| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0111/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 53
Ж.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Прокурор Д.Энхтуяа
Шүүгдэгч Ж.Н-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 165 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-гийн Н-д холбогдох эрүүгийн 1718001610135 тоот, 166/2018/0111/Э индекстэй 2 хавтастай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б- овогт Ж-гийн Н-, улсаас авсан гавьяа шагналгүй, урд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 227 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай ********** регистрийн дугаартай.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч Ж.Н- нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Их овоот толгой” гэх газарт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 165 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Б- овогт Ж-гийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчин, түүний баялагт 61.750.799 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Н-гээс 61.750.799 /жаран нэгэн сая долоон зуун тавин мянга долоон зуун ерэн ес/ төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Н-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 2.000.000 /хоёр сая/ төгрөг нөхөн төлсөнийг төлбөл зохих 61.750.799 төгрөгөөс хасаж тооцохыг тус тус дурдаж,
-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор тус тус зааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ж.Н-д Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.25-ны өдрийн №165 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1.Шүүгдэгч Ж.Н- нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн “Бичигт хад-1” гэх газрыг ухсанаа хүлээн мэдүүлж, бусад газрыг ухаагүй гэдгээ мэдүүлсээр ирсэн. Гэтэл анхан шатны шүүх түүнийг “Бичигт хад 1, 2, 3, 4” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчин, түүний баялагт нийт 61.750.799 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүгдэгч Ж.Н-г ямар газар ухсан болохыг тухайн үед тэнд нутаглаж байсан малчин Даваа, Ундрах нар мэдэх тул эдгээр хүмүүсийг гэрчээр байцаалгах,
2.Энэ хэргийг шүүгдэгч Ж.Н- ганцаараа үйлдээгүй бөгөөд Б- гэгчтэй хамтран үйлдсэн байна. Энэ нь гэрч З.Б-ий “...2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр манай найз Б- нь Н- гэх хүнтэй уулзаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн “Хонгорын даваа” гэх газарт очиж алт ухна, намайг хамт явья гэхээр нь би хамт ирсэн. Тэгээд тэр өдрөөс хойш энэ газарт ажиллаж байна. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өглөө 09.00 цагийн үед О-, Т-, Д- гэх хүмүүстэй ажилд гарч алт угаасан. Тэгээд алт угааж байхад цагдаа нар хүрч ирсэн. Намайг ирэхэд гэрээ барьж эхэлсэн. Би 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр уг газарт ирж туслах ажилтан хийж байна. Цалин мөнгөө манай найз Б- ажил дууссаны дараа хэр ашигтай ажилласнаасаа шалтгаалан тохиролцохоор болсон” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дээрх ажиллагаануудыг хийлгэх саналтай байна. Иймд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.25-ны өдрийн №165 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт байцаалтанд буцаана уу” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Ж.Н-д 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч “газрыг ухаж эхэлсэн, тусгай зөвшөөрлийг хүлээж байсан учраас олборлох ажиллагааг явуулаагүй” гэдэг. Ж.Н-г 4 газар ухсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аль газрыг хэзээ техник, тоног төхөөрөмж авчирч ухаж байсныг н.Даваа, н.Ундрах нар мэдэх учраас эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулах саналтай байдаг. Ж.Н- нь гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй, н.Б-тай хамт үйлдсэн. Ж.Н- нь мэдүүлэгтээ “Бичигт хад-1 гэх газрыг ухсан” гэж л хэлдэг, энэ нь гэрч Ц.Б-ий мэдүүлгээр нотлогддог бөгөөд мэдүүлэгтээ “2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай найз н.Б- нь “Хонгорын даваа” гэх газарт очиж алт ухна, хамт явъя гэхээр нь хамт явсан, н.Т-, н.Д- гэх хүмүүстэй алт угааж байхад цагдаа нар ирсэн, би туслах ажилтан хийж байсан, цалингаа ашигтай ажилласан байдлаар тооцно гэсэн” гэдэг нь Ж.Н-гийн хэлснээр нотлогддог. Ж.Н-гийн биеийн байдал тааруу, хэрэгт шалгагдаж байхдаа хөлөө хугалж гэмтээсний улмаас их өвддөг бөгөөд хоригдож эхэлснээс бөөр нь өвддөг болсон, Ж.Н-гийн эрүүл мэндийн байдал болон эхнэр, насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж, Ж.Н-г хувийн батлан даалтанд гаргаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж.Н- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, “Бичигт хад-1” гэх газрыг ухсан нь үнэн, энэ талаар тэнд нутаглаж байсан хүмүүс гэрчилнэ. Би н.Б-тай мөнгөө ижил гаргаж ажлыг хамтарч хийсэн гэв.
Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Н- мэдүүлэгтээ “анх Бичигт хад-1 гэх газрыг ухсан” гэж хэлдэг. Гэрчүүд “анхнаасаа шинэ газар байсан” гэж мэдүүлдэг. Газрыг Ж.Н-гийн ажиллуулж байсан хүмүүс л ухсан болох нь тогтоогдсон. Ж.Н- нь “хэргийг н.Б-тай хамт үйлдсэн” гэдэг боловч мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа н.Б-тай хамт үйлдсэн гэж хэлээгүй. н.Б- зуучилсан л байдаг, хөлсөөр ажиллуулж ажилчиддаа цуглуулах гэж байсан, иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Ж.Н- нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Их овоот толгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчин, түүний баялагт 61.750.799 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Ж.Н-гийн дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, байгаль орчин, түүний баялагт учруулсан хохирол болох 61.750.799 төгрөгийг түүнээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 2.000.000 төгрөг нөхөн төлснийг шүүгдэгчийн төлбөл зохих 61.750.799 төгрөгөөс хасаж тооцохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Н- нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Их овоот толгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчин, түүний баялагт 61.750.799 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Батхишигийн өгсөн “...2017 оны 7 сард би ээлжийн амралттай байхдаа утсаар “Их овоот толгой” гэх шинэ газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон талаар мэдсэн. Мэдээллийн дагуу шалгахад “Бичигт хад-1, 2, 3, 4” гэсэн газар хөндөгдсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Дарханбаатарын өгсөн “...2017 оны 7 сарын эхээр Хонгор сумын 2 дугаар багийн нутаг болох “Бичигт хад” гэх газар нь Ж.Н-гийн ухсан гэх газраас цаахан талд байдаг юм. Яг Ж.Н-гийн ухсан газрынх нь нэршил нь “Их овоот толгой” гэдэг нэртэй газар байдаг. Ж.Н-гийн ажилчид нь 7 сарын эхээр ирсэн байсан. 2017 оны 7 сарын 17-ноос Ж.Н-гийн бригад ухаж эхэлсэн. Тэр газарт ямар нэгэн ашигт малтмал олборлож байгаагүй, шинэ газар байсныг Ж.Н- ирж ухсан. 2017 оны 7 сарын 20-нд Болдбаатар, Батбилэг, Бэхбат нарын хамт очиж үзэхэд 2-3 газарт нүх ухсан байсан. Ж.Н- ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, дур мэдэн ухсан байсан. Урд нь энэ газарт ямар нэгэн хүн, хуулийн этгээд ашигт малтмал хайж, олборлож байгаагүй, шинэ газар байсан. Ж.Н-гээс өөр хүн ирж ухаагүй. Би тэр газрыг хариуцсан байгаль хамгаалагчаар нийтдээ 8 жил ажиллаж байна, иймд энэ газрыг сайн мэдэж байна..” гэсэн мэдүүлэг /1-р хх 29, 167 -р тал/, гэрч Я.Батбилэг, Ж.Болдбаатар нарын өгсөн “...Бид 2017 оны 07 сарын 20-ны өдөр Бэхбат, Дарханбаатар нарын хамт Хонгор сумын 2-р баг, “Хүйтний эх” гэх газарт Байгаль хамгаалагчийн хяналтын постыг засварлах ажлаар явж байхад малчид ирээд “Их овоот” гэх газарт хүмүүс ирээд ухаад байна” гэж хэлэхээр нь очиж үзэхэд 3-4 гэр бариастай, 2 хэсэг газар ухсан, 2-3 машин, 5-6 хүн байсан. Тэд хэлэхдээ Ж.Н- гэх хүний жижиг уурхай байгаа юм, өөрөө байхгүй байна, бид ажилчнаар ирсэн” гэж байсан, бид ажлыг нь зогсоогоод явсан” гэсэн мэдүүлэг /1-р хх 31, 32, 168, 169-р тал/, гэрч Ц.Навчгэрэл, Д.Баянмөнх нарын өгсөн “...2017 оны 09 сарын 04-нд Байгаль орчин, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Прокурор, Засаг даргын орлогч нарын бүрэлдэхүүнтэй тус газарт хяналт шалгалтаар очиход эвдэрсэн экскаватор 1 ширхэг, эвдрээгүй экскаватор 1 ширхэг, усан буу 1 ширхэг, манаачаар нь 2 залуу байсан. Биднийг очиход эвдэрсэн 4 газар байсан. Тэгээд бид эвдэрсэн 4 газрыг хэмжээд цагдаагаар шалгуулахаар болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх 26, 27-р тал/, тухайн газарт туслах ажилчнаар ирж ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрчүүд болох Д.О-, Д.Очирбат, З.Б- нарын 1-р хх 239-240, 21-23, 241-242-р талд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож, “Экосити” ХХК-ий гаргасан Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан, шинжээч А.Цэрэндэжидийн өгсөн мэдүүлэг /хх176-177/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Н-гийн үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, оногдуулсан ял шийтгэл нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул энэ үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Н- нь дээрх хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэх нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй, түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР