Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Гансүхийн Гал-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625020863 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан хотод төрсөн, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4 эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 50 дугаар гудамжны 570 тоотод оршин суух хаягтай, одоо хувийн авто засварын газар гагнуурчин ажилтай, урд ял шийтгэлтгүй, хэрэг хариуцах бүрэн чадвартай, Боржигон овгийн Гансүхийн Гал-эрдэнэ, РД:МТ94050212,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн У.Тогтуунбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Машиндаа сууж байхад У.Тогтуунбаатар буугаад ир гэсэн. Надаас Энххүслэнтэй уулзах гэж байгаа юм уу гэж асуухад нь тийм гэж хэлсэн. Тэгэхэд чи Энххүслэнтэй уулзаж яах гэж байгаа юм бэ гээд түлхэхээр нь цохисон. Би урьд нь Энххүслэнтэй үерхэж байсан. Тухайн үед хардаад цохисон. У.Тогтуунбаатарт 500.000 төгрөг өгсөн. Би У.Тогтуунбаатартай сайн дураар эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 3 сарын 16-ны 21 цагийн үед Энх-хүслэнтэй утсаар яриад уулзахаар тохирсон юм. Тэгээд Энх-хүслэнтэй 32-ын тойргийн буудал дээр уулзахаар болоод 32-ын тойргийн буудал дээр очоод Энх-хүслэнг хүлээгээд машиндаа сууж байтал үл таних залуу хүрч ирээд машины хаалга онгойлгоод наашаа буугаад ир гэхээр нь яах гэж байга юм бэ? Гэтэл чи Энх-хүслэнтэй уулзах гэж байгаа биз дэ гэхээр тийм гэтэл надтай эхлээд бууж ирээд уулзчих гэсэн тэгэхээр нь би буугаад очсон юм. Тэр залуу намайг чи Энх-хүслэнтэй уулзаж яах гээд байгаа пизда вэ гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан тэгээд намайг цохих гэхээр нь би өрсөөд тэр залууг цохьсон юм. Гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа элэг рүү нь нэг удаа гараараа цохьсон юм...” гэсэн мэдүүлэг. /хх 28-29, 33 дугаар хуудас/,

Хохирогч У.Тогтуунбаатар нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед найз Эрдэнэбилэгийн машинтай хамт 32-ын буудал дээр найз охин Хүслэнтэй уулзаад байж байтал 97-19 УБН улсын дугаартай Витз маркын машин ар талд ирээд зогссон. Тэгтэл Хүслэн нэг хүнтэй уулзлаа чи явж бай гээд байхаар нь гайхаад хэнтэй уулзах гэж байгаа юм бэ гэсэн чинь хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би ард ирсэн машинтай хүнийг Хүслэнтэй уулзах гэж байгаа юм байна гэж мэдээд би эхлээд уулзаадхая гэж хэлээд жолооч залуу дээр очоод чи Энхүүштэй /Энх-Хүслэн/ уулзах гэж байгаа юм уу гэтэл утсаа оролдоод суугаад байсан. Тэгээд машинаасаа бууж ирээд нүүрэн хэсэгт гараараа 4-5 удаа цохисон юм. Тэгтэл Эрдэнэбилэг хүрч ирээд тэр залууг надаас салгаж авсан. Надад гомдолтой байна. Эмчилгээний төлбөр нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /хх 10-11, 16 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Энххүслэн нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Тогтуунбаатар Эрдэнэбилэг нартай 32-ын буудал дээр уулзсан юм. Тэгээд би 13-р хороололд найз Энхжаргалын нүдний шилийг аваачиж өгөх ёстой байсан болохоор хамт яваад ирье гэхэд Эрдэнэбилэг машинд бензин байхгүй гээд байсан. Энэ үед манай гудамжны багадаа хамтдаа тоглодог байсан Галаа ахтай утсаар яриад та машинтай байна уу гэтэл тийм гэсэн. Тэгэхээр нь би Галаа ахтай уулзаад Энхжаргалын нүдний шилийг хүргэж өгөхөөр болтол Тогтуунаа за за наад залуутайгаа уулзаж яах юм бэ би хүргээд өгье гээд бид 3 хамтдаа 13-р хороолол орж Энхжаргалын нүдний шилийг хүргэж өгсөн юм. Тэгээд буцаад 32-ын тойрог дээрээ ирээд би хүнтэй уулзах тухайгаа хэлтэл Тогтуунаа уурлаад цагаан машинтай хүмүүс болгон дээр очиж уулзаад байсан. Тэгтэл Тогтуунаа Галаа ахтай уулзаад зодолдсон байсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх 17-18 дугаар хуудас/,

Гэрч Я.Эрдэнэбилэг нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн цагийг нь сайн санахгүй байна Энх-хүслэн над руу утсаар яриад намайг ирээд авчихаач гэхээр нь 32-ын тойргоос очиж авсан. Тэгээд дараа нь Тогтуунааг гэрээс нь очиж авсан. Тэгтэл Энх-хүслэн замдаа явж байхдаа нэг залуутай утсаар яриад уулзах тухай яриад байсан. Тэгээд Халдварт орж Энх-хүслэнгийн найзын нүдний шилийг хүргэж өгчихөөд 32-ын тойрог дээр иртэл Энх-хүслэн утсаар яриад байсан хүнтэйгээ уулзана гээд байсан. Тэгтэл Тогтуунаа “чи гэртээ эрт харихгүй бол болохгүй хэнтэй уулзах гээд байгаа юм бэ?” гэхэд Энх-хүслэн чамд ямар хамаатай юм гээд байсан. Тэгээд Тогтуунаа ямар учиртай чамтай уулзах гээд байгааг нь асууна гээд машинаас буусан. Тэгээд Тогтуунаа нөгөө уулзах гэсэн цагаан машинтай залуутай зодолдохоор нь би бууж очоод салгасан. Би тухайн үед машин дотроо сууж байгаад толиндоо хартал Тогтуунаа газар уначихсан нөгөө залуу Тогтуунааг цохиж байсан. Яг юунаас болж зодолдсоныг нь мэдээгүй. Ямарч байсан Энх-хүслэнгээс болж зодолдсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг. /хх 19-20 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹3746: “...Дүгнэлт

  1. У.Тогтуунбаатарын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн
    няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл
    тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 22 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нотлох баримт болгон өгсөн хохирлын баримт болон Эвлэрлийн гэрээ. Үүнд “хохирогч У.Тогтуунбаатар би хохирол төлбөр 500.000 төгрөг авсан болно. Хохирогч У.Тогтуунбаатар миний бие Г.Гал-Эрдэнээс цаашид нэхэмжлэх зүйлгүй ямар нэг санал гомдолгүй, бид нар харилцан тохиролцож эвлэрч байгаа тул эрүүгийн 201625020863 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар 32-ын буудлын орчим иргэн У.Тогтуунбаатартай “найз охин М.Энххүслэнтэй уулзуулсангүй гэж хардан” маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.Тогтуунбаатар, насанд хүрээгүй гэрч М.Энххүслэн, гэрч Я.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлээнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №3746 тоот акт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч У.Тогтуунбаатар, шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ нараас “сайн дураараа эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан /хх 67/ байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

            1. Боржигон овогт Гансүхийн Гал-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

            2. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гал-Эрдэнэд холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Г.Гал-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гал-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гал-Эрдэнэд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН