| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0301/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/460 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/460
2021 07 07 2021/ШЦТ/460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч Пүрэвсүрэн,
Хохирогч Н.М,
Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 2109000000343 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Э нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М “7 хоногийн хугацаатай түрээслээд эргүүлээд өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Асус АйЗ маркийн иж бүрэн комьпютерыг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч тухайн компьютерыг 3.000.000 гэж байна. Гэтэл гэрээний доор компьютерыг 2.000.000 гаруй төгрөг гэсэн байгаа. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 15-нд Энххүслэнг залгахад би 64 дүгээр дэлгүүрийн тэнд гэрийнхэн гадаа очоод уулзсан. Гэтэл насанд хүрээгүй хүүхэд байсан учраас ах нь “насанд хүрээгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэхгүй” гэж хэлсэн. Э “ахаа манай ээж байгаа. Ээж намайг батлан даана” гэж хэлсэн. Тэгээд ээжийг хайсан боловч олоогүй. Тухайн үед ээжтэй нь холбоо бариад ярьсан. Сүүлдээ ээж нь утсаа авахаа больсон. Ах нь “чамд түрээслэхгүй” гээд явах гэтэл өмнө нь надаас компьютер түрээсэлдэг Ууганбаяр гээд дүү байдаг байсан. Тэр дүү “Ахаа би Энххүслэнгийн батлан даалтаар нь орчихъё” гэсэн. Тэгээд Эгийн гэрт нь компьютероо өгөөд явсан. Тэгээд би 7 хоногийн дараа “компьютероо буцаагаад авъя” гэхэд “ахаа би сунгая” гэсэн. Надад түрээсийн төлбөр болох 70.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Сунгалтын 7 хоног дуусахад би дахиад “компьютероо авъя” гэхэд утас нь холбогдохоо байсан...Би эндээс гараад компьютер авах юм бол 3.300.000 төгрөг төлж авахаар байгаа. Компьютерын түрээсийн төлбөр болох 4.476.000 төрөг, компьютер болон компьютерын түрээсийн төлбөр гээд нийт 7.776.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэв.
Эрүүгийн 2109000000343 дугаартай хэргээс:
Хохирогч Н.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 04 сараас эхлүүлээд цар тахалтай холбоотойгоор пс ажиллахгүй болсон нөхцөл байдал үүссэний улмаас хүмүүст хоногоор комьпютерүүдээ түрээслүүлж эхэлсэн байдаг. Ингэж түрээслэхдээ фэйсбүүк дээр зар тавьж хоногийн 8, 10, 12, 16 мянган төгрөгөөр үзүүлэлтээс хамаарч түрээсэлдэг байсан. Миний фэйсбүүк дээр оруулсан зарын дагуу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Э, Ууганбаяр нар надтай холбогдож 7 хоногийн хугацаатай хоногийн 12 мянган төгрөгөөр бодож Асус АйЗ маркийн иж бүрэн компьютер түрээслэхээр болсон. Ингээд Эгийн захиалгын дагуу 64 дүгээр дэлгүүрийн эрд талд байрлах 45 дугаар байрны 3 дугаар орцны 3 давхарт нэг дэх хаалганд аваачиж өгсөн. Тухайн үед комьпютерээ түрээслэхдээ Э, Ууганбаяр нартай гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 2020 оны 06 сарын 15-аас 06 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэхээр болсон. ингээд 06 сарын 22-ны өдөр болоход Э над руу өөрийн гар утсаар холбогдож 7 хоног сунгах хүсэлт тавьсныг би зөвшөөрсөн. Дахин 7 хоног сунгасны дагуу 06 сарын 29-ний өдөр болоход Э болон Ууганбаяр нарын гар утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
Гэрч А.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Үүнээс хойш манай сургуулийн дүү М.Э компьютер түрээсэлмээр байна гэхдээ би 18 насанд хүрээгүй болохоор надад өгөхгүй та өмнө нь түрээсэлж байсан хүнээсээ холбоо бариад аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд өмнө нь компьютер түрээсэлсэн Мтай утсаар ярьж дүүдээ компьютер түрээсэлж өгөх гэсэн юм гэдгээ хэлж Эгийн гэрийн хаягаар захиалгаа өгөхөд Эгийн гэрт нь буюу Сүхбаатар дүүрэг 8-р хороо 64 дүгээр дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талын байранд түрээслэх компьютерыг авч ирсэн. Тухайн үед М нь намайг Эд өөрийнхөө нэр дээр компьютер түрээсэлж өгч байгааг мэдсэн бөгөөд гэрээг миний нэр дээр байгуулж гэрийн хаягийг Эгийн гэрийн хаягаар хийж бэлэн 7 хоногийн мөнгө болох 77.000 төгрөгийг Эгээс авсан. Тэгээд 7 хоногийн хугацаа дууслаа комьпютерээ буцааж өгөх үү, хугацааг нь сунгах уу гэж Эгээс асуухад сунгуулна гэсэн. Тэгэхээр нь М ахад сунгуулна гэдгийг нь хэлж Э дахиж 7 хоног сунгуулах мөнгө өгсөн. Хэсэг хугацааны дараа би утастай болсон хойно М ах над руу залгаад Э компьютер өгөөгүй талаар хэлж миний компьютерыг ломбардад тавьчихсан байна гэдгийг хэлээд чи энэ асуудлыг шийдэж өг би ямар ч байсан комьпютерээ буцааж авмаар байна, Этэй уулзаад “надад хариу өг” гэдгийг хэлсэн. Би Эд компьютерыг гэрт нь түрээсэлж өгөөд М ахын хамт гарсан. Тэрнээс хойш Эгийнд очиж уг компьютероор тоглоогүй, цуг нийлж ломбардад тавиагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний бие 2020 оны зун Ууганбаяр гэх танил ахаараа батлан даалгаж М гэх хүнээс суурин комьпютер 7 хоногийн хугацаатай түрээсэлж авсан бөгөөд уг комьпютерээр тоглож байгаад интернэтээр цахим тоглоом дээр бооцоо тавьж мөнгө олох зорилгоор уг комьпютерийг Билгүүн гэх найзынхаа бичиг баримтыг ашиглаж F1 нэртэй ломбарданд 7 хоногийн хугацаатай барьцаалан 1 сая төгрөг зээлж аваад бооцоо тавиад алдчихсан...” /хх-ийн 49 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа хэрэгт холбогдох бусдад залилуулсан гэх эд зүйлс болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.254.420 /нэг сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун хорин/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа хэрэгт холбогдох бусдад залилуулсан гэх эд зүйлс болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.516.820 /нэг сая таван зуун арван зургаан мянга найман зуун хорин төгрөг/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М “7 хоногийн хугацаатай түрээслээд эргүүлээд өгнө” гэж хэлж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Асус АйЗ” маркийн иж бүрэн комьпютерыг шилжүүлэн авч залилан бусдад 1.516.820 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Н.М-ын “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Э, Ууганбаяр нар надтай холбогдож 7 хоногийн хугацаатай хоногийн 12 мянган төгрөгөөр бодож Асус АйЗ маркийн иж бүрэн компьютер түрээслэхээр болсон. Ингээд Эгийн захиалгын дагуу 64 дүгээр дэлгүүрийн эрд талд байрлах 45 дугаар байрны 3 дугаар орцны 3 давхарт нэг дэх хаалганд аваачиж өгсөн. Тухайн үед комьпютерээ түрээслэхдээ Э, Ууганбаяр нартай гэрээ байгуулсан. Э “дахиад сунгая” гээд сунгалтын 7 хоног дуусахад би дахиад “компьютероо авъя” гэхэд утас нь холбогдохоо байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Ууганбаярын “...М.Э “компьютер түрээсэлмээр байна гэхдээ би 18 насанд хүрээгүй болохоор надад өгөхгүй та өмнө нь түрээсэлж байсан хүнээсээ холбоо бариад аваад өгөөч” гэж гуйсан. Тэгээд өмнө нь компьютер түрээсэлсэн Мтай утсаар ярьж дүүдээ компьютер түрээсэлж өгөх гэсэн юм гэдгээ хэлж Эгийн гэрийн хаягаар захиалгаа өгөхөд Эгийн гэрт нь буюу Сүхбаатар дүүрэг 8-р хороо 64 дүгээр дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талын байранд түрээслэх компьютерыг авч ирсэн. Би Эд компьютерыг гэрт нь түрээсэлж өгөөд М ахын хамт гарсан. Тэрнээс хойш Эгийнд очиж уг компьютероор тоглоогүй, цуг нийлж ломбардад тавиагүй...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч М.Э-гийн “...Миний бие 2020 оны зун Ууганбаяр гэх танил ахаараа батлан даалгаж М гэх хүнээс суурин комьпютер 7 хоногийн хугацаатай түрээсэлж авсан бөгөөд уг комьпютерээр тоглож байгаад интернэтээр цахим тоглоом дээр бооцоо тавьж мөнгө олох зорилгоор уг комьпютерийг Билгүүн гэх найзынхаа бичиг баримтыг ашиглаж F1 нэртэй ломбарданд 7 хоногийн хугацаатай барьцаалан 1 сая төгрөг зээлж аваад бооцоо тавиад алдчихсан...” гэсэн мэдүүлэг,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл М.Э нь “7 хоногийн хугацаатай түрээслээд эргүүлээд өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Асус АйЗ” маркийн иж бүрэн комьпютерыг өөртөө шилжүүлэн авч бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч М.Эгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
М.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн “компьютер түрээсэлж мөнгө олох” гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан компьютерыг нь өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулсан нь бусдыг санаатайгаар, хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь залилан авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч М.Э-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, шүүгдэгч М.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн санал тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.М “...Компьютерын түрээсийн төлбөр болох 4.476.000 төгрөг, компьютер иж бүрдлээрээ 3.300.000 төгрөгийн хохирол нийт 7.776.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчид учирсан хохирлыг тусгай мэдлэг бүхий шинжээч хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж хохирогчид 1.516.820 төгрөгийн хохирол учирсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасанчилан хохирогчид 1.516.820 төгрөгийн хохирол буюу үр дагавар бий болжээ.
Хохирогчийн зүгээс хохирлын эд зүйлсээ 3.300.000 төгрөгөө нэхэмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэж хохирлыг тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хохирогчийн илүү нэхэмжилсэн үнийн дүнг хэрэгсэхгүй болгов.
Түүнчлэн хохирогч Н.М эд зүйлээ шүүгдэгч М.Эд өгч залилуулсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд иргэний журмаар зээлийн төлбөр гаргуулах үндэслэлгүй тул хохирогчоос нэхэмжилсэн 4.476.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирогчид 140.000 төгрөгийг өгсөн болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон тул уг дүнг хасч тооцон шүүгдэгч М.Э-гээс 1.376.820 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Мт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх М.Э-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эгийн цагдан хоригдсон 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 29 хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож /29*8=232/ 232 хоногийг эдлэх ялаас хасч /450-232=218/ түүнийг 218 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилготой, зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт М.Э-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-г 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Э-гийн цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд тооцон 232 цагийг хасч, 218 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Э-гээс 1.376.820 төгрөгийг гаргуулж хохирогч Н.М-т олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч М.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН