Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/441

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Намжил /томилолтоор/,

шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:   

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж З  овогт С-ийн  Н  холбогдох эрүүгийн 2105007600866 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл ........ хамт Баянгол дүүргийн .....дугаар хороо, ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ...............дугаарын регистртэй, З  овогт С-ийн  Н .

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Ннь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны орчимд иргэн Д.Ш зодож эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, дух, баруун шанаа, зүүн хацар, зүүн чамархайн хуйх, зүүн мөр, цээж, зүүн гарын чигчий хуруунд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н  мэдүүлэхдээ:

 

“... .Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Н  өгсөн:

“...Би багажнаас нь архины шил аваад жолоочийн урд талын хэсгийн салхины шил, жолооч талын толины хүрээ, жолооч талын арын гэрлийн өнцөг, багажны шил, хөгжмийг эвдэлсэн. Тэгээд би аав, ээжтэй юманд явах гэж байсан учраас Ширнэнг гэрт хүргээд өг гээд 6 дугаар бичил хороололд хүргүүлээд салсан...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 57/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ш-ийн өгсөн:

  1. “...2021 оны 03 дугаар сарын 29-нд манай салсан найз эмэггэй Н  над руу 88170070 дугаарын утсаар өглөөний 06 цаг өнгөрч байхад залгаад бие өвдөөд байна эмнэлэгт хүргээд өг гэхээр нь би 08 цагийн үед гэрийнх нь гадаа одоо ирчихлээ гэж залгаж хэлээд хамт эмнэлэгт явахаар болсон. Н  хэвлий рүү хатгаад байна гэж хэлсэн. Бид хоёр Асе гээд эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиход онгойгүй байсан, Н  мөнгө байхгүй гээд ломбард хайж хэсэг яваад эмнэлэг болон ломбард нээгдэхийг хүлээгээд 6 дугаар бичил хорооллын Монгол хуушуур гэсний урд талын зогсоол дээр зогссон. Тэр үед миний утас дугараад аав залгасан тэгээд би салгаад буцаагаад залгах гэхэд Н  намайг гар утсаа өгч бай гэхээр нь би утсаа өгтөл миний утсыг шалгаж байгаад энэ ямар дугаар юм гээд дуудлага ирсэн утасны дугаар асуухаар нь би манай ажлын хүний дугаар гэхэд уг дугаар луу залгаад чамтай ямар хамаатай юм гээд орилоод ярьсан. Тэгэхээр нь би болиоч гээд утсаа авах гэтэл Н  автомашинаас буугаад тойроод явсан. Тэгснээ автомашины дээврийг миний утсаар цохисон. Тэгээд Тэгээд Н  машинд орж ирж суугаад аймаар орилоод танай ажил руу явъя гэхээр нь би Чингүнжавын хөшөөний баруун талд зогссон. Учир нь замын цагдаа тэнд зогсож байхаар нь явдаггүй дугаартай байсан учраас зогссон. Бас автомашин бариад явж байхад миний зүүн талаас Н  хацар майжаад, зүүн тал руу гараараа цохиод байхаар нь би зүүн гараараа толгойгоо хамгаалаад хариу үйлдэл хийгээгүй. Тэгээд хэсэг Н  тайвшраад манай ажил руу 25 дугаар эмийн сангаар уруудаад явж байтал Н  миний зүүн талын мөр, толгой руу гараараа цохиод болихгүй байхаар нь арктай шар байрны ертөнцийн зүгээр баруун талд нь зогсоод би машинаасаа буусан. Тэр үед Н  хөлөөрөө хөгжим руу жийгээд хөгжим эвдэлсэн. Тэгээд Н  араас дагаж гарч ирээд автомашины багажийг онгойлгоод архины шил аваад багажны шил, баруун талын хойд гэрэл, толь, урд талын шилийг цохиж хагалсан. Тэгээд багажинд байсан газын плиткыг гаргаж шидчихээд миний автомашины чипийг аваад урагшаа алхсан. Тэгээд би хаашаа явж байгаа юм гэхэд танай ажил руу очно гэхээр нь би Н ийн урд талд нь зогсоод хардаад байгаа хүүхнийг дуудаад уулзчихъя гэхэд Н  үгэнд орохгүй такси барих гээд байхаар нь би Н ийн баруун зүүн мөр рүү нь ээлжлээд түлхсэн. Тэгээд ирсэн таксиг явуулаад байсан. Н ийн биенд нь хүрэхээр нь амархан хөхөрчихдөг, намайг цохих гэхээр нь би бугуйнаас нь барихаар бас хөхөрчихдөг учраас би ойртохоосоо айдаг. Бас Н  миний эмзэг газар өшиглөчихдөг учраас цааш нь түлхээд байсан. Зэрэгцээ зогсож байхад Н  миний хөл рүү өшиглөөд байхаар нь би хөл рүүгээ өшиглүүлэхгүй гээд хөлөө дээш нь өргөчихсөн. Тэр үед Н  шилбээрээ миний хөлийг өшиглөөд байсан. Тэгээд жаахан тайвшрахаар нь би Н ийг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 30 дугаар байрны гадна хүргэж өгөхөд Н  юу ч дугаралгүй миний автомашины чипийг аваад шууд буугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Д-ийнөгсөн:

“...2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт хамт амьдардаг дүү Ширнэн өдрийн 12, 13 цагийн орчим гаднаас орж ирсэн. Орж ирэхдээ цамцных нь товч тайлагдсан, нүүрнийх нь зүүн талын хацар, хүзүү, цээж орчимд болон баруун талын шанаа орчимдоо самардуулж, маажуулсан цус нь гоожчихсон, бас нуруундаа маажуулсан, цамц нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад би найзтайгаа маргалдчихлаа гэж хэлсэн... Би автомашиндаа яасан юм гэхэд ажил дээрээ үлдээчихсэн гэж хэлсэн. Тэгээд би зуслан руугаа явж байтал Ширнэн над руу залгаад миний автомашиныг Н юу ч үгүй эвдэлчихээд явчихжээ яах уу анай гээд уйлахаар нь би нөхрөө цааш нь явуулчихаад хүүхдээ аваад такси бариад 25 дугаар эмийн сангийн KFC-ийн орчим ирэхэд дүүгийн Тоёота инсайт маркийн автомашины урд хойд 1 шил, толь хагарсан, дотор талын толь, хөгжим, хянах самбар нь эдвэрсэн, урд гупер, 1 хажуу талын хэсэг нь хонхойж цохигдсон байдалтай, толь арчигч нь хугарсан, урд хайрцаг нь эвдэрсэн, Ш гар утас суудал дээр нь эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд Ш юу болсон талаар асуухад өчигдөр Н намайг самардсан юм миний автомашиныг эвдэлчихээд явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би чи ажлаа бод би шийдчихье гээд Ш явуулсан. Тэгээд би Н утсаар ярихад дүү чинь зүгээр байхад би оролдохгүй гэхээр нь би чамайг манай дүү зодсон юм уу юу болсон юм, би чамайг дандаа өмөөрдөг байсан гэхэд та энэ асуудалд оролцоод хэрэггүй биз, дүү чинь нас биед хүрсэн гэж хэлээд ирээгүй. Тэгээд би цагдаа шүүх гээд яах вэ хүрээд ир гээд зөндөө гуйсан боловч би тийм зүйл хийгээгүй, та нар намайг гүтгэж байна гээд байсан. Тэгээд би цагдаа дуудаж автомашиныг нь үзүүлчихээд ачлага дуудаад автомашиныг нь ачуулаад засварын газар хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 31/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2900 тоот: 

  1. Д.Ш-ийн биед зүүн хацарт шарх, дух, баруун шанаа, зүүн хацар, зүүн чамархайн хуйх, зүүн мөр, цээж, зүүн гарын чигчий хуруунд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

  4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

  5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 35-36/,

 

- Хохирогч Д.Ш: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 72/,

 

-2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №405201251 дугаартай зээлийн гэрээ /хх-46-50/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-51/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 65/,

-оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 68/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 71/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Ннь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны орчимд иргэн Д.Ш зодож эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, дух, баруун шанаа, зүүн хацар, зүүн чамархайн хуйх, зүүн мөр, цээж, зүүн гарын чигчий хуруунд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

шүүгдэгч С.Н ийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Ш-ийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Д-ийн“...цамцных нь товч тайлагдсан, нүүрнийх нь зүүн талын хацар, хүзүү, цээж орчимд болон баруун талын шанаа орчимдоо самардуулж, маажуулсан цус нь гоожчихсон, бас нуруундаа маажуулсан, цамц нь цус болчихсон орж ирсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2900 тоот дүгнэлт камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Н  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Н ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Ш-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 72 дугаар талд хохирогчоос “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Н ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

Шүүхээс шүүгдэгч С.Н  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З  овогт С-ийн  Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н  оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Н  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ