| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00151/И |
| Дугаар | 158 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 104-р байрны 1 тоотод оршин суух Мэнгэт овгийн Дашдондогийн Цэцэгсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Цэцэгсүрэн
Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцэгсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 58 нас хүрч байна. Улсад 39 жил ажилласан. Үүнээс 1979 оны 11 сарын 1-ний өдрөөс 1980 оны 8 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн сургуульд пионерийн удирдагч багшаар ажиллаж байсан үеийн ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байна. Иймд 1979 оны 11 сарын 1-ний өдрөөс 1980 оны 8 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн сургуульд пионерийн удирдагч багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Цэцэгсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Цэцэгсүрэнгийн ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 сарын 5-ны өдрийн 106 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Гэрч Н.Шинэчулууны:“...Намайг Хулд сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байхад Д.Цэцэгсүрэн нь 1979 онд ирж ажиллаж байсан. Тус сумын 8 жилийн сургуульд пионерийн удирдагчаар ажиллаж эхэлсэн. 1979 оноос 1980 оны 8 сарын 25-ныг хүртэл ажиллаж байгаад Хулд сумын Цэцэрлэгийн эрхлэгч болж байсан....” гэх мэдүүлэг,
- Гэрч Т.Оюунцэцэгийн: “...Д.Цэцэгсүрэн нь 1979 оноос 1980 оны 8 сар хүртэл Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн сургуульд пионерийн удирдагчаар ажиллаж байсан. Би тухайн үед тус сургуульд үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг,
- Гэрч Г.Цэцэгсүрэнгийн: “...Намайг Хулд сумын сургуульд ажиллаж байхад Д.Цэцэгсүрэн нь 1979 онд Өндөршил сумаас шилжиж ирж байсан. Шилжиж ирээд тус сумын 8 жилийн сургуульд пионерийн удирдагчаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1980 оны 8 сарын 25-ныг хүртэл ажиллаж байгаад Хулд сумын Цэцэрлэгийн эрхлэгч болж байсан...” гэх мэдүүлэг,
2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 сарын 5-ны өдрийн 106 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн сургуульд 1979 оны 11 сарын 1-нээс 8 сарын 25-ныг хүртэл пионерийн удирдагч, багшаар ажиллаж байсан тухай Дашдондог овогтой Цэцэгсүрэнд холбогдох баримт архивт байхгүй байгаа учир лавлагаа гаргах боломжгүй байна…” гэх тодорхойлолт,
3.Нэхэмжлэгчийн 1979, 1980 онуудад Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн сургуулийн багш нарын илүү цаг ба амралтын мөнгө олгосон жагсаалт /Дашдондог овогтой Цэцэгсүрэнд 252 төгрөг 50 мөнгө олгосон/-ын хуулбар,
4.1979 оны Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн сургуулийн хамт олны гэрэл зураг баримтууд болно.
Дээрх бичгийн баримтуудаар Д.Цэцэгсүрэнгийн 1979 оны 11 сарын 1-ний өдрөөс 1980 оны 8 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн сургуульд пионерийн удирдагч багшаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгчи Мэнгэт овгийн Дашдондогийн Цэцэгсүрэн /ЗМ59011200/ нь 1979 оны 11 сарын 1-ний өдрөөс 1980 оны 8 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн сургуульд пионерийн удирдагч багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ