| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0116/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/126 |
| Огноо | 2021-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлттэй, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2136001320168 дугаартай, 178/2021/0116/Э/ индекстэй хэргийг 2021 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1989 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй,хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл-4, эхнэр,2 хүүхдийн хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 24-5 тоотод оршин суух, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын орлого 1200000 төгрөг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан гэх, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаар маргалдах явцдаа биед нь халдан зодож, түүний зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун шанаа хэсгийн зулгаралт, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралтууд бүхий гэмтэл үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажилллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* багийн 24-5 тоотод оршин суух, 1990 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн, эмэгтэй, 31 настай, дээд боловсролтой, орчуулагч, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, БЮ90030621 дугаарын регистртэй/ Урианхай овогт Нармандахын *******ийн өгсөн... 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр гэрээсээ гарч яваад орой 18 цагийн үед гэртээ орж ирсэн. Би жаахан уурлаад “ хаагуур тэнэж яваад ирж байгаа юм бэ” гэхэд миний баруун шанаа руу цохисон.Тэгтэл манай том хүүхэд бид хоёрыг салгахад дахиад миний зүүн нүд рүү цохисон.Бид хоёр гэр бүл болоод 9 жил болж байна.Бид хоёрын дунд жаахан маргаан болоход л намайг зодох гээд байдаг.Тэр зангаараа намайг жаахан уурлахад зодсон ... гэх мэдүүлэг / хэргийн 11-12 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 474 дугаартай ... Н.*******ийн биед зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт,баруун шанаа хэсгийн зулгаралт, баруун гуяны урд,дунд хэсгийн цус хуралтууд гэх гэмтлүүд тогтоогдлоо. Н.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт / хэргийн 28-29 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Д.Тогтохын өгсөн...иргэн Н.*******ийн биед 2021 оны 08 сарын 18-ны өдөр үзлэг хийхэд зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун шанаа хэсгийн цус хуралт, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралтууд гэмтэл учирсан байсан ба зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Баруун шанаа хэсгийн цус хуралт, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Н.*******ийн биед учирсан гэмтэл нь бүгд шинэ гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байсан...гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/
Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ дунд” гэх үнэлгээ / хэргийн 65-66-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах Э.Мөнх-Эрдэнэ, дүү Э.Мөнхжаргал нарын хамт барилгын материал цуглуулахаар зах гарсан. Орой 17 цаг өнгөрч байхад том хүүгийнхээ хамт захаас хүнсний зүйл аваад гэртээ ирсэн. Бид хоёрыг орж ирэхэд манай эхнэр хүүхдээ хөхүүлээд хэвтэж байгаад надтай юу ч ярилгүй гараад явсан. Гарчихаад манай том хүүг хашаанаас хөөгөөд гаргасан.Би гэртээ орж ирээд Алтай сум руу явах гээд юмаа бэлтгэх гэтэл бага хүүхэд уйлаад юм бэлтгэж чадахгүй байж байтал эхнэр орж ирсэн. Эхнэр гаднаас орж ирчихээд “ чамайг ямар авгай чинь дуудаад, цалин мөнгөө аваад ир гээд байгаа юм бэ” гээд маргаан үүсгээд байхаар нь миний уур хүрээд 2 удаа баруун шанаа руу нь гараараа цохисон.Тэгтэл гаднаас манай ах Э.Мөнх-Эрдэнэ бэр эгч хоёр орж ирээд манай эхнэр лүү уурласан. Тэгтэл манай эхнэр ахын урдаас уурлаад байхаар нь ах түлээний хайрцагнаас мод аваад дайрахаар нь би болиулсан.Эхнэр бид хоёр танилцаад 11 жил, гэр бүл болоод 9 жил болж байна, хүү охин хоёртой... гэх мэдүүлэг / хэргийн 40-41-р хуудас/ зэрэг болно
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 08 сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр 24-5 тоот хашаанд өөрийн гэртээ эхнэр Н.*******... “ чамайг ямар авгай чинь дуудаад, цалин мөнгөө аваад ир гээд дуудаад байгаа юм бэ”... гэж хэлснээс шалтгаалан маргалдах явцдаа түүний баруун шанаа хэсэгт гараараа цохиж зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт,баруун шанаа хэсгийн зулгаралт, баруун гуяны урд,дунд хэсгийн цус хуралтууд бүхий эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.******* нь эхнэр Н.*******ийн баруун шанаа хэсэгт гараараа цохиход гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж түүнийг цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.******* нь хохирогч Н.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Н.*******ийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 474 дугаартай... Н.*******ийн биед зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт,баруун шанаа хэсгийн зулгаралт, баруун гуяны урд,дунд хэсгийн цус хуралтууд гэх гэмтлүүд тогтоогдлоо. Н.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. ...гэх дүгнэлт, шинжээч эмч Д.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,хохирогч Н.******* нь шүүгдэгч Э.*******ын эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь ******* овогт *******ын *******, Урианхай овогт Нармандахын ******* нарын №0168120 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч , хохирогч нарын ... бид гэр бүл болоод 9 жил болж байна... гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Э.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Н.*******ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.******* нь эхнэртэйгээ маргалдаж, зүй бус харилцаа үүсгэсэн нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзнэ.
Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.*******ийн өгсөн...нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.*******ын...Н.*******ийн эмчилгээнд гарсан мөнгийг төлсөн, би эхнэртэйгээ учраа олсон, одоо бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй... гэх мэдүүлгүүдээс шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 45-р/, Ховд аймаг дахь сумдын нэгдүгээр шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******ын хувийн байдлын талаар гэрч Ц.Билизагийн өгсөн...Э.******* нь эцэг эхээс 4-үүлээ, айлын 2 дахь хүүхэд.Өмнө нь 2011 онд гэмт хэрэгт холбогдож байсан.Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд барилгын ажил хийдэг болсон байгаа.2008-2009 онд Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангид цэргийн алба хаасан.Одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.Зан аашийн хувьд үг дуу цөөтэй, даруухан, өөрийн ажилдаа эзэн болоод хийчихдэг хүн юм... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/, Э.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа,согтолт тодорхойлсон тэмдэглэл, Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээлэл зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Э.******* нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол төлсөн, хохирогч гомдолгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Э.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Э.*******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, 450000 төгрөгний торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй,шүүгдэгч Э.*******ын эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкин дахь 5845539160 дугаартай данс битүүмжилснийг тус тус дурдаж, дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ:Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрч байна гэх дүгнэлт гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Э.******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Э.*******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Э.*******ын эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкин дахь 5845539160 дугаартай данс битүүмжилсэн 2021 оны 09 дүгэээр сарын 24-ний өдрийн 74 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шүүгдэгч торгох ялыг биелүүлэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 2136001320168 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Э.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Э.*******ын эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкин дахь 5845539160 дугаартай данс битүүмжилсэн 2021 оны 09 дүгэээр сарын 24-ний өдрийн 74 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шүүгдэгч торгох ялыг биелүүлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.*******т өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА