Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/442

 

 

   2021             6       28                                            2021/ШЦТ/442

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анХ шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,      

улсын яллагч  Г.Намжил,   

шүүгдэгч О.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:    

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт О-ийн  З   холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105003440719 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, ....... боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл -............ хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ........... хороо Сүүний .......... гудамжны ...........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт О-ийн  З  /РД:................................./.   

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О-ийн  З  нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна талын зогсоол дээр Тоёота приус 20 маркийн 7802 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч хохирогч Э.Ө-тэй  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар биед нь халдаж цохиж, зодож тархи доргилт, зулайн үсний халцрал, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.З мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.З өгсөн:

 

“...Миний уур хүрээд түүний үснээс нь зулгаагаад нүүр рүү нь 1-2 удаа алгадсан...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 65/,      

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Ө-ийн өгсөн:

 

“...Би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны 9 дүгээр байрны 22 тоотод гэртээ байж байсан чинь 17 цагийн үед хамтран амьдрагч О.З нь “өмсөх юм алга, миний куртикийг аваад гараад ир” гэсэн зурвас утсанд ирсний дагуу би түүний куртикийг аваачаад өгсөн. Би түүнд хандаж “ чи дээр миний иргэний үнэмлэхийг аваад явсан, үнэмлэхээ авмаар байна гэж хэлсэн чинь чи машинд суу гэж хэлэхээр нь үгүй гэсэн чинь намайг түлхэж машиндаа суулгаж байгаад миний үснээс зулгааж, нүүр лүү алгадаж, багалзуурдаад миний толгой дээр суугаад хэвлий хэсэг рүү гараараа цохисон. Машинаас нь гарах гэтэл өвдөгнөөс хазаж үснээс зулгаагаад миний толгой хэсэг дээр шүлсээ хаясан. Тэгээд би зодуулж байгаад орцны үүд хэсэг дээр ирсэн чинь гэр лүү оруулахгүй гэж хэлээд үснээс зулгаасан, З  гэдэг хүнтэй танилцаж нэг гэрт ороод 5 жил болж байна, архи уух болгондоо зоддог, учир нь би тэр хүнээс салмаар байгаа юмаа, Өмнө нь намайг зөндөө олон удаа зодож байсан, 15 хоноод нэг удаа зоддог, архи уусан тохиолдолд намайг байнга зоддог, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр миний эгэмийг хугалсан, Би тэр үед цагдаагийн байгууллагад хандана гэж хэлсэн чинь надаас гуйсаар байгаад болиулсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-24/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Э-ийн өгсөн:

 

“...Би гадаад улсад сурч байгаад 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод ирэхэд...манай ээж Э.Өнөр нь О.З гэх залуутай манай гэрт амьдарч байсан. Бид 3 хамт манайд амьдардаг байсан...намайг ирэхээс өмнө ямар байдаг байсан талаар мэдэхгүй, ирснээс хойш О.З нь архи их ууж гэрт хэрүүл маргаан их хийдэг. Хэрэг гарахаас өмнө ээж бид 2-той З  нь муудаад яваад өгсөн. ...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ...би гэртээ усанд ороод байж байсан чинь ээж Э.Ө гаднаас уйлсан байдалтай, үс нь сэгсийсэн, нүүр хэсэг нь самардаж маажуулсан бололтой зулгарсан, өвдөг хөхөрсөн байсан. Би юу болсон талаар асуухад “З  намайг машиндаа чирч оруулаад намайг үсдэж, нүүр хэсэг рүү гараараа цохьсон” гэж хэлсэн...Намайг байхгүй үед ээжийг зодчихсон байдаг байсан. Би зодсон талаар түүнд хэлэхэд “надаас тэр уучлалт гуйдаг” 2020 оноос 2021 оны хооронд 2-3 удаа зодож байсан   ...” гэх мэдүүлэг /хх-н 34-37/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч А.У-ийн өгсөн:

 

“...Баянгол дүүргийн 4-р хороо 9 дүгээр байрны 22 тоотод Э.Ө гэх хүн хамтран амьдрагч З гэх хүн амьдардаг, Би Ө эгчтэй дотно сайн харилцаатай, З их архи уудаг, согтуу ирээд Ө эгчийн гэрийн хаалгыг өшигчөөд орж гараад байдаг. Мөн цонхыг нь хага цохьдог, олон удаа хагалсан, ...ална гэж заналхийдэг. Би энэ талаар гэрийн хаалганы жижиг дурангаар харж байсан. Ө эгч надтай маргааш нь таараад “З  агсан тавьж зодоод ийм болгосон гээд гар хөл нь хөхөрсөн, нүд нь улайж хавдсан байдалтай олон удаа таарч байсан. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би Ө эгчтэй байрны гадна таараад юу болсон талаар асуухад “Эгчийг нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр З  зодоод эмнэлэгт үзүүлээд ирлээ" гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.О-ийн  өгсөн:

 

“...2008 онд Д.О гэх эмэгтэй суугаад 2 охинтой болсон. 2016 онд О.З өөрийн эхнэр хүүхдээсээ салсан. Манай хүү эхнэрээсээ салаад удаагүй Ө гэх эмэгтэй хамт амьдрах болсон. ..О.З үе үе гэртээ хүрээд ирдэг, юу болсон талаар асуухад “ Ө бид 2 хэрүүл маргаан хийсэн” гэж хариулдаг байсан. Удалгүй алга болчихдог хаана байгаа талаар асуухад эвлэрсэн Ө хамт байсан гэдэг байсан... Ө нэг удаа над руу залгаад “ танай хүү намайг зодсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 29/,

 

2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1156 тоот дүгнэлт

1. Э.Ө-ийн биед тархи доргилт, зулайн үсний халзрал, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.    

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-н 48-49/

 

Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-н 81-82/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 80/,

- оршин суух хаягийн тодорхойлолт /хх-н 79/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 67/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О-ийн  З  нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна талын зогсоол дээр Тоёота приус 20 маркийн 7802 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч хохирогч Э.Ө-тэй  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар биед нь халдаж цохиж, зодож тархи доргилт, зулайн үсний халцрал, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

шүүгдэгч О.З “...Миний уур хүрээд түүний үснээс нь зулгаагаад нүүр рүү нь 1-2 удаа алгадсан...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Э.Ө-ийн “...миний үснээс зулгааж, нүүр лүү алгадаж, багалзуурдаад миний толгой дээр суугаад хэвлий хэсэг рүү гараараа цохисон. Машинаас нь гарах гэтэл өвдөгнөөс хазаж үснээс зулгаагаад миний толгой хэсэг дээр шүлсээ хаясан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Э-ийн “...ээж Э.Өнөр гаднаас уйлсан байдалтай, үс нь сэгсийсэн, нүүр хэсэг нь самардаж маажуулсан бололтой зулгарсан, өвдөг хөхөрсөн байсан. Би юу болсон талаар асуухад “З  намайг машиндаа чирч оруулаад намайг үсдэж, нүүр хэсэг рүү гараараа цохисон” гэж хэлсэн...Намайг байхгүй үед ээжийг зодчихсон байдаг байсан...” гэх мэдүүлэг,   

 

гэрч А.У “...З  агсан тавьж зодоод ийм болгосон гээд гар хөл нь хөхөрсөн, нүд нь улайж хавдсан байдалтай олон удаа таарч байсан. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би Өнөр эгчтэй байрны гадна таараад юу болсон талаар асуухад “Эгчийг нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр З  зодоод эмнэлэгт үзүүлээд ирлээ" гээд явж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.О-ийн  “...Өнөр нэг удаа над руу залгаад “ танай хүү намайг зодсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1156 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.З   холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.З-ыг   гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.  

 

Хохирогч Э.Ө-ийн хавтаст хэргийн 94 дүгээр талд “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн ба шүүгдэгч О.З нь 120.000 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.     

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.З-ыг   320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.   

 

Шүүхээс шүүгдэгч О.З-ыг   эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Х овогт О-ийн  З-ыг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.З   300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анХ шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.З   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ