Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1385

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00522 дугаар шийдвэртэй, Ц.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Өргөө амаржих газарт холбогдох,

 

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/199 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дэлгэрцэцэг, А.Дугармаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэл Өргөө амаржих газрын даргын Б/199 тоот тушаалаар тус эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлын байрыг сэлгүүлэн ажиллуулж, өмнөх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасныг надад урьдчилан албан ёсоор танилцуулаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Уг тушаалын дагуу ажлын байрыг сэлгүүлэх үндэслэл байхгүй, ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Ерөнхий эмчийг эзгүйд түүнийг орлон ажилладаг байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд ажлын зайлшгүй шаардлагаар, 33 дугаар зүйлд сул зогсолт гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар ажилтныг өөр ажилд түр шилжүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр гэрээнд зааснаас өөр ажлыг түр хугацаанд гүйцэтгүүлэх боломжтойг зохицуулжээ. Гэтэл дээрх зүйлд заасныг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэл болгон тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ажилтныг өөр ажилд бүрмөсөн шилжүүлэх нь ажил олгогчийн санаачлагаар хэрэгждэггүй, зөвхөн гэрээний талуудын тохиролцоо, эсвэл ажилтны хүсэлт, хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагын шаардлагыг ажил олгогч хүлээн авснаар хэрэгждэг зохицуулалт юм. Эдгээр үндэслэлийн аль нь ч бий болоогүй байхад намайг өөр ажилд бүрмөсөн шилжүүлсэн нь үндэслэлгүй.

Ажил олгогч дээрх тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх заалтыг хэлбэр төдий тусгаж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, талууд харилцан тохиролцсон гэх үндэслэл нь ажилтан миний хувьд бодитойгоор бий болоогүй, ажил олгогчийн санаачлага байсан атал ямар ч нотлох баримтгүйгээр тохиролцоо гэж байгааг хүлээн зөьшөөрөхгүй. Хүсэл зоригоо шууд тулгаж илт хууль бусаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох идэвхтэй үйлдэл хийж, Статистик мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны даргын ажлын Статистик мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны даргын ажилд шилжүүлсэн.

Уг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ хөдөлмөрийн нөхцлийн талаар ажил олгогчтой тохиролцоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт.. хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж заажээ. Ажил олгогч албан тушаалтай холбоотой хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулагдаагүй байхад дур мэдэн томилсон нь хуулийн үндэслэлгүй.

Миний бие эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаал эрхэлж байхдаа ТҮ-7-6 сүлжээгээр буюу 765 966 төгрөгөөр цалинждаг байсныг ТҮ-6-3 буюу 668 964 төгрөг болгон бууруулж, улмаар ээлжийн амралтын 24 хоногийн олговрыг бууруулж олгосон. Миний үндсэн цалин, нэмэгдэлтэй нийт 842 562 төгрөг байсан. Дээрх тушаалыг би 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан ба амралтаа авч гадагшаа явах байсан тул мөн өдрөө шүүхэд гомдлоо гаргаж, 08 дугаар сарын 13 хүртэл амарсан.

Иймд Нийслэл Өргөө амаржих газрын даргын Б/199 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг /2016 оны 08 дугаар сарын 13-наас шүүхийн шийдвэр гарах хүртэл/ хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Мөнхцэцэг нь Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан боловч сүүлийн хоёр жилийн хугацаанд тус эмнэлэгт удаа дараа эмнэлгийн тусламж, үйлчилгээний доголдол, зөрчил гарч байсан. Түүний эрхэлсэн ажил албаны хүрээнд хамаарах эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандарт, заавар, журмын дагуу мэргэжлийн арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах, эх нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг анхааруулж, сануулж, зохих сахилгын арга хэмжээг ч хүлээлгэж ирсэн.

Түүнчлэн 2016 оны 2 дугаар сараас эхлэн Нийслэл Өргөө амаржих газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/10 дугаар тушаалын дагуу тус амаржих газар ажлын хариуцлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг эмчилгээ эрхэлсэн орлогч даргад хамаарч байсан. Гэтэл тэрээр тушаалын биелэлтийг ханган, Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны даргатай хамтран зохион байгуулж, хоорондоо зохицож ажиллаагүйн улмаас эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны хурлаар уг асуудал хэлэлцэгдэн тогтоогдсон.

Эмчилгээ, тусламж үйлчилгээний ажлыг өндөр түвшинд зохион байгуулах үүрэг бүхий удирдах албан тушаалтнуудын энэ байдал амаржих газрын цаашдын ажилд сөрөг үр дагаврыг бий болгох тул ажил олгогчийн зүгээс ажлын зайлшгүй шаардлагаар удаа дараа Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлаас өөр ажилд шилжүүлэх саналыг Ц.Мөнхцэцэгт танилцуулж байсан. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр уг албан тушаалд цаашид ажиллуулах боломжгүй шалтгааныг тайлбарлаж, Статистик мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллуулах тухай танилцуулахад эс зөвшөөрсөн тайлбар өгөөгүй.

Иймд өөр ажилд шилжүүлэх саналыг хүлээн авлаа гэж ойлгож баталгаажуулан, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б/199 тоот тушаал гаргасан. Ажлын зайлшгүй шаардлагын улмаас гаргасан дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар Ц.Мөнхцэцэгийг Нийслэл Өргөө амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 5 055 390 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг ажил олгогч Нийслэлийн Өргөө амаржих газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Нийслэлийн Өргөө амаржих газраас 95.836 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн талаар баримтгүй, хариуцагч нотлож чадахгүй байна гэж дүгнэжээ.

Сүүлийн 2 жилд тус эмнэлэгт удаа дараа эмнэлгийн тусламж, үйлчилгээний доголдол, зөрчил гарсан нь эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнхцэцэгийн ажил үүргээ гүйцэтгэх чадвар, ажлын хариуцлага сахилгатай салшгүй холбоотой байсан бөгөөд түүнд зохих сахилгын шийтгэлийг тушаалаар ногдуулж, сахилгын арга хэмжээ хүлээлгэж ирсэн.

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/10 тоот тушаалаар амаржих газрын хэмжээнд ажлын хариуцлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, энэ ажлыг голлон хариуцаж, хэрэгжилтийг хангах үүрэг эмчилгээ эрхэлсэн орлогч даргад хамаарч байсан. Гэтэл нэхэмжлэгч Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга С.Мөнхзултай хамтран ажиллаж, ажлаа зохион байгуулж чадахгүй, эмчилгээ үйлчилгээнд ахиц гараагүй, хувийн таарамжгүй харилцаагаа улам хурцатган ажил хохироож 5 сар болсон.

Иймд ажлын зайлшгүй шаардлагаар нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэх болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасантай нийцэж байхад шүүх энэ байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Холбогдох 2 тушаал болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны хурлын тэмдэглэл зэргийг шүүхэд гаргасан байхад түүнийг үнэлэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой.

Ц.Мөнхцэцэгийг өөр ажилд шилжүүлэх талаар урьдчилан мэдэгдэхэд тэрээр ямар нэгэн тайлбар гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч хангалттай тайлбарласан байхад үүнийг харгалзан үзээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөвхөн нэхэмжлэгчийн талд ашигтай байдлаар үнэлж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг оновчтой тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг нь Нийслэл Өргөө амаржих газарт холбогдуулан тус газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/199 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Нийслэл Өргөө амаржих газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/199 дугаартай тушаалаар тус эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнхцэцэгийг Статистик мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны даргын ажилд шилжүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байна. /хх 35/

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийг ажлын зайлшгүй шаардлагаар эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлаас өөр ажилд шилжүүлэх болсон, түүнд энэ талаар удаа дараа танилцуулж, татгалзсан хариу гаргаагүйг харилцан тохиролцсон гэж ойлгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах шаардлага гарсан, байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй байдал бий болсон нөхцөлд хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд, 45 хоног хүртэл хугацаагаар шилжүүлж болохоор зохицуулсан байна.

 

Хариуцагч байгууллагын хувьд хуульд заасан дээрх бодит нөхцөл бий болсон, улмаар нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэх зайлшгүй шаардлагатай талаарх саналыг түүнд урьдчилан танилцуулсан, талууд харилцан тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ажил олгогчийн дээрх шийдвэрийг зөв гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нь Нийслэл Өргөө амаржих газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/199 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болгон гаргасан боловч үүнийг урьд эрхэлж байсан эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхийг шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийг Нийслэл Өргөө амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна

 

Харин шүүх хариуцагчийн тайлбарт дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх үндэслэлийг зохицуулсан заалтыг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан дүгнэх шаардлагагүй байсныг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бумнанжидын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА