| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01794/и |
| Дугаар | 1426 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 1426
| 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2017/01426 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 5 гудамж, 1733 тоотод оршин суух Боржигин овогт Санжрэнчингийн Баярмагнай /Регистрийн дугаар МБ60051713/-ы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Баярмагнай, гэрч Д.Хишигням, гэрч Д.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Баярмагнай шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Санжрэнчингийн Баярмагнай миний бие 1975 оны 6 сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан. Архангай аймгийн архивын 2016 оны 9 сарын 20-ны өдрийн 419 тоот цалингийн лавлагаагаар 1976 оны 1 сараас 1977 оны 12 сар дуустал цалингийн лавлагаа гарсан байгаа ч бусад 1975 оны 6 сарын 1-нээс 1978 оны 5 сарын 31-нийг хүртэл ажилласан үнэн юм. 419 тоот цалингийн лавлагаан дээр зарим хоног цалинг шууд ажиллаж байгаагүй гэх үндэслэлгүй юм. Учир нь Таван жилийн гавшгайч 1977 оны 5 сарын 19-ний Талархлын бичиг, Баярын бичиг 1976 оны 7 сарын 10-ны өдрийн бичгүүдийг нотлох баримтаар ажиллаж байсан нотлогдоно. Тэр үед 15 настай байсан ба бригадын дарга болон хариуцсан албан тушаалтан надад хөдөлмөрийн дэвтэр өгөөгүй учраас ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Тухайн үед нь бригадын дарга олон солигддог байсан нь хөдөлмөрийн дэвтэр надад өгөөгүй завсардуулсан байх магадлалтай. Тиймээс архивын лавлагаагаар гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байгаа. Түүнчлэн энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2015 оны 4 сарын 21-ний өдрийн 02/1011 тоот лавлагаагаар С.Баярмагнай нь 1978 оны 6 сарын 8-аас 1981 оны 6 сарын 13-ны өдөр хүртэл 3 жилийн цэргийн албыг 0132 дугаар ангид хаасан. БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа БНМАУ-БНАГУ-ын Геологийн бороогийн хамтарсан экспедиц-д 1986 оны 7 сарын 29-өөс москивич машины жолооч, 1987 оны 1 сарын 1-ээс кранист засварын механик, 1988 оны 2 сарын 1-ээс инженер механикаар тус тус ажиллаж байсан ба 1991 оны 2 сарын 1-нд энэ экспедиц татан буугдсан тул үүрэгт ажлаас минь чөлөөлж Улсын геологийн төвийн харъяа Дархан нэгдлийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Геологи шинжилгээний Дархан нэгдэлд 1991 оны 1 сарын 1-ээс Ашиглалтын хэлтэст краз машины жолооч, 1992 оны 12 сарын 31-ээс Дархан нэгдэл татан буугдаж 1993 оны 1 сарын 1-ээс Алтны их дашир үйлдвэр биеэ дааж байгуулагдсан ба энэ үйлдвэрт механик, 1994 оны 12 сарын 31-нд зохион байгуулалт өөрчлөгдсөн учир үүрэгт ажлаас чөлөөлж Бороогийн үйлдвэрийн мэдэлд шилжсэн. Бороогийн үйлдвэрт 1995 оны 1 сарын 1-ээс эхлэн өөрөө буулгагч краз автомашины жолооч, 1995 оны 1 сарын 1-ээс нийгмийн даатгалын дэвтэр шинээр олгосон тул хуучин хөдөлмөрийн дэвтэрт цаашид бичилт хийхгүй болж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж эхэлсэн. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж мөрдөгдөж эхэлснээр 1995 оны 1 сарын 1-ээс 1999 оны 12 сарын 31-нийг дуустал Монгол Эрдэнэ компанийн харъяа Бороогийн үйлдвэрт өөрөө буулгагч краз машины жолоочоор ажилласан байдаг ч нийгмийн даатгалын дэвтэр дээр бөглөгдсөн нь 1998 оны 10 сарыг дуустал бичилт хийсэн байдаг. Би энд 1999 оны 12 сарын 31 хүртэл ажилласан нь үнэн ч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт сүүлийн жилийн бичилт байхгүй болохоор аргагүйн эрхэнд 2013 онд нөхөн даатгалд хамрагдан 1998 оны 11 сараас 2000 оны 12 сар дуустал 2 жил 6 сараар даатгалыг нөхөн төлөлт хийлгэсэн. 1995 оны 1 сарын 1-ээс 1999 оны 12 сарын 31-нийг дуустал архивын лавлагаа болон нийгмийн даатгалын бичилт зөрөөд байгаа учир нийгмийн даатгалын дэвтэрт бичгдсэнийг үндэслэн ажилласан саруудыг тооцуулж өгнө үү. Иймд намайг 1975 оны 6 сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн харъяа Хорго 2 дугаар бригадад малчнаар, 1978 оны 6 сарын 8-аас 1981 оны 6 сарын 13-ны өдөр хүртэл 3 жилийн цэргийн алба, 1986 оны 7 сарын 29-өөс 1991 оны 2 сарын 1-ийг хүртэл БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа БНМАУ-БНАГУ-ын Геологийн бороогийн хамтарсан экспедиц, Геологи шинжилгээний Дархан нэгдэлд 1991 оны 1 сарын 1-ээс Ашиглалтын хэлтэст краз машины жолооч, 1992 оны 12 сарын 31-ээс дархан нэгдэл татан буугдаж 1993 оны 1 сарын 1-ээс Алтны их дашир үйлдвэр биеэ дааж байгуулагдсан ба энэ үйлдвэрт механик, 1994 оны 12 сарын 31-нд зохион байгуулалт өөрчлөгдсөн учир үүрэгт ажлаас чөлөөлж Бороогийн үйлдвэрийн нэгдэлд шилжсэн, 1995 оны 1 сарын 1-ээс 1999 оны 12 сарын 31-ийг дуустал өөрөө буулгагч краз автомашины жолооч, 2000 оны 12 сарыг дуустал даатгалын нөхөн төлөлт хийлгэсэн. Дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Баярмагнай нь 1975 оноос 2000 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй байсны улмаас түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр бичигдээгүй, мөн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт дутуу хийгдсэн байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 419 дугаартай тодорхойлолтод дурдсан 1976, 1977 оны цалингийн тодорхойлолтоор С.Баярмагнай нь Архангай аймгийн Тариат нэгдлийн Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна. /хх-6/
Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/1011 дугаартай архивын лавлагаанд “Санжрэнчингийн Баярмагнай нь Архангай аймгаас НАХЯны сайдын 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0132 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар халагджээ” гэжээ. /хх-7/
УБТЗ-ын Техникумаас олгогдсон 082160 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар талд “захирлын 1982 оны 9 дүгээр сарын 1-ний 248 тоот тушаалаар 1982.09.01 Төмөр замын Техникумын авто механикийн 1-р ангид элсүүлж суралцуулав”, “Захирлын 1986.07.01-ний өдрийн 70 тоот тушаалаар 1986.07.01 АТТ-г төгсөж автомашины техникч механикч мэргэжил эзэмшсэн учир ТЯ-ны мэдэлд шилжүүлэв”, 6-7 дугаар талд “Экспедицийн даргын 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалаар 1986.07.29 Монгол-Германы Геологийн Бороогийн хамтарсан экспедицид москвич машины жолоочоор томилон ажиллуулав”, “Экспедицийн даргын 1987 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тушаалаар 1987.01.01 Кранист засварын механикаар томилон ажиллуулав”, 8-9 дүгээр талд “Экспедицийн даргын 1988 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 05 тоот тушаалаар 1988.02.01 Тус Экспедицид инженер механикаар дэвшүүлэн ажиллуулав”, “Экспедицийн даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69 тоот тушаал 1991.02.01 Экспедици татан буугдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж Улсын Геологийн төвийн харъяа Дархан нэгдлийн мэдэлд шилжүүлэв”, 10-11 дүгээр талд “ГШ-ний дархан нэгдлийн даргын 1991 оны 01-р сарын 21-ний өдрийн 06 тоот тушаал 1991.01.01 Геологи шижнилгээний дархан нэгдэлд ашиглалтын хэсэгт Краз маркийн машины жолоочоор томилон ажиллуулав”, “ГШ-ний Дархан нэгдлийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 31-ний 66 тоот тушаал 1992.12.31 Дархан нэгдэл татан буугдаж Алтны Их дашир үйлдвэр биеэ дааж байгуулагдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв”, 12-13 дугаар талд “Үйлдвэрийн даргын 1993 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот тушаал 1993.01.01 Алтны Их даширын үйлдвэрт механикаар авч ажиллуулав”, “Алтны Их дашир үйлдвэрийн даргын 1994 оны 12-р сарын 31-ний өдрийн 50 тоот тушаалаар 1994.12.31 Зохион байгуулалт өөрчлөгдсөн учир үүрэгт ажлаас нь чөлөөлж Бороогийн үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв”, 14-15 дугаар талд “Бороогийн үйлдвэрийн даргын 1995 оны 03-р сарын 01-ний өдрийн 03 тоот тушаалаар 1995.01.01 Өөрөө буулгагч краз автомашины жолоочоор томилон ажиллуулав” гэж бичигджээ. /хх-20-21/
Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас олгогдсон 164570 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 22-23 дугаар талд “Бороогийн үйлдвэрийн даргын 1995 оны 03-р сарын 01-ний өдрийн 03 тоот тушаал Монгол Эрдэнэ компанийн харъяа Бороогийн үйлдвэрт Өөрөө буулгагч краз машины жолоочоор 1995.01.01 ажилд орсон, 1998.05.15 ажлаас гарсан”, Бороо майнинг ХХК-д Кразийн жолоочоор 1998.05.15 ажилд орсон, 1998.11.03 ажлаас гарсан” гэж бичигджээ. /хх-23/
Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Хүсэлт гаргагч С.Баярмагнайгийн ажиллаж байсан байдлыг гэрчлэхээр Д.Хишигням, Д.Жавзмаа нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.
Шүүхэд дуудагдсан гэрч Д.Хишигням “Доржсүрэн овогтой Хишигням миний бие нь 1986 оноос эхлэн С.Баярмагнайтай Монгол-Германы хамтарсан экспедицид хамт ажиллаж байсан. Энэ хугацаанд С.Баярмагнай нь уулын ажилчин, жолооч, хүнд машин механизмын механикч зэрэн ажлуудыг хийж байсан нь үнэн болно. Тус экспедицийн хайгуулын ажил 1983-1992 онд дуусч 1992 оноос Их Даширын алтны шороон ордын уурхайд инженер механик, мөн краз машины жолоочоор ажиллаж байсан. Иргэн Д.Хишигням миний бие Бороогийн экспедицид эвлэлийн үүрийн дарга, жолоочоор ажиллаж байсан ба Их даширын уурхайд ээлжийн мастер зэрэг ажлуудыг хийж байсан. С.Баярмагнай нь 1986-1999 он дуустал тасралтгүй ажиллаж байсныг гэрчилж байна”, гэрч Д.Жавзмаа “Дүгэрсүрэн овогтой Жавзмаа би Монгол-Германы хамтарсан экспедицид 1987 оноос эхлэн С.Баярмагнайтай хамт нэг байгууллагад ажиллаж байсан. Экспедицид С.Баярмагнай жолооч, хүнд машин механизмын инженер механикаар ажиллаж байсан үнэн. 1986-1991 он хүртэл геологи хайгуул хийгдэж дуусаад 1991 оноос 1999 он хүртэл Их дашир шороон ордны уурхайд краз машины жолооч, механик инженерийн ажил хийж байсан. Энэ хугацаанд би 1987 оноос 1991 он хүртэл цохилт өрмийн угаагчаар ажиллаж байсан. 1991-1999 оны хооронд Их даширт гүйцэд баяжуулах цехэд алт угаагчаар ажиллаж байсан учраас энэ хүний 1986-1999 он дуустал тасралтгүй цуг ажиллаж байсны хувьд гэрчилж байна” гэж тус тус мэдүүлсэн.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 439 дугаартай тодорхойлолтод “Тус архивын сан хөмрөгийн баримтанд хадгалагдаж байгаа 1.Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Дархан дахь Геологи хайгуулын экспедици нэрээр 1981-1987 он, 2.Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа Дархан дахь геологи хайгуулын экспедици 1986.06.30 он, 3.Монгол-зөвлөлтийн геологийн хамтарсан Дархан экспедици 1988.07.01-1990 он, 4.Улсын геологийн төвийн харъяа геологи шинжилгээний Дархан нэгдэл 1991-1992 он, 5.Дархан хотын Эрдэс ХК 1992 он, 6.Монгол-Алт ХК 1996 оноос тус тус нэр нь өөрчлөгдсөн байна” гэжээ. /хх-12/ Мөн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 446 дугаартай архивын лавлагаанд “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Бороогийн алтны үйлдвэр” нь 1993 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан тооцоо хийж байсан нь үнэн болно” гэжээ. /хх-13/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн архивын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 001912046 дугаартай лавлагаанд “...Сэлэнгэ аймгийн Монгол-Эрдэнэ компанийн харъяа “Бороогийн үйлдвэр” УҮГ /хуучин нэрээр/ нь 1998 оноос “Бороо майнинг” ХХК болж нэр, хэлбэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэжээ. /хх-13/
С.Баярмагнайгийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцсон 2721000236 тоот “Баталгаажилтын хуудас”-аар 1996 оны 1, 2, 12 дугаар сарууд, 1997 оны 12 дугаар сар, 1998 оны 11, 12 дугаар сарууд, 1999-2000 он дуустал хугацаанд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон /хх-23/ байх тул 1975 оноос 1999 он хүртэлх хугацааны ажилласан байдлыг шүүхээр тогтоолгохоор байна.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байгууллагууд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж нэр, хэлбэрээ өөрчилж байсан болох нь архивын болон улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдож байх тул эдгээр байгууллагад С.Баярмагнай нь ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Санжрэнчингийн Баярмагнай /Регистрийн дугаар МБ60051713/-г 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Хорго бригадад “малчин”-аар, 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол-Германы Геологийн Бороогийн хамтарсан экспедицид “москвич машины жолооч”, “кранист засварын механик”, “инженер механик”-аар, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улсын Геологийн төвийн харъяа Дархан нэгдлийн ашиглалтын хэсэгт “Краз маркийн машины жолооч”-оор, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Алтны Их-дашир үйлдвэрт “механик”-аар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Бороогийн үйлдвэрт “өөрөө буулгагч краз автомашины жолооч”-оор, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “Монгол-Эрдэнэ” компанийн Бороогийн үйлдвэрт “өөрөө буулгагч краз автомашины жолооч-оор, 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл “Бороо майнинг” компанид “кразын жолооч”-оор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР