайн үед Бийг манай найз Ганбаяр таньдаг байсан ба би 12.000.000 төгрөгийг Бт дансаар шилжүүлсэн байдаг. Гэвч тухайн мөнгийг Б уурхайн удирдлагад өгөлгүй өөртөө авсан байсан нь сүүлд мэдэгдсэн. Түүний дараа буюу 2019 оны 03 дугаар сарын эхээр Б над руу залгаж “Риогийн уурхайд дахин 10 хоног ажиллах уу, ахдаа 9.300.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Би тэр үед зөвшөөрч Бийн эхнэр гэх хүний 5752103855 дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 9.300.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа намайг Риогийн уурхайд орж ажиллуулахаар болсон боловч огт холбоо барилгүй алга болсон. Тэрээр надад огт мөнгө өгөхгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр надад 3.000.000 төгрөг өгсөн. Х.Б тухайн мөнгийг ямар ч байсан уурхайд өгөөгүй юм шиг байсан. Надад хэлэхдээ өөртөө ашигласан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Ганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Д.Ж болон Х.Б нар нь утсаар холбогдоод Х.Б нь “Риогийн уурхайд оруулж өгнө, 9.300.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэр мөнгийг явуулсан гэж Д.Ж хэлсэн. Сүүлд Х.Б уг мөнгийг авсан талаараа надтай утсаар ярихдаа хэлсэн. Мөнгө өгснөөс хойш Д.Ж бид хоёр уурхайд ороогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

У.Б-н Хаан банканд эзэмшдэг тоот дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 58-62 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Х.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б нь хохирогч Д.Ж Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Хүүхдийн 100” төвийн ойролцоо байрлах “Хаан” банкны салбар дотроос 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 5.300.000 төгрөг нийт 9.300.000 төгрөгийг “Баянхонгор аймгийн “Рио”-гийн уурхайд оруулж 10 хоногийн хугацаагаар ажиллуулж өгнө” гэж хэлж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эхнэр “Хаан” банкинд эзэмшдэг тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Ж-ын мэдүүлэг, гэрч М.Г-н мэдүүлэг, У.Б-н Хаан банканд эзэмшдэг тоот дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Х.Б нь хохирогч Д.Ж 9.300.000 төгрөгийг “Баянхонгор аймгийн “Рио”-гийн уурхайд оруулж 10 хоногийн хугацаагаар ажиллуулж өгнө” гэж худал хэлж хуурч, хохирогчийн мөнгийг авч түүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Х.Бийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Х.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

                                   

Иймд шүүгдэгч Х.Б-ийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Д.Ж “...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Х.Бээс авах ёстой мөнгөө бүрэн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 109 дүгээр хуудас/ илэрхийлсэн баримт, мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 110 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Х.Б-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учирсан хохирлоо төлсөнийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Х.Б-г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДУЛАМСҮРЭН