Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.А нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Х газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: А.М-н тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, А.М-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Х газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь өөрийн нөхөр Б.Д-тэй 2013 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дундаасаа охин А.М-ийг төрүүлсэн. Хамт амьдарч байх явцад Б.Д нь гэнэтийн осолд орж нас барсан. А.М-д тэтгэмж тогтоолгохын тулд А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 662 дугаар шийдвэр, бусад нотлох баримтын үндэслэж Б.Д-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгож 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн А.М-д тэжээгчээ алдсаны тэтгэмж олгож байгаад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон байна. Ингэж зогсоохдоо ямарч эрх зүйн акт бичилгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэмж өгөхгүй гэсэн ам шийдвэр өгч хүүхдийнхээ эцгийг тогтоолго гэсэн шаардлага тавьсан нь үндэслэлгүй бөгөөд энэ шаардлага нь хууль бус байна. 
Ямар эрхийн актаар тэтгэмж зогсоож байна вэ, түүнийг нь авч дараагийн шатанд хандая гэхээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/742 дугаар албан бичиг, тэжээгчээ алдсаны тэтгэвэртэй холбоотой тайлбарыг өгчээ. Энэ албан бичиг нь тус газрын мэргэжилтнүүдэд чиглэсэн үүрэгжүүлсэн эрхийн акт байх бөгөөд энэ албан бичгээр хүүхдэд олгох тэтгэмжийг шууд зогсоох эрхийн акт биш байна. 
Иймд А.М-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, А.М-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 05 дугаар сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас шалгалт ирсэн. А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн иргэн Б.А нь Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу нийгмийн халамжийн сангаас “Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр”-ийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн авсан.
 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтаар Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзээд А.М нь эцгээрээ овоглоогүй байсан учраас тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон зогсоосон. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зөвлөмж ирүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.А-с А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан “А.М-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, А.М-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А.М-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоохдоо ямарч эрх зүйн акт бичилгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр өгөхгүй гэсэн ам шийдвэр өгч хүүхдийнхээ эцгийг тогтоолго гэсэн шаардлага тавьсан тул А.М-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.  
Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1.-т “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2 дахь хэсэгт “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж зааснаас үзвэл захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа заавал бичгээр гаргахаар хуульчлаагүй ажээ. 
Иймээс А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын А.М-д тэтгэвэр олгохоос татгалзсан үйлдэл /захиргааны акт/ нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэж гарсан бөгөөд А.М-ийн хувьд эрх зүйн шууд үр дагаварыг бий болгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ямар ч эрх зүйн акт бичилгүйгээр” тэтгэврийг зогсоосон гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. 
Нэхэмжлэгч Б.А 2013 оноос 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл иргэн Б.Д-тэй хамтын амьдралтай байсан болохыг А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар  сарын 07-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр тогтоожээ. 
Нэхэмжлэгч Б.А нь Б.Д-тэй хамтран амьдрах хугацаандаа 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр А.М /РД:АЭ16230521/-ийг төрүүлж ,  хамтран амьдарч байсан Б.Д нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байна.  
Дээрх шүүхийн шийдвэрт Б.А, Б.Д нарыг хамтран амьдарч байх хугацаанд А.М төрсөн үйл баримтыг дүгнэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Улмаар А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар  сарын 07-ны өдрийн 662 дугаар шийдвэрийг үндэслэн А.М-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл олгожээ. 
Хариуцагчаас “ ... эхээр овоглосон хүүхдийн эхтэй хамтран амьдарч байсныг шүүхээс тогтоосон иргэнийг нас барсан тохиолдолд тэжээгч нь нас барсан гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4.-т зааснаар тэтгэвэр олгож байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1. дэх хэсэгт “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.”, 23 дугаар зүйлийн 23.2-т “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэж заасан хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/742 дугаар албан бичгийг  үндэслэн А.М-д олгож байсан тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон гэж тайлбарлаж байна. 
Нийгмийн халамжийн тухай хуулийн зорилт нь  нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээг тогтоох, ...нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршдог бөгөөд “нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлдэг. 
Тэгвэл уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасан “тэжээгч” гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1. “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж зааснаар дан ганц “ ... төрсөн /биологийн/ эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж хариуцагч байгууллагын тайлбарлаж байгаагаар явцуу хүрээнд ойлгохгүй юм. 
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.3. “Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ.”, 59 дүгээр зүйлийн 59.2. “Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.” гэж зааснаас үзвэл хүүхдийг тэжээн тэтгэх үүргийг төрсөн эцэг, эх төдийгүй хойт эцэг, эх, үрчлэн авсан эцэг, эх хүлээдэг. Ийм ч учраас эдгээр хүмүүс нь хүүхдийг тэжээн тэтгэж байгаад нас барсан бол хүүхдэд Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасан тэтгэврийг олгоно.  
Хариуцагчаас А.М нь Б.Д-р овоглоогүй учраас Б.Д-г “тэжээгч” гэж үзэхгүй гэж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”, 25 дугаар зүйлийн 25.2. “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно.”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.  “Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь зарчмыг баримтална”, 4.1.1. “хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх”, 4.1.2. “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйлийн 2. “Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан буюу бутач гэдгээс үл хамааран бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой.”, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 2 дугаар зүйлийн  2. Оролцогч улсууд хүүхдийг, ... аливаа хэлбэрээр алагчилахгүй бөгөөд шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна.” 3 дугаар зүйлийн 1. Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхдэд олгож байгаа нь дээр дурдсан хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн зохицуулалт юм.
Нөгөөтэйгүүр Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. дэх хэсэгт “Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол уг тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг зогсооно”, Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 5.1. дэх хэсэг “Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь дараахь тохиолдолд Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг харгалзан иргэний тэтгэврийг энэхүү журмын 3.1-д заасан хугацаа дууссан өдрөөс зогсоох шийдвэр гаргана:” 5.1.5. “Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхэд 18 насанд хүрсэн”, 5.1.6. “хуурамч материал бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан, тогтоон олгосон нь хяналт шалгалтаар тогтоогдсон” гэж тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох үндэслэлийг тодорхойлсон байх бөгөөд эдгээр хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад тэжээгчээ  алдсаны тэтгэврийг зогсоосон нь хууль бус болжээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хүүхдийн эцэг эхийг шүүхийн журмаар тогтоох процесс ажиллагааг хуульчилсан бөгөөд эхээрээ овоглосон хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоход эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй, түүнийг хэн тэжээн тэтгэж байсныг нотолсон шүүхийн шийдвэр байхад хангалттай юм. 
Өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан хүүхдийг эцгээрээ овоглоогүй гэсэн шалтгаанаар нийгмийн халамжийг үзүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл хариуцагч байгууллагад байхгүй, А.М-ийн тэтгэврийг зогсоосон үйлдэл нь бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй хүүхдийн язгуур эрхийг хөндсөн, наад захын хэрэгцээг хангах тэтгэврийг олгоогүй нь илт хууль бус байна. 
Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.М-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, А.М-д тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг зогсоосон үеэс нь нөхөн олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж шүүх шийдвэрлэлээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 25 дугаар зүйлийн 25.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1. 4.1.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Аы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.М-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, А.М-д тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг зогсоосон үеэс нь нөхөн олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгосугай.      
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ШҮҮГЧ                                                 Л.ӨЛЗИЙЖАРГАЛ