Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00155

 

“ЛФ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01150 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1845 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “ЛФ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 107 910 313,1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Г-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Г- нь “ЛФ ББСБ” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-16/01 тоот гэрээ байгуулан 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-17/03 тоот гэрээ байгуулан 1 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй 50 000 000 төгрөгийг тус тус зээлж авсан. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүүг төлсөн бөгөөд түүнээс хойш гэрээний үүргээ үл биелүүлж, холбоогүй алга болсон.

Иймд ЗГ-16/01 тоот гэрээний дагуу үндсэн зээл 20 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 19 852 172.75 төгрөг, 2017 оны 06 дугаар сараас хойш 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 9 сарын хүү болох 9 822 746.19 төгрөг, гэрээний 3.1.3, 6.3 дугаарт заасны дагуу зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдлийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүнд 1 662 855.66 төгрөг, нийт 31 337 774.6 төгрөг, ЗГ-17/03 тоот гэрээний дагуу үндсэн зээл 50 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 49 976 474 төгрөг, 2017 оны 06 дугаар сараас хойш 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 8 сарын хүү болох 21 927 868.41 төгрөг, гэрээний 3.1.3, 6.3-т заасны дагуу зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдлийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүнд 4 668 196.09 төгрөг нийт 76 572 538.5 төгрөг буюу 107 910 313.1 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

“ЛФ ББСБ” ХХК-иас 70 000 000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгөө бололцоогоороо төлж барагдуулна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01150 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Г-оос зээлийн үүрэгт нийт 107 910 313.1 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЛФ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгч “ЛФ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697 502 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 697 502 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЛФ ББСБ” ХХК -д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1845 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт “....Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ”, мөн хуулийн 212.2 дахь хэсэгт “...үүрэг гүйцэтгэгч гүйцэтгэвэл зохих хэд хэдэн үйлдлийн аль нэгээс татгалзах эрхтэй бол татгалзсан тохиолдолд үлдсэн үйлдлийг гүйцэтгэх үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасан байдаг. ... Гэтэл хариуцагчийн төлсөн төлбөрийг нэхэмжлэгчийн зүгээс бүгдийг нь хүүд тооцон авсан нь хуульд нийцэхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд төлсөн төлбөрийг хүүд тооцон авахад татгалзах зүйлгүй боловч гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг хүүд тооцон авсан гэж нэхэмжлэгчийн тайлбарласныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөгдсөн бүхий л төлбөрийг хариуцагчийн зүгээс үндсэн зээлэнд тооцон төлж байсан. Гэтэл хариуцагчийн төлсөн энэхүү төлбөрийг хүүд тооцон суутгасан нь нэмэгдүүлсэн хүү үндсэн зээлийн төлбөрийг буруу бодогдоход хүргэж байна. ЗГ-17/ОЗ тоот зээлийн гэрээний хувьд ч мөн адил зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг хүүд суутган авсан нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн бүхий л төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох ёстой.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанд хариуцагч А.Г- намайг оролцуулалгүй шүүх хуралдаан явуулж, шийдвэр гаргасан байна. А.Г- миний зүгээс шүүх хуралдааны товыг мэдээгүй бөгөөд шуудангаар шүүхийн шийдвэр ирэхэд л анх мэдсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн адил хариуцагч надад шүүх хуралдааны тов мэдэгдээгүйгээс шүүх хуралдаанд оролцож чадаагүй болно.

Нэхэмжлэгч “ЛФ ББСБ” ХХК нь анх зээл олгохдоо, ямар нэгэн байдлаар зохих журмын дагуу зээл судалж олгоогүй. А.Г- би “ЛФ ББСБ” ХХК-иас зээл хүсээгүй бөгөөд өөрийн найз н.Бямбадоржоос 70 000 000 /далан сая/ төгрөг зээлсэн. Зээлэхдээ 50 000 000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Харин 20 000 000 /хорин сая/ төгрөгийг хүүгүй зээлсэн. Анх зээл авахдаа гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд сүүлд Бямбадорж ирж нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Бидний зүгээс ББСБ-иас зээл авсныг нь мэдээгүй. Гэтэл “ЛФ ББСБ” ХХК-ийн зүгээс их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

...Миний зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 19 852 172.75 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үндсэн хүү болон нэмэгдэл хүү 11 485 601.85 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01150 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1845 тоот магадлалд өөрчлөлт оруулж 96 424 708 төгрөгийг А.Г-оос гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 11 485 605 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “ЛФ ББСБ” ХХК нь хариуцагч А.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107 910 313 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан байна. Хариуцагч А.Г- зээл авснаа хүлээн зөвшөөрч, боломжоороо төлнө гэж шүүхэд тайлбарласан боловч хяналтын шатны шүүхэд зээлийн үүргийн тооцооллыг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан байна.

Зохигч нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, зээлдэгч А.Г- нь 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20 000 000 төгрөг зээлжээ. Мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулан, А.Г- нь 50 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн байна. Энэхүү 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний талаар талууд маргаагүй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийжээ.

Зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлсөн мөнгө, үлдэх төлбөр зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тогтоосон тооцоог буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч А.Г- нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 11 485 601 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч өөрт нь холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа бол өөрийн татгалзлалаа баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч А.Г- нь шүүхэд нэхэмжлэлийг татгалзаж байгаа талаар тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх ямар нэг баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч тодорхой бус шалтгаанаар хүрэлцэн ирээгүй нөхцөлд шүүх хэргийг хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1845 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.т зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа төлсөн 198 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                                      Ц.АМАРСАЙХАН