Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/457

 

 

   2021             7        05                                           2021/ШЦТ/457                                

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,   

улсын яллагч Г.Эрдэмбаатар /томилолтоор/,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Д-ийн  А-д   холбогдох эрүүгийн 2105000000907 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....ух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ..... дугаар хороо .......... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............дугаарын регистртэй, Ш овогт Д-ийн  А  .

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.А нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүннаран хорооллын 13-121а тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.А рүү заазуур шидэж, улмаар эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.А-ын өгсөн:

 

“...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би унтаж байгаад сэрсэн чинь Алтангэрэл, Төрмөнх хоёр хоорондоо маргалдаж байсан. тэгэхээр нь би орон дээр хэвтэж байгаад босож ирээд “гэр оронд яах гээд хэрэлдээд байгаа юм, бүгдээрээ гар, зайл” гээд уурлаад тогооны тавиур дээр байсан заазуур аваад тэр хэдийн сууж байсан хэсэг рүү шидсэн чинь А-ийн  нүүрэнд оносон...” гэх мэдүүлэг /хх-н 55-57/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.А-ийн өгсөн:

 

“...2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байгаад 20 цагийн үед ажил тараад ажлын хүмүүс болох Төртогтох, Тэмүүжин, Гантулга, Боогий нарын хамт А   ахын гэр лүү явахаар болсон. Тэгээд бид хэд А   ахын гэрт 2 шил архи уугаад сууж байхад Төрөө  гээд А   ахын найз ороод ирсэн. Тэгээд бид нартай цуг суугаад архи уусан. Тэгээд байж байтал А  , Боогий хоёр маргааш ажилтай гээд унтаад өгсөн. Тэгээд бид хэд дахиад нэг шил задлаад ууж байтал манай найз сөн түшиж байсан тэгсэн чинь Төрөө гэдэг залуу Тэмүүжин рүү чи намайг алгасаж хундагаллаа гээд уурлаад Тэмүүжин рүү дайраад байсан. Тэгэхээр нь би салгаад Төрөө рүү “найз руу яагаад байгаа юм бэ” гээд Төрөөтэй хамт гарч тамхилсан. Тэгээд орж ирээд ярилцаад сууж байсан чинь Төрөө над руу агсраад байсан чинь А   ах босож ирээд “та нар гэрт хэрүүл хийлээ, зайлцгаа” гэж хэлээд ширээн дээрээс заазуур хутга аваад бид нарын сууж байсан зүг рүү шидсэн. Тэгсэн заазуур нь миний зүүн шанаа хэсэгт нүдний доор оносон. Тэгээд би босоод Гантулга машинтай ирсэн байсан учир Гантулгаар Гэмтэл рүү хүргүүлж оёдол тавиулсан....” гэх мэдүүлэг /хх-н 37-39/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Г-ын өгсөн:

 

“...Төрөө гэх залуу манай найз Тэмүүжин рүү уурласан, тэгэхэд А Тэмүүжинг өмөөрөөд Төрөө гэх залуутай жаахан маргалдсан. Тэгтэл А   ах орилж босож ирээд гэрийн үүд хэсэг, гал тогооны шүүгээ рүү яваад шургуулганаас заазуур аваад гэрийн зүүн талын баганын хажуу талаас А-ийн  сууж байсан газар луу шидсэн. Тэгсэн чинь заазуур нь А-ийн  нүүрэн дээр ойгоод унасан. А-ийн  зүүн нүдний доод тал, шанаа хавиас нь цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Өнөболдын өгсөн:

 

“...Тэгээд би өглөө ажилтай байсан учир орон дээр унтаж байсан чинь гэнэт хэрүүл маргаан болсон. Тэгээд сэрсэн чинь А  , А хоёр маргалдчихсан, А-ийн  хацраас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Т-ийн өгсөн:

 

“...Би А ахтай жаахан маргалдаад тэгээд бид хоёр гарч тамхи татчихаад орж ирээд би Алтангэрэлийг “гөлөг чинь” гэж хэлсэн юм шиг байна лээ тэгтэл А “би таны гөлөг биш ээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь А   ах босож ирээд гэр оронд хэрэлдээд байх юм, зайлцгаа гээд шүүгээн дээрээс заазуур аваад бид нарын сууж байсан хэсэг рүү шидсэн. Тэгсэн чинь тэр заазуур нь А-ийн  зүүн шанаа хэсэгт нь оносон...” гэх мэдүүлэг /хх-н 29-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 4543 тоот: 

  1. Э.А-ийн биед зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир, ирмэг бүхий зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 42-43/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 57/,

-төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 60/,

-үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 62/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 58/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүннаран хорооллын 13-121а тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Э.А рүү заазуур шидэж, улмаар эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.А-ын “...уурлаад тогооны тавиур дээр байсан заазуур аваад тэр хэдийн сууж байсан хэсэг рүү шидсэн чинь А-ийн  нүүрэнд оносон...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Э.А-ийн  “...ширээн дээрээс заазуур хутга аваад бид нарын сууж байсан зүг рүү шидсэн. Тэгсэн заазуур нь миний зүүн шанаа хэсэгт нүдний доор оносон....” гэх мэдүүлэг,  

 

гэрч Г.Г-ын “...А   ах орилж босож ирээд гэрийн үүд хэсэг, гал тогооны шүүгээ рүү яваад шургуулганаас заазуур аваад гэрийн зүүн талын баганын хажуу талаас А-ийн  сууж байсан газар луу шидсэн. Тэгсэн чинь заазуур нь А-ийн  нүүрэн дээр ойгоод унасан. А-ийн  зүүн нүдний доод тал, шанаа хавиас нь цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг,   

 

гэрч М.Өнөболдын “...А  , А хоёр маргалдчихсан, А-ийн  хацраас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Б.Т-ийн “...Тэгсэн чинь А   ах босож ирээд гэр оронд хэрэлдээд байх юм, зайлцгаа гээд шүүгээн дээрээс заазуур аваад бид нарын сууж байсан хэсэг рүү шидсэн. Тэгсэн чинь тэр заазуур нь А-ийн  зүүн шанаа хэсэгт нь оносон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 4543 тоот дүгнэлт,   хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.А-д   холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.А-ыгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

 Шүүгдэгч Д.А нь хохирогч Э.Алтангэрэлд эмчилгээний зардал 900.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэе.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.А-д   холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.А-ыг450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А-д   эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 21.5 см урт, ажлын хэсэг нь 11.5 см урт хар өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш овогт Д-ийн  А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А-д   оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 21.5 см урт, ажлын хэсэг нь 11.5 см урт хар өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.А-д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ