Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0265/З |
Дугаар | 221/МА2023/0521 |
Огноо | 2023-08-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2023/0521
Л.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжийн Г.Ш, Б.О, Д.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э
Гуравдагч этгээд Д.Ө, өмгөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0265/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Н-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжийн Г.Ш, Б.О, Д.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Шүүгч Ц.М нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бидний Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 1 нүүр нэхэмжлэлийг өнгөрсөн бүтэн 8 сарын хугацаанд уншиж танилцаад ямар ч ойлголт аваагүй, тэр ч байтугай нэхэмжлэлийн шаардлага болох 2 мөрийг ойлгоогүйгээр барахгүй, шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э надаас дахин давтан нэхэмжлэлийн шаардлагыг нийт 5 удаа асуусан. Тэгэхээр нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э би бүр аргаа бараад хариулт болгож, шүүгч Ц.М-аа та бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжийн Г.Ш, Б.О, Д.Ө-д холбогдох газар эзэмших хэсгийг хүчингүй болгох гэсэн хоёрхон мөр нэхэмжлэлийн шаардлагыг, бас хавтаст хэргээ уншаад болсон хэргийн үйл баримтыг өнөөдрийг хүртэл ойлгоогүй байгаа Ц.М шүүгч та бусдын хувь заяаг шударгаар хянан шийдвэрлэж чадах уу? гэж асууж байсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э би бүр сүүлдээ товчхоноор шүүгч Ц.М та Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1685 дугаар тогтоолыг нотлох баримтаар үнэлж өгөөрэй, Улсын дээд шүүхийн 1685 дугаар тогтоол дээр үндэслэж Сонгинохайрхан дүүргийн засаг даргын А/415 дугаар захирамжийн Г.Ш, Б.О, Д.Ө нарт холбогдох газар эзэмших хэсгийг хүчингүй болгож өгөөрэй гэж хэлсэн.
Захиргааны хэргийн шүүхээс бидний гол хүсээд байгаа зүйл бол Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Л нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 642 шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгч Л.Н, хариуцагч Г.Ш нарын хооронд одоо маргалдаж байгаа объект буюу дундын өмч болох 674 м.кв газрыг бусдад бэлэглэх, шилжүүлэх, худалдах гэх мэт ямар нэгэн хөдөлгөөнт харилцаанд оруулахгүй байх талаар “Хориг тавьж битүүмжлээгүй” учраас хариуцагч Г.Ш нь Иргэний хэргийн шүүхүүд дээр хууль ёсны дагуу хянан шийдвэрлэх ажиллагаагаа бүрэн гүйцэд хийгээгүй байдлыг нь маш зальжин ашиглаж, хэрэг маргаан иргэний хэргийн 3 шатны шүүхүүд дээр хянагдаж байх хугацаанд өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1148 дугаар магадлал гарсны дараа газар эзэмших эрхээ бусдад хууль бусаар шилжүүлснийг, Улсын дээд шүүх олж хараад 1685 дугаар тогтоолдоо тусгаж хянан шийдвэрлэж чадаагүй байна.
Хариуцагч Г.Ш иргэний хэргийн 3 шатны шүүхүүдийг доромжилж чадаж байгаа бүх “Хууль бус үйлдлүүдийг нь” өнөөдрийг хүртэл олж хараад засаж залруулж чадахгүй байгаа Захиргааны хэргийн шүүхүүдэд гомдолтой байна. Мөн хуульд зааснаар Иргэний хэргийн шүүхүүд бол адил төсөөтэй шүүхүүдийн ангилалд багтдаг. Тэгэхээр нэхэмжлэгч бид нар Улсын дээд шүүхийн 1685 дугаар тогтоолыг засаж залруулах хүсэлтийг захиргааны хэргийн шүүхүүд хаана хууль бус үйлдлүүд байна, түүнийг олж хараад засаж залруулж хуулийн хүрээнд хянан шийдвэрлэх үүрэгтэй.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Л.Н-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжийн Г.Ш, Б.О, Д.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжаар тус дүүргийн 24 дүгээр хороо Баруун салаа зусланд 673 м.кв газрыг Г.Ш-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
2.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Ө, Б.О нарт газар эзэмшүүлэхтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлээгүй болох нь тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгчээс Г.Ш-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд Д.Ө-д шилжүүлсэн захирамжтай аливаа байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаагүй байна.
2.4. Тодруулбал, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Анхан шатны шүүхээс уг үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулахад, нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодорхойлсон төдийгүй шаардлагаа өөрчлөхгүй гэдгээ илэрхийлсэн[1] байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
2.5. Мөн нэхэмжлэгч Л.Н эзэмшиж буй газар нь гуравдагч этгээд Д.Ө-ын эзэмшлийн газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй болох нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/960 дугаар албан бичиг болон агаар сансрын зургуудаар нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд хариуцагчийн маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.6. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаар шийдвэрээр “...Г.Ш, Л.Н нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаан дахь нэгж талбарын 18631321793697 дугаартай, улсын бүртгэлийн 00552737 дугаар гэрчилгээтэй 674 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгогдсон эзэмших эрхийн зах зээлийн үнээс гэр бүлийн гишүүнд ногдох хэсэг болох 2 825 000 төгрөгийг хариуцагч Г.Ш-ээс гаргуулж, Л.Н-д олгох”-оор шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1685 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх боловч энэ нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжийг хууль бус гэж дүгнэх, цаашилбал түүнийг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 227 дахь талд,